Франц улсын нийслэл Парис хотод болсон террорист халдлагатай холбоотой гэх сэжигтэн 16 хүнийг Бельгийн цагдаа тусгай хүчнийхэн баривчилсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Мөн хилийн хараа хяналтыг сайжруулж, сэжигтэй этгээдүүдийн байсан газарт нэгжлэг хийсэн боловч нэг ч тэсрэх бөмбөг, зэвсэг олдоогүй гэнэ.
Магадгүй тэд халдлагын дараа өөр улс орон руу зугтах, орогнохоор төлөвлөж байсан бололтой. Европын холбооны улс орнууд хараа хяналтаа сайжруулж цэрэг цагдаагийн тусгай хүчин нь бэлэн байдалд ажиллахыг анхааруулсаар байгаа. Ажиллагааны үеэр цагдаа тусгайгийнхнаас эрсдээгүй бөгөөд баривчилсан 16 хүний талаархи мэдээллийг одоохондоо нууцалж байгаа юм. Гэхдээ Сирийн лалын дайчид байх магадлал өндөр гэдгийг ч албаныхан хэллээ. Сэжигтнүүд Бруссел хотоос Чарлерой руу нэвтрэх гэж байсан нь тогтоогдсон. Хурдны галт тэргээр зорчдог байсныг мөрдөгчид олж тогтоожээ. Брусселд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Бельгийн Ерөнхий сайд Чарлес Мишэл их сургууль болон дунд сургуулиудыг түр хааж, хичээлийг завсарлуулах үүрэг даалгавар өгөв. Мөн хотын метроны буудлуудыг хаажээ. Энэ долоо хоногтоо Бруссел хот хаалттай байх нь. Брусселийн цагдаа тусгай хүчнийхэн болон цэргийнхэн харуул хамгаалтад гарч, олон нийтийн газар, бүх нийтийн үйлчилгээний төвүүдийг ч хаажээ. Онцгой байдал зарласан шиг л байгааг тус улсын иргэд ярьж буйг хэвлэлүүд мэдээлж байна. Бельгийн хотууд болон хилийн бүс өндөржүүлсэн бэлэн байдалд байгааг “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Бельгийн Тагнуулын төв газраас Парис хотод болсон шиг халдлага дахин хэд хэдэн газар болохгүй гэх баталгаа байхгүй тул анхаарал, сонор сэрэмжтэй байхыг иргэдэд зөвлөж байна. Грек улсад ч гэсэн лалын дайчид террористуудаа илгээсэн бөгөөд удахгүй Европын улс орнуудад халдлага үйлдэнэ, олон хүний амийг авч одно гэсэн мэдээлэл ч гарсаар байгаа юм. Грек улсад лалын дайчдын гишүүн Мохаммед Аль Махмод гэгч этгээд нэвтэрсэн болохыг тогтоожээ.