Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хотын иргэд 698.9 тэрбум төгрөг бүрдүүлэх ажилд “дайчлагдана”

Б.ШИРНЭН

Улаанбаатар хотын ирэх оны төсвийн төсөл гарчээ. Ингээд, хотын шууд орлогыг 564.8 тэрбум, дүүргүүдийн орлогын төлөвлөгөөг 134.1 тэрбум гэж төсөөлснөөр нийт орлогын төлөвлөгөө нь 698.9 тэрбум төгрөгт хүрч буй юм байна. Өнгөрсөн жил 110 гаруй тэрбум төгрөгийн төсвийн алдагдалд орж байсан Улаанбаатар хот энэ жил 700 орчим тэрбум төгрөгийн орлого “зоосон” нь хэт өндөр тоо ч биелэх боломжтой гэж хотын удирдлагууд үзсэн байна. Тиймээс нийслэлийн төсвийн орлогын боломжит бүх эх үүсвэрийг дайчлан, эдийн засгийн хүндрэлтэй үед татварын орлогын боломжит бүх сувгаар орлого төвлөрүүлэхийг ирэх оны төсвийн төслийн үндсэн бодлого, чиглэл гэжээ.
• Ингэснээр орлогын 67.6 хувь буюу 399.7 тэрбум төгрөгийг Татварын газар
• 23.4 хувь буюу 138.3 хувийг Өмчийн харилцааны газар
• 9 хувь буюу 53.2 тэрбум төгрөгийг бусад орлого бүрдүүлэгч байгууллага бүрдүүлэхээр болж байна.

Мөн энэ оны орлогод нэг шинэ эх үүсвэр нэмэгдсэн нь хотын албан татвар гэж нэрлэгдэж байгаа бөгөөд үүнээс 13 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх ёстой гэж тооцсон юм. Өөрөөр хэлбэл, архи, тамхи гэсэн хоёр барааны үнийн дүнгээс нэг хувийг иргэн төлөх бол зочид буудал, амралтын газар, караоке бар, рестораны ангилалд багтдаг дөрвөн төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлсэн бол нийт үнийн дүнгийн нэг хувьтай тэнцэх хэмжээний албан татвар төлөх ёстой юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод дээрх албан татвар суутгах хоёр төрлийн бараа зарж, дөрвөн төрлийн үйлчилгээ үзүүлдэг 5200 гаруй аж ахуйн нэгж бий.

Зарлагаа хэрхэн тооцов

Энэ жил нийт орлогын 100 тэрбумыг нийгмийн халамжийн санд, 53 тэрбумыг нийтийн тээврийн салбарт Улаанбаатар хотын төсвөөс өгч байгаа. Тэгвэл ирэх жил нийгмийн халамжийн сангийн зардалд 101.2, нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах зардалд 53.1, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд машин цагийн тарифаар зардал гаргахад 43.6 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар болж байгаа юм байна. Нийт хоёрхон салбарт 200 орчим тэрбум төгрөгийг зардал гаргаж байгаа нь төсвийн хамгийн хүнд ачаалал болж байгаа гэж хотын удирдлагууд үзлээ. Харин энэ мөнгийг Засгийн газраас гаргадаг хэвээрээ байсан бол 200 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын ажилд зарцуулах байлаа гэж Улаанбаатар хотын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэлсэн юм.

Мөн нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ирэх онд болохтой холбогдуулан Нийслэлээс 1.1 тэрбум төгрөг суулгасан бол Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зардалд нэг тэрбум төгрөг төсөвлөжээ. Түүнчлэн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт 3.6 тэрбум, хот тохижуулах ажилд 57.3 тэрбум төгрөгийг төсөвлөх төсөл хийсэн байна.

Хотын тэвчиж болох зардалд үл мэдэг өөрчлөлт оров

Энэ онд эдийн засаг хүндрэлтэй байгаагаас үүдэн Засгийн газар улсын хэмжээнд төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хасах чиглэл өгч байгаа. Ялангуяа, урамшуулал, гадаад томилолт зэрэг үйл ажиллагааг эрс багасгах ёстой гэж үзэж байгаа юм. Жишээ нь, цалингийн урамшууллын дүнг тэг төгрөг болгох ёстой гэсэн ч Улаанбаатар хотын захиргаа энэ онд 5.3 тэрбум байсан урамшууллыг ирэх онд 2.6 тэрбум байхаар тооцжээ. Харин хотын шуудан, харилцааны зардал өссөн. 2015 оны төсвийн төсөлд нь 1.9 тэрбум байхаар тусч, 1.7 тэрбумаар батлагдсан зардлыг ирэх онд 1.9 тэрбум байхаар төлөвлөжээ.
Мөн нормын хувцасанд 136.2 сая, эд хогшил худалдан авахад 172.6, гадаад томилолтод 832 сая, дотоод томилолтод 67 сая, бичиг хэрэгт нэг тэрбум, шатахууны зардалд 1.1 тэрбум төгрөг төсөвлөхөөр болсон байна.
Дүүргүүдэд 52.4 тэрбум төгрөг үлдэнэ

Улаанбаатар хотын урсгал зардал нийтдээ 220.5 тэрбум төгрөг болж байгаа бол, улсын төсөвт 68.2 тэрбум төгрөг төвлөрүүлэх юм. Мөн халамжийн зардал, ний­тийн тээв­рийн зардлыг хасаад дүүр­гүүдэд 52.4 тэрбум төгрөг үл­дэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, зар­ла­гаас давсан орлогын 70 хувийг орон нутагт үлдээх зарчмаар дүүр­гүү­дэд 52.4 тэрбум төгрөг ирэх онд хуваарилагдах тооцоо гарсан байна.     
Энэ мөнгийг таван дүүргийн Засаг даргад зориулалт заалгүй  өгөх юм.
Тухайлбал,
• Баянгол дүүрэгт 6.036.6
• Баянзүрх дүүрэгт 2.626.9
• Сүхбаатар дүүрэгт 19.768.9
• Хан-Уул дүүрэгт 8.968.7
• Чингэлтэй дүүрэгт 15.052.0 тус тус тэрбум төгрөг хуваарилагдах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан