Израйль болон Палестины зөрчил 30 гаруй жил их гүрнүүдийн “шүдний өвчин” болоод байсан. Тэгвэл бид энэ удаад Израйлийн Боловсролын сайдын ярилцлагыг хүргэж байна. Учир нь хүүхдүүдэд улс төрийн болон нийгэм эдийн засгийн ойлголтыг боловсролоор дамжуулан олгохыг онцолсон. Ярилцлагын үеэр еврей иргэдийн асуудлыг ч мөн хөндөв. Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд энэхүү ярилцлагыг онцолж байгаа юм.
-Дэлхий өөрчлөгдөж байна. Израйлийн эрх баригчид ч өөрчлөгдөж, үүнийг дагаад танай улсын боловсролын системийг бид их сонирхох боллоо. Бодлогын хувьд бусдаас юугаар өөр байна вэ?
-Манай улсын боловсролын систем хүүхдүүдэд нийгмийн ухааныг голчлон сургах чиглэлийг баримтлан ажиллаж байна. Суурь боловсролоос гадна хүүхдүүд дунд сургууль төгсөөд нийгэмд бэлэн болж гарах ёстой гэсэн бодлого бидэнд бий. Үүний тулд дунд сургуулийн боловсролын системд төрөөс тусгай хөтөлбөр оруулж, хэрэгжүүлж байгаа. Тодруулбал, үндэсний бодлогын хажуугаар хүүхдүүдийг төлөвшүүлэхэд чиглэсэн хөтөлбөр. Нийгмийн харилцаанд ямар хүн болж орно амьдрал дээр ч мөн адил цэгцтэй, нямбай болно гэсэн бодолтойгоор багш нар маань ажилладаг. Израйлийн хувьд АНУ-ын болон ОХУ-ын боловсролын систем гэхчлэн өөр ямар нэг улс орны бодлого, жишгийг дагадаггүй. Хүүхдүүдэд амьдралд ойрхон бүхнийг хичээлээр дамжуулан мэдлэг олгох хөтөлбөрүүдийг заадаг гэж хэлж болох юм. Жишээ нь, Биеийн тамирын хичээл их чухал. Бусад оронд хүүхдүүд биеийн тамирын хичээл дээр спортоор хичээллэх, бие бялдартаа анхаардаг. Харин бид биеийн тамирын хичээл дээр ирээдүйд цэргийн алба хаах бэлтгэл суурийг тавьдаг гэж ойлгож болно. Харин эмэгтэйчүүд нь газар зүйн онцлогоос хамаарч бие бялдар, ирээдүйд ээж болох бүхий л ухааныг биеийн тамирын хичээлээр дамжуулан олгодог. Амьдралд бэлэн болох талын ойлголтыг суралцдаг гэсэн үг. Боловсролын яамнаас хүүхдүүдийн, оюутнуудын хувьд ч нээлттэй боломж олгож, ирээдүйд ямар хүсэл тэмүүлэлтэй байгааг нь багш нараар дамжуулан мэдэж аваад түүнд нь суралцуулах хөтөлбөр мөн хэрэгжүүлж байгаа. Энэ бол манай улсын боловсрол олгож байгаа давуу тал, гол онцлог.
-Гадаадын улс орны тэтгэлгээр суралцах оюутан залуус ихэнхдээ ямар чиглэлээр суралцаж байгаа вэ. Олон чиглэлээр суралцдаггүй гэж би дуулсан?
-Манай улсад ямар мэргэжилтэн, ямар боловсон хүчин хэрэгтэй байна түүнийгээ л бид бэлтгэж гадаад дотоодын сургуулиудад суралцуулж төгсөгдөг. Бүгд л өөр өөр хүсэл мөрөөдөлтэй хүүхэд залуучууд байгаа учраас хүссэн мэргэжил болгоноор сургаад байх хэцүү шүү дээ. Ихэвчлэн хими, физик, шинжлэх ухааны салбарт манай хүүхдүүд гадаадад суралцдаг. Энэ нь Израйлийн ирээдүйд хэрэгтэй гэж үзсэн төрийн бодлого. Боловсролын яам ч энэ бодлогыг дэмжин ажилладаг. Шинжлэх ухааны салбарт манай хүүхдүүд үе, үеийн залуусаас илүү байдаг нь жилээс жилд нэмэгдэж байгааг ажиглаж болно. Тэд гадаадын оронд төгсч ирээд улсдаа шинэ зүйл нээж, үр өгөөжөө өгсөн чухал хөтөлбөр, туршилт хийдэг. Физикийн салбарт хүүхдүүд идэвхтэй ажиллаж байгаа нь бидний хувьд бахархалтай зүйл.
-Израйлийн сурагчид болон оюутнуудад Палестины эсрэг гэсэн ойлголт тархинд нь суулгаж өгдөг гэсэн мэдээлэл Ойрхи дорнодын улс орнуудаар гардаг. Тодруулбал, хэзээ ч Палестинтай эв нэгдэлтэй байхгүй гэсэн бодлого боловсролоор дамжуулан олгож байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Бид юу гэж тийм зүйл хийх билээ. Хүүхдүүдэд болон оюутнууд нийгмийн байдалд өөрсдөө дүгнэлт үнэлгээ өгч байгаа. Тэдний харах өнцгийг Боловсролын яамнаас чиглүүлнэ ч гэж юу байхав. Харин ч төр үүнийг эсэргүүцэх ёстой. Мэдээж бүс нутагт талуудын зөрчил хүчтэй байгаа нь үнэн. Гэхдээ аль болох энхтайван байдалд анхаарал хандуулж байгаа гэж би боддог.
-Зөрчилдөөнийг хараад байхад ихэвчлэн залуучууд жагсаал, мөргөлдөөнд оролцож байгаа харагдах юм?
-Нийгмийн идэвхтэй хэсэг нь залуучууд шүү дээ.
-Таны бодлоор Израйлийн боловсролын системд хийх ёстой өөрчлөлт юу вэ. Яагаад би энэ асуултыг асууж байна вэ гэхээр өнөөдөр барууны болон Азийн боловсролын систем тэс ондоо ч дэлхийн нэг хэлээр ойлголцох гэж хичээдэг. Тиймээс Израйль гэдэг улс орны хувьд боловсролын системийг Европын орнууд, барууны орнууд ч судалдаг. Таны бодлоор ямар өөрчлөлт хэрэгтэй байна вэ?
-Нобелийн шагналтан, эрдэмтэн докторууд манай улсын боловсролын системд өндөр үнэлгээ, дүгнэлт өгсөн байна билээ. Гэхдээ бидний хувьд боловсрол гэдэг нэг бүхэл байхыг хэлэхгүй харин үндэстэн болгоны онцлогийг мэддэг тийм л боловсролын шинэ систем хэрэгтэй байгаа юм. Гадаад дотооддоо хэрэгтэй чиглэлээрээ суралцдаг л юм байгаа биз. Системийн хувьд шашны үзэл санааг илүүд үзэх тал дээр өөрчлөлт хэрэгтэй гэж хараад байгаа юм.
-Радикал ислам үзэл баримтлалын талаар яриад байна уу?
-Нэг талаараа тийм. Гэхдээ шашин төрийг зайлшгүй судлах ёстой нь хичээлийн нэг чухал хэсэг. Боловсролын хувьд ч чухал. Шашин төр уялдаа холбоотой байж боловсрол өндөрөөр үнэлэгдэж, оюун ухааны оргилд хүрэх тухай нэг эрдэмтэн хэлж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, радикал, суурин, энгийн, олон үзэл баримтлалтай исламын шашин өөр хоорондоо яагаад зөрчилддөг гэдгийг ч судлах ёстой. Үүнд багш нарын үүрэг оролцоо чухал. Шашин төрийн үүднээс Боловсролын яам сурагчид болон оюутнуудыг шүтдэг шашинтай нь холбож хааж боох бодлого явуулдаггүй. Зарим улс оронд яг л ийм шашинг баримтлаад хичээл, сургуулийн хөтөлбөрөө явуулна гэж нь бэлтгэсэн байдаг бол Израйлийн хувьд өөр.
-Еврейчүүдийн хувьд сүүлийн жилүүдэд бас л асуудал их үүсгэж байгаа. Гэхдээ үүнийг зөвхөн тэдэнд тохох биш хүмүүсийн боловсрол, мэдлэгтэй холбон тайлбарлах болсон. НҮБ-аас танай улсын боловсролын салбарт нэг нууц байгааг онцолсон. Та энэ талаараа та бүхэнд дуулсан уу?
-Дуулаагүй юм байна. Юуны талаар юм бол.
-Тэгэхээр боловсролын тухай яриаг түр хойш тавих нь зүйтэй байх. Эрх чөлөөг олохын тулд хүмүүс амиа хорлох явдал ихсэж байгааг та бүхэн онцлон ярьдаг. Хоёр үндэстний зөрчилдөөнийг таслан зогсоохыг хүсэж байгаагаа илэрхийлдэг?
-Би энд зөвхөн боловсролын сайд биш улс эх орныхоо өмнө үүрэг хүлээсэн хүн. Палестинчууд тусгаар улс болохын тулд өөрсдийн хүмүүсээ хөнөөсөн олон жишээ байдаг бол Израйлийн тал үүний гол буруутан болдог. Энэ байдал бараг миний мэдэхийн 1999 оноос хойш үргэлжилж байна. Нэг жишээ хэлье. Амиа золиослосон хүний ар гэрийнхэнд мөнгө төлөөд олон улсад биднийг буруу зүйл хийж байгаа мэт харагдуулсан нотлох баримт байгаа. Тэд биднийг “Еврейчүүд исламын шашин төрийг огт хүндлэхгүй бусармаг үйлдэл хийсээр л байна” хэмээн шүүмжилсээр байдаг. Өнгөрсөн жил тэд өдөөн хатгаж нөхцөл байдлыг мөн л хүндрүүлсэн.
-Израйлийн хүн амын 74.9 хувь нь еврей. Та нар 1948 оны тавдугаар сарын 14-ний өдөр тусгаар улс болсоноо зарласан. Палестинчуудаас жилээс жилд газар нутгийг нь хумсалсаар өнөөдөр АНУ-ын дэмжлэгтэйгээр цэрэг армийн хувьд хүчирхэг боллоо. Гэхдээ Боловсролын салбарт гарч байгаа зарим нэг гадуурхал, үзэл баримтлалын талаар танай улсад амьдардаг араб иргэд гомдол мэдүүлдэг?
-Яг ямар гадуурхалын талаар яриад байгааг тань ойлгохгүй байна.
-Үндэстэн ястанаар нь ялгаварлан гадуурхаж тусдаа хичээл заадаг гэх мэдээлэл бий. Үүнийг сайдхаа хувиар тайлбарлавал?
-Тэр бол боловсролын салбараас гадуур зүйл. Шашин, үндэстний тусгай хөтөлбөр гэж Засгийн газрын тэргүүн хэлж байсан удаатай. Тиймээс миний мэдэх зүйл биш. Бас танд өгөх хариулт надад одоогоор алга. Бид сүүлийн 3000 жилийн турш Ромын эзэнт гүрний үед, Германы фашизмийн үед олон сая хүнээ алдсан. Газар нутгаа ч алдсан. Энэ бүхнийг даван туулсан найман сая гаруй еврейчүүд дэлхийн хамгийн хүнд, аюултай газарт ардчиллыг бүтээн босгохын тулд хичээдэг. Бид ардчиллын төлөө амь бие хайрлалгүй дэлхийн хамгийн аюултай газар тэмцэж байгаа. Палестинчууд бидэн рүү дайрч, тэднээс өөрсдийгөө хамгаалж байна. Энд л гол асуудал байгаа юм.
-Танай улсын Батлан хамгаалахын сайд “Газар нутгаа авахын тулд шаардлагатай тохиолдолд бүхнийг хядах хэрэгтэй” гэсэн байсан?
-Би үүнийг сонсоогүй. Та над руу дайрч болохгүй. Өнөөдөр та Лондон хотод сайхан амьдарч байж биднийг дайн дэгдээж байгаа мэтээр буруутгаж болохгүй.
-Би тэгээгүй шүү дээ.
-Та тийм л зүйл яриад байна. Христийн, ислам, лал, еврей зэрэг дөрвөн шашин нэгэн зэрэг оршдог цорын ганц улсын хувьд Израйль шашин төрийн тэнцвэртэй байдлыг хадгалдаг орон үгүй. Бид энхтайван байдлыг тогтоохын тулд хичээж байна. Аль болох эв найртай байх үүднээс талуудтай зөвшилцөж байна. Яагаад ийм буруу ойлголт дэлхийд тархсан байдаг юм бол. Би ойлгохгүй юм.
-Та дөрвөн шашны тухай ярилаа. Уулын сүм хийдийн талаар та яриад байна уу. Тэнд зарим нэг шашны хүмүүсийг ойртуулдаггүй гэдэг шүү дээ?
-Уулын сүмийн талаар захирах, зааварчилгаа өгөх талаар бидэнд заах эрх хэнд ч байхгүй. Шашин шүтэх эрх нь олгогдсон байхад ямар ч хүмүүс тэрхүү сүмд очин залбирах, уулын бүсэд очих нь тэдний эрх. Ямар ч хориг тавиагүй бас хууль тогтоогоогүй. Тэрхүү газрыг шашны хувьд хамгийн ариун газар гэж ч яригддаг. Исламын хувьд ч тэр, еврейчүүдийн хувьд ч тэр уулын сүм хамгийн ариун дагшин газар байсаар ирсэн. Боловсролын сайдын хувьд ч би иймэрхүү ярианаас хол байхыг хичээдэг.