Сири дэх лалын дайчдын байгаа газарт Франц улс өчигдөр үүрээр гэнэтийн дайралт хийж, бөмбөгдсөн талаар эх сурвалжууд мэдээллээ. Тэд энэ удаагийн бөмбөгдөлтийг “эхлэл” хэмээн тэмдэглэжээ. Ракка дахь лалын дайчдын байрлаж байгаа газар Сирийн газарзүйн хувьд стратегийн ач холбогдолтой чухал бүс нутаг юм байна. Тиймээс Францын агаарын байлдааны нисэх хүчийг Сирид дайралт явуулах зөвшөөрлийг Башар Аль-Ассад өгсөн талаар эх сурвалж онцлов. Мэдээж үүнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэрхэн цохилт өгөх талаар заавар зөвлөгөө өгсөн. Франц, ОХУ, АНУ, Сирийн удирдагч нар тусгай уулзалт хийсэн талаар ч “Ройтерс” агентлаг мэдээлсэн билээ.
Ням гарагийн шөнө, даваа гарагийн үүрээр болсон энэхүү Францын агаарын байлдааны нисэх хүчний дайралт Ракка руу чиглэсэн ч дараа дараагийн агаарын цохилт Газардундын тэнгис рүү ойртсон лалын дайчдын байрлал руу чиглэх нь тодорхой юм. Францын зүгээс өчигдөр ч мөн бөмбөгдөлтийг үргэлжлүүлсэн бөгөөд хоёр өдөр ийнхүү зогсоо зайгүй дайралт явуулсан байна. Дээрх дайралт мэдээж Франц улсын нийслэл Парис хотод болсон террорист халдлагатай холбоотой. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Дайны шинж чанартай үйлдэл” хэмээн энэхүү цохилтыг тодорхойлж байгаа ч лалын дайчдыг бүрэн устгах хүртлээ зогсохгүй гэдгээ ч мэдэгдээд байгаа юм. Лалын дайчид ч гэсэн энэ арга хэмжээ, дайралтад дахин хариу өгөх болно гэдгээ мэдэгдсэн. Ракка бол лалын дайчдын гол байрлаж байгаа цэг гэж ажиглагчид болон цэргийн мэргэжилтнүүд үзэж буй. Франц улсын байлдааны нисэх хүчний өгсөн агаарын цохилт Ракка дахь лалын дайчдын удирдлагын төв байсан бөгөөд нэг төрлийн бааз байсан гэдгийг албаныхан баталсан. Тухайн бүс нутагт цэргийн хангамж, сургалтын хэсэг болон зэр зэвсгийн хангамж түгээдэг төвүүд байсан байх магадлалтай аж. Ямартай ч эхний ээлжинд Франц 12 байлдааны онгоцоор дайралтыг гүйцэтгэсэн байна. Эхний өдөр нийт 20 бөмбөгийг лалын дайчдын байгаа газар хаясан нь их хэмжээний хохирол учруулж чадсан гэж албаныхан мэдэгдэж байгаа бол лалын дайчдын зүгээс бөмбөгдөлтийн хэсэгт ямар ч хохирол учраагүй, бүгдийг нүүлгэн шилжүүлж амжсан талаар өөрсдийн сүлжээгээр мэдэгдээд байна.
Цэргийн шинжээчид: Энэ удаагийн агаарын довтолгоо “бэлгэ тэмдэг” төдий
Уг нь, Франц улс АНУ-тай хамтран Сирийн зарим газар нутагт өнгөрсөн есдүгээр сард цэргийн хамтарсан дэмжлэг үзүүлж байсан туслах орон нь байсан. Гэхдээ өнгөрсөн ням гарагт болсон агаарын довтолгоо Францыг лалын дайчдын эсрэг тулалдаж байгаа гол их гүрний нэг болгон хувиргасан юм. Өөрөөр хэлбэл, Франц, АНУ, ОХУ зэрэг их гүрэн Сирид бие даасан цэргийн ажиллагаа явуулж байгаа гэсэн үг юм. Түүнээс биш ямар нэг туслан дэмжих статустай улс орон биш. Олонулсын цэргийн шинжээч, АНУ-ын армийн хошууч генерал Жэймс Маркс “Товчхондоо, Сирид болж байгаа агаарын дайралтууд удахгүй үр дүнгээ өгч эхэлнэ. Мөн улс төрийн маш хүчтэй илэрхийлэл болсон Франц улсын алхам байлаа” хэмээн эхний агаарын дайралтыг дүгнэн хэлсэн байна.
Харин Парис хотод халдсан террористуудын талаар тэд өөр бодолтой байгаагаа өгүүлэв. Бидний мэдэж байгаагаас өөр ямар шинэ, нууцлагдмал зүйл байгаа бол гэсэн хардлага давхар явж байгааг үгүйсгэсэнгүй. Лалын дайчдын дотоод үйл ажиллагаа Францын халдлагад ямар зүйл дагуулсныг одоогоор хэн ч мэдэхгүй байгаа. Тиймээс Франц улс шууд л дайралт эхлүүлээд бөмбөгдөж эхлэх нь оновчтой шийдвэр биш байх. Баттай эх сурвалж, нарийн судалгааны үндсэн дээр агаараас өгөх цохилтыг зөв зохион байгуулалттай явуулах нь илүү үр дүнтэй гэдгийг ч шинжээчид цохон тэмдэглэжээ. Гол санаа, зорилгын хувьд лалын дайчдын үг, төлөвлөгөөний дагуу их гүрнүүд дайтаж байгааг бас бодох учиртай. Тодруулбал, лалын дайчид тоглолтыг гартаа атгаж, хянаж хаана ямар бөмбөгдөлт, дайралт, халдлага явуулахыг хянаж байгаа цагт үр дүн гарахгүй хий хоосон дайралт зэрэг болж хувирах магадлалтай. Яг нарийн төлөвлөж хөдлөхгүй бол тэдний зугаа, цаг хожсон үйлдэлд нь дэмжлэг үзүүлэхгүй гэхийн баталгаа байхгүй. Их гүрнүүд сэтгэлийн хөөрлөөр ийнхүү цэрэг хөдөлгөх нь буруу гэсэн санааг цэргийн зарим шинжээч хэлж байна.
Агаарын довтолгоо ямар нөлөө үзүүлэх вэ
Франц улсын агаарын довтлох нисэх хүчин Арабын Эмират болон Йорданы газар нутгаас АНУ-ын тээвэрлэгч хөлөг онгоцны тусламжтайгаар Сирид дөхөж ирсэн бөгөөд тэд ийнхүү агаарын цохилт өгсөн байдаг. Ракка болон хотын эргэн тойронд Францын агаарын нисэх хүчин бүхий л дайралтыг явуулах болно гэдгээ өмнө нь мэдэгдэж, цэргийн ямар ч хүчийг сөнөөх тушаал авсан агаарын байлдааны онгоцууд агаарт эргэлдэж байгаа талаар Францын албаныхан мэдэгдсэн. Гэхдээ агаарын довтолгоо лалын дайчдад ямар нөлөө үзүүлэх вэ. Раккагийн хуурай зам болон хөрсөн дээр яг юу болж байгааг агаараас цохилт өгч байгаа улс орон, талууд мэдэхгүй байгаа нь харамсалтай нь үнэн. Хотыг лалын дайчид эзлэн авснаас хойш дотор нь яг юу болж байгаа нь тодорхой бус ч хиймэл дагуулаас авсан зураглалаар ажиллагаагаа явуулж байгаа гэдгийг АНУ-ын тал өгүүлсэн. Ракка хотод байрладаг лалын цэргүүдээс гадна хотын энгийн иргэд ч байхыг үгүйсгэхгүй. Ер нь бол эрсдэлтэй ажиллагаа гэдгийг албаныхан хэлж буй. Нутгийн иргэд Францын агаарын довтолгооны өмнө лалын дайчид хөдөлгөөнд орж эхэлсэн гэдгийг баталсаар байгаа бөгөөд мэдээлэл дамжуулагч нь шуурхай байгааг онцолжээ. Бөмбөгдөлтөд бэлдсэн байсан нь илт мэдэгдэж байсан гэнэ. Гудамж талбай хоосон, худалдааны төвүүд хаалттай, том оврын ачааны машинууд булан тохойд байрласан гэх мэт ерөнхийдөө Франц улсын агаарын довтолгоог мэдэж нэг алхмын өмнө байсаар байгааг эх сурвалжууд мэдээлсэн юм. Тиймээс нөлөө үзүүлэх хэмжээний агаарын довтолгоо болж чадсан эсэх дээр эргэлзээ төрүүлэх болсон аж.
Гэхдээ агаарын цохилт лалын дайчдын хэд хэдэн байрлал бүхий чухал агууламж, төвүүдийг сөнөөсөн нь үнэн гэнэ. Лалын дайчдын шорон, удирдлагын төв зэргийг сөнөөсөн нь батлагдсан бололтой. Нөлөө үзүүлэх хэмжээний дайралт байсан эсэх дээр их гүрнүүдийн удирдлага дайралтын дараа санаа зовж эхэлсэн гэдгийг албаныхан мэдээлж байна. Гэхдээ иргэний хохирол амсаагүй гэдгийг тагнуулчид илтгэсээр байгаа аж. Лалын дайчдын хэвлэлийн жигүүр болсон Амаак “Лалын дайчдын нэг ч хүн амь насаа алдаагүй хий дэмий дайралт байлаа. АНУ-ын тагнуулчид ч гэсэн агаарын довтолгооны хохирлын талаар Франц улсад мэдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдээлжээ. Харин лалын дайчид өөрсдийн хүчийг байнга шилжилт хөдөлгөөнтэй байлгадаг, яагаад ойлгодоггүй юм бэ гэдгийг ч мөн өгүүлсэн байна.