Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Богд Ар” хорооллынхон хууль бус хураамж төлсөөр байжээ


-“Богд асар” компанийг хуулийн байгууллагад шалгуулахаар боллоо-

Л.БАТБААТАР

ШӨХТГ-т иргэдээс  “Хувийн орон сууцны конторууд хууль бусаар төлбөр, хураамж  авч байна”  гэсэн гомдол иржээ. Гомдлын дагуу хувийн орон сууцны ашиглалтын компаниудын үйл ажиллагааг шалгасан байна.
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Зарим албан тушаалтнууд иргэдээс хууль бусаар төлбөр хураамж авч, улмаар их хэмжээний мөнгө төвлөрүүлэх үйл ажиллагаа газар авсан байна. Яаж, хэрхэн иргэдийн халааснаас хэдэн төгрөг салгах вэ гэдэгт л толгойгоо идэвхтэй ажиллуулдаг болж. Хууль бус үйл ажиллагаатай ШӨХТГ хатуу тэмцэж байна. Хууль бус ажиллагааг таслан зогсоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авна. Орон сууц, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудтай холбоотой гомдол манай байгууллагад олон ирсэн.

Тухайлбал, байрны сарын төлбөр дээр хууль бусаар эргэлзээтэй  хураамж нэмж авч байна гэсэн гомдлыг шалгасан. Орон сууц, нийтийн аж ахуйн таван конторт дээрх зөрчил илэрсэн. “Тэлмүүн орд” ХХК узелийн цахилгааны зардал нэрээр сард нэг өрхөөс 2800, “Богд асар” ХХК ус дулаан дамжуулах төвийн зардал нэрээр 6000, “Бадамлах нар” ХХК насос тог нэрээр  2475-11000, “Тунамал өргөө” ХХК ус дулаан дамжуулах төвийн зардал нэрээр  2600, “Батбаян дулаан” ХХК насосны цахилгааны төлбөр нэрээр  11000 төгрөг тус тус хурааж иргэдийг хохироож байсныг тогтоосон” гэв. Тэрээр “Эдгээр аж ахуй эрхлэгч компани тус бүрийг  нь нэг сая  210 мянган төгрөгөөр  торгосон.  “Тэлмүүн орд”, “Бадамлах нар”, “Батбаян дулаан”, “Тунамал өргөө” зэрэг аж ахуйн нэгж гаргасан зөрчлөө бүрэн хүлээн зөвшөөрч, хууль бус хураамж авахаа таслан зогсоосон. Гэтэл “Богд асар” ХХК зөрчлөө хүлээн зөвшөөрсөн ч хууль бус хураамжийг үргэлжлүүлэн авсаар байна. “Богд ар” хорооллын 1730 өрхийг сар болгон ус дулаан дамжуулах төвийн зардал нэрээр 6000 төгрөгөөр хохироож их хэмжээний мөнгийг хууль бусаар төвлөрүүлсээр байна. Зөрчлийг таслан зогсоохын тулд ШӨХТГ нь Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран ажиллаж байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос  “Богд асар” ХХК-д  зөрчлөө арилгахыг 2015 оны есдүгээр сарын 17-нд албан тоотоор үүрэг болгосон. Гэвч “Богд асар” ХХК нь өнөөдрийг хүртэл, хууль бус хураамжийг үргэлжлүүлэн авсаар байгаа нь гэмт хэргийн шинж агуулсан гэж үзэж Өрсөлдөөний тухай хуулийн 24.1.3-т заасны дагуу хуулийн байгууллагад хандаж шалгуулахаар болсон” гэлээ.

Тэрээр мэдээллийн төгсгөлд  “Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхэлдэг 45 аж ахуйн нэгж бий. Эдгээр аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийж байна. Аливаа хууль бус үйлдлийг таслан зогсооход иргэдийн мэдээлэл чухал үүрэгтэй. Иргэд, оршин суугчид та бүхэн хэрэглээндээ хяналт тавьж, байрны төлбөр дээр ямар нэгэн эргэлзээтэй, тодорхойгүй хураамж нэмэгдэж байвал манай байгууллагад баримттайгаа хандаач хэмээн хүсч байна. Бид хамтдаа эдгээр зөрчлийг таслан зогсооно” гэж  хэллээ.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Дээрх аж ахуйн нэгжүүдийг тус бүрийг нь нэг сая 210 мянган төгрөгөөр торгосон гэлээ. Иргэдэд их хэмжээний хохирол учруулсан байна. Сая гаруй төгрөгөөр торгох нь толгойг илснээс өөрцгүй. Торгуулийн хэмжээг хуульд хэрхэн тусгасан байдаг вэ?
- 8783 айл өрх нэр дурдсан таван аж ахуй эрхлэгчийн конторт харьяалагддаг. Нийт хохирлын хэмжээг тогтоох үйл ажиллагаа явагдаж байна. Одоогийн байдлаар, иргэдийн ирүүлсэн гомдол болон байрны төлбөр тооцооны барим­тад үндэслэж  хохирлыг барагдуулахаар ажиллаж бай­на. Хэрэглэгчийн эрхийг хамгаа­лах тухай хуульд зааснаар, аж ахуй эрхлэгчдэд оногдуулах  торгуулийн дээд хэмжээ 250 мянган төгрөг байдаг. Мөн Улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлж торгодог. Энэ торгуулийн хэм­жээ нь 960 мянган төгрөг. Ингээд  хоёр торгуулийн нийл­бэр нэг сая 210 мянган төгрөг бол­сон. Хэрэглэгчийн эрх аш­гийг хамгаалах тухай хууль 25 жилийн өмнө бат­лагдсан. Энэ хуулийн заал­­тууд өнөөгийн хэрэг­цээ шаард­лагыг хангахгүй байгаа юм. Тухайлбал, иргэ­дийн хохироосон томоохон аж ахуй эрхлэгчдэд оногдуулах торгуу­лийн хэмжээ маш бага. Тиймээс ШӨХТГ-аас Хэрэг­лэгчийн эрх ашгийг хамгаа­лах тухай хуулийн шинэ­чилсэн найруулгыг Европын стандартын дагуу боловсруулсан. Тун удахгүй шинэчилсэн найрууллагыг эрх бүхий байгууллагад өргөн барина. Хэрэглэгчийн эрх ашгийн хамгаалах тухай шинэ хууль батлагдвал, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байдал өндөр түвшинд гарна. ШӨХТГ-ын үйл ажиллагаа, чиг үүрэг өргөжинө. Өрсөлдөөний тухай хууль 2010 онд шинэ жишгээр гарсан. Ингэснээр ШӨХТГ үр дүнтэй ажилладаг болсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

-Зөрчил гаргасан таван аж ахуйн нэгжийн дөрөв нь хохирлыг барагдуулсан гэсэн. Ямар байдлаар хохирлыг барагдуулсан бэ?
-Хууль бус төлбөр, ху­раамж төлсөн иргэд баримтаа авчирсан тохиолдолд мөнгийг нь буцааж олгож байгаа. Буцааж мөнгө олгосон барим­таа ШӨХТГ-т ирүүлсэн. Зарим аж ахуйн нэгж, иргэдтэй зөвшил­цөн ирэх сарын байрны төлбөрт хөнгөлөлт үзүүлэхээр то­хиролцсоноо  ШӨХТГ-т мэдэгд­сэн. Ийм арга замаар иргэ­дэд учирсан хохирлыг барагдуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан