Манай сонины редакцид Баянгол дүүргийн VII хорооны иргэн П.Цэвэгмид хандсан юм. Тэрбээр нийслэл хотын гудамж, замд байрлуулсан замын тэмдэг, заалтуудтай холбоотойгоор асуудлаар бидэнтэй ярилцсан юм.
-Та ямар шалтгаанаар манай сонинд хандах болов?
-Би 0064 УНЦ дугаартай автомашин эзэмшдэг. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хяналтын төхөөрөмжөөр зөрчилд хариуцлага тооцох тухай журмын дагуу гэрийн хаягаар хурд хэтрүүлсэн гэж хоёр удаа, нэгдүгээр эгнээгээр зорчсон гэж таван удаа торгуулийн хуудас ирсэн. Үүнийг миний бие мэргэжлийн байгууллагад хандсанаар уг торгуулийг хүчингүй болгосон. Торгуулийн хуудсыг хүчингүй болгосон Замын цагдаагийн газрын албан бичгийг нийтлэв. Гэтэл дараа нь мөн уулзвар дээр 74 км/цаг-ийн хурдтай явсан шалтгаанаар торгуулийн хуудас ирсэн. Би үүнийг үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас торгуулийг төлөөгүй.
-Яагаад. Тавьсан торгуулийг төлөх ёстой биз дээ?
-Мэдээж, дүрэм, журам зөрчсөн бол торгуулийг төлж л таарна. Миний хувьд зөрчөөгүй. Замын тэмдэг, заалтуудын шаардлагыг биелүүлсэн. Үүнийхээ төлөө торгууль төлөх ёсгүй гэж үзэж байгаа юм. Таван шарын уулзвар дээр хот суурингийн гаднах замд байрлуулдаг ийм (зургийг нийтлэв) тэмдэг байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан 3.3б тэмдэг бий. Монгол Улсын Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм MNS 4596: 2014 гэсэн стандарт байдаг. Уг стандартын 4.4.4-дүгээр заалтад 3.3а-3.3в “Туслах зам нийлнэ” тэмдгийг суурин газрын гаднах 3.1 тэмдэг бүхий зам дээр уулзвар бүрийн өмнө 150 м-ээс 300 м-ийн зайд байрлуулна. Зайлшгүй тохиолдолд өөр зайд байрлуулж болох бөгөөд ингэхдээ 7.1а нэмэлт тэмдгээр уг зайг заана. Хурд хэмжээд байгаа камер бүхий Таван шарын уулзвар дээр уг тэмдэг бий.
-Явган хүний гарцны тэмдгийг буруу газар байрлуулсан тухай шүүмжлэл цахим ертөнцөд өрнөх нь бий. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энэ тэмдгээс наана явган хүний гарц гэсэн анхааруулах тэмдэг бий. Энэ тэмдэг Улаанбаатар хотод маш олон байгаа. Мөн дээрх стандартын 4.2.19-д 1.18 “Явган хүний гарц тэмдгийг суурин газрын гаднах замд явган хүний зохицуулдаггүй бүх гарцын өмнө, суурин газрын доторх замд үзэгдэлтийн зай нь 150 м-ээс бага байх явган хүний гарцын өмнө байрлуулна гэж заасан байдаг. Хамгийн энгийн жишээ гэхэд, Засгийн газрын ордны зүүн замыг хар.
-Замын хөдөлгөөний дүрмийн дагуу мөрдөгдөж байгаа өнгүүд ч гэсэн учир шалтгаантай. Гэтэл төр өнгийг зөв ашигладаг эсэхийг мэргэжлийнхэн ч бараг мэдэхээ больсон юм шиг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Бидний мөрдөж байгаа Замын хөдөлгөөний дүрмийн дагуу замын тэмдэг дөрвөн өнгө бий. Цагаан дэвсгэр дээр хар өнгөөр бичсэн байвал хот суурингийн доторх заалтууд, цэнхэр дэвсгэр дээр цагаанаар бичсэн байвал хот суурингийн гаднах замд, ногоон дэвсгэр дээр цагаанаар бичсэн байвал тууш замын дагуух. Шар дэвсгэр дээр хараар байвал хөдөлгөөний зохион байгуулалт түр өөрчлөгдөж байгааг заадаг. Ийм өнгийг хэрэглэдэг. Үүний дагуу 5.33 Чигийн урьдчилсан заалт гэсэн тэмдэг бий. Энэ тэмдэг Улаанбаатар хотын гудамж, замд нэлээд олон бий. Эдгээр тэмдгүүд бүгд цэнхэр дэвсгэр дээр цагаанаар бичсэн байгаа. Тэгэхээр хот суурингийн гаднах зам гэсэн үг.
Дээрх тэмдгийн агуулгаар бол хотын төв нь хотынхоо гадна байдаг болчихоод байна. Тэр байтугай гудамжны нэр заасан ногоон дэвсгэр дээр цагаанаар бичсэн баахан тэмдэг уулзварууд дээр байрлуулсан байгаа. Ногоон дээр цагаанаар бичсэн тэмдгүүд тууш замынх шүү дээ. Тэгэхээр сумаар заасан Зоригийн гудамж руу орлоо гэхэд тэр замд явган хүн байхгүй гэсэн үг үү, ердийн хөсөг, мотоцикль байхгүй гэсэн үг үү, 100 кам/цаг-ийн хурдтай явж болно гэсэн үг үү. Энэ тэмдгээр бол би яг ийм байдлаар мөрдөх гээд байгаа юм.
-Тэгэхээр нийслэлд байгаа обьектуудын тэмдэг алдаатай гэсэн үг үү?
-Улаанбаатар хотод байгаа обьектуудын тэмдгийг хот суурингийн гаднах замын буюу цэнхэр дэвсгэртэйгээр байрлуулсан байдаг.
Цааш нь стандартын 4.2.8-д 1.6 тойрох хөдөлгөөнтэй уулзвар тэмдгийг суурин газрын гаднах замд 4.3 тэмдэг бүхий уулзвар бүрийн өмнө, харин суурин газарт 4.3 тэмдэг бүхий уулзварын үзэгдэлтийн зай 50 метрээс бага буюу уг уулзвар нь байнгын гэрэлтүүлэггүй байх тохиолдол бүрт байрлуулна. Мөн 1.7 “Гэрэл дохионы зохицуулга” тэмдгийг суурин газрын гаднах замд хөдөлгөөн нь гэрэл дохиогоор зохицуулагддаг уулзвар буюу явган хүний гарц бүрийн өмнө, харин суурин газарт гэрлэн дохионы үзэгдэлтийн зай нь 100 м-ээс бага байх тохиолдолд болон суурин газар руу орсны дараах хамгийн эхний гэрэл дохионы зохицуулгатай уулзвар буюу явган хүний гарцын өмнө байрлуулна гэж заасан байдаг. Ийм тэмдэг Яармагийн замд бүх гэрэл дохиотой гарцын өмнө байгаа.
-Огцом эргэлтийн талаар та ярианыхаа эхэнд хэлж байсан. Тэр талаар тодруулахгүй юу. Тэмдэг, заалтыг буруу байрлуулах нь ямар хор уршигтай вэ?
-4.2.10 1.8а, 1.8б “Огцом эргэлт” гэсэн тэмдэг хотод нэлээд бий. Мэргэжлийн хүний хувьд энэ тэмдгийг тавьсан бүх газруудаар 60 км/цаг-ийн хурдтай явж үзсэн. Тэгэхэд аюулгүй коэффициент 1 байсан. Стандартын нөхцөлөөр бол аюулгүй коэффициент 0.6-аас бага байх нөхцөлд тавих ёстой. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаас нь авч үзвэл энэ тэмдгийг дээрх нөхцөлийг хангаагүй үед тавих нь ноцтой үр дагавар бүхий зам тээврийн осол гарах нөхцөлийг ч бүрдүүлдэг. Ийм учраас энэ тэмдгийг тавихдаа маш болгоомжтой хандах ёстой байгаа юм.
-Орон нутгаас ирэхэд хот суурин газар руу орсон, гарсан тухай тэмдэг, заалт бий. Тэр тэмдэг, заалтуудыг нийслэлийн гудамж, замд байрлуулсан гэдэг. Энэ үнэн үү?
-Намайг “хурд хэтрүүлж”, торгуулийн хуудас авч байх үед Эмээлтэд Улаанбаатар хотын хил дээр энэ тэмдэг байсан юм. Цэнхэр дэвсгэр дээр цагаанаар Улаанбаатар гэж бичсэн суурин газрын эхлэл энэ тэмдгийн утга нь дээрх суурин газарт Замын хөдөлгөөний дүрмийн суурин газрын гаднах гэсэн заалтуудыг мөрдөх суурин газар гэсэн үг юм. Үүнээс улбаалан 5.5 тэмдэгтэйгээ зохицуулан дээр дурьдсан тэмдгүүдийг Улаанбаатарын гудамж, замд байрлуулсан бололтой. Энэ тэмдгийг Улсын баяр наадмын өмнө Эмээлтийн тэндээс авч хаясан. Үнэхээр дүрэм журмаа мөрддөг бол энэ тэмдгийг авсныхаа дараа үүнтэйгээ зохицуулан дээрх тэмдгүүдийг ч мөн хуулж авах ёстой байсан.
-Замын тэмдэг, заалтыг буруу байрлуулчихаад торгууль тавиж байна гэлээ. Тэгэхээр энэ талын мэдлэг, мэргэжилтэй хүн Монголд алга гэсэн үг үү?
-Би Замын хөдөлгөөний зохион байгуулалтыг бага зэрэг гадарладгийн хувьд эдгээр тэмдэг, заалтуудын шаардлагыг биелүүлж явсныхаа төлөө Захиргааны хариуцлага хүлээх болчихоод байна. Эдгээр тэмдгийг хэн нэгэн иргэн, дурын аж ахуйн нэгж нийслэлийн зам талбайд байрлуулаагүй. Нийслэлийн төр захиргааны Замын хөдөлгөөний зохион байгуулалт хариуцсан агентлаг, алба л байрлуулсан байж таарна. Миний бодлоор НИТХ-ын 2013 оны долоодугаар сарын 15-ны өдрийн 80 дугаар тогтоолоор батлагдсан “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг 2013-08-01-ний өдрөөс мөрдөж эхлэхээсээ өмнө нийслэлт хотын маань хөдөлгөөний зохион байгуулалт нь мөрдөгдөж байгаа дүрэм, стандарттайгаа нийцэж байна уу, үгүй юу гэдгийг тогтоосны дараа энэ журмыг мөрдөх ёстой байсан болов уу. Ингээгүйн улмаас нийслэл хотынхоо доторх замд хот суурингийн гаднах хөдөлгөөний зохион байгуулалтыг хийчихээд суурингийн доторх гэдэг заалтаар иргэдийг торгож байна.
-Энэ талаар мэдэхгүй жолооч нар их бий байх. Харин таны хувьд мэддэг учраас торгуулиа хүчингүй болгож байна. Тэгвэл тэдгээр мэдэхгүй иргэдийн асуудлыг хэрхвэл зохих вэ?
-Надтай адилхан хурдаа 80 км/цаг-аас хэтрүүлээгүй мөртлөө торгуулийн хуудас авсан, торгуулиа төлсөн хэдэн зуун мянган иргэн байгаа байх. Зарим нэг нь мэддэг байх, зарим нь мэддэггүй ч байж магадгүй. Миний хувьд энэ торгуулийг төлбөл эзэмшсэн мэргэжлээсээ урвах болчихоод байна. Төлөхгүй гэхээр автомашиныг үзлэгт оруулахгүй, худалдаж борлуулах боломжгүй болох, онооны журам мөрдөгдөөд эхлэхээр онооноос хасна гэх юм. Миний үзэж байгаагаар төр намайг зөрчил гаргасан учраас торгож, хариуцлага оногдуулна гэж байгаа бол төр өөрөө ч гэсэн хуулиа биелүүлэх ёстой. Төрийн гаргасан буруу шийдвэр гаргачихаад иргэнээ торгоно гэж юу байдаг юм. Нийслэлийн замын хөдөлгөөний зохион байгуулалтын алба замынхаа тэмдэг, заалтыг зөв байрлуулчихаад шаардлага тавьдаг байгаасай. Ер нь манай хотын гудамж, замд байрлуулсан замын тэмдэг, тэмдэглэгээг харвал галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг байдаг. Ёстой нөгөө мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор гэдэг шиг юм болж байна.
-Та цаашид хэрхэх бодолтой байна вэ?
-Миний хувьд торгуулиа хүчингүй болгох өргөдлийг мэргэжлийн байгууллага болох Нийслэлийн Замын цагдаагийн газарт өгнө. Тэндээс ямар шийдвэр гаргахыг харж байна. Ямар ч байсан олны нийтийн сонорт хүргэе гэж бодсон юм. Надтай адилхан хохирч байгаа олон жолооч байгаа байх гэж бодож байна. Магадгүй миний ярианаас дүрэм зөрчигчдийг өөгшүүлэх гээд байгаа ч юм шиг сэтгэгдэл төрж байж мэднэ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдөд хариуцлага оногдуулах ёстой. Хатуу хариуцлага оногдуулах ёстой. Нэг зөрчлийг таслан зогсоож, хариуцлага оногдуулснаар тэрнээс илүү хохирол бүхий аюулаас сэргийлж байдаг учраас хариуцлага хатуу байх ёстой. Гэхдээ шударга байх ёстой. Төр үүргээ биелүүлчихээд дараа нь иргэнээ торгох ёстой.
-Манай сонины зүгээс замын хөдөлгөөний аюулгүй байдал, осол зөрчил, хөдөлгөөний зохион байгуулалт, чиглэлээр тантай хамтарч ажиллах санал тавьж байна. Та үүнийг хүлээж авах уу?
-Энэ саналыг тань дуртайяа хүлээн авч байна.