Б.БААТАР
Манай сонины өмнөх дугаарт Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассадын цаг үеийн асуудлаар ярьсан томоохон хэмжээний ярилцлагын эхний хэсгийг хүргэсэн билээ. Тэгвэл та бүхэнд үргэлжлэлийг нь хүргэж байна. Тэрээр Италийн “Раи Юно” сувагт тусгайлан ярилцлага өгсөн бөгөөд цаг үеийн бүхий л чухал сэдвийн талаар ярьсан юм.
-Таны Ерөнхийлөгчийн ажлыг үргэлжлүүлэн аваад явах өөр хэн нэгэн байж болохгүй гэж үү. Итгэл хүлээх өөр хэн нэгэн?
-Итгэл хүлээлгэх өөр хэн нэгэн гэдэг чинь юу гэж байгаа юм?
-Яахав дээ, таны үйл хэргийг итгэл даагаад үргэлжлүүлэх хүнийг хэлээд байна.
-Тийм л дээ. Та яг л миний хувийн эд хөрөнгө, хувийн зүйлийн талаар ярьж байгаа юм шиг санагдаад инээд хүрээд тэссэнгүй. Би одоо тэгээд өөрийнхөө оронд хэн нэгнийг томилох ёстой гэж та хэлэх гээд байна уу. Миний хийж байгаа төрийн ажил хувийн ажил биш шүү дээ. Энэ бол үндэсний мэдэх асуудал. Би дангаараа мэддэг зүйл биш. Ямар нь Сири минийх гэж өмчлөөд ойлгуулчихсан юм бэ. Ойлгохгүй юм. Зөвхөн сиричүүд зөвхөн хэнд итгэх, хэнийг сонгож Ерөнхийлөгч болгоно гэдгээ шийднэ гэж би дахин хэлье. Тиймээс энэ нөхцөлд хэн нэгэнд итгэх үл итгэх асуудал биш. Сири улсын ард түмэн юу хүсч байна, түүнийг нь эрх баригчид хийх л ёстой.
-Би сайн ойлгосон гэж найдаж таниас дараагийн асуултаа асууя. Сирийн хувьд таны мэдэх, таны эрх мэдлийн асуудал яг аль нь юм бол?
-Хэрэв та цаг хугацааны болон улс төрийн шинэчлэлт хийх тухай асууж байгаа бол энэ бүхэн террористуудыг устгасны дараа цэгцрэх болно. Террористууд манай газар нутагт байгаа цагт бидний өмнө, миний ширээний өмнө ямар ажил хийх хийхгүйг хэн ч заахгүй. Би бол асуудлыг шийдвэрлэх ёстой айл гэрийн эцэг хүн. Тэд улс төрийн болон гадаад бодлогын хувьд маш хүчтэй байр суурьтай байна. Сирийн газар нутагт багагүй хэсгийг эзэлсэн байдалтай байна. Сирийн арми юу хийж байна гэхээр тун энгийн. Терроризмийн эсрэг ямар нэг арга хэмжээ авах ёстой бол түүнийг ямар ч үнээр хамаагүй авах ёстой. Бид улс эх орондоо тэмцэж байна. Хэрэв та үндсэн хуулийн шинэ бодлого, шинэ парламентын хүчин, сирийн шинэчлэлийн тухай ярих гээд байгаа бол дараагийн хоёр жилийн хугацаанд тийм зүйл болохгүй л болов уу гэхээс эмээж байна.
-Яг өнөөдөр Сирийн сөрөг хүчнийхэн л тэнд байлдаад байгаа нь нэг талаараа үнэн. Гэвч та сүүлийн хоёр жилийг ямар ч сөрөг хүчин байгаагүй мэт л ярьсан. Лалын дайчдын гэсэн нэгдсэн нэрэн дор сөрөг хүчнийг оруулж харьцдаг нь үнэн. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-Сөрөг хүчин гэж террористуудыг хэлдэггүй юм. Ард түмнийхээ эсрэг, төр засгийнхаа эсрэг дайтдаг тийм хүчин лав сөрөг хүч биш. Нутаг нэгтэй хүмүүсийг хөнөөж, тэсрэх бөмбөг, амиа золиослох ажиллагаа зохион байгуулж байгаа хүмүүс яагаад сөрөг хүчин гэж. Тэднийг анх төрийн эсрэг жагсаал хийж, 2011 онд хувьсгал улс орон бүрийг дайрч байхад бид өнөөгийн байдалд бэлэн байсан. Ямар азаар ард түмнийг бид хамгаалж байгаа юм. ОХУ байгаа тулдаа л бид арай л амар амгалан байна. Таны яриад байгаа шиг сөрөг хүчинг би хэдэн арваар нь бий болгож таны эх орон руу зэвсэг барин оруулж тэднийг санхүүжүүлж чадна. Гэхдээ энэ лав сөрөг хүчин байж болохгүй тийм л зүйл. Сөрөн хүчин гэдэг улс төрийн хэллэгтэй улс төрийн үйл ажиллагаа явуулдаг, энх тайван замаар асуудалд ханддаг тийм улс төрийн бүлгэмийг сөрөг хүчин гэж хэлж болох юм.
-Яг өнөөдөр сөрөг хүчнийхэн гэж ямар хүн байна Сири улсад?
-Та өөрөө Сирийн ард түмнээс асуу л даа. Сөрөг хүчин гэж ямар хүмүүс Сирид одоо байна гээд. Тэд өөрсдийн болон өнөөгийн байгаа байдлыг шууд л хэлнэ. Улс оронд хүнд оворын автомат буу барьсан хүн лав сөрөг хүчин биш. Хэрэв Сирийн ард түмэн сөрөг хүчинг дараагийн сонгуулиар сонгох юм бол одоогийн эрх баригчид улс орноо хүлээлгэн өгөхөд бэлэн гэдгийг ойлго. Юм гэдэг учир начиртай байдаг шиг Гадаад хэргийн яаманд ажиллаж байсан мэргэжилтэнг шууд Засгийн газрын Батлан хамгаалах яамны сайдаар томилох болохгүй биз дээ. Эсвэл тагнуулч байсан хүнийг эдийн засгийн тусгай мэргэжилтний ажил дээр шууд томилох утгагүй хэрэг. Яг л ийм зүйл өнөөдөр сөрөг хүчнийхэнд тулгарна гэдэгт итгэж байна.
-Италид Сирийн цагаачид очиж байгаа. Тэд цагаачид. Эх орноосоо зугтааж байгаа цагаачдад хандаж та юу хэлэх вэ?
-Мэдээж эх орноо орхин явж байгаа цагаачид маш том зүйлийг золиосолж байгаа гэж харж байгаа. Тэдний өмнөөс харамсаж байгаагаа илэрхийлмээр байна. Бид ч гэсэн тэдний өмнөөс маш их харамсаж байгаа. Бид шаналж зовж байгаа. Тэд яагаад эх орноо орхин явж байгаа талаар бид өөрсдөөсөө асууж ямар учир шалтгаан байгаа болоод тэд эх орноо орхин зугтаж байгааг эхний ээлжинд олохыг, шийдвэрлэхийг хичээж байна. Газар нутгийн бүрэн бүтэн байдал тэднийг цагаачлахад хүргэж байгаа бол үүнийг Сирийн Засгийн газар шийдвэрлэх ёстой. Мэдээж цагаачлах болсон эхний шалтгаан нь террористууд. Хоёр дахь шалтгаан тэдний амьдарч буй орчинг террористууд сүйтгэж, аж үйлдвэрийн болон жижиг дунд үйлдвэрийг эзлэн түрэмгийлж байгаа явдал цагаачлалд хүргэж байна. Мөн гурав дахь хүчин зүйл нь барууны улс орнууд террористуудыг хөхүүлэн дэмжиж байгаа үйл явдал нь цагаачлахад хүргэж байна. Яг өнөөдөр цагаачилсан олон мянган цагаачдын хэн нэгнээс нь “та яг одоо Сири рүү явмаар байна уу” гэж асуувал тэд эргэлзэхгүй яг одоо явахыг хүсч байгаа. Гэвч яаж одоо ийм дайн байлдааны нөхцөл байдалтай байгаа энэ цаг мөчид тэд гэртээ эргэн ирэх вэ. Тэднийг хэн хамгаалах вэ гэсэн асуулт тулгарна. Амьдрах орчин байхгүй болсон цагаачдад Сирид үлдэх хүсэл төрөхгүй нь мэдээж. Ийнхүү тэднийг Газардундын тэнгис болон чөтгөр хоёр талд нь хүлээж байх жишээтэй. Ийм байдалд хүргэсэн лалын дайчдыг санхүүжүүлэгч л буруутай. Мөнгөгүй бол лалын дайчид ямар ч үр дүнд хүрэхгүй. Энэ бол баталгаатай зүйл.
-Гэхдээ цагаач нарын өмнөөс та харамсахгүй байна уу. Ямар нэг хариуцлага хүлээх сэтгэл төрөхгүй байна уу?
-Миний хувьд гэж та асуугаад байна уу?
-Тийм ээ.
-Терроризмийн эсрэг тэмцэж эхэлсэн цаг мөчөөс эхэлж, тэднийг дэмжигч байгууллага, улсад хандаж олон зүйл мэдэгдсэний хариуд өнөөдөр бид их хохирол амссан. Гэхдээ тэдэнд энэ хохирол багадаж, улс эх орныг эзлэх хүсэлд автан ичгүүргүй тэмүүлсээр байна. Сири улстай хамтран ямар нэг улс терроризмийн эсрэг тэмцэх аянд нэгдсэн үү, тэд Сирийн төлөө терроризмийн эсрэг ямар нэг дэмжлэг үзүүлсэн үү. Барууны улс орнуудын увайгүй үйлдэл, террористуудыг өөгшүүлэн дэмжих бодлогоос өөр тэд ямар зүйл хийв. Энэ бүхэнд цагаачид, Сирийн ард түмэн хохирч байгааг та харж байгаа болов уу. Барууны орнууд Ойрхи Дорнодод улс төрийн биш гадаад бодлогын ч биш зүгээр газрын баялагийг авахын тулд ийм бузар булай зүйл хийж байна. Би 2011 оны хувьсгалын дараа ч хэлсэн. Хэрэв сөрөг хүчин болж, ард түмнийг турхирч Сирийн Засгийн эрхийг авах гэж байгаа бол бүтэхгүй. Барууны улс орнуудын дэмжлэг байгаа бол хэлээрэй гэж би Засгийн газрын эсрэг тэмцэж байсан жагсаалд оролцож байсан хүмүүст сануулж байсан. Гэвч өнөөдөр барууны орнууд террористуудыг биднээс шүхэрээр халхалж, үнэнийг дэлхийгээс нууж байна. Барууны хоёр улс Аль Нусра террорист бүлгийг санхүүжүүлж террорист бүлгийг дэмжих нь зөвхөн Сири улсад биш Ойрхи Дорнодод аюул дагуулж байгааг та бүхэн ойлгох ёстой.
-Тэгэхээр ямар ч хариуцлага байхгүй?
-Мэдээж хэрэг. Сирийн хувьд ч хариуцлага байхгүй. Би энд “бид алдаа гаргадаггүй” гэж хэлээд сууж байгаа биш. Гэхдээ тэр санхүүжилтээ зогсоочих юм бол энэ бүхэн дуусах гээд байдаг. Та нар стратегийн хувьд мэдлэг боловсрол чадвартай ч тактикийн хувьд алдаа гаргадаг шиг бид ч бас алдаа дутагдалтай байгаа нь нэг талаараа үнэн. Гэвч нэгдсэн зорилго гэж зүйл биднийг холбож Сирийн ард түмэн терроризмийн эсрэг хүчтэй тэмцэж байна. Бид Сири улсын нэг иргэний төлөө бүхий л зүйлийг хийж байна. Харин террористууд сиричүүд байж л нутаг нэгтнээ хөнөөсөөр байгаа нь бас харамсалтай. Тиймээс яг өнөөдөр шүүмжлэхээс илүүтэй хэн нь буруутай, хэнийх нь зөв гэдгийг шийдэхэд хүнд байдалтай байсаар л байгаа юм. Мэдээж хариуцлага байна. Харин одоо шүүх, шүүмжлэх цаг нь биш гэж би хэлэх гээд байна.
-Таны Москва дахь айлчлал ямар байсан бэ?
-Энэ удаагийн айлчлал хоёр улсын Батлан хамгаалах яам Сирийн газар нутагт явуулах цэргийн ажиллагаа, ОХУ-ын агаарын довтолгоог хэрхэн явуулах талаар зөвлөлдөх уулзалт байсан юм. ОХУ манай улсад агаарын довтолгоо явуулж эхлээд хоёр долоо хоног болсны дараа би айлчилсан. Манай хоёр улсын хувьд л түүхэн он жилүүдэд маш сайн удаан харилцаатай байсаар ирсэн. Нэгэндээ тусалсаар ирсэн. Айлчлалын хувьд их агууламж бүхий чухал айлчлал болж хувирсан гэдгийг хэлмээр байна.
-Ромын Ватиканаас хамба лам “бурханы нэрийг барин аллага үйлдэх нь бурханыг доромжилсон хэрэг” хэмээн хэлсэн байсан. Энэ дайн шашин төрийн дайн гэж ойлгож болох уу, нөгөө талаараа?
-Үнэн хэрэг дээр үгүй. Энэ шашин төрийн, шашин хоорондын дайн биш. Сири улсад байгаа курд, сунни зэрэг олон үндэстэн шашинтай хүмүүс бий. Гэхдээ лалын гэх тодотголтой бүхэн дайсан биш гэдгийг хэлээд байгаа. Тийм учраас энэ дайн бол та бүхний дунд байгаа шашны дайн биш юм. Жинхэнэ мусульман болон бусад бурханы гэсэн хүмүүсийн дунд л дайн болоод байгаа юм. Мэдээж та бүхний дунд Христийн шашинтай хүмүүсийн эсрэг лалынхан дайтаж байна ч гэдэг юм уу ойлголт нь буруу юм. Энэ дайн бол шашин хоорондын дайн мэт харагдуулах гэсэн барууны явуулгаар хийж байгаа төр засгийн эсэргүү цэргүүдийн дайн. Товчхондоо газрын тосны дайн.
-Гэхдээ л тэд бурханы нэрийн өмнөөс “Аллах Акбар” хэмээн чанга дуугаар хүмүүсийг алж байгаа?
-Яг тийм. Хийж байгаа гэмт хэрэгтээ уучлал, дараа насандаа сайн хүн болж төрөхийг хүсэж байгаа юм. Ингэж хэлж байж тэд дайныг илүү өргөн цар хүрээтэй болон олон нийтэд хандсан болгож харагдуулах гэж байгаа юм. Хүн алж байхдаа хамгийн ариун үг, хэллэгээ хэлж Бурханы төлөө дайтаж байгаа мэт ойлголт өгдөг. бурханы төлөө хүний амь нас хороож байгаа мэт ойлголт байдаг нь үнэн.
-Тэгвэл ирээдүйд Сири улсад байх христийн шашинтай хүмүүс яаж амьдрах вэ?
-Миний бодож байгаагаар Итали улсад ч гэсэн маш олон шашинтай, соёлтой олон үндэстэн ард түмэн холилдон эвтэй найртай байсаар байгаа гэж ойлгодог. Орчин цагт ийм сайхан үлгэр жишээ бүхий хот олширсоор л байгаа. Тэдний нэг нь Сири улс байх болов уу гэж найдаж байна. Сири улсад христийн шашинтай олон үйлдвэрийн эзэд байдаг тэдэнтэй шашин төрийн дайн хийгээд байсан удаа байхгүй. Гэвч ирээдүйд Сирийн ард түмэн цагаач олонд тусалж байгаа энэ олон сая сайхан сэтгэлтэй христийн шашинтай хүмүүст тусламжийн гараа сунгах цаг ирнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэлмээр байна.
-Ноён Ерөнхийлөгч өө, ярилцлагаа дуусгахын өмнө таниас сүүлчийн асуулт асуумаар байна. Та ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?
-Энэ бол хувь хүний тухай гаргах шийдвэр. Сирийн ирээдүй биднээс шалтгаална. Гэхдээ би ирээдүйгээ салгаж төсөөлмөөргүй байна. Сири улсын сайхан ирээдүйг бүтээж чадах юм бол Сирийн иргэн бүр ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлөх нь мэдээж. Ямар ч байсан би ирээдүйгээ ямар нэг гадны түрэмгийлэл, нөлөө, дайсагналгүйгээр төсөөлж байна. Ирээдүйд Сири улсыг бурхан өршөөх болтугай. Хэрэв Сирийн ард түмэн намайг дараагийн удаа сонгохыг хүсэхгүй бол миний ирээдүй сайхан л байх болно. Харин Сирийн иргэд намайг хүсэх юм бол Сирийн ирээдүй сайхан байх болно. Бодит зүйлийг харж чадаж байгаа хүний үг үйлдэл хоёр нь зөрдөггүй шиг таны асуусан бодит асуултанд би бодитоор хариуллаа.
-Танд баярлалаа, ноён Ерөнхийлөгч өө. Сайхан яриа өрнүүлсэнд талархаж байна.
-Сири улсад хүрэлцэн ирж надтай чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа.