Л.БАТБААТАР
Төрийн орон сууцны корпорац нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 28 га газарт “Буянт-Ухаа 2” хорооллыг барих бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн оноос хийж эхэлсэн. Тус хорооллын эхний ээлжийн 30 барилга ашиглалтад орж, Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. “Буянт-Ухаа 2” хорооллын борлуулалтын явц болон бусад асуудлаар Төрийн орон сууцны корпорацын Тэргүүн дэд захирал Д.Алтанхуягтай ярилцлаа.
-“Буянт-Ухаа 2” хорооллын эхний байруудыг энэ сарын 23-наас Улсын комисст хүлээлгэж өгнө гэж байсан. Эхний байруудаа өгчихсөн үү. Иргэд хэзээнээс захиалсан орон сууцандаа орох вэ?
-Улсын комисст хүлээлгэж өгөх талаар нарийвчилсан хуваарь гаргасан. Хуваарийн дагуу энэ сарын 13-наас эхэлж эхний байруудаа Улсын комисст хүлээлгэн өгөх саналаа Улаанбаатар хотын захиргаанд хүргүүлсэн. Гэтэл, Улсын комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, зарим гишүүн томилолтоор өөр ажилд шилжсэн учраас хугацаа алдаад байна. Ашиглалтад ороход бэлэн болсон эхний 30 барилгаа Улсын комисст удахгүй хүлээлгэж өгнө. Улсын комиссын бүрэлдэхүүн 23 гишүүнтэй.
Эдгээр гишүүн нь тус тусын хариуцсан чиглэлийн дагуу орон сууцны барилгын чанарыг шалгаж, хүн амьдарч болох эсэх талаар дүгнэлт гаргадаг. Улсын комисс нэг барилгыг хүлээж авахын тулд нэг өдрийн хугацаа зарцуулна.
-“Буянт-Ухаа 2” хорооллын борлуулалтын явц хэр байна вэ?
-Хоёрдугаар ээлжийн барилгаас төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний квот олгосон. Төрийн зарим байгууллага борлуулалтын журмын хүрээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас квотыг нь цуцалсан. Цуцалсан квотыг иргэд рүү шилжүүлсэн. Иргэдтэй 1200 айлын орон сууцны гэрээ байгуулсан. Үлдсэн 400 айлын орон сууц аж ахуйн нэгжийн квотод байгаа. “Буянт-Ухаа 2” хороололд 6500 орчим айлын орон сууц баригдаж байна. Нэгдүгээр хэсэг буюу эхний 48 байрын барилгын ажлыг эхлүүлсэн. Үүнээс 30 байр буюу 1600 айлын орон сууцыг энэ онд багтааж ашиглалтад өгнө. Уг нь, хуваарийн дагуу энэ оны аравдугаар сарын 30-нд Улсын комисст хүлээлгэж өгөх ёстой байсан. Шинээр баригдаж байгаа орон сууцны хороолол, хотхоны гаднах инженерийн шугам сүлжээний ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийнэ гэсэн хуультай. Хуулийн энэ заалт барилгын гаднах инженерийн шугам сүлжээний ажилд хүндрэл учруулсан. Зардлыг шийдсэний дараа гүйцэтгэгч байгууллага шалгаруулах тендер маргаантай болсноос, ашиглалтад орох хугацаа нэг сараар хойшилсонд “Буянт-Ухаа 2” хороололд захиалга өгсөн иргэдээсээ хүлцэл өчье.
-“Буянт-Ухаа 2” хорооллын дэд бүтцийн асуудлыг яаж шийдсэн бэ. Ялангуяа цэвэрлэх байгууламж болон цахилгаан эх үүсвэрийн хангамжийн асуудлыг хэрхэн шийдсэн талаар ярихгүй юу?
-“Буянт-Ухаа 2” хорооллын эхний 30 байрны бохирыг хоногт 2000 шоо метр бохир цэвэрлэх хүчин чадалтай шинээр баригдсан цэвэрлэх байгууламжид нийлүүлнэ. Үлдсэн 18 барилга болон “Буянт-Ухаа 2” төслийн хоёрдугаар хэсгийн барилгуудын бохирыг хоногт 20 мянган шоо метр бохир цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжид нийлүүлнэ. Энэ цэвэрлэх байгууламжийг Барилга, хот байгуулалтын яам барьж ашиглалтад оруулах юм. Өөрөөр хэлбэл, Нисэх орчимд хоёр цэвэрлэх байгууламж ажиллана гэсэн үг. Богд уулын баруун талд орших 10/35 дэд станцаас цахилгааны эх үүсвэрийг авах техникийн нөхцөлийг Эрчим хүчний яамнаас манайд өгсөн. Энэ дагуу цахилгааны гүйцэтгэгчээ сонгон шалгаруулсан. Гүйцэтгэлийн ажил хийгдэж байх хугацаанд, Эрчим хүчний яамнаас “Тухайн дэд станц энэ жил ашиглалтад орох боломжгүй боллоо” гэж мэдэгдсэн. Тиймээс хуучнаар, Нисэхийн хаалганы хойно “Буянт-Ухаа” цахилгааны дэд өртөө шинээр баригдсан. Энэ өртөөнөөс цахилгааны эх үүсвэрээ авна.
-“Буянт-Ухаа 2” хорооллыг “Чингис” бондоос зээл авч барьсан. Бондын мөнгийг эргэн төлөх нь гарцаагүй. Бага хүү төлөхийн тулд борлуулалтыг хурдавчлах хэрэгтэй. Борлуулалтын тал дээр танай зүгээс ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-Төрийн орон сууцны корпорац нь “Буянт-Ухаа 1” хорооллыг амжилттай борлуулсан. Борлуулсан мөнгөөрөө “Буянт-Ухаа 2” төслийг эхлүүлсэн. Төслийг гүйцэтгэхдээ борлуулалтын орлогоос барилгын гүйцэтгэлийг санхүүжүүлнэ. Борлуулалтыг 100 хувь хийсний дараа “Чингис” бондоос авсан мөнгөө Хөгжлийн банктай байгуулсан графикийн дагуу хугацаанд нь төлнө. З0 хувийн урьдчилгаа төлөх иргэд олон биш байна. Нийт захиалагчдын ихэнх нь 10 хувиа төлөөд, үлдэх 20 хувийг Засгийн газрын шийдвэрийн дагуу батлагдах журамд хамрагдах хүлээлттэй байна. Наадмын өмнө шийдвэр нь гарсан. Хэрэгжүүлэх журам нь одоо болтол гараагүй. Засгийн газар энэ шийдвэрээ хэрэгжүүлж чадах эсэхээ нээлттэй хэлмээр байна. Учир нь, энэ шийдвэр иргэдийн дунд маш их хүлээлт үүсгэсэн. Хэрэв, Засгийн газар шийдвэрээ хэрэгжүүлж чадахгүй гэвэл хэрэгжүүлэх эрхийг нь Төрийн орон сууцны корпорацад өгнө үү гэсэн асуудлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тавьсан.
-Төрийн орон сууцны корпорац ямар хувилбараар зээлийн урьдчилгаа 20 хувийн асуудлыг шийдвэрлэх юм бэ?
-Өмнө нь, Төрийн орон сууцны корпорац 4000 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлсэн. 150 тэрбум орчим төгрөгийн зээллэгийг иргэдэд олгосон. Эргэн төлөлт 98 хувьтай байсан. Харамсалтай нь, Монгол банкны зүгээс Төрийн орон сууцны корпорац банкны чиг үүрэг гүйцэтгэж байна гэж үзээд, зээлийн багцыг Төрийн банк руу шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар, Арилжааны банкуудын найдваргүй зээлийн үлдэгдэл өндөр гарч байна. 20 хувийн асуудлыг шийдвэрлэх эрхийг Төрийн орон сууцны корпорацад өгвөл, захиалагчидтай харилцан ойлголцож, төлөх хугацааг тохирох байдлаар асуудлыг шуурхай шийдэх боломж бол бий.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Буянт-Ухаа 1” хорооллын барилгын чанар муу байна гэсэн мэдээлэл цацагдаж байна. Төрийн гар орсон, хямд үнэтэй барилга чанаргүй гэсэн ойлголтыг ард түмэнд төрүүлэх вий дээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Барилгын үндсэн хийц, угсралтын чанар бол сайн. “Буянт-Ухаа 1” хорооллын нийт 1764 айл бүгд дулаан алдаад хүйтэн байна уу гэвэл үгүй. Зарим нэг айлын цонхны амалгаа дутуу суугдсан эсвэл цонхны резинийг чанаргүй материалаар хийснээс дулаан алдах асуудал гарсан. Өнгөрсөн долоо хоногт цаг агаар огцом хүйтэрсэн нь ганц “Буянт-Ухаа 1” хороололд төдийгүй бусдад дулаан алдах байдлыг нэмэгдүүлсэн. Мөн орон сууцны хорооллуудад түгээх дулааны температурыг бага хэмжээнд барьж байсан асуудал ч гарсан. Барилгын тухай хуулиар гүйцэтгэгч компани барилгын чанарыг гурван жилийн турш хариуцдаг. Энэ дагуу гүйцэтгэгч компаниар гарсан гэмтэл, доголдлыг цаг тухайд нь засуулж байна.
-Шинээр ашиглалтад орсон “Буянт-Ухаа 2” хороололд 10 хувиа тушаасан иргэд хэзээ захиалсан байрандаа орох вэ. Аль болох хурдан байрандаа орох сонирхолтой байгаа нь ойлгомжтой?
-Хэрэв Засгийн газрын 20 хувийн асуудлыг шийдвэрлэсэн журам гарахгүй бол 30 хувийн урьдчилгаа төлөх шаардлагыг иргэдэд тавина. 20 хувийн асуудлыг шийдвэрлэсэн журам гарахгүй бол иргэд урьдчилгаа 30 хувийг төлсний дараа л байрандаа орох болно. Энэ талаар захиалга өгч байгаа иргэдэд маш сайн тайлбарлаж байгаа. Нөгөөтэйгүүр, Засгийн газар болон Монгол банкнаас зээлийн 20 хувийн асуудлыг шийдэх эрхийг Төрийн орон сууцны корпорацад өгвөл иргэдийг ипотекийн найман хувийн зээлд хамруулж байранд оруулах боломж нээлттэй байгаа.
-Буянт-Ухаа 2” хорооллыг дагалдаж хэчнээн цэцэрлэг, сургууль ашиглалтад орох билээ?
-Ашиглалтад орсон эхний 30 байртай хамт 240 хүүхдийн цэцэрлэгийг Улсын комисст хүлээлгэж өгнө. Нэг ээлжиндээ 1200 хүүхдийн багтаамжтай хоёр ерөнхий боловсролын сургууль, 240 хүүхдийн багтаамжтай гурван цэцэрлэг “Буянт-Ухаа 2” төслийн хүрээнд ашиглалтад орох юм. Ерөнхий боловсролын сургуулийг барихдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч болох орчинг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог.