Архангай аймгийн Хотонт сумын төвөөс зүүн хойш 15 километрт Орхон голын зүүн гар талд орших 751 онд байгуулагдсан Уйгар улсын нийслэл байсан хотын үлдэгдэл юм. Уйгарчууд 745 онд Түрэгийг бут цохисны дараа Пэйло гэгч Уйгарын хаан болжээ. Түүнийг нас барсны дараа хүү Моюунчур хаан ширээнд суусан бөгөөд түүний үед Уйгар улс хамгийн хүчирхэгжиж улсын нийслэлийг Орхон голын хөндийд Ордубалык нэрээр байгуулжээ. Ордубалыкаас гадна Байбалык, Хатун зэрэг олон хот суурингуудыг байгуулсан боловч өдгөө Ордубалык, Байбалык хоёр хотын туурь л үлджээ. Ордубалык нь Төв Азиар дайрч өнгөрөх “Торгоны зам”-ын салаа төв газруудын нэг, бэхэлгээтэй цайз, худалдааны төв байсан байна. Ордубалык болон Хархорум хот нь энэ торгоны замын хойд салааг 400 жил хянаж байсан ажээ. Ордубалык хот нь хааны төрийн өргөө, төрийн яам, гар үйлдвэр, худалдааны хороод, шашны сүм, бэхэлсэн цайз хэрэм, агтны хашаа, цэргийн агуулах зэргээс бүрдсэн бөгөөд урагшаа 25 километр зайд үргэлжилсэн их хот байсан нь судалгаагаар тогтоогджээ. Цайзат хэрмийн хана нь нилээд нурсан боловч цайз нь 12 метр өндөр, хэрмийн төв дэх том цайз нь 14 метр өндөр байдаг. Хэрмийн дотор малтлага хийхэд чимэглэл бүхий ордны барилгын үлдэц олджээ. Хэрмийн өмнө талд цэцэрлэгт хүрээлэн, бурхан шүтээний зориулалттай гадуураа хэрэмтэй сүм, сүмийн үүдэнд уйгар, хятад бичээс бүхий гэрэлт хөшөөнүүд тавиастай байсан бөгөөд тэдгээр нь Уйгарын хаанд зориулагдсан байжээ. Хотын баруун ба баруун хойд хэсэгт худалдаа, гар үйлдвэрлэл эрхэлж байсан шинжтэй хэрэм бүхйи барилга олон байжээ. Ордубалык нь томоохон хот байсан хэдий ч 100 жил ч оршин тогтнож чадалгүй 840 оны үед Енесэйн Киргизүүдийн довтолгооноор шатжээ. Хар балгасыг ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг зэрэглэлээр дэлхийн соёлын өвд 1996 онд бүртгэн авсан бөгөөд Монгол улс 2002 онд улсын хамгаалалтанд авчээ.
Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном