Өчигдөр үдээс хойш Кремльд нэг богинохоон хурал болов. Холбооны аюулаас хамгаалах албаны (ФСБ) дарга А.Бортников ерөнхийлөгч В.Путинд ингэж илтгэлээ. "Египетэд сүйрсэн онгоцны хэсгүүд, зорчигчдын хувийн эд зүйлс, ачаанд хийсэн шинжилгээний эцсийн дүгнэлтээр, гадаад улсад гар аргаар хийсэн нэг кг тротилтой тэнцэх хүчтэй тэсрэх төхөөрөмж онгоцон дотор дэлбэрсэн нь тогтоогдлоо. Энэ бол алан хядах ажиллагаа байсан гэдгийг үүгээр хөдөлбөргүй нотолж байна".
В.Путин тэрүүхэндээ шазуур зуух мэт болж хэдэн секунд бодолхийлснээ царай нь огцом төв болж: "Амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг дахин нэг хүндэтгэе" гээд босов. Дэлхийд хамгийн хүчтэй хэсэг хүн: ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу, ХАХА-ны дарга А.Бортников, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга В.Герасимов, Гадаад хэргийн сайд С.Лавров, Гадаад тагнуулын албаны дарга М.Фрадков нар түүнийг даган босч хэдэн секунд дуугүй зогслоо. Эргээд суусны дараа В.Путин ингэж хэлэв: "Гарт баригдаж нүдэнд үзэгдэх ямар нэг бодитой шалтгаангүйгээр үйлдсэн зэрлэг балмад алан хядах гэмт хэрэгтэй Орос орон өмнө нь ч нүүр тулж байсан. 2013 оны сүүлээр Волгоградын галт тэрэгний буудалд гарсан дэлбэрэлт үүний нэг жишээ. Бид хэнийг ч, юуг ч мартаагүй байна. Эдэн дотроо хамгийн их цус асгаруулсан гэмт хэрэг нь, Синайн хойгт манай иргэдийн амь насыг бүрэлгэсэн явдал боллоо. Зүрх сэтгэлд асгарсан нулимсаа бид арчихгүй. Энэ нулимс хэзээ ч хатахгүй. Гэсэн хэдий ч бид гэмт этгээдүүдийг олж яллахдаа л яллана. Хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусах тухай ойлголт энд байхгүй, хэн хэн үйлдсэнийг хүн нэг бүрээр нь ширхэгчлэн тогтоо. Хаана очиж нуугдах бололцоотой, тэр газрыг нь нэгд нэггүй самна. Энэ дэлхийн хаана ч байсан хамаагүй олж; юу амсах ёстой, тэрийг нь амсуул. Сирид байгаа манай цэргийн нисэх хүчин ажлаа зүгээр нэг үргэлжлүүлэх бус, эрс эрчимжүүлэх хэрэгтэй. Өшөө авалт зайлшгүй гэдгийг гэмт этгээдүүдийн орой руу нь ортол, тийм хэмжээнд эрчимжүүл. Батлан хамгаалах яам, Жанжин штаб зохих саналуудыг оруулж ир. Ажил яаж явж байгааг би өөрөө шалгана. Манай түншүүд хаана хаана байна, Гадаад хэргийн яам бүгдэд нь ханд. Ажлын явц, тэр дундаа гэмт этгээдүүдийг эрэн хайх, ял шийтгэх ажилд, бидний ямар л нөхөд холбоотнууд байна, бүгдийнх нь туслалцааг авах хэрэгтэй. Гэмт этгээдүүдийг нуун далдлахыг санаархсан хэн боловч, эцсийн дүнд өөрсөддөө гомдоорой гэдгийг хэлчихье. Тусгай албадыг бүгдийг энэ чиглэлд дайчил".
Хурал дуусав. Хурлын дараа В.Путины хэвлэлийн төлөөлөгч Д.Песков тайлбар хийлээ: "Синайн хойгт үйлдэгдсэн жигшүүрт алан хядах ажиллагааг зохион байгуулахад их бага алин боловч оролцсон бүх хүнийг нэгд нэггүй нарийвчлан тогтоож, газарзүйн байршилд баригдалгүй дэлхий даяар хугацаагүй эрэн сурвалжлах, улмаар олж устгах үүргийг ерөнхийлөгч тусгай албадад өгсөн болохыг үүгээр дахин тодотгож байна". Мөн өдөр ОХУ-ын БХЯ ерөнхийлөгчийнхөө өгсөн үүргийн дагуу, Сирид явуулах ажиллагааны шинэ төлөвлөгөөгөө танилцуулав. Үүнд, одоо Сирийн операцид оролцож буй 50 нисэх онгоц, нисдэг тэрэг бүхий бие бүрэлдэхүүнийг хүч нэмэгдүүлж, дахин 37 нэгж техник, тухайлбал алсын байлдааны 25 онгоц, 8 бөмбөгдөгч, 4 сөнөөгчийг ОХУ-ын нутгаас дайчлан, уг ажиллагаанд татан оролцуулахаар болжээ.