Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэтгүүлчид “Тогтвортой хөгжлийн боловсрол” сэдэвт сургалтанд хамрагдлаа

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Монгол Улсын хэмжээнд 87 байршилд 99 тусгай хамгаалалттай газар байдаг нь нийт газар нутгийн 17 хувийг эзэлдэг аж. Эдгээрээс Улаанбаатарт хамгийн ойр хийгээд аялал жуулчлалын бүс болгон ашиглаж буй нь Хустайн байгалийн цогцолборт газар билээ. Өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 21-нд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас телевиз, өдөр тутмын сонин, мэдээллийн сайтад ажиллаж буй экологийн сэтгүүлчдэд Ногоон хөгжлийн тухай ойлголт өгөх “Тогтвортой хөгжлийн боловсрол” сэдэвт сургалт зохион явууллаа. Хустайн нурууны байгалийн цогцолборт газар болсон сургалтад 30 гаруй сэтгүүлч хамрагдсан юм.

Бүтэн өдөр үргэлжилсэн сургалт Хустайн байгалийн цогцолборт газар 1992 оноос нутагшуулж эхэлсэн тахийн сүрэгтэй танилцах аяллаар эхэлсэн. Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Баянхангай сумдын нутагт, 50 га талбайг хамарч буй Хустайн байгалийн цогцолборт газар өдгөө 340 тахь, 1200 гаруй буга, 20-30 мянган толгой тарвага, 40 мянга орчим цагаан зээр, 40 гаруй аргаль тэргүүтэй Монгол Улсын улаан номд бүртгэгдсэн ховор, нэн ховор амьтан нутаглаж байна.
Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газар, Байгалын нөөц газар болон Дурсгалт газар гэсэн дөрвөн ангилалд хуваадаг бөгөөд Хустайн нуруу дээрх 99 газраас хамгийн амжилттай үйл ажиллагаа явуулж буй нь юм.

Сургалтанд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Хустайн байгалийн цогцолборт газрын удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар оролцож сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийсэн юм. Түүнчлэн, Хустайн байгалийн цогцолборт газрын захирал, сургалт судалгааны менежер Ц.Дашпүрэв, БОНХАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого зохицуулалт, стратеги төлөв­лөлтийн газрын дарга Т.Бул­ган, Ойн бодлого зохи­цуу­лалтын газрын дарга Ц.Банзрагч, “Тогтвортой хөгж­лийн боловсрол” төслийн зохи­цуулагч н.Амгалан нар оролцож “Хустайн байгалийн цогцолборт газрын ан амьтан, байгалийн тогтоц, хамгаа­лалт”, “Ногоон хөгжил”, “Ойн хамгаалалт ашиглалт нь эдийн засгийн үндэс болох нь” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.

Хөтөлбөрийн гол зорилго нь Тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ) төслийн үзэл баримтлалыг боловсролын системд нэвтрүүлж мөн нийгэм, эдийн засагт үзүүлэх бодит үр өгөөжийг дээшлүүлэх, дэмжлэг үзүүлэх явдал байсан юм. “Тогтвортой хөгжил” гэдэг нь ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээгээ хангах чадварыг алдагдуулахгүйгээр одоо үеийн эрэлт хэрэгцээг хангах боломжийг хэлдэг. Тиймээс байгаль орчинд ээлтэй, нийгэм, эдийн засгийн хувьд тогтвортой ирээдүйг цогцлоох нь хүн бүрийн хүлээх үүрэг аж.

Төслийн зорилго нь тогтвортой хөгжлийн боловс­ролын үзэл санаа, ойлголтыг Монгол Улсын боловсролын тогтолцоонд нэвтрүүлэхийн зэрэгцээ тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн (инс­титуцийн, эрх зүйн, зохион байгуулалтын) орчинг бий бол­гоход оршдог тухай сургалтын үеэр онцолсон.

БОНХАЖ-ын сайд Н.Бат­цэрэг Хустайн байгалийн цогцолборт газрын үйл ажиллагаатай танилцахдаа “Хустайн нурууны цогцолборт газар хамрах нутгийн хувьд харьцангуй жижиг ч гэлээ үйл ажиллагааны хувьд өргөн цар хүрээг хамарч чадсан, цаашид тусгай хамгаалалттай газар нутгийг хөгжүүлэхэд жишиг болохуйц газар юм. Энд Монгол орны говь, талын өргөн уудам нутагт олон мянганы турш идээшлэн амьдарч ирсэн адууны зэрлэг өвөг тахийг сэргээн нутагшуулаад зогсохгүй буга, аргаль, цагаан зээр, тарвага тэр ч бүү хэл Монголоос өөр хаана ч байхгүй хар өрөвтас, Амарын шонхор тэргүүтэй 223 зүйл шувууг хамгаалж байна” хэмээсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан