Н.ТҮВШИНБАТ
“Ямар л сайн байв гэж дээ, тэр газар орсон хүнд. Сайхан инээж угтсан ч нүүрэндээ гал, нүдэндээ цоггүй болчихдог хойно. Хоригдохоосоо өмнө Солонгост эмчилгээ хийлгэж байсан хүн эмчилгээгээ ч дуусгалгүй хоригдсон доо. Бие нь гайгүй л байдаг байгаа. Өвчин нь хүндрээд хуруугаа тайруулсан ш дээ хөөрхий. Сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч байгаа түүнд одоо л журмын нөхөд нь үзэгдэж харагдаж байх хэрэгтэй. Ардчиллын маань анхдагчдын л нэг. Чамд нөхөд бий шүү гэсэн сэтгэл өвөрлөн очих шиг сайхан юм гэж юу байхав. Хоол унднаас илүүтэй сэтгэл санааны дэм гэдэг тэнд байгаа хүнд их тэнхээ өгдөг юм” гэж хөөрөлдсөөр бид хорих 461 дүгээр ангид очлоо. Биднийг эхлээд Л.Гансүхтэйгээ гар барьж, энгийн ярилцаж болох өрөөнд оруулсан ч, гэнэт “энэ өрөөнд уулзахгүй юм байна, хажуугийн өрөөнд уулзах юм байна шүү” гэж харгалзагч хэлээд хүүе гэхийн завдалгүй Л.Гансүхийг буцаагаад аваад явчихав. Юутай ч гар барьж амжлаа.
Хамт явсан Пүүжээ /МоАХ-ны партизан Д.Пүрэвбаатар/ ах маань “ийшээ юм байна” гэсээр өөр өрөөнд оров. Уг нь эхний өрөөнд өөд өөдөөсөө харж суугаад ярилцаж болох байсан юмсан. Харин энд нийтээрээ ярилцах боломжгүй нь.
Хүний эрхийн хязгаар болсон шилэн хаалт, хананы хоёр талд харилцуур утас дүүжлээстэй. Энэ өрөө үнэхээр л хязгаарлагдмал эрхтэй хүн гэдгийг мэдрүүлнэ. Л.Гансүх “Намайг “онцгой” хэрэгтэн болохоор ийм сайхан анхаарал, халамж тавьдаг юм ш дээ” гэж утасны цаанаас ёжлонгуй инээн хэлж байгаа нь Пүүжээ ахын ард зогсоо бидэнд бүдэгхэн сонсогдоно. Үнэхээр л уулзалтын өрөөг нь хүртэл “онцгой анхаардаг” бололтой. Ахархан хугацаанд уулзахдаа утас барьсан Пүүжээ ахаар дамжуулан “Таны бие гайгүй юу, хэзээ давж заалдах шүүх хурал нь болох юм гэх мэт ойр зуурхан яриа л дэлгэлээ...
-Ахын нь бие гайгүй дээ. Бөөр л өвдөөд байх юм. Тэсч гарна аа.
-Ар гэрийнхэн нь сайн уу?
-За гайгүй дээ.
-Давж заалдах шүүх хурлын хугацаа товлогдоо юу?
-Шүүх хурлын тов гараагүй л байна. Намайг чинь “онцгой” анхаардаг учир дор хаяж сар, бүр гурван сар хүлээлгэдэг юм шүү дээ. /инээв/
-Энэ жил Ардчиллын 25 жилийн ой болж байгаа шүү дээ. Тэгээд МоАХ-ныхонтой хамт зорилго нэгтэй зүтгэж явсан таныг эргэж ирж байгаа нь энэ...
-Баярлалаа. “Ардчилал” сониныхоо хүн бүрт мэнд дамжуулаарай. Ах нь зүгээр дээ.
-Таны шүүх хурлыг шоронд хийх шахав даа. Өмгөөлөгч чинь “шүүх хурлыг шүүхэд биш шоронд хийх гэж байна. Манай Монголд ийм практик байж болохгүй. Шүүх хурлыг шүүх дээр л хийх ёстой” гэж байсан?
-Тиймээ, шүүх хурлыг ганцад хийж, таслагдах шахлаа. Гэхдээ нээлттэй хийснээр Ганц худагт шүүх хурал хийж хүнд ял оноодгийг болиулсан. Цаашдаа ч хэн нэгнийг харанхуй шоронд харанхуйгаар яллахгүй болгохын төлөө тэмцсэн гавьяа байгуулах шив дээ.
“МоАХ хэзээд ардчиллын төлөө цохилсон зүрх, урсгасан хөлсийг мартдаггүйн учир ийн ардчиллын анхдагчдын нэг Л.Гансүхдээ сэтгэл санааны дэм өгч үнэний талд үргэлж хамт гэдгээ илэрхийлэхээр ирсэн юм шүү” гэж МоАХ-г төлөөлөн очсон Пүүжээ ах маань нөхдийнхөө өмнөөс мэнд дамжууллаа. Хуучны хоёр маань энэ мэт үлдсэн ахархан хугацааг хөөрөлдөн өнгөрөөсөн юм.
Юутай ч ард түмний нуруун дээрх ачааг хөнгөлөх “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр “хохирогчгүй” гэх эл хэргээр Л.Гансүх 4.6 жилийн хорих ялаар шийтгүүлээд байгаа.
Гэхдээ Л.Гансүх хийгээд түүний өмгөөлөгч анхан шатны шүүхийн эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Одоогоор давж заалдах шүүх хурлын тов тодорхойгүй л байна. Орон даяар нээлттэй болсон анхан шатны шүүх хурал хэрхэн болж өнгөрснийг уншигчдад тайлбарлах нь илүүц биз ээ. Гэхдээ энэ бол улс төрийн гүжир гүтгэлэг, хилс хэрэг гэдгийг удаа дараа хариуцлагатайгаар мэдэгдэж байсан ч Монголын шүүх, прокурорын өмнө хүчин мөхөсдсөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зарим нэг хэлсэн үгээс нэхэн сануулъя.
Тэрээр: “Авлига хээл хахуулийн асуудлаар ярьдаг том хүмүүстэйгээ ноцолддоггүй, тэгэхдээ авилга байна шүү гээд улаан цайм ард түмний нуруун дээр байсан ачааг хоёр дахин хөнгөлсөн хүнийг шоронд хийчихлээ. Би их харамсаж байна. Үнэхээр энэ монголын нийгэм ялзарчээ, нам дамнасан хэдхэн хүний гарт орж” гэж хэлсэн. Түүнчлэн энэ хэргийн учир шалтгааныг тайлбарлахдаа “Засгийн газрыг огцруулах асуудлыг гаргаж ирэхийн тулд давхар дээлний асуудлыг гаргаж ирсэн юм. Давхар дээл нь Их хурал дээр унасан. Их хурал дээр унахаар Гансүхийн асуудлыг босгосон юм. Тэгээд шоронд гурван сар тарчлаасан. Гансүхтэй холбоотой таван залууг шоронд тамлан зовоосон. Одоо үүнийг олон түмэнд ил тод дахин дахин хэлэх тэр цаг нь болсон. Монгол бол ардчилсан улс болохоос биш нам дамнасан хүний захиалгыг биелүүлдэг улс биш. Би тэрний захиалгыг биелүүлэхгүй, ард түмнийхээ талд байсан учраас л ийм олон талын дайралтад өртөж байгаа” гэж хэвлэлийнхэнд хэлж байсан юм. Түүнчлэн Н.Алтанхуяг “Л.Гансүх ямар ч буруугүй. Өвөл боллоо нүүрсний үнийг бууруулж өгөхийг иргэд өөрсдөө хүссэн. Шинэчлэлийн Засгийн газраас сэтгэл зүрхээ гарган ажиллаж, 200 мянган төгрөгийн нүүрсний үнийг 80 мянган төгрөг болгож хоёр дахин багасгасан. Энэ их ажлыг сайн зохион байгуулахыг Л.Гансүхээс хүсч түүнд даалгасан юм. Тэрнээс биш энэ хөтөлбөрт Л.Гансүх мөнгө төгрөг олгодог, гарын үсэг зурдаг хүн биш. Бүх шийдвэрийг Шинэчлэлийн Засгийн газрыг удирдаж байсан Н.Алтанхуяг миний бие гаргасан. Энэ хэрэгт хохирогч байхгүй. Хохирогч гээд байгаа “Багануур” компани анх удаагаа ашигтай ажилласан юм шүү. Надад маш зузаан нотлох баримт бий” гэж мэдэгдэж байсан билээ.
Үнэхээр ч нээлттэй шүүх хурлыг орон даяар дамжуулахад иргэд шүүх, прокурорынхонд итгэх итгэл алга боллоо гэж хэргийн талаар нийтэлсэн цахим хэвлэлүүдийн сэтгэгдэл, телевизийн шууд нэвтрүүлгийн үеэрх сэтгэгдлээс хангалттай харагддаг билээ.