Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, үлдсэн 20 хувьд нь Засгийн газар 200 тэрбум төгрөгийн батлан даалт гаргахаар болсон ч, дээрх шийдвэр хэрэгжилгүй хагас жилийн нүүр үзэж байна. Учир нь, Засгийн газар Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны тухай журмыг шинэчлэн баталсан ч хэрэгжүүлэх механизм өнөөдрийг хүртэл тодорхой болоогүй гэж үзэж байгаа юм.
Энэ асуудлаар Барилга хот байгуулалтын сайдын зөвлөх Л.Цээсүрэнтэй ярилцлаа.
-Засгийн газар орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгосон тул орон сууц худалдан авах иргэдийн дунд хүлээлт үүсээд багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөдөр асуудал ямар шатандаа явна вэ?
-Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох Засгийн газрын шийдвэр гарсан ч шийдвэрийг хэрэгжүүлэх олон янзын арга хэлбэр, механизмыг судалж, эрж хайж байна. Ер нь, бол 10 хувь болгох шийдвэр гарсантай холбогдуулан Засгийн газраас 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гаргах шаардлагатай болсон шүү дээ. Гэвч, эдийн засгийн байдлаас шалтгаалаад 200 тэрбум төгрөгийн асуудал шийдэгдэхгүй нь нэгэнт тодорхой болчихлоо. Тиймээс бидний зүгээс тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг эхний ээлжинд гаргаж өгөх хүсэлтийг Сангийн яаманд тавьсан. Харин Сангийн яам 30-60 тэрбум төгрөгийн хооронд л хөрөнгө оруулалт хийх боломжтой гэж байна. Гэхдээ эхлээд Сангийн яам 30 тэрбум төгрөгийн баталгааг өгөхдөө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх хэрэгтэй байгаа юм.
Харин 10 хувийн урьдчилгаатай зээлийг олгож эхлэхийн тулд Засгийн газраас батлагдсан мөнгөний хэмжээнд тохируулж Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Арилжааны банкууд хамтран гурван талт гэрээ хийж, журам батлах ёстой.
-Бүх орон сууцнууд 10 хувийн урьдчилгаатай зээлд хамрагдах боломжгүй талаар ярьж байна. Тэгвэл ямар шаардлага хангасан орон сууцууд 10 хувийн зээлд хамрагдах бол?
-Орон сууцны урьдчилгаа зээлийн 10 хувьд хамрагдах иргэд барилгаа зөв сонгох хэрэгтэй. Ашиглалтад орсон барилга болон ашиглалтад орох дөхөж буй барилгад тавигдах нөхцөл өөр, өөр байна. Засгийн газраас хөдөө орон нутагт 1000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрийн хүрээнд ашиглалтад орсон барилгууд их бий. Эхний ээлжинд хөдөө орон нутгийн иргэдийг 10 хувийн урьдчилгаа төлбөрт хамруулах бодлоготой байгаа.
-Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд 30 мянган айлын орон сууц борлогдохгүй байна гэсэн статистик бий. Эдгээр орон сууцаас дуртайгаа сонгоод 10 хувийн урьдчилгаа төлнө гээд хүлээж болохгүй нь гэж ойлгож болох уу?
-Зах зээлд нийлүүлэгдсэн орон сууцны нэг ам.метрийн талбайн үнэ хэт өндөр байгаатай холбоотойгоор борлуулагдахгүй байгаа. Өнөөдөр орон сууцны талбайн нэг ам.метрийг хоёр сая төгрөгөөр үнэлэх юм бол худалдан авагч олдохгүй. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт нь эрэлтээс давсан нөхцөл байдал үүссэн. Нөгөөтэйгүүр, орон нутагт баригдсан барилгын талбайн нэг ам.метрийн үнэ нэг сая орчим төгрөг байгаа. Орон сууцны талбайн нэг ам.метрийн үнэ хаана бага байна, тэнд 10 хувийн зээлд хамрагдах иргэдийн тоо өснө. Тиймээс 10 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлийг орон сууцны үнэ бага, зээлд хамрагдах шаардлага хангасан дундаж иргэдийн тоо олон байгаа тэр л газарт эхэлж хэрэгжүүлнэ. Одоогийн байдлаар хөдөө орон нутагт баригдсан барилга, тэнд ажилаж амьдарч байгаа иргэд дээрх шаардлагыг хангаж байна.
-ТОСК-ын захиалгаар баригдсан “Буянт-Ухаа 2” хороололд байр авч буй иргэд 10 хувийн урьдчилгаа төлбөрт хамрагдах уу?
-10 хувийн урьдчилгаа төлбөрийг хэрэгжүүлэх журам гарсны дараа “Буянт-Ухаа 2” хороолол хамрагдах эсэхийг Сангийн яам болон ТОСК-тай ярьж байж шийднэ. ТОСК бол захиалагч, хөрөнгө оруулагч, борлуулагч байгууллага. Засгийн газраас иргэдийн худалдан авах чадварт зохицуулж орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгосон. Тодруулбал, бага цалинтай иргэдийг орон сууцаар хангах зорилтын хүрээнд ийм шийдвэр гаргасан.
-Арилжааны банкууд ямар байр суурьтай байгаа вэ?
-Мэдээж, 10 хувийн урьдчилгаа төлбөр авч зээл олгосноос 30 хувийн урьдчилгаа авч, зээл олгосон нь арилжааны банкуудад эрсдэл багатай. Гэхдээ, Засгийн газрын үлдсэн 20 хувьд нь олгож буй баталгаа найдвартай байвал банкуудад хүндрэл үүсэхгүй.
-Иргэд мэдэх ёстой ямар шаардлагууд журамд тусгагдсан байгаа вэ?
-Эхний ээлжинд зээлийн эргэн төлөлтийн хугацааг 30 жил хүртэл сунгах талаар журамд тусгах байх. Зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгаснаар иргэдэд 10 хувьд хамрагдах сонирхлыг төрүүлнэ. Жишээлбэл, 25 настай иргэн 10 хувийн зээлд хамрагдлаа гэж бодоход 30 жилийн дараа 55 нас хүрч орон сууцны зээлээ төлж дуусгана. Сангийн яамнаас хөрөнгийн эх үүсвэрийг шуурхай шийдвэл арилжааны банкуудтай журмын талаар хэлэлцэж батална. Ингээд 10 хувийн зээлийн ажил эхлэх юм. Гэтэл Сангийн яам гол асуудал болох хөрөнгийн эх үүсвэрийг шийдэхгүй удаж байна. Банкнаас зээл авахад тухайн иргэний орлогын эх үүсвэрийг чухалчилдаг.
Үүнтэй адил иргэд 10 хувийн зээлийн урьдчилгаанд хамрагдахдаа орлогоо тооцох хэрэгтэй. Тухайн иргэн нэг сард хэдэн төгрөгийн орлого олох, түүнээс хэдийг төлснөөр, хэчнээн жилийн дараа 90 хувийн зээлийг бүрэн төлж дуусгах вэ, гэдгийг сайн бодолцож энэ чиглэл рүү төвлөрсөн журам гарах байх. Сангийн яамнаас 30 тэрбум төгрөгийн эх үүсвэр баталлаа гэж бодоход нэг ам.метрийн үнийг сая 200 мянган төгрөгөөр тооцвол 5-6 мянган өрх 10 хувийн зээлд хамрагдах судалгаа хийсэн.