Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Алтанхуяг: Бүх зүйл хаалттай байсан учраас бид тэмүүлэлтэй байжээ

Э.ГАНЦЭЦЭГ

Монголын ардчилал 25 нас хүрч, “эрийн цээнд” хүрээд буй. Тэртээ 1980-аад оны оюутнууд хаалттай нийгмээс ардчиллыг бүтээхэд гар бие оролцон чамгүй эр зориг гаргаж, жагсч үгээ дайж явсан юм. Нийтийн унаанд үнэгүй зорчиж, төрөөс тэтгэлэг хүртэх гэж тэд өлсч байсангүй.Тэд ирээдүй, эрх чөлөөт нийгэм рүү тэмүүлэн жагсч байв. Энэ талаар ардчилсан хөдөлгөөний тэргүүн эг­нээнд жагсч явсан тухайн үеийн ХААДС-ийн “Монгол туургатан оюутны холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Алтанхуяг ийн ярив. Ардчилсан хувьсгал гарах үед би Хөдөө аж ахуйн дээд сургуулийн мал эмнэлгийн дөрөвдүгээр ангид суралцаж байлаа. Манай сургуулийн оюутнууд Ардчиллын анхны цуглаанд эхэндээ сонирхон, ажиглагчийн байр сууринаас оролцож байв. Тэд ардчиллын үнэ цэнийг тэндээс л мэдэрч, дараа да­раагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн гэж хэлж болно. Манай сургуулийн оюутан залуус ч Ард­чилсан хөдөлгөөний идэвх­­тэй тэмцэгчид болсон юм.

1990 оны хоёрдугаар са­рын 18-нд МоАХ-ны анхдугаар их хурал  хуралдаж, Улаанбаатарын залуус анх удаа чууллаа. Хурлаар оюутнууд үзэл бодол, байр сууриа нэгтгэж, цаашид ардчилсан холбоог бие даалгахыг дэмжсэн. Энэ үед мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг Л.Болд, Д.Жаргалсайхан, П.Цэнгүүн, М.Зоригт, Э.Золбаяр, Д.Рэнцэнтавхай нар удирдаж байв. Үүнтэй зэрэгцэн “20 дугаар зууны оюутны чөлөөт клуб”, “Монгол туургатан оюутны холбоо”, ”Оюутны чөлөөт эв нэгдэл”, “Монголын малчдын төлөө хөдөлгөөн” зэрэг оюутнуудын нэгдэл бий болсноор “Монголын оюутны холбоо” гэсэн нэгдсэн, бие даасан байгууллагатай болох эхлэл тавигдсан юм. Монголын оюутны холбооны онц их дөрөвдүгээр бага хурал гуравдугаар сарын 2-3-нд МУИС-ийн дугуй зааланд 300 гаруй оюутантай хурал­даж, Монголын оюутны хол­бооны концевц, мөрийн хө­төл­бөр, оюутны  эрхийн тү­гээ­мэл тунхаглалыг ба­талж, Мон­голын оюутны холбоог бие даасан улс төр, олон ний­­тийн байгууллага хэмээн зар­ласан. Анхны ерөнхий на­рийн бичгийн даргаар Л.Болд сонгогдон ажиллаж байсан юм. Ингэж л Монголын оюут­нууд өөрийн гэсэн бие даа­сан байгуул­лагатай болсон түүхтэй. Гуравдугаар сарын 4-нд болсон МоАХ, Шинэ Дэвшилт холбоо, МОХ, Ардчилсан социа­­лист хөдөлгөөний жаг­­саалд Монголын оюут­ны холбоо анх удаа бие даасан эрх, үүрэгтэй оролц­сон юм. Дөрвөн хүчний хамтарсан уг жагсаалаар “Гурав­­дугаар сарын 7-ны 12:00 цагт багтаан улс төрийн нийцтэй хариу өгөх улс төрийн шаардлага”-ыг  Ардын их хуралд хүргүүлсэн. Шаардлагын хариу ирүүлээгүй учраас гуравдугаар сарын 9-ний өглөө оюутнууд улс даяар хичээл хаялт зарлаж, ХААДС-ийн 300 орчим оюутан Сүхбаатарын талбай руу жагсаалд нэгдэн алхлаа. Энэ үед бидэнтэй танктай хөшөөний баруун талаас Хүнсний техникумын оюутнууд, хойноос Орос хэлний багшийн дээдийн оюутнууд, зүүн талаас МУИС-ийнхан мөн Анагаахын оюутнууд нэгдэж, бараг хүнгүй болчихсон байсан талбайг дүүргэж билээ. Талбай руу цэрэг, танк оруулахад бэлэн  байсан тэр үед Монголын оюутнууд хүчтэй дуугарч, үзэл бодлоо илэрхийлсэн нь, улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход хүчтэй нөлөө үзүүлсэн гэж боддог юм. Үүнээс гадна ХААДС-ийн хэсэг оюутнууд ардчиллын анхны салхийг мэдэрч, түүнийгээ олон залууст түгээхийн тулд 1989 оны арванхоёрдугаар сард “Тэмүүлэл” нэртэй чөлөөт хэв­лэлийг гаргаж эхэлсэн.

Тухайн үеийн бүхий л хэвлэл “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэсэн уриатай байсан бол манай сонин “Үнэнийг эрэгчид нэгдэгтүн” хэмээх уриа толгойдоо залсан байв. Тухайн үед ийм уриатай, чөлөөт хэвлэлийг хэвлэх газар олддоггүй, эвлэлийн үүрийн нэрээр дөрвөн дугаар гараад хаагдаж билээ.  Мөн ХААДС-ийн “Малчдын төлөө хөдөлгөөн”-ий оюутнууд ”Малыг малчдад өгье” хэмээн анх дуугарч байсан юм. Бүх зүйл хаалттай тэр үед бид үнэхээр тууштай, тэмүүлэлтэй байжээ. Дэлхий ертөнц нээлттэй болсон энэ цаг үед хэн нэгнээс гуйж бус гуядаж амьдрахыг залуустаа уриалмаар байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан