Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
П.Гомболүүдэв: Ирэх өвөл хур тунадастай ч харьцангуй дулаан байх шинжтэй

Т.ЖАНЦАН

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Уур амьсгалын секторын эрхлэгч П.Гомболүүдэвтэй Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн хор хохирлын талаар ярилцлаа.

-Уур амьсгалын өөрч­лөлтөөс үүдэн дунджаар дэлхий дээр хэдэн хэм дулаараад байгаа вэ. Энэ талаар та бүхэнд ямар баримт тоо байна?
-Өнөөдөр хүн бүр уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэддэг болж. Гэвч хүний амьдрал ахуйд хэрхэн нөлөөлж буйг нь тоохгүй тал бий. Ер нь, дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлтийг 1990 оны эхэн үеэс ярьж эхэлсэн. Хүн төрөлхтөн дулаан, цахилгаан энергийнхээ хэрэгцээг хангахын тулд их хэмжээгээр нүүрс шатааж эхэлсэн үеэс л  агаар мандалд утаа хуримтлагдаж, бохирдуулсаар  хүлэмжийн хий буюу СО2 үүсгэсээр байгаа.
Томоохон үйлдвэр, уурхай метан хий, азотын хүчил зэргийг ялгаруулдаг нь дэлхийн агаар мандалд ч хуримтлагдсаар байна. Тухайлбал, 100 жилийн өмнөхтэй  харьцуулбал гурав дахин нэмэгджээ. Дэлхий нийтээрээ хүлэмжийн хийн агаар мандал дахь агууламж ч нэмэгдсэн. Энэ хүлэмжийн хийн уур амьсгалд үзүүлж байгаа эфект нь газар орчмын агаар мандлыг дулааруулдаг.  Агаар мандлын температур олон жилийн дунджаасаа нэмэгдсээр байна гэсэн үг. 100 жилийн өмнөхтэй харьцуулбал дэлхийн бөмбөрцөгийн дундаж температур 0.86  хэмээр нэмэгдсэн байгаа юм.
Ойролцоогоор нэмэх 15 хэм байсан градус +16 болсон гэсэн үг. Хэдийгээр их бага тоо мэт харагдавч бөмбөрцгийн нийт хэмжээгээр дундажлаад гаргасан тооцоо. Бүс нутгаар нь өөрчлөлтийг нь авч үзвэл өндөр тоо гардаг.

-Монголын хувьд энэ үзүүлэлт ямар төвшинд байгаа вэ?
-Монгол орны  хувьд 1940-өөд оноос хойш жилийн агаарын дундаж температур 2,1 хэмээр дулаарсан байгаа юм. Үүгээр уур амьсгалын өөрчлөлт маш эрчимтэй явагдаж байгаа нь батлагдаж байна. Жилийн дунджаар нь аваад үзэхэд ийм ч улирлаар нь харвал Монгол Улсын өвлийн дундаж температур 3,6 хэмээр дулаарчээ.  Газар зүйн тархалтаар Монгол орны хойд хэсэгт дулаарал эрчимтэй явагдаж байна.  Хур тунадасны хувьд өөрчлөгдөж байгаа ч үнэмшилтэй статистик мэдээлэл хархаахан гараагүй. Ажиглалтаас үзвэл хур тунадасны орох хэмжээ яльгүй буурах хандлагатай байна. Ялангуяа дулааны улирлын хур борооны хэмжээ газар тариалангийн бүс нутагт буурч байгаа үзүүлэлт гарсан.  Баруун болон зүүн өмнөд хэсэгтээ бол яльгүй нэмэгдэх хандлага байна. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн өвлийн улиралдаа харин ч эрсдэл багасч байна гэж хэлж болно. Их хүйтэн байдаг, хасах 30 хэмээс дээш хүйтэрдэг хоногийн тоо багассан байх жишээтэй. Өвлийн хүйтэн хатуу нөхцөл маань зөөлөрч, хур тунадас ихсэх хандлагатай.  Харин зуны хувьд уур амьсгалын өөрчлөлтөөс болж гарах эрсдэл өндөр болчихож байгаа нь харамсалтай. Агаарын температур нэмэгдэх тусам хур тунадас багасч ууршилт асар их хэмжээгээр нэмэгдсэн. Хуурайшлын индекс буюу хуурай гандуу нөхцөл байдал улам ихсэх хандлага байна.
 
-Хүлэмжийн хийг бууруулах талаар дэлхийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юу байна вэ?
-Зуны улиралдаа ийм эрсдэл үүссэнээр манай эдийн засгийн гол салбар болох хөдөө аж ахуй газар тариалангийн салбар маш эмзэг болчихоод байгаа юм. Зөвхөн энэ жил гэхэд зургадугаар сарын хуурайшилт газар тариаланд ямар их хохирол учруулав. Ургацынхаа багагүй хувийг алдлаа. Дагаад бэлчээрийн ургамалд ч нөлөөлж байна. Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын гэрээ конвенц зэрэг бичиг баримтад нэгдэн тэмцэж байна. Гэвч  хүлэмжийн хийн ялгаруулалтыг тодорхой төвшинд барих, бууруулах бололцоо одоогоор бага харагддаг. Хөгжиж байгаа болон өндөр хөгжилтэй орнууд өөр өөрсдийн төвшинд хүлэмжийн хийг сааруулж чадвал дэлхийн дулаарлыг ямар нэг хэмжээгээр бууруулах бололцоотой. Манай улсын хувьд энэ хүлэмжийн хийг нэмэгдүүлэхэд оруулж байгаа хувь нь үнэндээ өчүүхэн бага. Гэхдээ нэг хүн амд ногдох ДНБ-нээр тооцвол Монгол Улс хөгжингүй орноос өндөр төвшинд байгаа үзүүлэлт гардаг. Эхний зургаан орны нэг шахуу болчихдог. Тиймээс манайх ч гэсэн хүлэмжийн хийгээ бууруулах зайлшгүй шаардлагатай. Цахилгаан станц авто машин, гэр хороолол, үйлдвэрлэл гээд ялгаруулж байгаа хүлэмжийн хийгээ салбар бүртээ бууруулах зайлшгүй шаардлагатай. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсыг нэгтгэсэн Киотогийн протколоо дуусаад  дараагийн шинэ хэлэлцээр яригдаж байна. Хэрвээ энэ хэлэлцээр батлагдвал улс орон бүр хүлэмжийн хийг хэрхэн бууруулах талаар үүрэг хүлээнэ.

-Уур амьсгалын өөрч­лөлт өнөөдөр ийм хэм­жээний хохирол учруулж байна гэсэн эдийн засгийн тооцоо судалгаа гаргасан зүйл байна уу?
-Эдийн засгийн хохирол бол багагүй. Гэхдээ мөнгөн дүнгээр тооцсон судалгааны ажил манайд бол цөөн. Дэлхийн бусад оронд ийм судалгаа хийгддэг. Наад захын жишээ гэвэл уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн байгалийн гамшигт үзэгдлийн давтагдал, эрчим нэмэгдлээ шүү дээ. Тэрхүү гамшигт үзэгдлээс үүдсэн гарз хохирол ямар төвшинд байгаа билээ. Салхи шуурганаас зам дэд бүтцийн шугам эвдэрч хүний амь нас сүйддэг.

-Уур амьсгалын өөрч­лөл­төөс бол хамгийн их мэдрэгдэж байгаа зүйл бол цөлжилт?
-Цөлжилтийн үндсэн гол фактор нь уур амьсгалын өөрч­лөлт. Хуурайшлын ин­декс эрчимжих тусам тухайн газар нутагтаа сөргөөр нөлөөлж, төрөл зүйл нь хүртэл өөрчлөгдөж байна. Эр­дэмтдийн судалгаагаар Мон­­гол Улсын газар нутгийн 70 орчим хувь нь ямар нэг хэм­жээ­­гээр цөлжиж байна. Мөн хү­нээс шалтгаалах зүйл их бий.

-Мод тарьцгаая гэж хаа сайгүй уриалж байна. Гэтэл мод тарих нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гол арга хэрэгсэл болж чадаж байна уу?
-Үнэхээр тарьсан мод бүр ургадаг бол тэмцэж байна гэж үзнэ. Харамсалтай нь, тарьж байгаа модны маань хэмжээ бага болохоор үзүүлэх нөлөө тэр хэмжээгээр л буурна Монгол орны нийт талбайн гуравны нэгийг ойжуулж гэмээнэ бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх нөлөөлөл нь нэмэгдэнэ шүү дээ.

-Уур амьсгалын өөрч­лөлтийн эсрэг монголчууд яг ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Манайд хувь хүмүүс байгууллага уур амьсгалын  өөрчлөлттэй тэмцэхэд ихээ­хэн анхаардаг болжээ. Мон­гол Улс дэлхийн томоохон сан­гуудаас том, том төс­лүүд аваад хэрэгжүүлэх болол­цоотой. Дэлхийн улс орнууд уур амьсгалын  өөрчлөлттэй тэмцэхийн тулд хөрөнгө оруулдаг Дэлхийн Ногоон сан гэхэд өнгөрсөн жил 10 тэрбум долларын үндсэн хөрөнгөтэй гэж байсан юм. Мөн Олон улсын дасан зохицох сан гэж бий. Техник технологи нэвтрүүлэх, хүн  хүчний чадавхийг сайжруулах, бэл­чээрийн менежмент хийх, байгалийн гамшгаас сэрэмж­лүүлэх системийг сайжруулах, ганд тэсвэртэй үүлдэр сортын ургамал гаргах гээд их өргөн хүрээтэй төсөл хэрэгжүүлэх боломжтой сан шүү дээ.

-Манай улсын хувьд яг одоо барьж аваад хэрэг­жүүлж байгаа то­моохон төсөл юу байгаа бол?
-Манай улсын эдийн засгийн чадавхи сул учраас судалгааны ажил тайлан гаргах зэргээр санхүүгийн байдал нь хязгаарлагддаг ч Олон улсын Дасан зохицох сангаас ганц нэг төсөл аваад хэрэгжүүлж байна. Жишээлбэл, уур амьсгалын өөрчлөлтөд өртөх өндөр эрсдэлтэй голуудын сав газруудад  эко системд түшиглэсэн дасан зохицох төсөл хэрэгжиж байна.  Мөн усан цахилгаан станц дээр хэрэгжиж байгаа төсөл ч бий.

-Манайхан сүүлийн жилүүдэд гүний усаа ашиглах хандлага ихээр ажиглагдаж байгаа. Уур амьсгалын энэ хурдацтай өөрчлөлтийн явцад гүний ус хэдэн жилийн дараа эргэн сэргээгдэх магадлалтай вэ?
-Гүний  усаа байх ёстой төвшнөөс нь хэтрүүлж ашиг­лавал орж байгаа хур тунадас нь газартаа нэвчихгүй  ууршиж байгаа энэ үед усны хомсдолд орох нь ойлгомжтой. Тиймээс орж байгаа хур тунадасаа аль болох ууршуулахгүй байх, гарч байгаа гол мөрнийхөө усыг үр ашигтай зарцуулах гэж хичээх л хэрэгтэй.  Бусад салбарын эрдэмтэд маань энэ талаар илүүтэй ярина л даа.

-Уур амьсгалын өөрч­лөлттэй холбоотой судал­гаанууд ямар төвшинд хийг­дэж байна вэ?
-Уур амьсгалын өөрч­лөлтийн өнөөгийн байдал ирээдүйн талаар прогноз хийж байна. Үүнийгээ сценарь гэж нэрлэдэг. Үүнд түшиглээд нөлөөллийн үнэлгээ салбар бүрт хийгдэж байна.

-Нэгэнт ЦУОСМХ-гийн секторын даргатай ярилцаж байгаа учраас энэ өвлийн өнгийг хэрхэн  тодорхойлж байгааг сонирхоё?
-Уур амьсгалын өөрч­лөл­төөс болж өвлийн хандлага бол зөөлөрч байна гэж би түрүүн хэлсэн. Гэхдээ жил жилийн өвөл харилцан өөр өөр байна. Дэлхийн агаар мандлын систем, далайн урсгалын харилцан үйлчлэлээс харахад Зүүн хойд Азид харьцангуй гайгүй дулаан өвөл болох нь. Бичин жил гэж байгаа ч ирэх өвөл гайгүй, дулаан байх төлөв байна. Харин 2017 оны өвөл л хатуу байх болов уу. Энэ жилийн хувьд агаар мандлын нөлөөлөл харьцангуй эерэг дулаан байгаа. Хойд туйлын агаар Монгол руу цөмөрч орох  процесс сул байна. Зүүн өмнөд Азийн урсгал манайд давамгайлах хандлагатай учраас харьцангуй дулаахан өвөл болно.  Харин хур тунадас олон жилийн дунджаас арай ахиу орох байдал ажиглагдаж байна.

-Цаашдаа дэлхийн дулаарал энэ эрчмээр яваг­даж хэдэн жилийн дараа орчны ямар өөрчлөлт үүсэх талаар урьдчилсан судалгаа байна уу?
-Дэлхий нийтээрээ 0.86 хэм дулаарч байгаагаа 2 хэмд барья гэсэн зорилго тавьсан. Хэрвээ 2 хэмээс хэтэрчихвэл хяналтаас гарах маш их эрсдэл дагуулж болзошгүй.  Харин  Монгол Улсын хувьд өнөөдөр 2 градусаар дулаарчихсан байгаа.  Энэ зууны төгсгөл гэхэд 6-7 хэм болж өөрчлөгдөх магадлал байна. Хоёр хэмээр өөрчлөгдсөн үед бидэнд ямар нөлөөлөл мэдрэгдэж байгаа билээ. Тэгэхээр гурав дахин дулаавал өнөөгийн говь цөлийн халуун, хуурай нөхцөл ой хээрийн бүсэд шилжсэн байх болов уу гэж төсөөлж байна. Тийм халуун нөхцөлд хангай газрын амьтан ургамал амьдарч чадах уу.

-Өнөөдөр бидний уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж бай­гаа арга хэмжээний үр дүнг хэдэн жилийн дараа харж болох вэ?
-Хэрвээ өнөөдрөөс саа­руулж, энэ хэмжээндээ бариад байвал  дор хаяж 50-100 жилийн дараа л үр өгөөжийг нь мэдэрнэ. Хүлэмжийн хийн агаар мандалд амьдрах хугацаа нь 50-100 жил байдаг. Тиймээс бидний авч хэрэгжүүлсэн арга хэмжээ маань ч ийм хугацааны дараа мэдрэгдэх учраас үр хүүхдээ бодож одооноос л хичээх хэрэгтэй болоод байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан