Б.БААТАР
Сарын 13-нд тохиосон баасан гарагийг дэлхий нийт “хар өдөр” хэмээн таагүй ханддаг. Учир нь энэ өдөр бусад өдрөөс илүү гэмт хэрэг нэмэгдэж, таагүй үйл явдлууд ч ихэсдэг тухай статистик мэдээнүүдэд хангалттай дурдсан байдаг. Тэгвэл энэ сарын 13 өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт тохиож, энэ орой Франц улсын нийслэл Парис хотод аймшигт террорист халдлага удаа дараалан гарлаа. Тухайн өдөр Парис хотод үдшийн бүрий хүртэл бүх зүйл тайван амгалан байлаа. Гэвч нар жаргасны дараа... Хотын долоон газар зэвсэгт халдлага хэдхэн минутын зайтай гарав.
Гэрчүүдийн хэлж байгаагаар зэвсэглэсэн этгээдүүд “Аллах Акбар” буюу “Аллах бурхан өршөө” хэмээн хашгирч энгийн иргэдийг зохион байгуулалттайгаар буудаж хөнөөж эхэлжээ. Тэд мэргэжлийн алуурчид, зэвсэгт дайчид байсан нь тодорхой. Яг өнөөдрийн байдлаар амиа алдсан хүмүүсийн тоо 168, шархадсан хүн 300 гаруй байна гэсэн мэдээлэл бий. Эхний халдлага Францын Ле Камбож рестораны эргэн тойронд дотор гаднагүй өрнөжээ. Улмаар Ле Кариллон баар, Лес Холл их дэлгүүр орчимд Файдербын гудамж, Бомаршегийн өргөн чөлөөгөөр террористууд энгийн иргэдийг “галаар шүршиж” эхлэв. Альбертын гудамжинд ч халдлага гарчээ. Батакланы концертын танхимд 118 хүн тоглолт үзэж байгаад амиа алдсан нь хамгийн аймшигт халдлага болсон юм. Батакланд байсан хүмүүс “бид буутай этгээдүүдийг тоглолтын нэг хэсэг юм байх гэж бодон эхний 10, 20 хүнийг буудахад зүгээр л харж зогслоо. Харамсалтай нь энэ аймшигт аллага гэдгийг гэнэт ухаарсан” хэмээн ярьжээ.
Концерт үзэж байсан хүмүүсийн дийлэнхийг аварч чадаагүй ч Францын тусгай хүчнийхэн найман террорист этгээдийг хөнөөсөн байна. Тэнд бүрэн зэвсэглэсэн арми, тусгай хэрэгслүүд бүгд байсан ч нэг террорист этгээд зэвсгээ гурван удаа цэнэглэсэн болохыг гэрч нар мэдэгдсэн. Халдлага үйлдэгчид зэвсгээ хэмнэхийн тулд барьцаанд байсан хүмүүсийг бөөгнүүлж дунд нь нэг тэсрэх бөмбөг шидэн амийг нь хороосон аж. Энэ нь концертийн танхимын гадна ч сонсогдож байжээ.
Парис хотын прокурорын газрын дарга Франсуа Молинс террористууд гурван бүлэг болон тал талд зэрэг ажиллагаа явуулсан гэдгийг мэдэгдэлдээ дурдсан. Олон нийтийн газар ч амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлж байсан гэдгийг цагдаа нар тогтоосон. Энэ халдлагын үеэр Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон Германы Гадаад хэргийн сайд Штайнмайер нар “State de France” цэнгэлдэх хүрээлэнд Франц, Германы хөлбөмбөгийн шигшээ багийн ДАШТ-ний өмнөх нөхөрсөг тоглолтыг үзэж байжээ. Гурван удаа цэнгэлдэхийн ойр дэлбэрэлт болж Ерөнхийлөгчийн аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн байна.
Ингээд нөхцөл байдал онц ноцтой болж, дотоодын цэрэг цагдаагийн бие бүрэлдэхүүн хилийн бүсийг хааж, агаарын хилээ хүртэл түр хаасан байна. Шуурхай албаар гудамж талбайд цэрэг цагдаа, тусгай хүчнийхэн харуулд гарч Парис хотыг битүүмжилжээ. Мөн Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдэл хийж, ард иргэдийг гэр орондоо яаралтай очихыг зөвлөв. Энэ үеэр Парис хотын таксины жолооч нар хүмүүсийг гэрт нь аюулгүй хүргэж өгөхөд бүхий л чадлаараа дэм болсон байна. Парис хот болон Франц улсын агаарын хилд нэвтэрсэн олон улсын иргэний агаарын тээврийн зорчигч онгоцууд ойрхон байгаа олон улсын нисэх буудлыг чиглэн нислэгээ өөрчилж, зөвхөн Парис хотод 1500 гаруй цэргийн бие бүрэлдэхүүн бэлэн байдалд шилжсэн бөгөөд дэлхийн удирдагч нар Францын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж эхэлсэн байна. Хамгийн эхэнд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама илэрхийлсэн бол ОХУ, Их Британи, НҮБ, Европын холбоо, Чех, Польш зэрэг улс орнууд ээлж дараалан гүн эмгэнэл илэрхийллээ.
Энэ хооронд лалын дайчид бүлэглэл өөрсдийн ялалтыг дэлхийд зарлаж, Франц улсаас хариугаа авснаа бахархан мэдэгдэж, халдлагыг үйлдсэн гэдгээ албан ёсоор зарлажээ. Олон улсын зүгээс ч үүнийг хүлээн зөвшөөрч Франц улсад нарийн зохион байгуулалттай террорист халдлага үйлдэгдсэн гэдгийг баталсан юм. Мөн ямар ч нөхцөлд хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдсэн. Ливи болон Сирид Франц улс агаарын цохилт өгнө гэж Франсуа Олланд хариу мэдэгдсэн байна. Улс орноороо гашуудал зарлаж, өнөөдөр Турк улсад эхэлж байгаа “Их-20”-ийн уулзалтад Франц улс оролцохгүй гэв. Ийнхүү Дэлхийн II дайнаас хойш Франц улсын түүхэнд хамгийн том халдлага гарч, олон хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болж байгааг хэвлэлүүд онцоллоо.
Халдлага үйлдсэн террористуудын нэг нь Франц улсын иргэн байсан гэдгийг тогтоосон байна. Тэр нь өдгөө 29 настай Омар Исмайл Мостефай гэгч болохыг хурууны хээгээр нь илрүүлжээ. Түүний гэрт нэгжлэг хийж, гэр бүлийнхнийг нь баривчлахад аав нь “бид хүүтэйгээ сүүлийн зургаан сар уулзаагүй. Ийм зүйл болно гэж мэдээгүй” хэмээн ярьсан байна. Мөн Бельги улсаас Франц руу нэвтэрсэн гурван эрэгтэйг сэжигтнээр татжээ. Энэ тухай Бельгийн Хууль зүйн сайд Кун Генс “автомашинуудыг хөлсөлсөн байж болзошгүй хэмээн үзэж бид шалгаж байна” хэмээн мэдэгдсэн юм. Мөн Сири улсаас Грек рүү дүрвэсэн, цагаачдад бүртгүүлсэн хоёр эрэгтэйг Францын цагдаа нар халдлагад сэжигтнээр татан баривчилсан байна. Мөн халдлага үйлдэхэд ашигласан гэх хар өнгийн “Seat” маркийн автомашиныг эрэн сурвалжилж байгаа юм байна. Мөн Бельгийн нутаг дэвсгэрээс орж ирсэн хар өнгийн “Volkswagen Polo” маркийн машиныг тус бүр нарийн шалгаж байгаа аж. Сербийн “Blic” сонин өөрийн цахим сайтад Парисын террорист халдлагыг зохион байгуулсан байж болох өөр нэг сэжигтэнг нэрлэсэн. Тэр нь Сирийн иргэн Ахмед Алмохаммед. Тэрээр Грекээс энэ сарын 7-ны өдөр хэсэг хүмүүсийн хамт Сербийн нутагт Миратовац сууринд явж байсныг тогтоожээ. Сири, Египтийн паспортууд террористуудын биеэс болон гэр орноос олдож байгаа нь хачирхалтай.
Ажиглагчид нэг зүйлийг энэ удаагийн аймшигт халдлагад онцоллоо. Тэр нь Парис хотод болсон халдлагыг лалын дайчид үйлдсэн зохион байгуулсан гэж албан ёсоор мэдэгдсэн явдал юм. Гэвч дээрх Ирак, Сири, Левантын цэргийн нэгдэл болсон террористууд халдлагыг яг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй. Учир нь “Аль-Кайда”, “Боко Харам”, “Лалын улс бүлэглэл” зэрэг дэлхийн хамгийн том террорист бүлэглэлүүд нэгдэн олон талд зэрэг үйл ажиллагаа явуулах бодлого баримтлан дэлхийд илүү хохирол учруулах, өөрсдийн сүр хүчийг таниулах гэсэн хандлага байгаа гэдгийг ажиглагчид, аналистууд онцолжээ.
Европын орнуудад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс боловсрол өндөр лалын шашинтай залуусыг бүлэглэлдээ элсүүлэх, нэгтгэх арга хэмжээ өнгөрсөн хавраас эхлээд өрнөсөн. Европ тивд амьдардаг лалын шашинтай залуучууд Сирийг зорих болсон үе саяхан. Тэд Сирид хоёр, гурван сар байсны эцэст намраас эргээд амьдарч байсан улс орон руугаа буцсан хил гаалийн бүртгэл ч бий. Зарим нь хэдэн 100 мянган цагаач иргэнтэй хамт Европын орнууд руу нэвтэрсэн, зарим нь Газардундын тэнгист Италийн эргийг даван их газарт хүрсэн.
Парис хотод маш өндөр зохион байгуулалттай террорист халдлага гарсныг лалын дайчид зохион байгуулсан, үйлдсэн хэмээн мэдэгдэж өөрсдийн сүр хүч, цар хүрээг дэлхий нийтэд харуулах гэсэн оролдлого ч байх талтай гэдгийг шинжээчид, мэргэжлийн хүмүүс хэлсээр байна.
Аймшигт халдлагаас үүдэн Францын ард түмэн “шок”-ийн байдлаас гараагүй байхад Францын орон нутгийн цагаар бямба гарагийг үдээр хурдны галт тэрэг Страсбургаас холгүй гүүрэн дээр замаасаа гарч осолдсон талаар эх сурвалжууд мэдээлсэн. Осол гарсан газар хурдны галт тэрэгний зам асуудалтай байсан гэдгийг шинжээчид олж тогтоосон. Магадгүй хэн нэгэн нь санаатайгаар галт тэрэгний замыг сүйтгэж осол гарах үндэс тавьсан болохыг үгүйсгэхгүй гэдгийг албаныхан мэдэгджээ. Ослоос болж 10 гаруй хүн амиа алдаж, 32 хүн ноцтой гэмтэл бэртэл авсан байна. Хурд хэтрүүлсэн учраас галт тэрэг осолдсон гэж байсан боловч шинжээчид үүнийг нарийн зохион байгуулсан террорист ажиллагаа хэмээн үзсэн талаар “Риа Новости” агентлаг мэдээллээ. Хэргийг шалгаж байгаа бөгөөд Францын аврах багийнхан ослын газар дээр шуурхай ажилласан аж.
Харин Парис хотод болсон цуврал халдлагын үед амиа золиослогч этгээд Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа халдлага үйлдэх үеэр Сильвестер гэгч залуугийн гар утас түүнийг аварсан байна. Тэрээр сансунг брэндийн “S6 edge” маркийн цагаан утас биедээ авч явсан бөгөөд дэлбэрэлтийн үеэр үсэрсэн сум гар утасыг онож, түүний амийг аварчээ. Энэ үйл явдал дэлхий нийтийг мөн гайхшруулж чадсан юм. Амьд үлдсэн залуу гар утсандаа баярлаж байгаагаа илэрхийлэн Өмнөд Солонгосын Самсунг брэндэд талархал илэрхийлсэн байна.
Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд дээрх халдлагыг 21 дүгээр зууны түүхэн дэх аймшигт халдлага гэж нэрлээд Франц улс эргэлт буцалтгүй Сири болон Ливи, Иракт АНУ-тай хамтран терроризмын дайнд нэгдэж байгаагаа зарлалаа. Харин Францын ард түмэн үүнийг дэмжих эсэх нь тодорхойгүй байгаа. Энэ асуудлын хажуугаар АНУ ОХУ-тай Сирид цэргийн ажиллагаа явуулах талаар санал тавьсан. Харин ОХУ үүнийг “бодолцох хэрэгтэй” гэж хариу тайлбар өгсөн. Гэхдээ НҮБ болон олон улсын зүгээс Францыг дэмжих нь тодорхой болоод байна.
ОХУ, Сири, Франц лалын дайчдын эсрэг Сирийн газар нутгийг чөлөөлөөд дараа нь яах талаар тойчид гайхаж байна. Тэд Ливи, Ирак руу цэрэг оруулж терроризм хаана байна, лалын дайчид аль улсад дайтаж байна, тэнд гол тулаан явуулсаар байх уу гэдгийг албаныхнаас асуусан. АНУ Ливид лалын дайчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулна гэдгээ илэрхийлсэн. Турк Сирийн хүчийг дэмжиж Йемены асуудлыг мөн хөндсөн. Харин ОХУ Сирийн газар нутагт Франц болон бусад орнуудыг нэвтрүүлэх талаар Башар Аль Ассадтай хэлэлцэж буй тухай эх сурвалжууд онцолсон. Ямартай ч эхний ээлжинд Европын орнууд дор бүрнээ цагаачдад хараа хяналт тавих ёстой гэдгнн ухаарах шиг болж байна.
Энэ жил Франц улсын нутаг дэвсгэрт маш олон халдлага болж буй юм. Наймдугаар сарын 21-ний өдөр АНУ-ын армийн гурван цэрэг амралтаараа Францаас Галланд улс руу галт тэргээр аялж явсан. Тухайн үед буутай террорист этгээдийг АНУ-ын жуулчид аюулгүй болгож, Францын цагдаа нарт тушаасан. Энэ хэрэг хойд Францын Оигниесийн ойролцоо болсон бөгөөд хурдны галт тэрэг дотор хэрэгтэн хэрхэн буутай байсан нь одоо болтол тогтоогдоогүй. Мөн зургадугаар сарын 26-ны өдөр Лион хотын нислэгийн үед хэрэглэдэг бүтээгдэхүүний үйлдвэр дэлбэрэх дөхсөн. Лалын шашинтай гэх дуудлагын жолооч эр хуучин ажлын газрын даргаа хөнөөсөн хэргээр баривчлагдсан. Түүний халдлагыг терроризмын шинж чанартай гэж үзсэн. Хэрэг гэгээн Киунтин Фаллавиерт байдаг агаарын нислэгийн үед ашигладаг үйлдвэрт гарсан байдаг. Харин үүнээс өмнө буюу дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Парис хотын хоёр сүм рүү халдах гэж байсан лалын шашинт эмэгтэй цагдаа нарын гарт амиа алдсан хэрэг гарсан.
Хоёрдугаар сарын 3-ны өдөр гурван франц цэрэг Ривера хотын харилцааны төвийг хамгаалж байгаад террорист байх магадлалтай этгээдэд хутгалуулсан хэрэг гарсан байна. Хожим цагдаа нар түүнийг лалын дайчдын эгнээнд элсэхээр бэлтгэж байсан гэдгийг гэрт нь хийсэн нэгжлэгээр олж илрүүлсэн байжээ. Турк улс руу явах тасалбар хүртэл захиалсан байж. Мөн нэгдүгээр сарын 7-оос 9-ний хооронд Амеди Коулибэли гэгч этгээд лалын дайчидтай холбоо сүлбээтэй болох нь тогтоогдсон бөгөөд Парис хотын Монтроужд цагдаагийн ажилтныг буудан хороосон, барьцааны хүмүүс хөнөөх гэж оролдож байгаад тусгайгийнхны гарт амиа алдсан хэрэг гарч байсан юм. Тухайн үед дөрвөн энгийн иргэн амиа алдсан. Мөн энэ оны нэгдүгээр сарын 7-ноос 9-нд Францын “Чарли Хебдо” хошин сэтгүүлийн редакц руу лалын дайчид халдаж 12 хүнийг хөнөөсөн хэрэг гарсан. Террористууд гудамжинд цагдаа нартай буудалцаж байсан бөгөөд Францын хилээр гарах оролдлого хийж байсан талаар эх сурвалжууд мэдээлдэг. Тухайн гэмт хэргийг Алжир гаралтай Францын иргэн үйлдсэн нь тогтоогдсон юм. Тэрээр лалын дайчидтай мөн холбоо сүлжээтэй нэгэн байсан.
Гэх мэтчилэн Франц улсад сүүлийн 15 жилд 57 удаа террорист шинжтэй халдлага гарч байжээ. Энэ бүхэнд бэлэн байдалд байдаггүй тус улсын цагдаа, тусгай хүчнийхэн буруутай юу, тагнуулын газар буруутай юу гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. ХБНГУ, Их Британи, Испани, Итали, АНУ, Канад, БНХАУ, ОХУ, Египет, Алжир зэрэг улс орнууд лалын дайчдаас урьдчилан сэргийлэх тусгай баг бүрэлдэхүүн, бэлэн байдалд ажилладаг хүч бий гэдгийг хэвлэлийнхэн онцолсон. Харин нийгмийн аюулгүй байдалд “хайхрамжгүй” ханддаг Франц улс эхний ээлжинд террорист халдлагад өртсөн тухайн “Ройтерс” агентлаг уламжлав. Ийм нөхцөл байдалд Франц олон улсад цэргийн ажиллагаа явуулна гэхээс илүүтэй дотоодын аюулгүй байдлаа хадгалж үлдэх нь чухал гэдгийг Чехийн Гадаад хэргийн сайд зөвлөгөө өгсөн. Лалын дайчид энэхүү халдлага “Зөвхөн айдас өгөх хэмжээний эхлэл” хэмээн хэлсэн байдаг. Тэгвэл өчигдөр Парис хотод олон мянган хүн “бид айхгүй байна” гэсэн уриа лоозон барин жагсаал хийсэн юм. Олон нийтийн үйл ажиллагаа хийж болохгүй гэсэн Ерөнхийлөгчийн хоригийг зөрчин францчууд дуу хоолойгоо нэгтгэлээ. Харин ОХУ-ын зарим тоймчид “Францад болсон халдлага үйлдэх ажиллагааг АНУ санхүүжүүлсэн байх магадлалтай” гэдгийг тайлбарлажээ. Мөн “Сирид дэмжлэг үзүүлж байгаа лалын дайчид шахагдан гарахдаа Франц улсыг терроризмын эсрэг гэсэн нэртэй нууц ажиллагаандаа оруулах төлөвлөгөөний нэг хэсэг” гэж ОХУ-ын тоймчид бичжээ.