Т.ЖАНЦАН
Манай улсын экспортын 87.9 хувь нь Хятадад гардаг. Энэ нь ДНБ-ий 42 хувьтай тэнцэх хэмжээний гэсэн үг. Иймд тус улсын эдийн засгийн өсөлт, ашигт малтмалын зах зээл зэргээс манай орлого шууд хамаарч буй юм. Гэтэл Хятадын эдийн засгийн өсөлт судлаачдын таамаглаж байснаас доогуур бүүр нэлээн доогуур төвшинд байна. Тухайлбал, энэ оны эхний есөн сард 6.9 хувийн өсөлттэй гарсан бол өнгөрсөн сард 6.2 хувьтай болж, 0,7 хувиар буурчээ. Энэ нь сүүлийн зургаан жилийн хамгийн бага өсөлт хэмээн тэмдэглэж буй. Цаашид ч эдийн засгийн өсөлтийн хурд нь саарна гэж шинжээчид үзэж байна. Судлаачид тус улсын эдийн засгийн өсөлт саарсныг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн царцанги байдал, ган, барилгын материалын эрэлт, үйлдвэрлэл буурсантай холбон тайлбарлаж байгаа юм. Монголын ашигт малтмалын экспортын хэмжээ, үнэ ханш буурахад энэ нь шууд нөлөөлж буй. 2015 оны төсөвтөө уул уурхайн салбараас бид нэг их наяд төгрөг төвлөрүүлж төсвийн орлогынхоо 16 хувийг бүрдүүлэхээр тусгасан. Харин ирэх онд 900 орчим тэрбум төгрөг олж 13 хувийг нь бүрдүүлэх тооцоо бий. Харамсалтай нь, энэ зөвхөн төсөөлөл хэвээр цаасан дээр үлдэх магадлалтай болов.
Дэлхийн санхүүгийн хямрал 2007-2009 онд тохиосон ч үүний дараа ашигт малтмалын үнэ огцом өсч эхэлсэн билээ. Манай экспортын гол бүтээгдэхүүн болсон зэсийн үнэ гэхэд тонн нь 8000 ам.долларт хүрч, эрчимтэй өссөн. Уг сэргэлт манай эдийн засгийг 17 хувь хүртэл суга өсгөж уул уурхайд дулдуйдах сэтгэлгээг дээд, доод, дунд төвшинд нь бий болгосон. Гэвч өчигдрийн мэдээгээр Лондонгийн металлын бирж дээр нэг тонн цэвэр зэс 4694 ам.доллар боллоо. Энэ нь он гарснаас хойш зэсийн үнэ 27 хувиар унасан үзүүлэлт. Зэсийн үнэ ингэж унахад Европын өрийн хямрал, олон улсын зөрчилдөөнт нөхцөл байдал нөлөөлсөн гэж судлаачид үзэж байгаа юм. Дээрх үнийг сүүлийн дөрвөн жилийн дундажтай харьцуулбал нэг тонн зэсийн үнэ 47 хувиар унажээ. Тухайлбал, сүүлийн нэг сарын хугацаанд 5000 ам.доллараас эрчимтэй уруудсан байдалтай харагдана.
Тэр ч бүү хэл сүүлийн тав хоногт л нэг тонн цэвэр зэсийн үнэ 200 ам.доллараар буурлаа. Цаашид энэ уналт үргэлжлэх магадлал тун өндөр юм. Гэтэл батлаад удаагүй байгаа ирэх оны төсөвт нэг тонн цэвэр зэсийн үнийг 5137 ам.доллараар тооцсон байгаа. Сангийн яамны мэргэжилтнүүд төсөв хэлэлцэж байх үед уг үнийг 300 ам.доллараар буурна хэмээн тооцсоноо мэдэгдсэн. Иймд зэсэд найдсан төсөвт дахин тодотгол хийж магадгүй нь. Энэ жилийн төсөвт 1.29 сая тонн зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөсөн. Ирэх онд 1.36 сая тоннд хүрэх төсөөлөл бий. ОУВС-гийн эдийн засагчид 2017 он хүртэл дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ төдийлөн сэргэхгүй гэсэн тооцоо гаргаад байна.
Манай улсын төсөвт итгэл, найдвар төрүүлдэг өөр нэг ашигт малтмал бол нүүрс. Одоо хүлээгдэж буй гүйцэтгэлээр 13.7 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй. Нэг тонн нь 35-56 ам.доллар хэмээн тооцож байгаа. Тэгвэл ирэх жилийн төсөвт 19.5 сая тонн нүүрс 32-54 ам.доллараар экспортлох төсөөлөл хийсэн. Нүүрсний үнэ он гарснаас хойш 25 хувиар унажээ. Судлаачдын үзсэнээр дэлхий нийтээр нүүрснээс татгалзах, Хятадын эдийн засгийн сааралт нь уг ашигт малтмалын зах зээлийн төлөвийг тодорхойгүй болгож буй аж. Иймд нүүрсний зах зээл бүрхэг хэвээр гэж тодорхойллоо. Хэдийгээр нөхцөл байдал ороо бусгаа байгаа боловч нүүрсний зах зээлийн өрсөлдөөн улам бүр ширүүсч буйг онцлож байна. Уг өрсөлдөөнд олборлох, боловсруулах, тээвэрлэх зардлаа бууруулж чадсан улс орон, уурхайнууд л тэсч үлдэх нь. Тухайлбал, нүүрсний зах зээлийн хамгийн том тоглогч Австрали дэд бүтцээ өргөтгөх бодлого баримталж байгаа аж. Тус улс 2019 он гэхэд нүүрсний экспортоо 32 сая тонноор нэмэгдүүлэхийн тулд дэд бүтэцдээ таван тэрбум ам.доллар зарцуулах болжээ.
Мөн ОХУ, Индонез нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийг зорьж байна. Нүүрсний зах зээлийн ийм өрсөлдөөн гурван жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд жил ирэх тутам улам ширүүссээр. Тэгэхээр манай экспортын нүүрсний салбар уг өрсөлдөөнд тэсч үлдэхийн тулд яаралтай олборлох болоод боловсруулах мөн тээвэрлэх зардлаа бууруулах зүй ёсны шаардлагатай тулна. Нүүрсний зах зээлд сөргөөр нөлөөлж байгаа нэг зүйл бол газрын тосны үнийн уналт. Газрын тосны үнэ сүүлийн хоёр жилд 61 хувиар унасан гэж судлаачид хэлж буй. Дэлхийн зах зээл дээр өчигдрийн байдлаар нэг баррель газрын тосны үнэ 41.87 ам.доллар болжээ. Өөрөөр хэлбэл, жил гаруйн хугацаанд нэг баррель нь 65 ам.доллараар буурав. Гэвч ирэх жилүүдэд газрын тосны үнэ бага зэрэг өснө гэсэн төсөөлөл бий. Учир нь газрын тосны үнэ олборлох өртөгтэйгээ тэнцсэн. Иймд ОУВС-гаас үнэ нэмэгдэх төлөв байгаа гэж мэдэгдэж буй. Манай улс энэ онд найман сая баррель газрын тос экспортлоно. Нэг баррель нь 50 ам.доллар гэж тооцсон байгаа юм. Ирэх онд 9.9 сая баррель болох бөгөөд нэг баррель нь 60 ам.доллар гэж үзсэн. Гэтэл бидний төсөөлсөн, зах зээлийн үнэ нь эрс зөрүүтэй болсоор буйг анзаарахгүй өнгөрөх аргагүй.
Нөгөө талаар газрын тосны томоохон хэрэглэгч АНУ занарыг газрын гүнд хямд өртгөөр боловсруулан ашиглах технологи нэвтрүүлэх болсон. Энэ нь газрын тосны үнэ унахад нөлөөллөө гэж зарим судлаач үзэж байна. Цаашид газрын тосны үнийн уналт үргэлжилбэл нүүрсний зах зээл бүр шалдаа бууна гэж судлаачид тодорхойлов. Учир нь нүүрс эрчим хүч, дулааны хамгийн хямд эх үүсвэр гэдэг. Тэгвэл газрын тос хямдарсан явдал нь нүүрсээр дулаан, эрчим хүч үйлдвэрлэх төслүүдийг зогсонги байдалд оруулах нь. Ирэх оны төсвийн бас нэг найдвар нь алт. Энэ онд Оюу толгойг эс тооцон 10 тонн алт экспортлох хүлээлт бий. Нэг унци нь дунджаар 1175 ам.доллар байх тооцоотой. Харин ирэх онд 12.3 тоннд хүрэх бөгөөд нэг унци нь дунджаар 1156 ам.доллар байхаар төсөөлсөн. Гэвч үнэ нь уруудсаар. Өчигдрийн байдлаар нэг унци нь 1084 ам.доллар болов. Энэ нь он гарснаас хойш 8.4 хувиар буурсан үзүүлэлт. Энэ бүгдээс үзэхэд ирэх онд улсын төсөв тасрах магадлал тун өндөр байна. Өөрөөр хэлбэл, олон улсын санхүүгийн хамтын ажиллагааны байгууллагуудын эдийн засагчид, судлаачдын зөвлөгөөг дагадаг байж хэмээн амаа барин суухыг үгүйсгэх арга алга.