Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Дэлхийн банк: Төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй

Т.ЖАНЦАН

Дэлхийн банк манай улсын эдийн засгийн нөхцөл байдлыг шинжиж дүгнэв. Ингээд Монгол улс эдийн засгийн гадаад хүчин зүйлээс шалтгаалах эрсдэлээ бууруулахын тулд төсвийн нэгдмэл байдлыг хангах, мөнгөний бодлогоо оновчтой хэрэгжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сэргээх шаардлагатай гэжээ. Өөрөөр хэлбэл, орлого, зарлагаа дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ ханш, орж ирэх мөнгөн урсгалаа сайтар тооцох хэрэгтэй гэж буй юм.

Мөн дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ үргэлжлэн унах, худалдааны түнш орнуудын эдийн засгийн өсөлт саарч буйг онцлон анхаарууллаа. Манай эдийн засаг урт хугацаандаа өсөлттэй байх хэдий ч 2017 онд их хэмжээний зээл төлж эхлэх тул богино хугацааны хүндрэл үргэлжлэх аж. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон “Засгийн газрын бодлого нь эдийн засгийн дархлааг сайжруулах, төлбөрийн тэнцэлийн эрсдэлийг бууруулах тохиргоо хийхэд чиглэж байна. Нөгөө талаар дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн уналт болон бусад эрсдэлийг тооцох шаардлага бий. Эдийн засагт бодлогын тохиргоог тууштай хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой хадгалах нь чухал” гэв.

Тус банкнаас гаргасан эдийн засгийн тоймд “Экспортын гол зах зээл Хятадын эдийн засгийн өсөлт саарч байна. Үүнээс  үүдэн Монгол Улсын эдийн засгийн өсөлт унаж энэ оны хэний хагас жилд гурван хувьтай гарсан.

Оны сүүлчээр 2.3 хувийн өсөлттэй гарна” хэмээн дурдлаа. Урд нь тус банк манай улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 3.3 хувьтай гарах төсөөлөл хийж байв. Гэтэл энэ төсөөллөө ийнхүү бууруулахад цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс шалтгаалж ургац алдсан, гуравдугаар улиралд аж үйлдвэрийн бүтээгдэхүүн төлөвлөж байснаас доогуур гүйцэтгэлтэй байгаа нь нөлөөлжээ. Ингээд ирэх онд манай эдийн засгийн өсөлт 0.8 хувь байна гэж Дэлхийн банкнаас төсөөлөв. Эдийн засгийн өсөлт ингэж буурах нь уул уурхайн салбарын уналттай шууд холбоотой байх нь. Ирэх оны эхээр түүхий эдийн үнийн уналт үргэлжилнэ. Харин Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт эрчимжихээр ханган нийлүүлэлт хийдэг компаниудын үйл ажиллагаа сэргэж эдийн засагт дэмжлэг үзүүлнэ гэж дүгнэжээ. Гэвч 2018 он хүртэл дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ сэргэх боломж ажиглагдахгүй байгааг уг тайланд цохон тэмэдэглэсэн байна. Үүнээс гадна экспортын гол нэрийн бүтээгдэхүүн ашигт малтмалын үнэ ханш 2016-2017 онд өсөх төлөвгүй тул уул уурхайн үйлдвэрлэл буурах төлөв бий. Иймд уг салбарт орж ирэх хөрөнгө оруулалт өсөхгүй байх магадлал байгаа юм. Энэ бүгд нь эдийн засгийн өсөлт төдийлөн гарахгүй байх төсөөлөл хийхэд хүргэж байна.

Инфляц 4.9 хувь дээр тогтворжсон байна

Гадаадын шууд хөрөнгө оруулалт  татарсан, экспорт буурсан нь өрхийн орлогод сөрөг нөлөөлж эрэлт хумигджээ. Ингээд дотоод эрэлтэд тохиргоо хийгдэж төлбөрийн тэнцэлийн алдагдал буурч, инфляц тогтворжиход нөлөөлсөн гэж Дэлхийн банкнаас үзэв. Тухайлбал, төлбөрийн тэнцэлийн алдагдал өнгөрсөн онд  ДНБ-ий 11.7 хувьтай гарсан. Тэгвэл энэ оны эхний хагас жилд  таван хувь боллоо. Мөн оны эхэнд 9.8 хувьтай байсан инфляц есдүгээр сард 4.9 болж цаашид тогтворжих хандлага байна. Нөгөө талаар эдийн засгийн хүндрэл гүнзгийрч буй тул чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж буй юм. Өнгөрсөн онд чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн таван хувьтай тэнцсэн. Тэгвэл есдүгээр сард долоо болж нэмэгдэв. Цаашид эдийн засгийн ивэхжил саарахын хэрээр арилжааны банкуудын активын чанар муудах дүр зураг ажиглагдсаар байна.
 
Ирэх оны төсөв 400 тэрбум төгрөгөөр тасарна

Дэлхийн банкнаас гаргасан Монгол Улсын эдийн засгийн тоймд макро эдийн засгийг ху­мих бодлого баримталж бай­гаа нь эдийн засагт то­хиргоо хийг­дэхэд дэмжлэг болж буйг дурджээ. Тухайлбал, төсвийн бодлого өмнөх жилүүдээс нэлээд чангарсан гэв. Төсвийн орлого төлөвлөснөөс 15-с дээш хувиар тасарч буй.  Иймд төлөвлөсөн зардлын гүйцэтгэл 80 хувиас доогуур байна. Мөн Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсвийн шинжтэй хөрөнгө оруулалтыг хязгаарласан тул энэ онд төлөвлөсөн 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын талыг нь хийж чадсангүй. Төсвийн алдагдал, өр төлбөр, төсвийн гадуурах зардлыг бууруулах талаар хожимдсон ч гэлээ арга хэмжээ авах эхлэл тавигдсан хэмээн дүгнэжээ. Учир нь, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж төсвийн алдагдал болон өрийн дээд хязгаарыг шинэчлэн тогтоосон. Ингээд энэ онд төсвийн алдагдалыг ДНБ-ий таван хувьд багтаах зорилт тавив. Мөн Хөгжлийн банкны зарим зарцуулалтыг төсөвт нэгтгэн тооцох боллоо. Бас дээрх хуулийн хүрээнд зохицуулагдах өрийг улсын бус Засгийн газрын өр байхаар тодорхойлсон байна. Гэвч энэ жилийн болон ирэх оны төсвийг хэт өөдрөг төсөөлсөн нь эрсдэлтэй гэж Дэлхийн банкнаас үзлээ. Жишээ нь ,энэ оны төсвийн орлого 900 тэрбум төгрөгөөр тасарч буй. Иймд төсвийн тодотголоор 560 тэрбум төгрөгийн зардлыг танасан. Үлдсэн 340 тэрбум төгрөгийн нэмэлт орлого бүрдүүлэхээр тусгав. Энэ нэмэлт орлогын дийлэнх нь төлөгдөөгүй байгаа татвар. Гэтэл үлдэж буй хоёр сар орчим хугацаанд уг татварыг  төсөвт татан авч чадахгүй. Яагаад гэвэл эдийн засгийн хүндэрлийн улмаас аж ахуйн нэгжүүдийн орлого буурч ажилчдын цалин тавихад хүндрэл учраад байгаа билээ. Манай улсын төсвийн орлогын 20 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Түүхий эдийн үнэ ханш ойрын хоёр жилд сэргэх төлөв алга. Иймд ирэх онд төсвийн орлого 400 тэрбум төгрөгөөр тасрах эрсдэл бий гэж Дэлхийн банкны эдийн засагчид үзлээ.  Тус банкнаас тооцсоноор ирэх онд зэс, нүүрсний төлөвлөсөн орлого 10 хувиар тасрахад төсвийн алдагдал ДНБ-ий гурван хувиар хэтрэх аж. Мөн төсвийн алдагдал таван хувиас хэтрэх нь. Энэ алдагдал дээр Хөгжлийн банкны арилжааны шинжтэй зээлийг нэмж тооцвол  төсвийн алдагдал ДНБ-ий 11 хувьтай тэнцэх судалгаа гарлаа. Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тайхун Ли “Монгол Улсын 2016 оны төсөвт тодорхойгүй орлого төлөвлөсөн байна. Тухайлбал, нүүрсний үнэ унасан зах зээл идэвхгүй байгаа. Мөн Хятадын эдийн засгийн өсөлт буурах төлөв бий. Ийм нөхцөлд нүүрсний экспортоос олох орлого, экспортын хэмжээг хэт өөдрөг төсөөлсөн. Бас энэ онд хийж амжаагүй өмч хувьчлалын орлогыг ч тооцжээ. Үүнээс гадна Хятадаас авах их хэмжээний тусламж төсвийн орлогод чухал байр суурь эзлэж байна” гэж онцлон анхааруулав. Ул­сын төсвөөс гадна мөнгө­­ний бодлого нэлээд чангарсан. Монголбанк, Засгийн газар хамтарч  Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр эдийн засагт мөнгө нийлүүлж тэтгэсэн билээ. Энэ оноос эхлэн уг хөтөлбөр зогссон юм. Уг хөтөлбөрөөр олгосон зээл өнгөрсөн онд 700 тэрбум төгрөг болж буурсан. Тэгвэл энэ оны наймдугаар сард 386 тэрбум төгрөг болж буурав.
 
Улсын гадаад өр 1.3 тэрбум ам.доллараар нэмэгджээ

Гадаадаас авч буй зээл төлбөрийн тэнцлийн дарамтыг зөөллөж байгаа ч өр өсгөж буй юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурахад Засгийн газар, Монголбанк гадаад зах зээлээс мөнгө босгосон. Тухайлбал, нийт 660 сая ам.долларын санхүүжилт энэ онд шинээр босгосон байна. Тэгэхдээ Засгийн газрын баталгаатай 500 сая ам.долларын бонд гаргажээ. Мөн нэг тэрбум юанийн Засгийн газрын бонд арилжаж бүрдүүлсэн аж. Төв банк энэ оны эхний есөн сарын байдлаар 630 сая ам.долларыг своп хэлцэл ашиглан Хятадын Ардын банкнаас татаад байгаа. Эдгээр нь улсын гадаад өрийг 1.3 тэрбум ам.доллараар нэмэхэд хүргэжээ.  Гэвч уг санхүүжилт нь 743 сая ам.долларт хүрч байсан төлбөрийн тэнцлийн алдагдлыг 172 сая ам.доллар болтол буурахад гол үүрэг гүйцэтгэсэн байна. Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улсын төр, хувийн хэвшлийн гадаад өр  нийлээд өнгөрсөн онд ДНБ-ий 162 хувьтай тэнцэж байж. Гэтэл энэ оны хагас жилээр ДНБ-ий 180 хувьд хүрсэн аж. Үүнээс төрийн буюу Засгийн газрын гадаад өр ДНБ-ий 45 хувьтай байв. Харин энэ оны хагас жилээр ДНБ-ий 62 хувьд хүр­чээ. Гадаад өр ийнхүү нэмэгдэж буй нь эрсдэл ихтэй. Жишээ нь, олон улсын санхүүгийн зах зээлийн савалгаанд илүү өртөмтгий болж ханшийн эрсдэл хүлээх талтай юм. Манай улсад орж ирэх гадаад валютын урсгал тасалдсан хэвээр байгаа нь төлбөрийн тэнцлийн дарамт үргэлжилж буйг илтгэнэ. Гэтэл 2017 онд нэг тэрбум гаруй ам.долларын өр төлнө. Энэ нь манай эдийн засагт ихээхэн дарамт болохыг Дэлхийн банкнаас анхаарууллаа. Ингээд макро эдийн засгийг хумих бодлого хэрэгжүүлэх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид шаардлагатай тохиргоо хийх замаар гаднаас үзүүлэх шокийг бууруулахгүй бол ирэх хоёр жилд гадаад валютын нөөцөд том дарамт учруулна хэмээн онцлоод байна. Энэ бүгдээс үзэхэд ирэх хоёр жилд эдийн засгийн хүндрэл бус хямрал болох нь. Иймд Дэлхийн банк төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх зөвлөгөө өглөө. Өөрөөр хэлбэл, монголчууд бү­сээ улам чангалж “турах дэг­лэм” барих хэрэгтэй болох ажээ.

0 Сэтгэгдэл
дэлхийн банк гээд байгаа энэ гадаад нөхдүүдийн хэлээд, яриад байгаа зүйл манай улсад хэрэгтэйюу, эсхүл хортой юу гэдгийг шүүж тунгаах байгууллага манайд байдаг юм болов уу.Энэ Слонгос нөхөр үнэхээр Монголын төлөө сэтгэж, санаа зовох уу, эсхүл манай хямралаар далимдуулж, өөрсдийнхөө хүсэл, санааг гүйцэлдүүлэх үү гэдэг нь сонин байна.Ер нь гадныхны зарим зөвлөлгөөг ёсчлон дагаад гүйгээд байх нь манайд хортой байдаг юм биш үү.Өнгөрсөн 20 жил сайн юм болсонгүй шүү дээ.
Хамгийн их уншсан