Эдийн засгийн уналт бүхий л салбарт хүндээр тусч бизнесийн идэвхжил, иргэд болон улсын түрийвчинд орж мөнгөний урсгалыг нь тасалдуулж байна. Энэ оны эхэнд манай эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай байв. Гэтэл эхний хагас жилд гурван хувьтай гарлаа. Одоо оны төгсгөлд 3.1 хувьтай гарах төлөв бий. Ирэх онд ч эдийн засгийн уналт үргэлжилнэ гэж судлаачид хэлж буй. Эдийн засгийн энэ хүнд үед манай улсын төсвийн гол орлого бүрдүүлэгч нь зэсийн баяжмал гэж байгаа. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт, Оюу толгой хоёрт найдвар тавьж байна.
Ирэх онд уул уурхайн салбараас 900 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх тооцоо гарсан. Энэ нь ДНБ-ий 20 хувьтай тэнцэнэ гэж эдийн засагчид хэлдэг. Уг орлогын 90 хувийг зэс, алт, нүүрснээс олохоор төлөвлөөд буй билээ. Гэтэл зэсийн үнэ сүүлийн дөрвөн жилд 47 хувиар унав. Өөрөөр хэлбэл, дэлхийн санхүүгийн хямрал нүүрлэсэн 2008 оны төвшинд хүрч нэг тонн цэвэр зэс 5000 ам.долларт хүрсэн. Зэсийн үнэ ингэж буурсан нь Хятадын эдийн засгийн өсөлт саарсантай холбон тайлбарлаж байгаа. Цаашид юанийн ханш суларч буй нь тус улсын экспортыг нэмэгдүүлнэ гэж судлаачид үзлээ. Ихэнх судлаач ирэх онд нэг тонн цэвэр зэс 4826-6614 ам.долларын хооронд хэлбэлзэх дүр зураг бий гэсэн. Тухайлбал, ОУВС-гийн шинжээчид 5138 ам.доллар байх төсөөлөл хийгээд байна.
Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд тайлангийн хурал хийхдээ “Зэсийн зах зээлийн нөхцөл байдал хүнд байна. Ирэх оны эхний улиралд нэг тонн цэвэр зэсийн үнэ өсөхгүй байх төсөөлөл гарч буй. Иймд зэс, зэсийн баяжмал үйлдвэрлэгчид аль болох хэмнэлт хийх, үйлдвэрлэлийн өртөг зардлаа бууруулах бодлого баримтлах болсон. Бид ч энэ жишгээс гажаагүй. Өртгөө бууруулж үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүллээ. Нэг тонн цэвэр зэсийн үнэ 4500 ам.доллар хүртэл буурахад ашигтай ажиллах боломжтой. Бид хямралд сөгдөхгүй. Сөрж гарна” хэмээн мэдэгдсэн. Тухайлбал, тус үйлдвэр энэ оны эхний арван сарын байдлаар төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ давуулан биелүүлж иржээ. Статистик үзүүлэлтийг нь харвал 17.974 сая шоо метр уулын цул олборлосон байна. Энэ нь төлөвлөгөөнөөс 516 мянган шоо метрээр илүү аж. Ингээд 22 сая 754 сая тонн хүдэр боловсруулав.
Уг хүдрээс 103 мянган тонн цэвэр зэс агуулсан 443 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ. Мөн 2000 тонн молибден агуулсан баяжмал үйлдвэрлэсэн байна. Эдгээрийг өнгөрсөн оны аравдугаар сартай харьцуулбал хүдэр боловсруулалт нэг, зэсийн баяжмал 14 мянга, молибденийн баяжмал 868 тонноор тус тус илүү үйлдвэрлэсэн байгаа юм.
Хэдийгээр зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унасан ч “Эрдэнэт” үйлдвэр энэ онд томоохон амжилт гаргасан. Энэ нь Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг ашиглалтад оруулсан явдал байв. Энэ өргөтгөл ашиглалтад орсноор хүдэр боловсруулах хүчин чадал жилд зургаан сая тонноор нэмэгдлээ. Уг өргөтгөл ашиглалтад ороод таван сар өнгөрч буй хэдий ч одоогоор 1.1 сая тонн хүдэр боловсруулжээ. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл 36.7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэсэн үг. Одоогоор технологийн горимын тохиргоо бүрэн хийгдэж төслийн хүчин чадлаараа ажиллаж эхлээд байна. Нэгэнт хүдэр боловсруулалт нэмэгдсэн тул Баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуйг өргөтгөх нь тодорхой.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд уг аж ахуйн хүлээн авах хүчин чадлыг бас нэмэгдүүлж иржээ. Тухайлбал, гурван жилийн өмнө 1100 шоо метр урт далан, 1400 мм голчтой хуваарилах шугам барьсан аж. Өнгөрсөн онд гурван км урт 14 дүгээр далан, 1200 мм голчтой хуваарилах шугам байгуулав. Энэ онд ВК 11, 12 дугаар худгуудыг үйлдвэрийн эргэлтийн ус хүлээн авах коллектортой ашиглалтад орууллаа. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг 25 жил хангах боломж бүрдэж байна.
Тус үйлдвэрийн өртөг зардлаа бууруулж буй нэг зүйл бол эрчим хүч үйлдвэрлэл. Дулааны цахилгаан станц нь жилд 28 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. Үүнийг задлаад үзвэл жилд 22 тэрбум төгрөгийн дулаан зургаан тэрбум төгрөгийн цахилгаан үйлдвэрлэж буй юм. Сүүлийн жилүүдэд цахилгааны үнэ тасралтгүй нэмэгдэж буй тул цахилгаан үйлдэрлэлийг нь нэмэгдүүлэх шаардлага тулгарчээ. Одоо дулааны цахилгаан станц таван МВт цахилгаан үйлдвэрлэж буй. Иймд цахилгаан үйлдвэрлэх хүчин чадлыг 48 МВт-аар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Энэ өргөтгөлийг 1.6 жилийн хугацаанд хийх болов. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрийн цахилгааны хэрэгцээний тавин хувийг хангах ажээ. Ямартай ч Монгол Улсын эдийн засагт гол үүрэг гүйцэтгэдэг томоохон үйлдвэр өртөг зардлаа ийнхүү бууруулж хямралыг сөрөн зогсч байна.
С.Сувдаа: Ажилчдадаа орон сууцны үнийг хямдруулах, хөнгөлөлт үзүүлэх бодлого баримталдаг
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр Говил багт орхигдсон барилгыг засварлан нийтийн орон сууц болгон 40 орчим ажилчдаа орон сууцтай болгож тохь тухтай амьдрах боломжоор хангажээ. Мөн зарим өндөр настанд гэр олгохдоо хоёр тонн нүүрс үнэ төлбөргүй дагуулж өгсөн байна. Энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал С.Сувдаагаас ажилчдын орон сууцны хангамж, нийгмийн асуудлыг хэрхэн шийдэж буй талаар тодрууллаа.
-Хэдэн ажилтан, өндөр настанд орон сууц, гэр олгосон байна вэ?
-”Эрдэнэт” үйлдвэр бол нийгмийн хариуцлагатай компани. Илгээлтийн эзэд энэ газар оронд хүрэлцэн ирж Эрдэнэтийг бүтээн босгосноос хойш 40 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Эрдэнэт хотод ажиллаж амьдарч буй олон мянган иргэнийг тав тухтай амьдрах орчин бүрдүүлэхийн төлөө манай үйлдвэр идэвх санаачилгатай ажиллаж ирлээ. 37 айлын нийтийн байрыг засварлаж, ажилчдадаа олголоо. Мөн есөн гэр олгосон.
-“Эрдэнэт” үйлдвэрт өнөөдөр хэдэн хүн ажиллаж байгаа вэ. Тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд үйлдвэрийн зүгээс хэрхэн анхаарал хандуулдаг вэ. Жишээ нь орон сууцны хангалт хэр байна вэ?
-Манай үйлдвэр 6000 гаруй ажилтантай. Тэднээс 3000 орчим нь орон байртай болох өргөдөл өгсөн байдаг. Ингээд 40 гаруй хүн хүйтний улирал эхэлж буй өнөө үед орон гэртэй болж байна. Үйлдвэрээс ажилчдадаа орон сууц олгох бодлого баримталдаг. Тухайлбал, орон сууцны зээл авсан ажилчдадаа найман сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Үүнээс гадна орон сууцжуулах гурван төслийн ажил эхлээд байна. Эрдэнэт хотод шинэ хороолол бий болгоно. Энэ нь “Эко-400”, “Залуус 600”, “Москва 300” гэсэн орон сууцны хороолол барих төсөл. Цалингийнхаа хуримтлалаар орон сууцтай болж чадахгүй байгаа хүмүүст гэр олгох, орон сууцны нэг ам метр талбайн үнийг нь хамтын гэрээгээр хямдруулж өгөх бодлого баримталж байна.
-Тэгвэл нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ямар ажил хийж байна вэ?
-“Эрдэнэт” үйлдвэр жилийн орлогынхоо 6.2 хувийг нийгмийн салбарт зарцуулдаг. Ийм ч учраас байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл дагуул хот бий болголоо. Энэ мэтээр нийгмийн хариуцлагаа биелүүлж ирсэн. Манай үйлдвэр улсын төсөвт орлого төвлөрүүлэхээс гадна 100 мянга гаруй хүн амтай том хотын аж амьдралыг үүрээд явж байна. Жишээлбэл, “Эрдэнэт медикал” эмчилгээ оношлогооны төвөө удахгүй нээх юм.
н.Алтанцэцэг: Өөрийн гэсэн гэр оронтой болсонд баярлаж байна
Өндөр настан.
-Та “Эрдэнэт” үйлдвэрт хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би Эрдэнэт хотод ирээд 36 жил амьдарч байна. Уулын баяжуулах үйлдвэрийн анхны ажилчдын нэг. “Эрдэнэт” үйлдвэрт эмчээр ажиллаж байсан. Тэгээд орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт шилжиж ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Түрээсийн байранд олон жил амьдарч ирлээ.
Өнөөдөр үйлдвэрээс гэр өгч байгаад үнэхээр баярлаж байна. Манай нөхөр бас уулын баяжуулах үйлдвэрт олон жил ажилласан.
-“Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагаа хэрхэн биелүүлдэг компани гэж бодож байна вэ?
-Манай уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ажилчдын амьдрал ахуйд үргэлж санаа тавьдаг. Өнөөдөр манай гэр бүлд гэр бэлэглэсэнд маш их баярлаж байна. Бид газраа авчихсан байгаа. Одоо өөрийн гэсэн орон гэртэй боллоо.
Энэ бол манай уулын баяжуулах үйлдвэр, хамт олны минь халуун сэтгэл юм.