Л.НОМИН
Цэргийн алба хааж, дээд боловсрол эзэмшээд баялаг бүтээгч болно гээд нэг сумаар хоёр байтугай “туулай” буудах боломж байгаад итгэж ядах нь цөөнгүй. “Улс цэргийг мянган өдөр тэжээж нэг өдөр ашигладаг” гэдэг үг бий. Гэхдээ зөвхөн ашиглах гэсэн юм биш. Цэргийн алба хаах гурван жилийн хугацаандаа дээд боловсролтой болж, улс орныхоо бүтээн байгуулалтад оролцсоныхоо хариуд цалин хангамж хангалттай авч, нийгмийн асуудлаа шийдүүлэхийг л хэлээд байгаа юм. Ажилгүй, сургуульд сурдаггүй залуу гурван жилийн хугацаанд мэргэжлийн сургалтад хамрагдаж, бүтээн байгуулалтад гар бие оролцоод сард нэг сая төгрөгийн цалин авна гэж тооцож үзэхээр цэргээс халагдахдаа орон сууцны урьдчилгаа төлбөртэй, эзэмшсэн мэргэжилтэй болоод гэртээ ирнэ гэсэн үг. Энэ бол “Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөтөлбөрийн гол агуулга.
Бүх зүйлийг харуулж бүтэхгүй гэж муу амладаг хэсэг нь цэргээр албадан хөдөлмөр хийлгэх нь гэж ойлгож, түүнийгээ зөв мэтээр бусдад тайлбарлаж байгаа. Тиймээс “Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөтөлбөрийн тооцоо судалгаа, тоо баримтыг дэлгэрүүлж харвал энэ бодол өөрчлөгдөх нь мэдээж.
Авто зам, төмөр зам, барилгын бүтээн байгуулалтад гадаадын ажиллах хүчийг оролцуулахгүй өөрсдийн хүч, нөөц бололцоогоо ашиглах юм. Ингэхийн тулд дотоодын үйлдвэрүүдээ дэмжих бодлого баримтална. Бүтээн байгуулалтад шаардлагатай түүхий эд, цемент, бетон, арматур, төмөр эдлэл, дэр бетон, барилгын материалыг дотоодын үйлдвэрүүдээс нийлүүлнэ гэсэн үг. Цэргүүдийн хоол хүнс, хувцас хэрэгсэл гээд бүгдийг зөвхөн Монголоосоо авч ашиглах тооцоо хийсэн.
Уг нь “Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөтөлбөрийг боловсруулахдаа 100 мянган цэрэг ажиллахаар тооцсон байна. Гэвч төсөв санхүүгийн байдлаа харгалзаж, 10 мянган цэргийн хувьсах зардлыг санхүүжүүлэх бололцоотой гэж үзсэн. 2016 оны улсын төсөвт 24 тэрбум төгрөг суулгахаар болсон. Чамлахаар чанга атга гэж ямартаа энэ ажил 2016 оноос эхлэх боломж бүрдсэн.
Мэргэжил сургалтын төвүүдийг түшиглэх юм. Баруун бүсэд тав, хангайн бүсэд 10, төвийн бүсэд найм, зүүн бүсэд гурав, Улаанбаатарт 22 МСҮТ-д мэргэжил олгох сургалтад залуусыг хамруулна. Эхний гурван сард онолын мэдлэг, дараагийн гурван сард дадлагажих хөтөлбөрөөр бэлтгэхээр төлөвлөжээ. Ажиллах хүчээ бэлтгэж бүтээн байгуулалт хийх нь ихээхэн үр дүнтэй болохыг “Шинэ Яармаг” төслөөс өнөөдөр та харж болно. Өнгөрсөн оны хавар дөнгөж ажил нь эхэлсэн тус төслийн явц одоо багагүй хувьтай болж ажил үргэлжилж байна. “Шинэ Яармаг” төсөлд хэмээн тодотгож 1500 ажилтан бэлтгэж ажиллуулж буй нь дотоодын хүч нөөц бололцоогоо ашиглаж чадаж байгаа нэг жишээ.
“Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөтөлбөр гэнэт хэн нэгний санаанаас ургаад гараад ирсэн зохиол биш. 2013 оны Засгийн газрын 107 тоот тогтоолоор баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөртэй уялдаатай. Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтын нэгийг ийнхүү “Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөтөлбөр болгон эхлүүлэхээр зэхээд буй. Дөрвөн чиглэлд хэрэгжүүлэхээр тус бүрчлэн тооцоо судалгаа хийсэн байна.
Барилга, орон сууц
250 мянган айлын орон сууц, нийгмийн дэд бүтцийн ажилд 50 мянган /100 мянган цэргээр тооцсон/ хугацаат цэргийн албан хаагчийг ажиллуулах юм. Дадлагажих хөтөлбөрөөр дамжуулан мэргэжил эзэмшүүлнэ. Энэхүү 250 мянган айлын орон сууцыг 20 сая ам.метр байхаар тооцож, хөрөнгө оруулалт нь зургаан тэрбум ам.доллар болох аж. Эдгээрт нийт 8,5 сая тонн цемент, 25 сая шоо метр бетон, 1,5 сая тонн арматур шаардагдана. Бүтээн байгуулалтад ажиллах 50 мянган цэрэг болон тус салбарын 65 мянган мэргэжлийн ажилтны цалин нийлээд 715 сая ам.доллар болох юм.
Төмөр зам
Эхлээд нэг судалгааны дүнг энд дурдъя. МРО төвийн хийсэн судалгаанд оролцсон иргэдийн 88.1 хувь нь цэргүүдийг төмөр замын бүтээн байгуулалтад оролцуулах нь зөв гэсэн бол 6.7 хувь нь буруу, 5.3 хувь нь хариулж мэдэхгүй байна гэжээ. Олон жил яригдаж, хэрэгжиж чадахгүй байгаа төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүдээр барьж байгуулах нөөц бололцоо байгааг олон ч судалгаа харуулж буй. Энд нэг ташаа ойлголт яваад байгааг залруулах шаардлагатай. Хүрз, жоотуу бариулаад л цэргүүдээр төмөр зам бариулах гэж байгаа мэтээр ойлгож, бусдад буруу ташаа мэдээлэл хүргэх нь бий. Техник технологи хөгжсөн 21 дүгээр зуунд улаан гараараа төмөр замын далан барина гэж төсөөлж байгаа нь даанч харамсалтай.
Гашуунсухайт-Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтын далангийн ажилд туслан гүйцэтгэгчээр Монголын 12 компанийн нийт 860 орчим хүн, 600 гаруй машин механизм ажиллаж байсан юм. Зөвхөн дээрх 860 хүн ажиллахад 680 гаруй нь 35 хүртэлх насны залуучууд байв.
“Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөтөлбөрт зургаан чиглэлийн нийт 1541.9 км төмөр замын ажилд 20 мянган цэрэг ажиллуулахаар тооцоо судалгаа хийсэн. Тодруулбал, Ухаахудаг-Тавантолгойн 16 км, Тавантолгой-Сайншандын 425 км, Сайншанд-Хөөтийн 458 км, Хөөт-Бичигтийн 224,1 км, Хөөт-Чойбалсангийн 193,8 км, Чойбалсан-Эрээнцавын 224,6 км төмөр замын хувьд барилга угсралтын чиглэлд 19,8 мянган цэрэг шинээр бэлтгэн ажиллуулах юм. 156,1 сая шоо метр газар шорооны ажил, дөрвөн сая шоо метр буталмал чулуун чигжээс, 2,7 сая төмөр бетоны ажил хийх юм. Энэ бүгдийг хүрз жоотуугаар хийнэ гэвэл Мянгуужингийн үлгэр болно. Зүгээр л ямар ч ойлголтгүй эсвэл энэ төслийг хэзээ ч битгий хэрэгжээсэй гэх бодолтой хүний л хэлэх үг. Уг нь төмөр замын бүтээн байгуулалтын 70 орчим хувь нь далан шорооны ажил байдаг. Үүнд машин техник ашиглахаас өөр аргагүй. 100 км авто зам барьж байгуулахад дунджаар нэг сая шоо метр газар шорооны ажил хийдэг байна. Харин төмөр замын далангийн 15 км-т нэг сая шоо метр газар шорооны ажил хийх ёстой гэхээр ямар их хөлс хөдөлмөр шингэж байгаа нь ойлгомжтой. Зарим нь үүнийг шороо овоолдог ажил гэж боддог бас тайлбарладаг. Төмөр замын далангийн ажлыг хийхдээ хэд хэдэн үе давхаргаар нь дагтаршуулж гүйцэтгэдэг маш нарийн технологитой.
Монгол Улсад төмөр замын 16 мянган мэргэжилтэн бий, үүн дээр “Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөтөлбөрийн 14,3 мянган хугацаат цэргийн албан хаагчийг дадлагажих хөтөлбөрөөр дамжуулан мэргэжил эзэмшүүлснээр шинэ мэрэгжилтэнтэй болно гэсэн үг. Япон улсын “Ниппон Коей” компанийн хийсэн техникийн зураг төслийн тооцоогоор 1541.9 км төмөр замын суурь бүтцийн барилга угсралтын ажлын нийт хөрөнгө оруулалт 5.4 тэрбум ам.доллар болно. Төмөр замын бүтээн байгуулалтад ажиллах 15,6 мянган цэргийн цалин хөлс, зардалд 273,8 сая ам.доллар зарцуулах тооцоо хийжээ.
Авто зам
2012-2016 онд аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбохоор Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Үүнээс 7 аймаг автозамд холбогдсон бол 3-ыг холбох ажил өрнөж буй. Харин “Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөтөлбөрт аймгуудыг нийслэлтэй холбох 2,952 км хатуу хучилттай авто зам, 990 км хурдны зам барихаар төлөвлөж байгаа. Энд 30 мянган ажиллах хүчин барилга угсралтын чиглэлээр бэлтгэх нь цэргүүд байна. Дотоодын барилгын үйлдвэрүүдээс 0,18 сая тонн арматур, 2,6 сая шоо метр бетон, 2,7 сая тонн цемент авто замын бүтээн байгуулалтад ашиглана. Харин гадаадын компаниас 234 мянган тонн битум авах тооцоо хийжээ. Авто замд одоогоор найман мянган мэргэжилтэн байгаа дээр 30 мянган цэрэгт мэргэжил эзэмшүүлж ажиллуулах юм. Хурдны зам болон авто замын ажилд нийтдээ 5,3 тэрбум ам.доллар зарцуулахаар тооцож, үе шаттайгаар хэсэгчлэн гүйцэтгэх юм байна. Цэргүүдийг хөтөлбөрийн дагуу бэлтгэснээр нийтдээ авто замын 38 мянган мэргэжилтэй ажилтантай болж, нийтдээ 217,3 сая ам.долларыг цалин, хөлсөнд өгнө хэмээн тооцоо судалгаа хийжээ.
“Ногоон говь” хөгжлийн төсөл
“Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөтөлбөрт бүтээн байгуулалтын дээрх гурван ажлаас гадна “Ногоон говь” хөгжлийн төсөлд цэргүүдийг ажиллуулах боломжтой хэмээн тусгажээ. Энэ бол 1500-2000 км урттай ус дамжуулах төв, салбар шугам хоолой болон ус хуримтлуулах сан эдгээрийн дагалдах инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийнэ. Ус дамжуулах хоёр төв шугам болон салбар дамжуулах шугамаас бүрдэх, тодорхой үе шатаар хэрэгжихээр төсөлдөө тусгажээ.
Хөдөлмөрийн яамны судалгаагаар 29 хүртэлх насны 180 мянган ажилгүй, сургуульд сурдаггүй залуус байгаа аж. Тэдний 50 хувь нь эрэгтэй гэхээр 90 мянган залуу “Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөтөлбөрт хамрагдах боломжтой гэсэн үг. Гэхдээ тэднийг цалинжуулж, мэргэжил олгохоос гадна нийгмийн асуудлыг нь давхар шийдэх нь энэ хөтөлбөрийн гол зорилго. Дотоодын нөөцөнд суурилж эдийн засгийн хямралыг богино хугацаанд давах хөтөлбөр бол “Нэг цэрэг-Нэг үндэстэн”. “Яасан харанхуй юм бэ” гэж үглэж суухаар ядаж ганц ч болов лаа асаа гэдэгсэн.