Монголбанкны болон Голомт банкны удирдлагууд иргэдийн хуримтлалыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өслтийг урт хугацаанд эзэмших зорилготой “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг улс даяар хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулсан билээ. “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийн талаар Голомт банкны дэд захирал Д.Сугартай ярилцлаа.
-Монголчууд нүүдэлчин амьдралтай тул хуримтлал үүсгэх сэтгэлгээ бага байдаг гэдэг. Өнөөдөр хүмүүсийн энэ сэтгэлгээ хэр өөрчлөгдсөн гэж үзэж байна. Иргэдийн санхүүгийн мэдлэг ямар байдаг юм бол?
-Аливаа улс үндэстний хөгжлийн индексийг тодорхойлдог олон үзүүлэлтийн нэг нь иргэдийнх нь санхүүгийн чадавхи байдаг. Өөрөөр хэлбэл иргэд нь санхүүгийн мэдлэг сайтай, санхүүгээ сайн төлөвлөдөг, хуримтлалтай байвал тухайн улсын эдийн засаг бат бөх байж чадна. Таны дурдсанаар монголчуудын нүүдэлчин амьдрал, соёл яахын аргагүй хуримтлал бага байхад нөлөөлж байна.
Банкны хоёр шатлалт системд 1990 онд шилжсэнээс хойш хадгаламжийн ач холбогдол, үр өгөөжийг банкууд нийгэмд илүү өргөн хүрээтэй таниулж, сурталчилж ирсэн ч үр дүн хангалтгүй хэвээр байна. Өнөөдөр Монгол Улсын нийт 2.5 сая гаруй хадгаламжийн данс эзэмшигчдийн 99 хувь нь нийт хадгаламжийн дүнгийн дөнгөж 40 хувийг эзэмшдэг бөгөөд нийт хадгаламж эзэмшигчдийн нэг хувиасаа бага хадгаламжтай байгаа юм.
Өөрөөр хэлбэл, хүмүүс хадгаламж хэрэгтэйг ойлгоод эсвэл хэн нэгнээс сонсоод хүүхдийнхээ төрсөн өдрөөр ч юмуу хадгаламжийн данс нээгээд нэг удаа мөнгө хийгээд орхичихдог. Гэвч үүнийгээ тууштай үргэлжлүүлж чаддаггүй эсвэл шаардлага гарахад аваад хэрэглэчихдэг учраас л бодитой хуримтлал үүсэхгүй байна. Мэдээж өрхийн төсвөө сайн зохицуулдаг, санхүүгийн мэдлэгтэй хуримтлал үүсгэдэг иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Бид эдгээр иргэдийн тоог улам нэмэгдүүлэх зорилго тавьж байна л даа.
-Цалин орлогоосоо хэдэн төгрөг хадгалахыг хүсдэг ч түүнийгээ хэрэгжүүлж чадах хүн цөөн. Тэгэхээр иргэд цалингаасаа сард хэдэн төгрөг хадгаламжид хийх боломж байна. Энэ талаар хийсэн судалгаа бий юу?
-Бид олон төрлийн судалгаа хийж, тодорхой дүгнэлтүүд гаргаж чадсан. Сард 800 мянгаас 1.5 сая төгрөгийн орлоготой өрх 50–100 мянган төгрөг хадгалах боломжтой. Өөрөөр хэлбэл нийт олсон орлогынхоо 5-10 хувийг дор хаяж хадгалж чадна гэсэн үг.
Бидний хамгийн их гаргадаг алдаа бол сарын цалингаа буухаар зайлшгүй хэрэгцээт зүйлүүдээ авсныхаа эцэст мөнгө үлдвэл түүнийгээ хадгална гэж боддог. Учир нь цалин хязгаартай, хэрэглээ үргэлж хязгааргүй байсаар ирсэн.
Хэрэв ийм дарааллаар санхүүгээ удирдвал үргэлж л хэрэглээ дийлж хэзээ ч хуримтлалаа нэмэгдүүлэх мөнгө үлдэхгүй. Тиймээс цалингаа аваад хамгийн түрүүнд хадгалаад, үлдсэн мөнгөөр нь хэрэглээгээ зохицуулж сурах хэрэгтэй. Олон улсын судалгаа мэдээлэлд ч хүн байнгын орлогын 10, гэнэтийн орлогын 50 хувийг хадгалах боломжтой гэж гарсан байдаг.
Өөр нэг баримт бол манай монголчуудын аливаа юмыг хойш нь тавих хандлага их. Тиймээс нийт хадгаламж эзэмшигчдийн 80 гаруй хувь нь 35-аас дээш настай байна. Уг нь хуримтлалыг ид залуу буюу 24-35 насандаа насан туршийн хуримтлалынхаа эхлэлийг тавих нь маш үр дүнтэй гэдгийг дэлхийн олон төрлийн судалгаа, мэдээлэл баталсан байдаг.
Мөн хуримтлуулж чадсан хүмүүсийг судлаад үзэхэд хуримтлалтыг дадал, зуршил болтлоо тасралтгүй хийсэн байдаг. Эндээс л бид хуримтлуулна гэдэг бол өөрөө зөв зуршил, дадал гэдгийг тодорхойлж, иргэдийг хуримтлуулах зуршилд сургахад ямар арга хэмжээ авч болох талаар бодож эхэлсэн гэсэн үг.
-Танай банк иргэдийг хадгаламжтай болохыг дэмжсэн ямар ямар бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгож байна. Хадгаламжийн хүү, хугацаа хэд вэ?
-Арилжааны банкууд нь иргэдийг хуримтлал, хадгаламжтай болгоход чухал үүрэг, нөлөөтэй инстицуц юм. Тиймээс бүх л банкуудад олон төрлийн хадгаламжийн бүтээгдэхүүн бий. Голомт банкны хувьд харилцагч төвтэй банк байх гэсэн стратегитэй учраас илүү харилцагчийн хүсэлт, хэрэгцээнд тулгуурласан олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог. Өнгөрсөн тавдугаар сард бид алт, зэс, нефтийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлээс авах Гибрид хадгаламжийг гаргасан бол саяхан хуримтлалын бүртээгдэхүүнээ иргэдэд санал болгож байна.
Хадгаламжийн хүүний хувьд хадгалуулах хугацаа, төрлөөс шалтгаалж өөр өөр байдаг учраас банкны бүх хадгаламжийн хүүг дурдах нь нэлээд урт жагсаалт болно. Та бүхэн банкуудын веб хуудаснаас хадгаламжийн мэдээллийг чөлөөтэй харах боломжтой.
-Иргэд өрхийн орлого, зарлагаа тооцох ямар арга байна. Хөтөлдөг дэвтэр байдаг уу. Ийм дэвтэр байдаг бол хаанаас авч болох вэ?
-Орчин үед өрхийн орлого, зарлагаа тооцоолон бичдэг олон төрлийн сайтууд, дэвтэр, ухаалаг төхөөрөмжүүдэд зориулсан аппликейшн байдаг болсон. Гол нь өөрт хэрэглэхэд хялбар байгаагаа олох шаардлагатай. Бид хэрэглэхэд илүү хялбар, ойлгоход амархан байх Өрхийн орлого, зарлагаа төлөвлөх хэрэгслийг Голомт банкны вэб хуудастаа /www.golomtbank.com/ байршуулсан байгаа. Энэ нь орлоготой харьцуулахад яг ямар ямар зардал хэтэрч байгааг, хэрхэн зардлаа зохистой хэмжээнд барьж болох зөвлөгөө, мөн хуримтлал үүсгэх боломжит мөнгөн дүнг харуулдгаараа илүү бодитой болж чадсан.
-Танай банк Монголбанктай хамтарч “Үндэсний хуримтлалын хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөр хэдий хугацаанд хэрэгжих юм бол. Уг хөтөлбөрийн хүрээнд ямар ямар ажил хийх төлөвлөгөө байгаа вэ?
-Иргэдийн хадгаламжийн хэмжээ их байвал тухайн орны эдийн засаг хүчтэй байдаг талаар би өмнө нь дурдсан. Үүнийг үндэсний хуримтлалын хэмжээ гэж нэрлэж болно. Монгол улсын Үндэсний хуримтлалын төвшин бага, иргэдийн хуримтлал хийх дадал сул, хуримтлалгүйгээс болж санхүү, эдийн засгийн хямралд өртөх магадлал өндөр байна.
Голомт банкны хувьд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх нэг үүрэг нь энэ Үндэсний хуримтлалын хөтөлбөр юм. Иргэн баян бол улс баян гэдэг. Иргэн бүр хуримтлуулж сурснаар баян хоосны ялгаа буурах, санхүүгийн чадавхитэй өрхүүд бий болох, улмаар Монгол улсын эдийн засаг хүчирхэгжинэ.
Нийгмийн хариуцлага гэхээр л мод тарих, цэцэг услах биш шүү дээ. Бидний зорилго бол нэг ч гэсэн иргэнийг хуримтлалтай болгох явдал юм. Тэгээд яаж энэ хуримтлалаа хийх вэ? Хаана хэрхэн хадгалах вэ? гэдэг асуултад нь манай “Хуримтлалын бүтээгдэхүүн” хариулт болно. Хуримтлуулна гэдэг бол өөрөө сайн хэвшил, зуршил. Тэгэхээр зуршлыг бий болгоход заавал хөшүүрэг хэрэгтэй. Хуримтлалын бүтээгдэхүүний онцлог нь та сар бүр өөрийн өрхийн орлогод тохирсон тогтмол дүнгээр хадгаламжинд орлого хийж, дадал бий болгох ёстой. Та хэрвээ хуримтлуулж чадвал бид өндөр өгөөжөөр л урамшуулж байгаа хэрэг. Дахин хэлэхэд энэ хөтөлбөр бидний нийгмийн хариуцлагын нэг хэсэг. Аль болох олон иргэдийг хуримтлуулах зуршилтай болгох л бидний зорилго юм. Хуримтлалын бүтээгдэхүүний онцлог нь ч гэсэн тодорхой хязгаартай дүнгээр сар бүр орлого хийх нөхцөлтэй ба энэ нь урт хугацаанд хуримтлалыг нэмэгдүүлэх боломжийг бий болгох юм.
Монголбанкны иргэдийн хуримтлалыг дэмжих бодлогын хүрээнд бид Монголбанктай хамтарч Үндэсний хуримтлал хөтөлбөрийн санамж бичгийг 1 жилийн хугацаатай байгуулсан. Энэ ажлын хүрээнд иргэдийг санхүүгийн боловсролтой болгох, хадгалах зуршлыг бий болгох, өрхийн төсвийг хэрхэн удирдах зэрэг олон чиглэлээр иргэдэд хандсан арга хэмжээг хамтран зохион байгуулна. Голомт банкны хувьд энэ хөтөлбөр маань энэ нь нэг жилээр зогсохгүй цаашид иргэн бүрийг хуримтлалтай болгох зорилгоо биелүүлэх хүртэл үргэлжлүүлнэ.
-Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр хэдэн хүн хэдий хэмжээний хуримтлал ямар хугацаанд үүсгэх боломж, судалгаа бий юу?
-Хөтөлбөрийн хүрээнд иргэд сар бүр хадгалах мөнгөн дүнгээ 20,000, 50,000, 100,000, 300,000, 500,000 төгрөг гэсэн үндсэн 5-н төрлөөс сонгоно. Өөрөөр хэлбэл сард хичнээн төгрөг хадгалах боломжтойгоо тодорхойлоод тэрнийхээ төлөө санхүүгийн хариуцлагатайгаар ажиллана гэсэн үг. Бид ойрын жилүүдэд хуримтлал үүсгээгүй 250,000 өрхийг хуримтлалтай болгох зорилго тавиад ажиллаж байна. Энэ өрхүүд сар бүр 50,000 төгрөг хийвэл 10 жилийн дараа айл өрх бүр 13,000,000 төгрөг, улс орон 3.3 их наяд төгрөгийн хуримтлалтай болно.