Франц улсын нийслэл Парис хотод өнгөрсөн долоо хоногт цуврал террорист халдлага болж олон хүний амь нас эрсэдсэн. Одоогийн байдлаар халдлагад өртөж амь насаа алдсан хүний тоо 168 гаруй, гэмтэж бэртсэн иргэний тоо 300 даваад буй.
Энэхүү аймшигт халдлагын улмаас гэм зэмгүй олон хүний амь нас үрэгдсэнд тус улсын ард түмэн болон төр засагт хандан Монголын төр засаг, ард түмэн эмгэнэл илэрхийлсээр байна. “Женко” группийн 2000 орчим ажиллагсдын төлөөлөл болж 200 гаруй хүн өчигдөр Монгол Улс дахь Францын Элчин сайдын яамны гадаа эмгэнэл илэрхийлэн зул өргөлөө.
“Талх чихэр” компанийн гүйцэтгэх захирал М.Базар-Ууган Монгол Улс дахь Францын Элчин сайдын яамны Соёл, хамтын ажиллагааны зөвлөх Жан-Флоран Филтцтэй уулзаж “Манай группийн “Талх чихэр”, “Мах импекс”, “Милл хаус” компани нь Франц Улстай техник, тоног төхөөрөмжийн салбарт нягт хамтран ажилладаг. Франц Улсад террорист халдлага болж, олон хүний амь нас үрэгдсэнд манай нийт ажилчдын төлөөлөл болон 200 гаруй хүн гүн эмгэнэл илэрхийлж байна. Манай хамт олон та бүхэнтэй сэтгэл зүрхээрээ хамт хамт байна” гэлээ. Монгол Улс дахь Францын Элчин сайдын яамны Соёл, хамтын ажиллагааны зөвлөх Жан-Флоран Филтц эмгэнэлийг хүлээн авч “Хүнд хэцүү үед сэтгэл зүрхээрээ хамт байгаад талархаж байна” гэв. Группийн төлөөлөл болсон ажилчид Францын Элчин сайдын яамны эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурсан юм.