Л.БАТБААТАР
Стресс гэж юу болох, түүний хор уршиг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрүүл мэндийг дэмжих сургалт, судалгаа, арга зүйн төвийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэгтэй ярилцлаа.
-Хүмүүс стресст орлоо гэж ярьдаг. Стресс гэж юуг хэлээд байна вэ?
-Хүрээлэн байгаа орчноос бидний оюун санаа, бие сэтгэлд нөлөөлөхөд тухайн организмаас давсан хариу үйлдэл үзүүлэхийг стресс гэж нэрлэдэг. Гадны таагүй нөлөө гэдэгт, дуу чимээ, ажлын байрны дарамт, гэр бүлийн таагүй харилцаа, ойр дотны хүмүүстэйгээ үл ойлголцох, найз нөхөд нас барах зэрэг сөрөг үр дагавар үүнд нөлөөлдөг.
Эдгээр нь хүний бие махбодид ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлж байдаг. Зарим хүн хэсэг хугацааны дараа эдгээр сөрөг нөлөөг давж гардаг. Ихэнх хүн эдгээр таагүй нөлөөллийг давж гарч чадахгүй, удаан хугацаанд агуулснаар бие махбодид ямар нэгэн хүчдэл буюу адреналин хэмээх гармон ялгардаг. Энэ гармон үүссэнээр судасны цохилт олшрох, дотор бачимдах, гар хөлрөх, ходоод хямрах шинж тэмдэг илэрнэ. Ийм хямралын байдал удаан хугацаагаар үргэлжлэвэл, хүний биед муугаар нөлөөлдөг.
-Стессийн хор уршгаас болж ямар төрлийн өвчин үүсдэг вэ?
-Стресс олон төрлийн өвчин эмгэгийн эх үүсвэр болдог. Тухайлбал, зүрх судасны өвчин болон судас нарийсах өвчин нь стрессийн шууд нөлөөгөөр үүсдэг. Мөн чихрийн шижин, төрөл бүрийн хавдар, үе мөчний дархлаа сулрах өвчинг үүсгэхэд стресс гол нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа бий. Чихрийн шижин өвчнийг хөдөлгөөний хомсдол, таргалалт, хоолны дэглэм алдагдснаас болж үүсдэг гэж манайхан үздэг. Гэтэл Японы эрдэмтэд чихрийн шижин өвчнийг стрессээс болж үүсдэг хэмээн үздэг. Японд энэ өвчний тархалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Учир нь, олон сая хүн, бага хэмжээний газарт оюуны өндөр ачаалалтайгаар ажиллаж амьдардагаас болж чихрийн шижин өвчнөөр өвчлөх явдал их байна. Монгол Улсад ч гэсэн хотжилт, ажлын ачаалал болон бусад эрсдэлт хүчин зүйлээс шалтгаалж өвчлөл нэмэгдсээр байгаа.
-Сүүлийн үед аливаа өвчний эхлэл хотжилт хэмээн ярьж бичих болсон. Хотжилтын сөрөг үр дагавар олон зүйлд нөлөөлж байх шиг?
-Гадаад орчны бохирдол, дуу чимээ, хар тугалгын агууламж ихсэх, утаа тортог, тоос, хуванцар материалын хэт их хэрэглээ, ажлын байрны хүртээмж, эрүүл ахуйн шаардлага хангаагүй өрөө тасалгаанд ажиллаж амьдрах зэрэг сөрөг үр дагавар бол хотжилтын үр дүнд бий болдог. Мөн автомашины түгжрээ, уушгинд орох утаа, ажлын давчуу орчин, хүмүүсийн таагүй харилцаа гэх мэт алхам тутамд стресс үүсгэх хүчин зүйлс нь хотжилтын үр дүн. Хотжилтын элдэв сөрөг нөлөөлөлд амьдардаг хүнийг хөдөө хээр талын аниргүйд мал маллах малчинтай харьцуулашгүй.
-Стресст хэчнээн иргэн өртсөн талаар улсын хэмжээнд хийсэн судалгаа байдаг уу. Байдаг бол сонирхолтой тоо баримт гарах байх?
-Хэчнээн хүн стресст орсон талаар судалгаа хийгээгүй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэцийн тулгамдсан асуудалтай өвчтөний талаар хийсэн судалгаа бол байдаг.
-Стрессгүй хүн гэж амьдралд байдаг уу. Ямар нэгэн хэмжээгээр хүн бүр л стресст ордог байх?
-Аливаа хүн их, бага хэмжээгээр стресст ордог. Үүнд тухайн хүн хэрхэн хариу үйлдэл үзүүлснээс стресст орох эсэх нь хамаардаг. Юуны өмнө хүндээр хүлээж авахгүй, амьдралд тохиолддог зүйл л гэж бодвол стресст орохгүй. Гэтэл зарим хүнд энэ асуудал маш том сэтгэлийн дарамт буюу стресс болох жишээтэй. Сэтгэлийн хаттай хүмүүс стресст өртөх нь бага. Аливаа асуудлыг зөв шийдвэрлэх чадвартай байдаг. Стресст орохгүй байх нь тухайн хүний хүмүүжил, боловсрол, хандлагаас шалтгаалдаг. Нэг ухаантны хэлсэн үг байдаг. “Хүнд ямар нэгэн бэрхшээл тулгарахад, өөрийгөө хохиролгүйгээр авч гарах чадварыг боловсрол гэнэ” гэж.
Аав ээжүүд, хүүхдээ бие нь өвдөхөөр эмнэлэгт үзүүлчихдэг. Боловсрол гэхээр сургуульд даатгадаг. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийн дотоод мөн чанарыг хөгжүүлэх, хувь хүний хувьд хэрхэн төлөвшүүлэх талаар гэр бүл дотроо анхаарах хэрэгтэй. Гэр бүлийн хүмүүжил бол хүүхдийг зөв хүмүүжүүлэх, нийгэмд зөв хүн болгож төлөвшүүлэхэд маш чухал үүрэгтэй.
-Сөрөг болон эерэг энергитэй хүн гэж байдаг гэх нь бий. Үүнийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж болох уу?
-Тухайн хүн ямар орчныг бүтээж байна, тэр орчинд тийм л үр дүн үр дагавар бий болно гэж боддог. Хүн хэдий чинээ амьдралын идэвх сонирхолтой, бусдыг уриалан дуудсан хандлагатай байвал, орчин мөн л эерэг байна. Ийм хүнийг эерэг энергитэй хүн гэж ярьдаг. Бүх зүйлийг болж бүтэхгүй хэмээн, аливаа зүйлийг сөрөг талаас байнга харвал, тухайн орчинд сөрөг энерги хуримтлагддаг. Ямар орчныг бүрдүүлэх вэ гэдэг нь хувь хүнээс шалтгаална. Төрөлхийн хар буюу сөрөг энергитэй хүн гэж байхгүй. Хүний амьдралд эерэг, сөрөг зүйл ээлжлэн тохиолдоно. Асуудлыг хэрхэн зохицуулах талаар зөв менежмент хийж сурах нь чухал. Ийм чадвартай хүн хамгийн ухаалаг, эрүүл байж, урт наслах чадвартай байдаг. Уурлаж уцаарладаггүй, юмыг өөдрөгөөр харж, өөртөө анхаарал тавьдаг хүмүүс илүү урт насалдаг.
-Хүн стресст орсоноо хэрхэн мэдэх вэ. Энэ талаар уншигчдад хэлж өгвөл хэрэгтэй байх?
-Удаан хугацааны туршид өөртөө итгэлгүй болж гонсойх, урам хугарах, сэтгэл зүйн хувьд зожгирох, бухимдалтай, юм болгон болохгүй бүтэхгүй байгаа мэт санагддаг. Мөн бие махбодид өөрчлөлт орж, нойрны хэвийн байдал алдагдах, таргалах, турах, сонирхол амархан буурах зэрэг шинж тэмдэг илэрвэл та стресст өртөж байна гэсэн үг. Стрессээс урьдчилан сэргийлэхийн тулд эхлэж эмчид биш, сэтгэл зүйчид хандах ёстой. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад сэтгэл зүйч, нийгмийн ажилтан гэсэн мэргэжилтэй боловсон хүчин ховор байна. Өндөр хөгжсөн орны бүх ажлын байранд энэ хоёр мэргэжлийн ажилтан ажилладаг. Сэтгэл зүйчид бодол санаагаа хэлж ярьж, стрессээс гарах арга замыг заалгах хэрэгтэй. Сэтгэл зүйчид хандахаас өмнө өөрийгөө өөрчлөх алхамыг хийх нь зөв.
-Стрессээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар та зөвлөх үү?
-Өөртөө тавих анхаарлаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Аливаа бухимдал үүсгэсэн орчноос зайлсхийх, ажлаа зөв зохицуулах, хүнд үгүй гэж хэлж сурах нь чухал. Мөн тулгамдсан асуудлаа ярьж зөвлөгөө авдаг найз нөхөд байх шаардлагатай. Сонирхолтой клубт нэгдэх, дуу хөгжим сонсох, спортоор хичээллэх, бүжиглэх зэргээр хөдөлгөөнөө нэмэгдүүлэх ёстой. Биеийн хөдөлгөөн бол стрессээс ангижруулдаг гол эм. Тийм учраас хөдөлгөөний дасгалуудыг зайлшгүй хийж байх нь чухал. Хүмүүстэй эелдэг харилцаж инээмсэглэснээр, тайван амгалан орчныг бүрдүүлнэ. Өөрөө байнга стресст ороод байвал, таны хажуу дахь хүн стресст өртөхгүй байх боломжгүй. Зарим хүн стресст орсноор архи уудаг. Архи ууж байх үедээ тухайн хүн стрессээс ангижирсан мэт санагдаж болно. Ингэснээр, цаашдаа архи уух биеийн болон сэтгэцийн хорт зуршил үүсгэдэг.
Стрессийг удаан хугацаагаар өөртөө агуулахгүйгээр биеэсээ зайлуулж байх нь их чухал. Ингэхгүй бол хүндээр өвдөх болон ажлын байрны бүтээмж мууддаг. Эцсийн бүлэгт хувь хүн өөрөө өөрийгөө стрессээс хамгаалж, ажлын цагийг зөв зохицуулах, амралтын өдрүүдээр давхар ажил хийхгүй байх, тогтмол цагаар зөв зохистой хооллох, дуртай зүйлээ хийх, хорт зуршлаас сэргийлэх, ямар нэгэн зөрчилдөөнөөс болон сөрөг мэдээллээс зайлсийх шаардлагатай. Стрессээс хэрхэн өөрийгөө хамгаалах нь тухайн хүний чадвараас шалтгаална. Өсвөр үеийнхэн болон ахмад настнууд стресст өртөмтхий байдаг. Ялангуяа ахмад настнууд тэтгэвэрт гарч сул чөлөөтэй болохоороо өөрсдийгөө хэнд ч хэрэггүй болсон мэт санагдаж стресст орох нь бий.
Эцэг эхчүүд, хүүхдийн дотоод мөн чанарыг хөгжүүлэх, хувь хүний хувьд хэрхэн төлөвшүүлэх талаар анхаарах хэрэгтэй. Гэр бүлийн хүмүүжил бол хүүхдийг зөв хүмүүжүүлэх, нийгэмд зөв хүн болгож төлөвшүүлэхэд маш чухал үүрэгтэй.