Архангай аймгийн Тариат, Өндөр-Улаан сумын нутаг Чулуут гол болон түүний цутгал Суман голын хүрмэн бул, үхэр чулуут оруулга, ангалнуудад эртний хүмүүсийн сийлж цоолборлон үлдээсэн сүг зураг элбэг тохиолддог.
Тэдгээрийн заримаас тодруулбал: Хуучин Мөрөн сумын баруухнаар Элстийн булангийн оруулга орчим дахь хад чулуунд сийлсэн буга, аргаль, янгир, чоно, нохой, адуу мал, хүний дүрсийн дотор бугыг буган хөшөөн дэх дээрээ дугуй /нар/ тэмдэг бүхий сонгодог, загварчилсан дүрслэлээр урлажээ. Энэ мэт зураг дүрслэл Суман голын Хамрын булан зэрэг газрын хад чулуунд ч бас ажиглагдах бөгөөд голын захын нэгэн хаданд тойрон бүжиглэж буй маягийн олон хүнийг дүрсэлжээ. Бас нэгэн хаданд адуутай хамт тэрэгний тойм дүрс сийлжээ. Бас хэвтээ согоон дээр харайж буй бугын зураг бүхий хад ч байна.
Хамрын булангийн нэгэн хаданд ан амьтнаас гадна дээд тэнгэрт хандсан байдалтайгаар хоёр гараа дээш өргөсөн, сарвайсан босоо болон сөхөрч суусан хүний дүрслэлүүдийг үзэж болно. Судлаачид Суман голын эдгээр хадны зургийг дүрслэл, зохиомж, арга барилаас нь үүдүүлж хүрэл зэвсгийн нэлээд түрүү үеэс холбогдуулж авч үздэг байна.
СУМАН ГОЛ
Архангай аймгийн Тариат сумын нутагт байх Тэрхийн цагаан нуураас эх авсан цорын ганц гол, Хоргын тогооны урдуур гарч Тариат сумын хойд хаяагаар урсаад, бөөгнөрч тогтсон галт уулын том том чулуулгийн дундуур маш хурдтайгаар урсдаг. Энэ гол 60 километр орчим урсаад Чулуутын голд цутгадаг.
Суман гол нь өргөн нь 30-40 метр, өндөр нь 10 метр чулуун хавцал үүсгэн дундуур нь урсдаг. Усны дундаж урсац нь секундэд 11.3 метр байдаг. Суман гол нь жиижг хүрхрээ, боргио ихтэй. Тэрхийн цагаан нуурт цутгадаг хойд Тэрх голыг Суман голын эх гэж үздэг. Суман голын сав газарт галт уулыг чулуулаг, үнэт чулууны баялаг бий. Суман гол харзлан хөлдөхгүй тул хэдэн зуун нугас, цөөн тооны хун, галуу өвөл зунгүй байнга нутаглан амьдардаг байна.