Б.БААТАР
ОХУ-ын цэргийн гадаад бодлогод шийдвэртэй арга хэмжээ авах онц ноцтой нөхцөл байдал үүсээд байна. Учир нь өнгөрсөн мягмар гарагт ОХУ-ын СУ-24 загварын байлдааны нисэх онгоцыг Туркийн Ф-16 сөнөөгч онгоц агаарт сөнөөсөн. ОХУ-ын хоёр нисгэгч онгоц руу нь Туркийн тал пуужин харвах үед байдлыг илтгэн улмаар онгоцоо орхин шүхрээр буусан. Харамсалтай нь, нэг нисгэгч лалын дайчдын гарт амиа алдсан бол нөгөө нисгэгчийг Сирийн армийнхан эсэн мэнд аварсан юм.
ОХУ-ын онгоцыг сөнөөсөн шалтгаанаа Турк маш бүдүүлэг, утгагүй зүйлээр тайлбарлав. Тэд “ОХУ-ын СУ-24 байлдааны онгоц Туркийн хилд нэвтэрсэн учраас бид сөнөөсөн” хэмээн тайлбарласан. Гэвч бодит нөхцөл байдал дээр Турк Сирийн хилийн ойролцоо тодруулбал 6 км буюу 6000 метрийн өндөрт онгоцыг пуужингаар харваж сөнөөсөн. Лалын дайчид хямд үнэтэй газрын тосыг Турк болон бусад санхүүжүүлэгч орнуудад худалдаалах үйл ажиллагааг зогсоохын тулд ОХУ-ын байлдааны онгоц лалын дайчдын газрын тос тээвэрлэж явсан байрлалд дайралт хийгээд буцаж байсан аж. Үүнийг ОХУ-ын Батлан хамгаалах яамны агаарын нисэх хүчний тусгай хяналтын систем болон байлдааны онгоцны байрлал заасан төхөөрөмж баримтаар нотлон харуулж байгаа юм. Нотлох баримтаа дэлгэн ОХУ-ын Батлан хамгаалах яам дэлхий нийтэд НАТО-гийн гишүүн орон Турк энэхүү үйлдлээ тайлбарлахыг шаардаж байна.
Шүхрээр бууж байхад нь лалын дайчид буудаж амийг нь хөнөөсөн ОХУ-ын нисгэгчийг Сергей Румянцев гэдгийг албаныхан батлан олон нийтэд зарлажээ. Талийгаач нисгэгч ОХУ-ын Челябинскийн ойролцоо Шагол нисэх хүчний баазад алба хаадаг байж. Түүнийг амиа алдсаны дараа лалын дайчид цогцос дээр очин гар утсаараа бичлэг хийн “Аллах Акбар, бурханы үйл хэргийг үргэлжлүүл. ОХУ-ын цэргүүд амиа алдсаар байна” гэх зүйл хэлжээ. Хоёр дахь нисгэгчийг лалын дайчдын гараас Сирийн армийнхан аварсан талаар хамгийн түрүүнд Сири Ливаны цэргийн босогчид мэдээлэл дамжуулсан аж. Мягмар гарагт зургаан цаг хоёр дахь нисгэгчийг хайсны эцэст холбоо тогтоож чадсан бөгөөд Сирийн тусгай ангийнхан түүнийг аварч, аюулгүй газар хүргэсэн байна. ОХУ-ын нисэх баазын Хмеймимд байрлаж байгаа гэжээ. Шүхрээр буусан хоёр нисгэгчийг эргүүлэн авахаар МИ-8 байлдааны нисдэг тэргийг ослын газар илгээх үеэр тэнгисийн цэргийн нэг албан хаагч амиа алдсан байна.
Туркийн агаарын нисэх хүчин ОХУ-ын байлдааны СУ-24 онгоцонд хандан хоёр удаа “та нар Туркийн агаарын хилийн бүсэд нэвтрэхэд ойрхон байна” хэмээн сануулга өгч улмаар пуужин харвасан нь онгоцны дуу хураагуурт үлджээ. Ингээд ОХУ болон Турк улсын харилцаанд маш ноцтой байдал үүсээд байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Турк улсад хийх айлчлалаа цуцлав. Мөн ОХУ-ын иргэд Турк руу хийх байсан аяллуудыг бүгдийг нь цуцалсан байна.
Турк улс “өөрийн агаарын хилийн дархан байдлыг ингэж хангадаг юм. Харж ав” хэмээн ОХУ-ын талд мэдэгдлээ. Туркийн Ерөнхийлөгч Таийп Эрдоган ОХУ-аар тохуурхаж “НАТО-гийн гишүүн орондоо ч биш, бид өөрсдийн хилийн дархан байдлыг хадгалж дараах алхамыг хийлээ” хэмээн хэлсэн гэж ажиглагчид үзэж байна. “ОХУ-ын агаарын нисэх хүчин яах гэж Туркийн агаарын хил рүү нэвтрэх билээ” гэсэн асуулт Турк улсыг олон улсад эвгүй байдалд орууллаа. Туркийн талаас ОХУ-ын онгоц Туркийн агаарын хилд нэвтэрсэн гэх баримт нотолгоог одоо хүртэл дэлгэж чадахгүй байгааг дэлхийн бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Туркийн үйлдэл нь цэвэр “өдөөн хатгасан үйлдэл” гэдгийг ямар ч улсын цэргийн мэргэжилтэн хэлнэ гэдэгт итгэлтэй байгаа талаар В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн.
Харин одоо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин НАТО болон НҮБ-ын аюулгүй зөвлөлийг яаралтай хуралдуулж, энэ үйл явдлыг тайлбарлах, шийдвэрлэх арга замын талаар хуралдах ёстой талаар шаардлага тавьсан. Парист гарсан халдлагаас болж Брюссель хэсэгчлэн хаагдсан үеэр НАТО-гийн гишүүн орон Турк улс ОХУ-ын байлдааны онгоцыг буудаж унагаасан хэрэг “дайрин дээр давс” гэгч зүйл болов. Ийнхүү ОХУ, НАТО-гийн хооронд үл ойлголцох ноцтой, түгшүүртэй нөхцөл байдал бий болоод байгаа нь үнэн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин талууд яаралтай хуралдаж хэлэлцээрийн ширээний ард суухыг шаардаж байгаагаа өгүүллэв. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдааныг ч зохион байгуулах ёстойг тэрээр өгүүлсэн. Энэ үйл явдал Турк улсыг “террористуудтай хамсаатан” гэдгийг баталлаа гэх ажиглагчид ч байна.
Энэ үеэр Барак Обама Турк улсын Ерөнхийлөгчтэй утсаар ярьж заавар зөвлөгөө өгч байгаа бололтой. Турк улс одоо яах ийхээ сайн мэдэхгүй байгаа нь ойлгомжтой. НАТО арыг нь даана хэмээн туркуудаар “бамбай” хийсэн. НАТО одоог хүртэл “Туркийн хилийн дархан байдлыг хамгаална” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж буй. Өөрөөр хэлбэл ОХУ Турк руу дайрах юм бол НАТО хамгаалж байлдана гэдгийг далд сануулсаар байна.
Барак Обама Туркийн талд дахин ийм үйлдэл гаргахгүй, асуудалд нухацтай хандах талаар зөвлөгөө өгсөн тухай эх сурвалжууд мэдээллээ. Хэрэв шаардлагатай бол НАТО Туркийн хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалахад бэлэн гэдгээ зарлаад хоёр хонож байна. Дэлхийн III дайн гарах эхлэлийг Турк улс тавьсан гэдэгт цэргийн мэргэжилтнүүд санал нийлсээр байна. ОХУ Турк руу дайрах, улмаар Турк НАТО-гоос тусламж авах, ингээд Бирксийн орнууд АНУ болон барууны улс орнуудын эсрэг тулалдах зэрэг Дэлхийн III дайны дүр зургийг харуулсан мэдээ мэдээлэл цахим ертөнцөөр давалгаалж байна.
НАТО-гийн гишүүн орнууд лалын дайчдыг санхүүжүүлэгч байна гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч өмнө нь зарласан. Үүнээс улбаалж АНУ-ын агаарын нисэх хүчин даваа гарагт лалын дайчдын газрын тос тээвэрлэдэг хоосон автомашинуудыг сөнөөж байгаа мэт “жүжиг” тавьсан гэж ОХУ-ын тал үзээд “Нэртэйгээр нь НАТО-д лалын дайчдыг элсүүлээч” хэмээн дургуйцэж, Туркийн үйлдлийг шүүмжилж зүгээр өнгөрөөхгүй гэдгийг сануулсаар байна.
Олон улсад цэргийн үйл ажиллагаа явуулж байгаа олон улс байдаг ч лалын дайчдыг эсрэг хүчтэй тэмцэл өрнүүлж, тэднийг сөнөөж байгаа ОХУ шиг нь байхгүй. Гэвч лалын дайчдаас хямд газрын тос авч байгаа Турк, АНУ тэргүүтэй зарим барууны орнууд нотлох баримтуудаа баллаж, лалын дайчдад заавар зөвлөгөө өгсөөр байгааг дэлхий нийт харсаар байна. ОХУ-ын нийслэл Москва хотод байрлах Туркийн Элчин сайдын яамны гадаа уржигдар орой 600 гаруй иргэн эсэргүүцлийн жагсаал өрнүүлж “Туркууд та нар террористуудыг дэмжигч” хэмээн дуу хоолой нэгтэй зарлав.
ОХУ Туркийн хил рүү нэвтэрч яана гэж, ОХУ Турк улстай сайн харилцаатай байдаг бөгөөд агаарын хил нэвтэрлээ гээд яана гэж. Энэхүү асуултуудыг Их Британи улсын цэргийн мэргэжилтнүүд Турк улсад тавьсаар байгаа юм. НАТО-гоос тусламж авах нь тодорхой болсон учраас зориг орсон туркчууд “хил хамгаалах Туркийн бүрэн эрхийг бүгд хүндлэх ёстой” хэмээн мэдэгдэж хийсэн хэргийнхээ төлөө бусдад анхааруулга өгч сууна. Таийп Эрдоган тус улсын сөнөөгч онгоц ОХУ-ын байлдааны онгоцыг сөнөөсөн үйл явдалтай холбогдуулан Туркийн хэвлэлээр дээрх өгүүлбэр цацагдсаар байгаа юм.
Хэрэв дэлхий хоёр хуваагдах юм бол АНУ, Канад, Франц, ХБНГУ, Австрали, Турк, Албани, Бельги, Чех, Грек, Унгар, Итали, Испани, Их Британи, Норвеги, Португали, Исланд, Япон, Өмнөд Солонгос зэрэг улс орнууд нэг тал болох байх гэсэн таамаглал бий. Харин ОХУ, БНХАУ, Хойд Солонгос, Вьетнам, Куба, Латин Америкийн улс орнуудын 80 гаруй хувь нь, Африкийн улс орнууд, Станы бүх улс оронд нэгдэх байх. Арабын ганц хоёрхон улс орон хэрхэх нь эргэлзээтэй. Дэлхийн III дайны дүр зураг ийм байдалтай байхаас гарцаагүй гэдгийг зарим улс орны геополитик судлаачид үздэг. Гэвч Турк улс НАТО-д итгэл хүлээлгэн өөрсдийн улс оронд дайны аянга дагуулах үйлдэл гаргасан нь хэнд ашигтай гэдгийг ОХУ-ын хэвлэлүүд “АНУ-д” хэмээн тайлбарлахыг оролдсоор байна. Ямартай ч, НҮБ-ын аюулгүйн зөвлөл хуралдах юм бол В.Путин Турк улсад арга хэмжээ авахаас илүүтэй өөрсдийн холбоотон орнуудыг нэгтгэн харилцаагаа зузаатгах бодлого явуулах байх.