Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассад Италийн “Раи Юно” сувагт Францын халдлага, лалын дайчдын байдал, цаг үеийн асуудлаар сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрээр Турк улсад болж байгаа “Их-20”-ийн чуулга уулзалтаар их гүрнүүд юуны тухай хэлэлцэж, ямар шийдэлд хүрсэн болон ОХУ-ын байр суурийн талаар ийн ярьжээ.
-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч ярилцах боломж олгосонд баярлалаа. Франц улсад болсон халдлагын талаар яриагаа эхлүүлье. Франц улсын нийслэл Парис хотоос ирсэн мэдээ мэдээлэл таныг хэр их цочирдуулсан бэ?
-Бид бүхэн энэхүү үйл явдлыг зүгээр аймшигтай аллага, гэмт хэрэг гэж харж байгаа. Франц улсад гэмгүй олон хүн амиа алдсан нь харамсалтай бас гунигтай үйл явдал. Тэд гашуудан харамсч байна. Сирид ч мөн адил гэр бүлийнхээ гишүүнийг алдсан, гадагшаа дүрвэж эх оронгүй болж байгаа, ойр дотны хүмүүсээ алдсан олон сая хүн байна. Бид Францын энэхүү аймшигт халдлагын өмнөөс харамсан гашуудаж байгааг ойлгох хэрэгтэй. Бид бүхэн яг Франц улсад болсон халдлагатай ижил төстэй гэмт хэргүүдийн гэрч болж бодит нөхцөл байдлыг үзсээр таван жил болж байна. Синай хойгт осолдсон ОХУ-ын онгоц, Лебанонд болсон аймшигт дэлбэрэлт, Франц улсад болсон террорист халдлага шиг нөхцөл байдалд бараг дасах нь. Энэ бол зүгээр гамшиг шүү дээ. Гэхдээ бид АНУ болон барууны улс орнуудыг бидэнтэй адил харамсч байгаа гэж бодохгүй байна. Учир нь,нөхцөл байдал тэс ондоо гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэхдээ бид энэ бүхнийг улс төрийн шинжтэй гэдэг талаас нь ойлгуулах гээд байгаа юм биш. Харин хүний амь нас, ерөнхий байдал зэрэгтэй нь харьцуулж ойлгуулах гэсэн өрөвдөлтэй оролдлого л хийж байна.
-Яг нөхцөл байдал дээр, яг байлдааны хажууд байгаагийн хувьд та террористуудын эсрэг хэр удаан байлдана гэж тооцоолж байна. Таны нүдээр тэднийг устгахад хэдий хэрийн хугацаа хэрэгтэй юм шиг байна?
-Өнөөдөр нөхцөл байдал ямар байгааг асуух гэж байгаа бол хүнд байгаа нь мэдээж. Харин хэзээ энэ дайн дуусах, хэдий хугацааны дараа дайныг дуусгах нь өнөөдрийн тулаанаас шалтгаална. Тиймээс өдөр бүрийн дайн тулаан бидний хувьд дайныг дуусгах өдрийг нэгээр багасгах уу, ихэсгэх үү гэдгийг шийдэж байгаа тийм л зүйл болж байна. Террористуудыг үржүүлж, хөгжүүлж, санхүүжүүлж, тэдэнд тусалж байна. Энэ таны асуусан асуултад оновчтой хариулт өгөх байх. Эхний ээлжинд бид юуны төлөө дайтаад байгааг хүмүүс, дэлхий нийт ойлгох хэрэгтэй учраас бид өнөөдрийг хүртэл лалын дайчдын эсрэг тууштай тэмцэж ирсэн. Хэдхэн жилийн өмнө та бүхэн, дэлхий даяар Сирийн эрх баригчдыг ард иргэдээ хөнөөж байгаа мэтээр буруутган харж байсан. Харин бидний дунд ороод үнэнийг мэдэхийн цагт тийм биш гэдгийг харсан байх.
-Тийм л дээ. Гэхдээ зарим террористыг Сирийн газар нутагт одоо ч гэсэн сургаж байгаа шүү дээ. Энэ ямар учиртай юм бэ?
-Катар, Турк, Саудын Араб болон барууны улс орнууд 2011 оноос хойш тэднийг дэмжиж, санхүүжүүлж байгаагийн хар гай нь энэ. Тэд одоо ч гэсэн тусламж авсан хэвээр байна. Улс орнууд өөрсдийн бодлогын хүрээнд Сири гэдэг улсын эрх баригчид, биднийг түлхэн унагах гэж оролдож, нөхцөл байдлыг улам хүндрүүлэх гэж хичээсээр байна. Бусдын бодлогоор одоогийн террористууд хөгжин дэвшиж байна. Магадгүй тэд танай улс оронд ч гэсэн халдлага үйлдэхийг үгүйсгэх аргагүй. Энэ нь л гол аюул байгаа юм. Террористуудыг эдгээр улс орон өөрөөр тайлбарладаг. Сирийн сөрөг хүч, босогчид, Сирийн ард иргэд гэх мэтээр. Гэхдээ тэд террористуудыг бэлтгэж байгаагаа мэдэхийн дээдээр мэддэг.
-Ноён Ерөнхийлөгч өө, барууны улс орнууд нөхцөл байдлыг сайн тунгаан бодож байгаа. Гэхдээ та хямралын эхэнд террорист гэж нэрлээд байгаа хүмүүсийг дэмждэг байсан шүү дээ. Сүүлдээ тэд таны эсрэг боссон гэсэн?
-Яг үнэндээ, таны хэлээд байгаа зүйлийг АНУ бусдад буруу ойлголт өгөх гэж үүсгэсэн нөхцөл байдал. Хиллари Клинтон “Аль-Кайда” бүлэглэл Саудын Вахаби болон АНУ-ын тусламжтайгаар бий болсон бүлэглэл гэж хэлсэн. Бүх санхүүжилтийг энэ хоёр тал тэрхүү террорист бүлэглэлд өгсөн гэдгийг өөр баримтууд ч баталдаг. Лалын дайчид болон Аль-Нусра зэрэг нь Аль-Кайда бүлэглэлийн нэг хэсэг. Иракаас гаралтай лалын дайчид 2006 онд байгуулагдаж террорист үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Энэхүү Иракт үүссэн шинэ террорист бүлэглэлийн толгойлогч нь Аль-Заркави гэгч байсан. Гэхдээ тухайн үед АНУ түүнийг хөнөөсөн тухай мэдээлэл гарсан байдаг. Үнэн хэрэг дээрээ түүнийг хөнөөснийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Үгүй байх ч талтай. АНУ-ын өндөр хяналт дор байгуулагдаж байсан нэг террорист бүлэглэлийн хэсэг байгаа юм. Тэднээр дамжуулан жинхэнэ террористуудыг сөнөөх төлөвлөгөөнийхөө талаар америкчуудолон нийтэд танилцуулж байсан удаатай. Харин одоо хяналтаас гарсан тэдний бие даасан террорист бүлэг, санхүүжүүлэгч улс орны хамтарсан бүтээл Франц улсад ажиллагаа явуулсан байх жишээтэй. Лалын дайчдын тэргүүн гэгч Абу Бакр Аль Багдади Иракаас гаралтай нэгэн. Тэрээр АНУ-ын шоронд байсан бөгөөд Нью-Йорк хотод болсон халдлагаас болж баривчлагдаж байсан бөгөөд хожим суллагдсан. Гэхдээ тэр Сирийн газар нутагт биш Иракт анх террорист үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Афганистанд ганц хоёр халдлага явуулж бусад улс оронд ямар дайралт хийвэл үр дүнд хүрч болохыг тооцоолж чадаж байсан туршлагатай нэгэн. Иракийн дайн түүнд өнөөдрийн террорист халдлага зохион байгуулах нарийн ухаанд туршлага болон үлдсэн байдаг юм.
-Сирийн газрын зургийг харж байхад Сири Иракийн хил байхгүй мэт л санагдах болсон. Сирийн яг аль хэсгийг та удирдаж, хяналтдаа байлгаж чадаж байна вэ?
-Хэрэв та газарзүйн байрлал талаас асууж байгаа бол өдөр бүр өөрчлөгдөж байгаа. Үүний нэг чухал зүйл нь Засгийн газрын мэдлийн гэх хэдэн сая хүн хяналтад байгаад оршиж буй юм. Нөхцөл байдал дээр террористуудын эзэлсэн гэх газар нутагт байсан ард иргэд Сирийн Засгийн газарт харьяалагдахын тулд террористуудаас дүрвэж ирсэн байдалтай байна. Тэд эрх баригчдад хандан тусламж гуйн ирсээр байгаа. Яг энэ байдалд Сирийн Засгийн газрыг хэдий хэмжээний хүн дэмжиж байгаад гол учир нь байгаа юм. Цэргийн хүчээр та нар дайнд ялалт байгуулна. Зарим газар нутгийн хэсгийг алдана. Гэхдээ Сирийн хаана ч Сирийн шинэ арми гэсэн зүйл байж болохгүй. Энэ бол Төр засгийн эсрэг хийсэн тэрслэлт. Тэднийг террорист болох замаа сонгосон гэж үзнэ. Гэхдээ газрын зургийг харах юм бол Засгийн газар нийт газар нутгийн 50 гаруй хувийг хянаж байх шиг байна. Үүнийг барууны улс орнууд хэлж байгаа юм. Бодит байдал дээр Сирийн Засгийн газар нийт газар нутгийн 50-иас 60 хувь нь эзэнгүй, хүнгүй байна гэж үзсэн. Засгийн газрын эзэмшилд ард иргэд бөөгнөрч, үлдсэн нь цагаачилж хил даван одсон байдалтай байна. Эзэнгүй хоосон газар террористууд өөрсдийн хоосон орон зайнд үйл ажиллагаа явуулснаар багагүй хугацаа өнгөрлөө. Ийм л байдалтай байна даа, эрхэм хүндэт сэтгүүлчид ээ.
-Тийм ээ, гэхдээ би Ирак Сирийн хилийн асуудлаар асуулт асуусан?
-Яг тийм. Дамаскус хотоос Ирак хүртэл хоосон орон зай байсаар байгааг хэлмээр байна. Энэ хоосон зай бол дайны талбар, талбай. Хоёр улсын хилийн хяналт алдагдаад удаж байгааг шуудхан онцолмоор байна. Террористуудыг дэмжиж байгаа талууд хил дээр хяналт байлгахыг хүсэхгүй байгаадаа өнөөдөр Турк, Иракийн тал Сиритэй хиллэдэг хэсэгт бүрэн дүүрэн хяналт тавихгүй байгаа юм. Учир нь, тэд барууны улс орны төлөө үйлчилж байгаа санхүүжүүлэгч орон. Нэг талаас хилийг манах асуудалгүй, харин хилийн хараа хяналтыг заавал хоёр талаар хянах нь хамгийн оновчтой шийдвэр. Бид зөвхөн нэг талаараа хяналт тогтоогоод хилийн манааны хоёр талаар дайраад байх юм бол утгагүй хэрэг болж хувирна.
-Өнгөрсөн долоо хоногт Виенна болон Анталя хотуудад Сирийн нөхцөл байдлын талаар хоёр том чухал уулзалт болсон. Гол асуудал нь Сирийн шилжилт хөдөлгөөний талаар байсан. Гэхдээ 18 сарын дараа болон сонгуулийн асуудал их гүрнүүдийн болоод улс орнуудын санааг зовоож байгаа харагдана лээ. Тэд таныг явах ёстой мэтээр ярьж байна. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Үгүй. Бидний эх оронд болж байгаа асуудлыг тэд тухтай буйдан дээр суугаад шийддэг хэн юм бэ. Тэд өөрсдийгөө хэн гэж бодоод бусдын тусгаар тогтнолд санаа зовдог юм бэ. Юу гээчийн эрх дарх юм. Шал утгагүй хэрэг. Миний Ерөнхийлөгч байх эрхийг ард түмэн сонгодог болохоос биш тэд хааж боохгүй. Сири дэлхийн өмч биш биз дээ. Тэгж бодоод Сирийн газар нутагт байгаа тееррористуудыг санхүүжүүлээд байдаг юм биш биз дээ. Сирийн Засгийн газар ямар зохион байгуулалттай ард түмний төлөө байдаг гэдгийг сиричүүд мэднэ.
-Би ойлгож байна. Гэхдээ та огцрох биш өөрийн эрх мэдлээ өөр хэн нэгэнд шилжүүлэх тухай бодож үзэж байсан уу л гэж асуух гэсэн юм. Башар Аль Ассад гэдэг хүн байхгүй улс төрийн сонгууль болох цаг хэзээ вэ гэсэн л утгатай юм?
-Таны асуулт их төвийг сахисан асуулт юм. Ерөнхийлөгч үү, парламент уу гэдэг нь чухал шүү дээ.
-Парламент.
-Парламентын хувьд мэдээж хэрэг Парламентын тухай хууль журмын дагуу явагдана. Сирийн Парламентын тухай хууль дүрэм өмнө нь явагдаж байсны дагуу л явагдана. Улс төрийн нам эвслүүд өрсөлдөнө. Сирийн ард түмэн өөрсдийн сонголтыг хийнэ. Одоо бүгд л сөрөг хүчин гэж балайрах болж. Сөрөг хүчин байсан цагт л улс төрийн ширүүн өрсөлдөөн, улс төрийн нарийн бодлого, Засгийн газрын шинэ бодлого хэрэгжих эхний алхам бий болно. Үндсэн хуулийн дагуу бүх зүйл явагдана. Парламентын сонгуульд ямар ч бодлого, хөгжил дэвшлийн мөрийн хөтөлбөргүй тийм улс төрийн хүчин байгаад яах ч билээ. Ард түмэн тийм хүчинд итгэл хүлээлгэх үү. Инээдтэй хэрэг. Ийм л байна.
-Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд та өрсөлдөх үү?
-Хэрэв Сирийн ард түмэн Ерөнхийлөгчийн сонгуульд надтай өрсөлдөхүйц шинэ улс төрийн тэргүүлэгч гарч ирвэл дэмжих байх. Манай улсын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөх нэр дэвшигч одоохондоо байхгүй байгаа гэдэгт эмээж байна. Гэхдээ би үүнийг шийдэхгүй. Сирийн ард түмний мэдэх асуудал.
Үргэлжлэл бий...