Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмгэнэл

Лунтангийн БОЛОРМАА

“The Mongolian Mining Journal” сэтгүүлийг Үүсгэн байгуулагч, Эрхлэгч Лунтангийн БОЛОРМАА 2015 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгсч, Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Л.Болормаа нь МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгсч, Германы Олон улсын сэтгүүл зүйн (IIJ) хүрээлэн, АНУ-ын Олон улсын сэтгүүлчдийн институтэд эдийн засаг, бизнесийн сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлж, “Washington Post болон Grand Forks Herald” сонины редакциудад  туршлага судалсан юм.
Тэрээр 1998 онд “Өнөөдөр” сониноос ажлын гараагаа эхэлж, 2001-2008 онд “Өнөөдөр” сонины Орлогч эрхлэгч, Нэгдүгээр орлогч эрхлэгчийн албыг хашиж байв.

Л.Болормаа шинэ цагийн сэтгүүл зүйн салбарын шилдэг төлөөлөгч, эдийн засаг, нийгэм, улс төр, бизнес, уул уурхайн сэдвээр дагнан бичиж ирсэн бөгөөд “Монголын 2003 оны сонины салбарын шилдэг сэтгүүлч” шагнал хүртэж байв.
Залуу сэтгүүлчдийг сургах, дадлагажуулах, эдийн засаг, уул уурхайн сэдвээр мэргэшин бичихэд дэмжлэг үзүүлдэг “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагыг 2010 онд санаачлан байгуулж, ажиллуулж байсан. Мөн эдийн засаг, уул уурхайн мэдээллийн хөтөлбөр бэлтгэдэг “Хөгжил” телевизийн студийг 2011 онд байгуулж, Eagle, С1, 25 дугаар суваг телевизүүдээр “Хөгжил” хөтөлбөрөө хүргэж байсан сэтгүүл зүйн шилдэг сэтгүүлч, нийтлэлч байлаа.  
2007 онд шинэ сэтгүүл зүйн эхний өдрүүдэд тохиолдож байсан сорилт, туршлагынхаа талаар өгүүлсэн “Даашинзтай сурвалжлагууд”, 2014 онд шинэ сэтгүүл зүйн хэвлэлийн менежментийн талаар өгүүлсэн “Завгүй” номоо хэвлүүлэн нийтэд хүргэсэн нь сэтгүүл зүйн салбарт томоохон орон зай эзлэх, мэргэжлийн бүтээл, гарын авлага болж чадсан билээ.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, “Mongolian Mining Journal” сэтгүүлийн хамт олон, Монголын сэтгүүл зүйн салбарт хамтран зүтгэж ирсэн сэтгүүлчид, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Өдөр тутмын чөлөөт хэвлэл “Ардчилал” сонин,
www.ASSA.mn сайтын хамт олон

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан