Э.ГАНЦЭЦЭГГадаад кинон дээрээс анх сэтгэлзүйн зөвлөгөө авдаг тухай ойлголтыг олж авч билээ. Тэгвэл өнөөдөр энэ ойлголт харьцангуй хуучирч, иргэд ч энэ төрлийн зөвлөгөө, мэдээллийг хайх болж. Сэтгэлзүйч, тэр дундаа сэтгэл засалч эмч манай улсад эрэлттэй байгаа талаар дээр дооргүй л ярьдаг. Тиймээс бид энэ удаад “Ариусахуйн ертөнц” сэтгэц, сэтгэл засал, психосоматик анагаах ухааны эмнэлгийн сэтгэл засалч эмч Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.
-Сэтгэлзүйч, сэтгэл засалчийн ялгаа юундаа байдаг юм бэ. Мэргэжлийн хүмүүс сэтгэлзүйчээс илүүтэй сэтгэл засалч хэрэгтэй байна гэж ярих юм?
-Сэтгэл судлал чиглэлээр бакалаврын дипломтой төгсөгчдийг сэтгэлзүйч гэж ойлгож болно. Харин бакалаврын зэргээ дээшлүүлж, сэтгэцийн эмгэг судлалын эмч гэсэн нарийн мэргэжил эзэмших зэргээр 10 гаруй жил мэргэжлээ дээшлүүлсний эцэст сэтгэл засалч эмч болдог юм. Сэтгэл заслын эмчилгээ зөвхөн ярилцана гэсэн үг биш. Сэтгэлзүйчидтэй адилхан ярилцаж, асуудлаас гарах арга замыг эрэлхийлэхийн зэрэгцээ, үйлчлүүлэгчдэд тулгараад буй асуудлыг хамт шийдвэрлэж, өвчтөнийхөө сэтгэл санааг хэвийн түвшинд, тайван байлгахад түлхүү анхаардаг. Мөн хүчирхийлэлд өртсөн үйлчлүүлэгчдийнхээ таагүй дурсамжийг ховсын аргаар бүдгэрүүлж, мартуулж болдгоороо сэтгэлзүйчээс ялгардаг. Сэтгэл засалчид бас сэтгэл судлалын олон арга техникийг эзэмшсэн байдлаараа, эмчилгээнийхээ явцад эм хэрэглэж болдог зэрэг олон нарийн зүйлээр сэтгэлзүйчдээс ялгардаг.
-Та сэтгэл засалчаар ажиллаад хэр удаж байна вэ?
-Сэтгэл судлалын салбарт 2001 оноос ажиллаж эхэлсэн. Анх ой тогтоолт сайжруулах, хурдан уншуулж сургах, харилцааны болоод нөлөөллийн сэтгэлзүйн сургалт явуулах зорилгоор “Сэтгэшгүй ухаан” төвийг ажиллуулж байгаад 2008 оноос сэтгэцийн эмгэг судлал, сэтгэл заслын “Ариусахуйн ертөнц” төвийг байгуулсан. Сэтгэл заслын чиглэлээр тасралтгүй долоон жил ажиллаж байна.
-Уг төвийг ажиллуулж эхлэх үед үйлчлүүлэгч хэр их ирж байв?
-Шархад болон сэтгэцийн үндэсний төв, энэ чиглэлийн эмч, эмнэлгүүд манайх руу үйлчлүүлэгчдээ явуулдаг байсан. Тэдгээр нь ихэвчлэн айдас, стресс, гутрал зэрэг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс байлаа. Эхний хэдэн жил энгийн иргэд тэр бүр ханддаггүй байсан ч сүүлийн жилүүдэд үйлчлүүлэгчийн тоо эрс нэмэгдэж, иргэд сэтгэл заслын үйлчилгээг одооноос л идэвхтэй сонирхож эхэлж байх шиг байна.
-Сэтгэл засалчийн эрэлт хэрэгцээ нйигэмд их бий. Ялангуяа хүчирхийллийн хохирогчидтой ажиллах чиглэлд. Гэвч энэ чиглэлээр яагаад боловсон хүчин бэлтгэгдэхгүй байна вэ?
-Сэтгэл засалч эмч цөөн тоогоор бэлтгэгдсэн. Одоогийн байдлаар 50 гаруй сэтгэл засалч эмч бий. Олон нийт рүү хандаж ажиллаж байгаа нь 10 хүрэхтэй үгүй л байна. Ихэнх нь сэтгэцийн эмгэг тал руугаа, Шархадны эмнэлэгт ажиллаж байгаа. Нөгөө талаасаа төрийн бодлого байхгүйтэй холбоотой. Одоо л төрийн зүгээс сэтгэл судлалыг зах зухаас нь ойлгож эхэлж байна. Мөн эмч нар энэ салбар луу төдийлэн орохыг зориглохгүй байгаатай ч холбоотой. Хүнд болохоор тэр биз. Өдөржин хүний зовлон сонсч сууна гэдэг хүнд шүү дээ. Тэгээд эмч нарын цалин хэд билээ. Энэ талаар бодох, хийх зүйл их бий.
-Тэгвэл манайд сэтгэл зүйн мэргэжилтнүүдийг хэр чанартай бэлтгэж байна вэ?
-Манайх сэтгэл судлал асар их хөгжсөн Европ, Америктай харьцуулахад сэтгэлзүйчдийг өндөр түвшинд бэлтгэж чаддаггүй. Олон улсын жишигт мэргэжил дээшлүүлсэн сэтгэлзүйч, эсвэл нэгдүгээр курсээсээ эмнэлзүйн сэтгэл судлал ч гэдэг юмуу нэг чиглэлээр мэргэшсэн байдаг. Эмч нар лицензтэй байдаг шиг гадаадын сэтгэлзүйчид лицензтэй байдаг. Мөн жил бүр тодорхой хугацаагаар мэргэжлээ дээшлүүлэх ёстой байдаг гээд сэтгэлзүйчид тавигддаг олон улсын шаардлага өндөр. Гэтэл манайд сэтгэлзүйн зөвлөгөөний үндсүүд хичээлийг нь үзсэн л бол сэтгэлзүйн зөвлөгөө өгч байна. Буруу зөрүү хөгжих хандлага байдаг учраас хүний сэтгэлзүйд болгоомжтой хандах хэрэгтэй. Яагаад гэхээр хүний сэтгэл гэдэг агуу ертөнц. Хамаагүй оролдож болохгүй.
-Хүмүүс сэтгэл засалчид хандах хэрэгтэй гэж үзсний дүнд ирдэг үү. Эсвэл арга мухардаад ирдэг юм болов уу?
-Харамсалтай нь, ихэнх хүн асуудалтай болсныхоо дараа ирдэг. Гэхдээ өөрийгөө, үр хүүхэд, гэр бүлээ сэтгэлзүйн дархлаатай болгох гэсэн иргэд ч ханддаг. Гэхдээ ихэвчлэн өндөр боловсрол, мэдлэгтэй хүмүүс урьдчилан сэргийлэх байдлаар ханддаг. Яг сэтгэл заслын эмчилгээ шаардлагатай бүлэг хандах нь цөөн.
-Та сая хэллээ сэтгэлзүйн дархлаа гэж. Сэтгэлзүйн дархлаа гэж юу юм бэ. Үүнийгээ хэрхэн хамгаалах вэ?
-Сэтгэлзүйн дархлаа биемахбодийн дархлаатай ижил. Магад, түүнээс ч чухал. Сэтгэлзүйн дархлаа бага насанд суудаг. Хүүхэд хэдий чинээ аз жаргалтай гэр бүлд өснө , төдий чинээ сэтгэлзүйн дархлаа тогтдог. Тийм хүүхдүүд амьдралд хөл тавиад газар хөдөлж, галав юүлсэн ч өөрийгөө маш сайн авч явдаг. Аль ч нийгэмд дасан зохицох чадвартай, бие даасан хүн болж төлөвшдөг. Түүнчлэн амьдралын хүчтэй дарамт, стрессээс үүдэж сэтгэлзүйн дархлаагүй болдог. Хэрэв тийм бол даруй сэтгэл заслын үйлчилгээ авч, аль болох өөрийгөө тайван байлгах хэрэгтэй. Хүүхэддээ сэтгэлзүйн дархлаа тогтоохын тулд эцэг, эхчүүд бие, биеэ ойлгож, аз жаргалтай амьдрах нь чухал.
-Танайд ихэвчлэн ямар шалтгаанаар ханддаг вэ?
-Сэтгэцийн эмгэг, сэтгэлзүйн шалтгаануудын улмаас, мөн айдас, түгшилт зэрэг стрессээс шалтгаалах өвчлөлүүд, мөн бие махбодийн эмгэгүүдээс үүдэлтэй өвчнөөр өвчилсөн хүмүүс хандах нь их. Ялангуяа стрессээс үүдэлтэй өвчний улмаас хандах нь ихэссэн. Дэлхийн статистик судалгаагаар ч энэ төрлийн өвчин цаашид нэмэгдэх хандлагатай гарсан. Стрессийг 21 дүгээр зууны тахал ч гэж нэрлэж байна. Янз бүрийн түвшний стресстэй хүмүүс ханддаг ч тэр дундаа гэр бүлийн үл ойлголцлоос үүдсэн асуудлаар их хандаж байна. Залуус, бид биш би гэх үүднээс бүх асуудалд хандаж, эхнэр, нөхрөө байгаа чигээр нь хүлээж авах чадваргүй болж. Ялангуяа өөрийн үзэл бодол, эрх ашгийг эн тэргүүнд тавьж, нөгөө хүнээ хүлээн зөвшөөрдөггүй байх жишээний. Нэгэнт л гэр бүл болсон бол хүссэн хүсээгүй өөрийн хүсэл эрмэлзлээс татгалзах, нөгөө талаар нөгөө хүнийхээ хүсэл сонирхлыг өөрийн болгох шаардлага гарцаагүй тулгарна. Гэтэл үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүйгээс болоод хосууд, гэр бүлийнхний дунд зөрчил үүсдэг. Түүнчлэн хүчирхийллийн золиос болсон иргэд ч ханддаг.
-Танай үйлчлүүлэгчид ихэвчлэн хэдэн насныхан байдаг вэ?
-Ихэвчлэн 20 ба түүнээс дээш насны залуус ирдэг. 80-аад оны сүүлч, 90-ээд оны эхэн үе буюу нийгмийн амьдрал ороо бусгаа байх үед төрсөн хүүхдүүд өнөөдөр сэтгэлзүйн асуудалтай болсон байна. Бүгд биш ч, дийлэнх нь. Тэр үед аав, ээжүүд гэр бүл, үр хүүхдээ умартан аяга хоолны төлөө ажилладаг байж. Зарим нь архинд орж, гудамжинд гарах нь гарсан. Нийгмийн эдгээр үзэгдлээс болж эцэг эхдээ хаягдсан, гээгдсэн, тэдэнд гомдсон хүүдүүд өдгөө амьдрал зохиох, аав ээж болох насан дээрээ ирсэн байна. Гэвч хүүхэд насны хүнд, хэцүү дурсамжаасаа болоод сэтгэл гутрал, айдас, өөрийгөө үнэлэх үнэлэмж, найз нөхөдгүй, бүр цаашлаад амьдралд хөлөө олж чадахгүй явна. Түүнчлэн аав, ээжтэйгээ зөрчилддөг тохиолдлууд их. Гэвч, энэ үеийнхэнд сэтгэл заслын эмчилгээ хийхэд оройтсон байдаг. Архичин болж, гэр орноосоо дайжсан, амиа егүүтгэсэн тохиолдол ч гарсан. Бага насны хүүхэддээ зөвлөгөө авах гэсэн эцэг, эхчүүд ч багагүй хувийг эзэлдэг.
-Хүйсийн хувьд?
-Манай үйлчлүүлэгчдийн ихэнх нь эмэгтэй. Эрчүүд харьцангуй бага үйлчлүүлдэг. Манайд зоригтой эрчүүд л ирдэг гэж боддог.
-Хүүхдүүд хүртэл стресст өртдөг болж. Хүүхдээ стресст өртснийг эцэг эхчүүд яаж мэдэх вэ?
-Хүүхэд бүү хэл амьтан хүртэл стресстдэг. Ургамал, байгаль дэлхий хүртэл стресстэж байна шүү дээ. Стресст өртсөн хүүхдэд аймхай, уйланхай, ааш муутай болох, өмдөндөө юмуу орондоо шээх, хар дарж сэрэх, өөртөө итгэлгүй, тогтворгүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Мөн нүд нь анивчиж, гар нь хөлрөх байдлаар ч илэрч болно.
-Эцэг, эхчүүд ямар арга хэмжээ авах вэ?
-Хүүхдээсээ өмнө аав, ээжүүд сэтгэл засал хийлгэх ёстой. Яагаад гэвэл, хүүхдээ стресст оруулж байгаа аав, ээжүүдийн буруу. Харамсалтай нь, аав ээжүүд хүүхдээ буруутгадаг. Түүнчлэн хэнээс болж, яагаад хүүхэд нь стресстэж байгааг ойлгохыг ч хүсдэггүй эцэг, эх бий. Харин хүүхдүүдтэй ярилцаж үзэхэд хүмүүжлийн алдаа байх нь элбэг. Хүүхдээ эмчлэхийн тулд эхлээд өөрсдийгөө эмчил гэхээр зарим эцэг, эх өөртөө хир халдаадаггүй. Нөгөө хэсэг нь өөрсдийнхөө алдааг хүлээн зөвшөөрч чадахгүйгээсээ болоод ч тэр үү дахиж ирдэггүй. Гэр бүлээрээ хүрч ирээд хүүхдийнхээ төлөө ажилладаг эцэг, эхчүүд ч бас бий. Тэд хамтын хүчээр хүүхдээ эмчилж чаддаг. Яагаад гэхээр хүүхэд энд нэг цаг сэтгэл заслын эмчилгээ хийлгээд, бусад үед нөгөө л орчиндоо байдаг. Тиймээс орчин нь өөрчлөгдөхгүй бол эмчилгээ хийлгэсний үр дүн гарахгүй.
-Танаас хэчнээн хүн сэтгэл заслын эмчилгээ авсан байх юм?
-Өнгөрсөн жил дунджаар 400-гаад хүнд сэтгэл заслын эмчилгээ хийж, 1500 орчим цагийг зарцуулсан байна. Тэгэхээр долоон жилийн хугацаанд хэчнээн хүнд үйлчилсэн нь тодорхой байх.
-Нэг үйлчлүүлэгчид хэдэн цаг зарцуулдаг юм бэ?
-Нэг өвчтөнд нэг цаг зарцуулдаг. Энэ нь олон улсын жишиг. Дэлхийн жишигт нэг эмч өдөрт 4-6 цаг ажиллах ёстой байдаг. Манайд үүнийг хараахан баримталж ажиллаж чадахгүй байна л даа. Өдөрт 13 хүнтэй ажилллах тохиолдол ч бий. Ер нь манай эмнэлэг ачаалал ихтэй. Үйлчлүүлэгч ихтэй байдаг.
-Гадаадад байгаа иргэд ханддаг уу. Яаж холбогддог вэ?
-Skype-ээр холбогддог. Гадаадад байгаа иргэд нутагтаа байгаа хүмүүсийг бодвол сэтгэлзүйн дарамтад өртөх нь их байдаг. Ялангуяа хараар ажиллаж байгаа иргэд.
-Ер нь монголчууд бүрэг, дотогшоо хүмүүс. Хэн нэгэнд дотроо уудлах нь ховор. Энэ хандлага нь өөрчлөгдөж байна уу?
-Нэг үеэ бодвол хүмүүс нээлттэй болж. 2007, 2008 онтой харьцуулахад манай төвөөр үйлчлүүлэгчдийн тоо өссөн гэж болно. Түүнчлэн цахим ертөнцөөс сэтгэлзүйн чиглэлийн зөвлөгөө, тусламж эрсэн иргэд цөөнгүй байдаг нь ажиглагдсан. Манай төвийн фэйсбүүк хуудас сарын хугацаанд 5000 дагагчтай болж надад 14 хоногийн хугацаанд 3000 гаруй найзын хүсэлт ирснээс харж болно. Эндээс энэ төрлийн зөвлөгөө, тусламж, мэдээлэл иргэдэд хэрэгтэй байгаа нь харагдаж байгаа юм.
-Гадны иргэдийн сэтгэлгээнд сэтгэлзүйчид зайлшгүй хандах шаардлагатай гэсэн ойлголт бий. Манайханд энэ сэтгэлгээг хэрхэн суулгах вэ?
-Үүний тулд сурталчилгаа хийх хэрэгтэй. Ялангуяа сэтгэлзүйн зөвлөгөө авах нь ичмээр зүйл биш гэдгийг ойлгуулах шаардлагатай. Хоёрдугаарт, төлбөрийн асуудал. Жишээ нь, манай цагийн төлбөр 30 мянган төгрөг байдаг. Курс эмчилгээ нь 10 удаа гэж бодвол ийм үнэ төлөөд зөвлөгөө авах иргэд ховор шүү дээ. Тиймээс төлбөрийг эрүүл мэндийн даатгалд хамруулах зайлшгүй шаардлага гарч ирж байгаа юм. Гадны жишигт улсын даатгалын сангаас нь сэтгэлзүйн зөвлөгөөний хөлсийг 100 хувь биш юмаа гэхэд тал хувийг нь төлдөг жишиг бий. Ер нь хүн өөрийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй, өөрт хэцүү санагдах, итгэлтэй найз нөхөдтэйгээ ярилцаад хэрэв ойлгохгүй бол сэтгэл засалчид хандах л хэрэгтэй. Ингэснээр гарч болох сөрөг үр дагавруудаас сэргийлэх боломжтой.