Э.ГАНЦЭЦЭГ
Саяхныг хүртэл хүчирхийлэлд өртсөн хүүхдийн талаархи мэдээлэл төдийлэн ил байсангүй. Энэ нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэж байгаагүй гэсэн үг бус, харин эсрэгээрээ нүдэн балай, чихэн дүлий, нууж чаддаг байсантай холбоотой. Харин сүүлийн жилүүдэд хүчирхийллийн улмаас хазуулж, зодуулсан, тэр бүү хэл амь насаараа хохирсон олон тохиолдол ил болсноор нийгмийн анхаарал “Хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэрэг”-т чиглээд буй.
Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагад шинэчлэл хийх, үйл ажиллагаа нь зорилтот бүлэгт улам ойртуулах шаардлагатай гэж үзэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, “Дэлхийн Зөн-Монгол” олон улсын байгууллага, Хүүхдийн төлөө үндэсний газар зэрэг хүүхдийн эрхийг хамгаалах 10 гаруй байгууллага оролцсон “Хүүхдийн тусламжийн утас-108”-ын өнөөгийн байдал, цаашдын зорилтыг тодорхойлох хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгийн үеэр “Дэлхийн Зөн-Монгол” байгууллагын суурин төлөөлөгч Винсент Эдуард “хүүхдийн тусламжийн-108 утас” өнгөрсөн нэг жилийн хугацаанд чамлахааргүй ажил хийсэн. Цөөн хүн амтай улсад хүүхдэд зориулсан лавлах утас ажиллана гэдэг их том үзүүлэлт. Танайхаас хэд дахин их хүн амтай, хүүхдийн тулгамдсан асуудал ихтэй оронд ч энэ төрлийн үйлчилгээ байдаггүй. Түүнчлэн, тус лавлахаар өнгөрсөн хугацаанд чамгүй олон хүүхэд, эцэг эхчүүд үйлчлүүлжээ. Тиймээс утасны үйлчилгээг өргөжүүлж, цар хүрээг нэмэгдүүлэх нь зүйтэй” гэв. Хэлэлцүүлгийн үеэр мэргэжлийн сэтгэл засалчдыг бэлтгэх, мөн хүүхэд хамгааллын зориулалтын байр бий болгох шаардлагатай гэж олон мэргэжилтэн санал нэгдэж байлаа.
“Хүүхдийн тусламжийн утас-108” “Хүүхдийн төлөө үндэсний газар”-ын дэргэд хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, яаралтай хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулагдсан. Өнгөрсөн оны зургадугаар сарын 1-нээс өдгөөг хүртэл тус лавлахад 230 мянга орчим дуудлага иржээ. Энэ талаар “Хүүхдийн тусламжийн утас-108”-ын зохицуулагч М.Энхболд ийн ярив.
-Жил хагасын хугацаанд 230 мянга орчим дуудлага ирсэн гэлээ. Тэгэхээр өдөрт хэчнээн дуудлага хүлээн авдаг юм бол?
-“Хүүхдийн тусламжийн утас-108” нь яаралтай хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн төдийгүй хүчирхийлэл үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой. Хамгааллын үйлчилгээ шаардлагатай дуудлагад бэлэн байх “Хүүхэд хамгааллын яаралтай тусламжийн алба” гэж хэлж болохуйц. Өнөөдрийн байдлаар манай утас 16 зөвлөгчтэй, дөрвөн ээлжээр, дөрвөн шугаманд, 24 цагаар ажиллаж байна. Жил хагасын хугацаанд 230 орчим мянган дуудлага ирсэн. Энэ нь сард дунджаар 150 мянга гаруй, өдөрт 450-500 гаруй дуудлага хүлээж авч байна гэсэн үг. Үүний 1-2 хувь нь хүүхдийн хүчирхийллийн дуудлага байдаг. Энэ нь 2300 орчим дуудлага гэсэн үг. Манай лавлах үйлчилгээ үнэ төлбөргүй учраас хандалтын тоо өсч байгаа гэж хардаг.
-Дөрвөн настай охин амиа алдсанаас хойш “Хүүхдийн тусламжийн утас-108” багагүй шүүмжлэлд өртсөн. Энэ талаар?
-Хэрэв иргэд, тэр дундаа хөршүүд нь хүүхдийн төлөө бага ч болов сэтгэл гаргасан бол тэр хэргээс урьдчилан сэргийлж болох байсан. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эрхийн зөрчилтэй холбогдолтой олон хэрэг гарсан.
Манай лавлахад тухайн хэргүүд гарсны дараа гомдол, шүүмж нэлээд ирсэн. Хүүхдийн дуудлагын утас юу ч хийхгүй байна гэж иргэд шүүмжилдэг. Гэвч манайх ирсэн мэдээллийг 4-5 түвшинд нэгэн зэрэг дамжуулах үүрэгтэй. Манайх иргэдээс ирсэн мэдээллийг холбогдох байгууллагад нь уламжилж, холбож өгдөг. Иргэд манай лавлахын үндсэн чиглэл, үйл ажиллагааг төдийлэн сайн мэдэхгүй байна. 102, 103-тай харьцуулж ойлгоод шууд машинтай ирээд хамгаалалтад авдаг мэтээр ташаа ойлгодог. Бид харин тухайн хүүхдийн байршилд хамгийн ойр байгаа хүүхэд хамгааллын цэг, ажилтанд мэдээллийг хурдан шуурхай дамжуулж, тэрийгээ хянах үүрэгтэй юм шүү дээ.
-Танай лавлахад хандсан хамгийн сүүлийн хэрэг юу байв?
-Нэг айлын хөрш хажуу айлын хүүхэд нь өдөржин уйлж байгаа талаар мэдээлсэн. Үүнийг бид хүчирхийлэл байж болзошгүй гэж үзээд “Мэдээлэл, шуурхай удирдлагын төв буюу 102”, тухайн хорооны хүүхэд хамгааллын мэргэжилтэнд мэдэгдсэн. Шуурхай ажилласны үр дүнд цагдаагийн эргүүл, хүүхэд хамгааллын мэргэжилтэн очиж байдалтай нь танилцсан.
Хөршийнх нь мэдээлснээр хүүхэд эцэг, эхдээ зодуулсан байдалтай байсан учраас тэр гэр бүлд зөвлөгөө өгч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй гэсэн тэмдэглэлд бүртгэж авсан байна билээ. Уг хэргийг нийслэлийн цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тасаг шалгаж байгаа.
-“Хүүхдийн тусламжийн утас-108” ямар байгууллагуудтай хамтарч ажиллаж байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн 107 утас, “Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв” ТББ, Хүүхдийн төлөө Үндэсний газрын харьяа есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй “Хүүхэд-гэр бүлийн хөгжлийн төв”-ийн хүүхэд хамгааллын мэргэжилтэн, аргазүйчидтэй хамтарч ажилладаг. Мөн бүх аймгийн хэмжээнд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн байгууллага ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд хамгааллын байгууллага хангалттай, тогтолцоо нь ч бий. Үйлчилгээг ч сайн үзүүлдэг. Мөн сум, хороонд ажиллаж байгаа засаг даргаар удирдуулсан хөгжлийн, халамжийн нийгмийн ажилтан, бүртгэлийн мэргэжилтэн, хэсгийн байцаагч, хэсгийн ахлагч нарыг багтаасан “Хүүхэд хамгааллын хамтарсан баг” нийслэлийн нэгжүүдэд ажиллаж байгаа.
-Танайд ханддаг хүүхдүүд ихэвчлэн ямар асуудлаар мэдээлэл, зөвлөгөө авч байх юм?
-Манай утсанд ихэнхдээ мэдээлэл авах гэсэн иргэд ханддаг. Нийт дуудлагын 20 гаруй хувийг зөвлөгөө хүссэн дуудлага эзэлдэг. Ялангуяа өсвөр насныхан үе тэнгийнхэн, гэр бүлтэйгээ харилцах талаар сэтгэлзүйн зөвлөгөө их авдаг. Сүүлийн үед хүүхэд хамгааллын үйлчилгээ зайлшгүй үзүүлэх шаардлагатай тохиолдлууд их гарч байна. Тэр дундаа бие махбодийн, бэлгийн хүчирхийлэл, сэтгэл санааны дарамт, цахим дарамт, амиа хорлох гэсэн сэдэлт, оролдлого ихэссэн. Манайд хандаж байгаа иргэдийн 60 орчим хувь нь хүүхдүүд. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийллээс үзэхэд биеийн буюу хүүхдийг зодож, тарчлаах хэрэг ихэнх хувийг эзэлсэн байна.
-Иргэд, ялангуяа хөршүүд хэр их холбогддог вэ?
-Хүчирхийллийн шинжтэй, мөн хүчирхийлэлд өртөж болзошгүй талаархи дуудлага их ирдэг. Хөндлөнгийн, ялангуяа хөршүүд, түүнчлэн хүүхдүүд өөрсдөө хандах нь бий. Манай лавлах мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй хамтарч ажилладаг. Яаралтай дуудлагын үеэр 102-той шуурхай ажилладаг. Түүнчлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ хүссэн тохиолдолд 103-тай холбож өгдөг.
-Өнгөрсөн хугацаанд ирсэн 230 гаруй мянган дуудлагаас хэд нь цагдаа, шүүхийн шатанд шийдвэрлэгдэв?
-Дээрх тохиолдлоос 330 орчим нь цагдаа, шүүхийн байгууллагатай холбогдсон. Бусад хэрэгт хүүхэд, гэр бүлийн хөгжлийн байгууллагууд нийгэм, сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлсэн. Өнөөдрийн байдлаар дээрх хэргийн 40 орчим хувь нь шийдвэрлэгдэж, хаагдсан. Гэхдээ хүүхдийн эрхийн зөрчлийг арилгах, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд нөхөн сэргээх үйлчилгээ, нийгэмшүүлэх дагалддаг учир урт хугацаа шаардагддаг. Мөн тухайн хүүхдийг 18 нас хүртэл анхааралдаа авч ажиллах тохиолдол байдаг.
-Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах зориулалтын түр байр бий юү?
-Нийслэлийн Цагдаагийн газрын дэргэдэх түр хамгаалах байр бий. Энэ нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зориулагдсан. Яг хүүхдэд зориулагдсан түр хамгаалах байр байхгүй.
-Хүүхэд хамгааллын тал дээр тулгамдаж буй асуудал юу байна вэ. Түр хамгаалах байртай болох нь эхний асуудал бололтой?
-Улсын хэмжээнд хүүхэд хамгааллын түр хамгаалах байр нэн тэргүүнд шаардлагатай нь үнэн. Мөн хүүхэдтэй ажиллаж, тусламж зөвлөгөө өгөх мэргэжлийн сэтгэл засалчдыг бэлтгэх шаардлагатай байна. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн 70-80 хувь нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт үйлдэгдэж буй. Тэгэхээр ядаж нийслэлийн хэмжээнд хүүхдийн түр хамгаалах байр бий болгох хэрэгтэй. Манай дуудлагын утасны операторууд сэтгэлзүйч, нийгмийн ажилтнууд. Сэтгэл засалч, сэтгэлзүйч хоёр угтаа өөр.
Тусламж эрэн, уулзаж, ярилцах боломжгүй нөхцөл байдалтай хүүхдүүд ханддаг учраас сэтгэл засалч зайлшгүй хэрэгтэй байдаг. Энэ талын боловсон хүчинг бэлтгэх нийгмийн шаардлага үүсээд байгаа ч өдийг болтол анхааралгүй явсан. Түүнчлэн хүүхэд хамгааллын яаралтай тусламж, үйлчилгээ шаардлагатай байгаа. Мөн хүүхдийн суурь эрхийг хангах тал дээр эцэг эхчүүдийн анхаарал халамж муу байгаа нь харагддаг. Эцэг, эхчүүд хүүхдээ үл хайхарч буй нь харамсалтай.