Иргэд нь цагаачилж, Европын улс орнууд руу дүрвэн зугтаж, эзэнгүй хот, суурин газрууд гээд Сирид нөхцөл байдал хүнд байна. Лалын дайчид гэх террористууд хотуудад нь хяналт тогтоож эхэлснээс үүдэн байдал өдөр өдрөөс дордсоор. Тэдний эзэлсэн, хяналтандаа байлгаж буй бүх хот, суурин газар ямар нэг байдлаар газрын тосны цооног, эх үүсвэртэй. Сирийн Аллепо, Ракка, Табках зэрэг хотод бүрэн хяналт тогтоогоод байгаа лалын дайчдын эсрэг Ерөнхийлөгч Башар Аль-Ассад нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай хамт тэмцэж байна. Их гүрнүүд эдгээр хоёр улсын тэргүүнд дэмжлэг үзүүлэх ёстойг Туркэд болж буй “Их-20”-ийн уулзалтаар онцлон хэлсэн.
Сирийн энгийн номхон иргэд Францын бөмбөгдөлтөнд өртөж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаа нь үнэн. Гэхдээ он цаг хугацааны хувьд яг хэзээ гэдэг нь тодорхойгүй, баталгаагүй зүйлс байгаа юм.
Өмнө нь бичиж байсан бичлэг болохыг ч үгүйсгэхгүй. Учир нь жилийн энэ улиралд Сирид сэрүүн орсон байдаг бөгөөд тэдгээр бөмбөгдүүлж байгаа бичлэг дээрх зураг дүрсээс харвал дулааны улиралд байх өндөр магадлалтай талаар цэргийн шинжээчид тайлбарласан. Франц учир зүггүй Сирийг бөмбөгдөж байгаа мэт яриа газар аваад байгаа нь буруу. Сирийн газар нутагт байрлаж байгаа лалын дайчид байрлах тодорхой бүс нутаг, цэгүүдэд, цэргийн бааз, зэвсгийн агуулахад бөмбөгдөх ажиллагааг явуулсан нь үнэн. Сирийн нутгийн Турктэй хиллэх хойд хэсгийн найман томоохон хот, 17 тосгоныг эзлээд байгаа гэсэн мэдээллийг өмнө нь хэлж байсан. Үүнийг дэлхий нийт мэдээд хагас жил болж байгаа. Харин гол тулаан Сирид явагдаж байгаа гэсэн буруу ойлголт байх шиг байна. Ирак, Сири, Туркийн хил дээр гол тулаан болж буй. Иракийн хувьд бүрэн хяналт алдагдсан. АНУ Иракийн армид туслахгүй байгааг олон улсын зүгээс шүүмжилсэн ч тодорхой арга хэмжээ авч чадахгүй байна.