Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй Ус дулаан дамжуулах төв, цэцэрлэгүүдийн тухай” асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Б.Энхбаяр танилцуулсан юм. Нийслэлийн удирдах ажилтнуудын энэ сарын 9-ний шуурхай зөвлөлгөөнөөр өгсөн үүрэг даалгаварын дагуу хамтарсан ажлын хэсэг газар дээр нь шалгаж ажиллажээ.
Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах ус дулаан дамжуулах 113-р төвийн халаалтын цогц төхөөрөмжийг Дулааны үр ашгийн төслөөр 2003 онд халаалтын 5,0 гкал хүчин чадалтай 2 ш задардаггүй ялтсан бойлероор шинэчлэн сольж, 2013 онд Хятад улсын 1ш, 2,1гкал хүчин чадалтай задардаг ялтсан бойлер нэмэлтээр суурилуулсан байна. Халаалтын ялтсан бойлер задардаггүй учраас бохирдол ихтэй 2-р хэлхээний даралтыг 1.5 атагаар унаган үүнтэй холбоотой 113-р төвөөс тэжээгддэг 14 байр, 9 аж ахуйн нэгжээс халаалтын гомдол ихээр ирж, халаалтыг хэвийн найдвартай түгээхэд хүндрэл үүссэнийг онцлов. Мөн үүнтэй адил нахцөл байдал Баянгол дүүргийн 6-р хорооны 114-р ус дулаан дамжуулах төвд үүсч, 21 байр 6 аж ахуйн нэгжээс халаалтын гомдол ирсээр байгаа аж. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 41, 107, Хан-Уул дүүргийн 53, 65-р цэцэрлэгийн гадна болон дотор инженерийн шугам сүлжээг зайлшгүй засварлах шаардлагатайг дуулгав.
Нийслэлийн өвөлжилтөд хүндрэл учирч болзошгүй дээрх шугам сүлжээний ажилд 57,4 сая төгрөг шаардлагатай бөгөөд санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд хугацаа алдалгүй шийдвэрлэх шаардлагатай ажлуудын санхүүжилтийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэв.