Б.БИЛГҮҮН
Хэдэн мянган бээрийн цаана өрнөх соёлын мөргөлдөөн, шашин, шүтлэгийг шахан хавчих үзэгдлийг үл тэвчин, үндэсний тусгаар тогтнол эрх ашгийг хамгаалахын тулд зулын гол болдог ширүүн тэмцэлтэй улс орноос бид өөр.
Дайн дажингүй, дотоодын мөргөлдөөнгүй, алан хяддаггүй, аль ч улс орноос хараат бусаар өөрсдийн замыг сонгон урагшилж байгаа ард түмэн. Гэвч, “Тавантолгойн” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ компанидаа үүссэн асуудлыг шийдэхийн тулд тэмцлийн цочирдом хэлбэрийг сонгон, хормын дотор дүрэлзэн шатсанаар нийгэм түгшиж, ямар гээч зүйл болоод өнгөрснийг ч эргэцүүлэх сөхөөгүй, үзэл бодлоор талцан хуваагдаж байна. Хэдийгээр хөдөлмөрлөх эрх болоод амьдралын баталгааны төлөө зулын гол болох замыг сонгосон гэж С.Эрдэнэ мэдэгдэж байгаа ч нийгэмд асар хүчтэй цочроо өгсөн арга хэлбэрийг нь зөвтгөх аргагүй юм.
Хэрвээ, тухайн үед сэтгүүлчид галыг богино хугацаанд унтрааж чадаагүй бол өнөөдөр эрдэнэт хүний амь нас үрэгдэж, олон аж ахуйн нэгжүүд эд хөрөнгийн хохирол амсахаар байсныг иргэд нүд халтирам дүрс бичлэгээс харсан нь лавтай. Тэгвэл амиа егүүтгэж, ардаа хоцорсон ам бүлдээ амьдралын баталгаа үлдээх замыг сонгосон түүний тэмцэл хаанаас эхэлж, юунд хүргэв.
Асуудал эндээс эхлэв
Тавантолгойн ордын Цанхийн зүүн хэсэгт олборлолт явуулдаг Австралын “Макмахон лимитед” компани Монголоос гарч, оронд нь Зүүн цанхийн оператор компаниар БНХАУ-ын “TT JV CO” компани ажиллахаар болсон юм. Мэдээж, энэ харилцааг зохицуулахын тулд Монголын “Эрдэнэс Тавантолгой” компани БНХАУ-ын “TT JV CO” компанитай гэрээ байгуулахаар болсон. Гэрээний ажил 2013 оноос эхэлсэн гэж байгаа ч ямар гээч гэрээ байгаа талаар тус компанийн ажилчид мэдэхгүй байсаар 2015 онтой золгосон. Харин гэрээний дагуу Цанхийн зүүн хэсэгт ажилладаг 203 ажилтан хятадын компанид шилжин, тэднээс цалин хөлс авч байхаар болсон талаарх асуудлыг үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ анхлан нийгэмд хүргэснээр асуудал эхэлсэн юм. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс Тавантолгойн ордын Зүүн цанхийн ажил зогсож, ажилчид (203 хүн) сул зогсолтын 60 хувийн цалингаа авч байгаа. Гэвч, цаашид “Эрдэнэс Тавантолгой” компанийн менежмент дээрх байдлаар үргэлжилбэл санхүүгийн эрсдэлд орох учраас 203 ажилтнаа албан ёсоор БНХАУ-ын “TT JV CO” компанид шилжүүлж, Зүүн цанхиас олборлолт явуулахаар зэхсэн гэж мэдэгдсэн юм.
Ажилчид суулт зарласан
Гэвч, сардаа 12 сая төгрөгийн цалинтай дарга, 7.2 сая төгрөгийн цалинтай түүний орлогч, 4.8 сая төгрөгийн цалинтай уурхайн дарга нарын асар том бүтэц цалин нэрээр мөнгө юүлж байхад санхүүгийн асуудал хүлээж авахгүй гэж мэдэгдсэн ажилчид өнгөрсөн сарын 19-ний өдөр компанийн үүдэнд суулт зарласан юм. Тэд энэ үедээ тодорхой, ойлгомжтой шаардлага хүргүүлсэн нь өнөөдрийн хурцадмал байдалд хүргэсэн өнөөх нь шалтгаан билээ.
Тухайлбал, Тавантолгойн удирдлагуудаас өөр хэн нэгэн олж, хараагүй гэрээнд ажилчдын эрх ашгийг зөрчсөн хэд, хэдэн заалт орсон байж. Ажилчдаас нэг ч удаа асуугаагүй ч, тэдний хувь заяаг шийдэж орхисон гэрээний 18 дугаар заалтад дараах зүйлсийг тусгасан байгаа юм.
18 дугаар зүйлийн 2-т “Захиалагчийн төлөөлөгчид тухайн ажилтай холбоотойгоор ажилд авсан аливаа ажилтныг сахилга бат зөрчсөн, чадваргүй эсвэл хайнга эсвэл аюултай байдлаар ажилладаг гэсэн үндэс суурьтай саналаар Захиалагчийн төлөөлөгчид Гүйцэтгэгчээс уурхайн газар нутгаас эсвэл ажилтай холбоотой аливаа үйл ажиллагаанаас холдуулахыг зааварчилж болно. Энэ төрлийн зааварчилгааг бичгээр ирүүлэх ёстой ба холдуулах шалтгаануудыг дурдсан байна.
Мөн 18.3-т “Гүйцэтгэгч нь Захиалагчийн (он, сар, өдөр)-с өмнө уурхайд ажиллаж байсан бүх ажилтнуудад үйл ажиллагаа эхлэх он сар өдрөөс идэвхтэй болох ажил эрхлэлтийг Хавсралт 13-т зааснаар (энэ хавсралтад одоогийн уурхайн ажилчдын нэрс байх юм-сэтгүүлч) яаралтай санал болгоно. Гүйцэтгэгч нь одоо байгаа уурхайн ажилтнуудыг Хавсралт 13-т заасны дагуу өөрийн ажилтнуудын адил цалин тэтгэмжийн түвшинд хамгийн багадаа үйл ажиллагаа эхлэх он сар өдрөөс эхлэн (12) сар авч ажиллуулна; Гүйцэтгэгч нь тухайн эхлэх он сар өдрөөс өмнө байсан одоо байгаа уурхайн ажилтнуудын аливаа цалин, тэтгэмж эсвэл бусад эрхэд үүрэг хүлээхгүй. Тухайн 12 сарын хугацаанаас өмнө Гүйцэтгэгч нь одоогийн байгаа уурхайн аль ч ажилтны ажил эрхлэлтийг зогсоож болох ба Гүйцэтгэгчийн төлөөлөгчдийн үндэс суурьтай саналаар тухайн уурхайн ажилтанг сахилга бат зөрчсөн, чадваргүй эсвэл хайнга эсвэл аюултай байдлаар ажилладаг гэж үзсэн байна” гэж бичжээ.
Хэрвээ дээрх гэрээний заалтуудыг өөрчлөхгүй бол “Эрдэнэс Тавантолгой” компаниас Хятадын “TT JV CO”-д шилжин очих, монголын ажилчдад ямар асуудал үүсэх нь тодорхой бичигдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт цалингийн асуудал. “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн ажилчид дунджаар 1.2 сая төгрөгийн цалин авч, тэг зогсолт хийсэн үед цалингийн 60 хүртэлх хувийг авдаг. Тэгвэл “Эрдэнэс тавантолгой” компанийн ажилчид Хятадын компанид шилжсэн тэр мөчөөс эхлэн өмнө хийсэн гэрээ болоод цалингийн нөхцөл тэр чигтээ үйлчлэхгүй болж байгааг 18.3 дахь заалтаас харагдаж байна. Үүнээс гадна багадаа 12 сар ажиллуулах ёстой гэж заагаад үргэлжлүүлэн ажиллуулах талаар дурдаагүй байгаа ч “TT JV CO” нь ...одоогийн байгаа уурхайн аль ч ажилтны ажил эрхлэлтийг зогсоож болох ба...үндэслэлтэй байна... гэжээ. Энэ нь ажилчид цаашид тогтвортой ажиллах баталгаагүй гэдгээс өөрцгүй сонсогдож байна.
С.Эрдэнийн биеийн байдал хүнд байна
Хэдийгээр дээрх заалтуудыг өөрчлөх шаардлагыг удирдлагын багт хүргэж байсан ч талууд БНХАУ-ын “TT JV CO” компанид “Эрдэнэс Тавантолгой” компанийн 200 ажилтанг шилжүүлэхгүй байх шаардлагын дагуу тодорхой тохиролцоонд хүрээгүй юм. Үүний дараа ажилчид Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж, тэмцэж байсан ч мөн л компаниас асуудлыг нь шийдэж өгөөгүй юм. Улмаар үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийх үеэрээ “Засгийн газраас манай компанийг дэмжихгүй, ямагт дарж байна. Төр улсдаа итгэх итгэлийг минь алдагдуулж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн бузар муу үйлээр дүүрсэн “Шийдлийн Засгийн газар”-ыг огцруулахыг шаардаж байна. Би залуучуудынхаа өмнөөс хариуцлага үүрэхэд бэлэн. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ болон Монголын ард түмний өмнө өөрийгөө шатаалаа” гэж хэлээд өөрийгөө егүүтгэхийг завдсан юм.
Түүнийг өөрийгөө шатааснаас хойш хагас цагийн дараа түргэн тусламж ирж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн төвд хүргэсэн юм. Түлхийн төвөөс түүний түлэгдэлтийн зэргийг 30-40 хувьтай гэж тогтоосон ч залгиур хоолой түлэгдсэн тул амь насанд нь эрсдэлтэйд тооцогдож байгаа юм.
Засгийн газар мэдэгдэл хийв
Энэ үйл явдлын дараагаар Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, С.Эрдэнийн эрүүл мэнд, эмчилгээнд анхаарал тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болгосон юм. Мөн эмчилгээ, сувилгаанд шаардагдах зардлыг “Эрдэнэс тавантолгой” хувьцаат компаниас гаргуулах нь зүйтэй гэсэн чиглэл өгч, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөлж, улмаар компанийн хуулийн дагуу шинэ гүйцэтгэх удирдлага томилогдтол “Эрдэнэс Монгол” хувьцаат компанийн Хууль эрх зүйн асуудал эрхэлсэн захирал Т.Билгээ "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн гүйцэтгэх удирдлагыг түр орлон гүйцэтгэхээр болсон юм.
“С.Эрдэнэ шүүхэд хандаж болох байсан”
Мөн өдрөө “Эрдэнэс Тавантолгой” компанийн байранд тус компанийн Гадаад харилцаа Олон нийттэй харилцах хэлтсийн дарга П.Гэрэлтсансар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Юун түрүүнд тэд “олон нийтийн газар олон хүнийг цочроосон, нөгөө талаар өөрийгөө хохироосон явдал болсонд харамсаж байна” гээд, шүүхэд хандаж маргааны шийдвэрлүүлэх боломжтой байсан талаар ярьсан юм. Тухайлбал, “С.Эрдэнэ энэхүү үйлдлээ хийхийн өмнө “Засгийн газраас манай компанийг дэмжихгүй ямагт дарж байна. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ төлөө болон Монголын ард түмний өмнө өөрийгөө шатаалаа” гэж хэлээд шатаасан байна. "Эрдэнэс Тавантолгой" компани Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байгаа бол "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлийн дарга нь холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрийгөө шатаалгүйгээр эрх ашгаа хамгаалах бүрэн боломжтой байсан. Энэ тухай Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуульд заасны дагуу шүүхэд хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Гэвч тэрээр энэхүү хуулийн боломжийг бус харин эрүүл мэндээрээ хохирч нийгэмд айдас төрүүлэхүйц үйлдлийг сонгосонд харамсаж байна. Тиймээс болсон үйл явдлыг зохих хуулийн байгууллага шалгаж, үнэн мөнийг тогтоох биз" гэсэн юм.
“Өргөдлөө шийдүүлэх ёстой байсан”
Мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү С.Эрдэнэ дээрх асуудлын хүрээнд УИХ-ын дарга З.Энхболдод хандсан байсан талаар мэдээлэл хийсэн юм. Тухайлбал, “Компанийн удирдлагууд компанийн эдийн засгийн байдлыг сайжруулах нэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3, 40.5 дахь заалтуудыг ноцтой зөрчин 203 мэргэшсэн ажилтнаа халсан. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь ноцтой зөрчин, бусдад худалдсан хэмээн үзэж байна. Австралийн нэр бүхий компани, БНХАУ-ын харьяа компани болсныг хүлээн зөвшөөрч, хамтын ажиллагааны итгэлцлийн гэрээг Монгол Улсын газар нутаг дээр ажил үүрэг гүйцэтгэх гэрээ болгон өөрчлөх эрх зүйн чадамжгүй, хүчингүй гэрээ хэмээн тооцож байна” хэмээн өргөдөл гаргасан байна. Тиймээс Байнгын хорооны дарга О.Баасанхүү энэ асуудлыг нийгмийг айдаст автуулах гэсэн, тэр тусмаа өөрийнхөө амьд явах эрхийн эсрэг алхамыг хийхгүйгээр хуулийн дагуу шийдүүлэх боломжтой бахйсан гэсэн юм.
Ажил хаялтаа зогсоов
Үйлдвэрчний эвлэлийн дарга нь амиа егүүтгэх оролдлого хийсний дараа уурхайн ажилчид ажил хаялт зарласан юм. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 12.00 цагт тус компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн гишүүд болон ажилчдын төлөөллийг хүлээн авч уулзан, үүсээд буй асуудлын талаар санал солилцож, зарим асуудлыг нааштайгаар шийдвэрлэсэн байна. Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн төлөөлөл нь “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн биеийн байдалд анхаарал тавьж, холбогдох бүхий л тусламж дэмжлэгийг компанийн зүгээс үзүүлэх, компани болон Үйлдвэрчний эвлэл хоорондын хамтын гэрээг яаралтай байгуулах, “TT JV CO”-той байгуулсан гэрээтэй холбоотой зарим заалтыг эргэн харах зэрэг саналыг “Эрдэнэс Тавантолгой” компанид дахин тавьсан байна.
Харин уулзалтын дүнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16.00 цагаас ажил хаясан 21 ажилтан 2015 оны 11 дүгээр сарын 14-ний 15.30 цагт ажил хаялтаа зогсоож, уурхай хэвийн үйл ажиллагаанд шилжсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс С.Эрдэнийн биеийн байдалд анхаарал тавьж байгаа бөгөөд шаардлагатай эм тариаг эмчийн заавраар хангаж байгаа аж. Мөн хамтын гэрээ байгуулах асуудалд хоёр талаас ажлын хэсэг гарган ажиллаж байгаа бөгөөд ойрын хугацаанд асуудлыг эцэслэн шийдвэрлэх болно гэж “тус компанийн зүгээс мэдэгдлээ.