“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ ГССТ-ийн түлэнхийн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Түүнийг МоАХ-ны гишүүд эргэсэн байна. Түүний биеийн байдал ямар байгааг МоАХ-ны Хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогтоос тодруулав.
-Та бүхэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнийг эргэсэн гэсэн. Биеийн байдал нь ямар байна вэ?
-МоАХ-ны Удирдах Зөвлөлөөс өгсөн даалгавараар Хэрэг эрхлэх газрын ажилтнууд, зарим анхдагч гишүүн Эрдэнэ гуайг эргэж, сэтгэл санааны дэм үзүүлж ойр зуурын эмчилгээнд нь хандив өглөө.
-Төр засаг болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс хэр зэрэг анхаарч байгаа талаар ярилцав уу?
-Ерөнхий сайд сүржигнээд Шадар сайддаа үүрэг өгөөд л байсан. Бодит байдал дээр өөр байна. Компани олон сая төгрөг өгсөн гэсэн өндөр тоо хэлээд байсан ердөө л 800-гаад мянган төгрөгийн эм тариаг нь шийдсэн бололтой. Биеийн байдал нь хүнд, III зэргийн түлэгдэлттэй, дөрвөн мөч, нүүр, хоолой арьсны үхжилттэй гэсэн. Тун хэцүү байдалтай байна.
-Бүх зардлыг компани нь хариуцаж Солонгост очиж эмчлүүлнэ гэсэн шийдвэр гарсан гэж сонссон?
-Одоохондоо тийм зүйл алга. Ард түмний өмчийг гадаад дотоодын олигархиудад өгөхийн эсрэг өөрийгөө золиослосон хүнийг бид анхаарах ёстой.