Өвөрхангай аймгийн Богд сумын зүүн хойд талд салбарлан тогтсон хар уулыг Тэвш уул гэдэг. Эргэн тойронд нь олон тооны булш, хадны сүг зураг байхаас гадна хиргисүүрүүд нилээн бий. Тэвш уулын хадны сүг зурагт янз бүрийн ан амьтан, анчин гөрөөчин, мал аж ахуй, хүмүүсийн амьдрал ахуйг харуулсан зургууд голлоно.
Буга, янгир, тэмээ, адуу, нохой зэргийг хаданд хонхойлон зурсан зураг, үхрээр ямар нэгэн зүйлийг чирүүлсэн, үхэрт ачаа бараа ачсан, морь хөтөлсөн хүн, морьтой болон явган хүмүүс адуу мал тууж байгаа зэрэг дүрслэлүүд байдаг байна. Судлаачдын анхаарлыг татдаг зураглал гэвэл дөрвөн дугуйтай, ганц гуятай тэргэнд дөрвөн морь хөллөсөн, мөн хигээсгүй хоёр дугуйтай, тэгш өнцөгт дөрвөлжин маягийн суудалтай, ганц аралтай дөрвөн морь хөллөх зориулалт бүхий тэрэг зэргийг дүрсэлсэн байдаг. Энэ нь тэрэгний хувьсал хөгжлийн түүхийг харуулсан гэж үздэг. Дөрвөн дугуйтай тэргийг гэр тэрэг гэдэг дээр эрдэмтэд санал нийлдэг байна. Монголд өнөөг хүртэл эртний морин тэрэгний 100 гаруй дүрслэл байдаг байдгийн дийлэнх нь хоёр дугуйтай дугуй тавцан бүхий ганц гуятай тэргийг эгц дээрээс нь харж дүрсэлсэн байдаг. Тэвш уулын тэрэг болон тэрэг хөллөсөн хүний дүрслэл бүхий зурагны судалгаа одоо ч хүртэл хийгдсээр байгаа ажээ.