Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2024 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Монгол, Францын хамтарсан ураны төслөө УИХ-д өргөн барина Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа ЧД-ийн 17 дугаар хорооны 30 цэгт 125 ширхэг камер суурилууллаа Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Алслагдсан бүсийн 6 сумын ЕБС-д цахим тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ Хүнсний бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдэл 12 төрлийг илрүүлдэг байсан бол 221-ийг илрүүлдэг болжээ
“Эгшиг яруухан дууны хорвоод эргэн төрөөрэй Чинжиг минь”

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

“Уянга яруухан дууны хорвоод удаан амьдармаар санагдаад байх юм...” хэмээн Загдын Түмэнжаргал гуайн тэрлэсэн мөртөд ая дан тааруулсан нэгэн өдгөө бидний дунд үгүй ч аялгуу тансаг дуунуудаараа “амьд мэнд” оршсоор. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг агсан “Дууны хорвоо” дуундаа өгүүлсэн шиг уянга яруухан дууны хорвоод удаан амьдарч чадаагүй. Гэвч удаан “амьдрах” ул мөрөө үлдээсэн нэгэн байж. “Намрын дурсамж”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Зүүдний говь”, “Өнчин ангирын ганганаа”, “Дууны хорвоо”, “Ус мөрөн олон чиг”, “Нутаг”, “Чингис хааны говь”, “Үүлэн цэнхэр хангай”, “Учран золгохын ерөөл” гээд түүний туурвисан 200 гаруй уран бүтээл одоо ч монгол түмний сонорыг мялаасаар.

Мөн “Морин хуурын дөрвөл”, “Ятгын  концерт” зэрэг бүтээлүүд нь шинэ цагийн хөгжмийн ертөнцөд шигтгээ болон гялалзсаар л байна. Түүгээр ч үл барам “Илдэн уулсын цуурай” оратори нь ЮНЕСКО-гийн сонгодог хөгжмийн алтан фондод хадгалагдаж буй.
Энэ жил Ц.Чинзориг агсан мэндэлсний 60, уран бүтээл туурвисны 40 жилийн ой тохиож байна. Тиймээс түүний гэр бүл, найз нөхөд, багш, шавь нар нь “Ц.Чинзоригийн хөгжмийн өдрүүд” цогц арга хэмжээг энэ сарын 9-14-нд зохион байгуулж буй. Энэ хүрээнд түүнтэй мөр зэрэгцэн уран бүтээл туурвиж явсан анд нөхөд, багш, шавь нартай нь уулзаж дурсамж, дурдатгалыг нь сонслоо...

“Азтай хүүхдүүд”

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр

“1976 оны намар би наймдугаар анги төгсч Багшийн сургуулийн хувиар авсан юм. Аавтайгаа сургуульдаа ирж бүртгүүлчихээд гарах гэж байтал булангийн өрөөнд л хөгжим дуугараад байна шүү. Дуу гарч байгаа зүг урт хонгилоор яваад л байлаа. Хаалгыг нь татаад хартал шилээ давсан буржгар хар үстэй, хилэн өмдний дээд талыг хөндлөн тайрч, доороос нь гурвалжилж залгаад тарпец болгосон нэг их гоё залуу байна шүү. Одоо бодож байхад Рахманиновийн До диез минорийг тоглож байсан санагддаг юм. Намайг шагайхыг харчихаад хүн байтугай нохой ч гэж тоосонгүй. /инээв/ Тоглож буй хөгжимдөө орчихсон байж билээ. Би ч харж зогсч байгаад хаалгыг нь хаагаад үүдэнд нь зогсч үргэлжлүүлэн сонссон юм. Удсангүй аав ч “явья” гэж байна.

Хэд хоногийн дараа хичээл эхлэв ээ, ангидаа ороод сууж байтал Урлагийн гавьяат зүтгэлтэн Дагважамц багш нөгөө хөгжим тоглож байсан залууг дагуулаад ороод ирж байна. Дагважамц гуай “Та нар их азтай хүүхдүүд байна. Танай ангийн багш хөгжмийн залуу зохиолч Чинзориг гэдэг хүн” гэж анх багштай минь танилцуулж байсан. Ингэж л Чинжиг багшаараа хөгжмийн онол, соноршуулга
гээд мэргэжлийн бүх хичээлээ заалгаж Монголын хөгжмийн ертөнцөд хөл тавьсан юм.”

“Авьяасыг бий болгодоггүй харин төрдөг”

Монголын үндэсний кино урлагийн академын ерөнхийлөгч, “Зохиомж” дээд сургуулийн захирал Б.Цогтбаяр

“Би бодохдоо авьяасыг бий болгодоггүй харин төрдөг гэж боддог. Ийм төрмөл авьяастай хүмүүсийн тоонд Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг зүй ёсоор багтана. Бид хоёр нийт есөн уран сайхны кинонд хамт ажилласан. 1987 онд би Москвагийн Кино урлагийн дээд сургуулийн төгсөх ангийн оюутан ирж, дипломын ажлаа Жумдаан найруулагчийн “Хүний хүн” киногоор хамгаалсан юм. Киноны хөгжмийг Чинжиг бичсэн нь түүний анхны киноны хөгжим байлаа. Энэ цагаас эхэлж бид хоёр уран бүтээлийн төдийгүй амьдралын найзууд болсон доо. Нэг удаа яруу найрагч Оюун, Баянтунгалаг, Чинжиг бид хэд яагаад ч билээ Эрдэнэт явсан юм. Тэгтэл Баянтунгалаг нэг шүлэг гаргаж ирээд Чинжигийг ая бичиж өгөхийг гуйсан. Тэгтэл Чинжиг “Цогоо, цаас байна уу” гэж байна. Би ч халаасаа ухтал тамхинаас өөр юм байдаггүй, хайрцагнаас нь жижигхэн цаас тасдаад өглөө. Нөгөөх чинь цаасаа аваад л цааш алхлаа. Модны сүүдэрт хэвтчихээд исгэрээд л байна. Таван минут болов уу, үгүй юу хэдэн нот нийлүүлчихсэн Баянтунгалагт өгөөд “Чи наад “Бидэр бидэр явдалтай” гэдэг үгээ засаарай” гэсэн юм. Бидэр бидэр гэдэг нь ямар ч явдал юм мэдэхгүй, ямартай ч дараа нь тэр дуу ямар ч билээ нэг наадмаас шагнал авсан юмдаг. Иймээс л би авьяас гэгч зүйл төрмөл гээд байгаа хэрэг”

Ц.Чинзориг агсны гэргий

“Хэдий богино хугацаанд хамт байсан ч ханийнхаа тухай мэдэх түүх олон жилийн өмнөөс эхтэй. Би өөрөө Булган аймгийн Сайхан сумынх. Оюутан байхдаа “Үүлэн цэнхэр хангай”, “Учран золгохын ерөөл” гээд л дуулдаг байлаа. Төгсөөд Монголын радиогийн концертын студид ажиллаж байсан юм. Тэр концертын студид Монголын хөгжмийн урлагийн мастерууд очиж дуу хөгжмөө бичүүлдэг байлаа. Миний санахаар 1988 онд манай хүн “Эцсийн тушаал” жүжгийнхээ дууг бичүүлж байсан юм. Тухайн үед “Нутгийн ах” гэж харж, бахархаж л явлаа. Дараа нь, 1998 онд 25 дугаар телевизийн “Дуу төрсөн түүх” нэвтрүүлгийг хийдэг байхад Алтай ах “Намрын дурсамж” дууны төрсөн түүхийг хийх үүрэг өгч билээ. Алтай ах хэлэхдээ “Нутгийн чинь хүний бие муу байгаа гэнэ. Чи ядаж байгаа дээр нь нэг дууных нь ч тухай болов нэвтрүүлэг хийгээдэх” гэсэн юм. Тухайн үед Чинжиг бид хоёр уулзаж төвдөхгүй явсаар хэсэг хугацааны дараа нэвтрүүлгээ хийсэн дээ. Тэр дуу, тэр нэвтрүүлгээс л бид хоёрын амьдрал эхэлсэн гэж болно.
Одоо бодоход аз жаргал гэж яасан ч ахархан юм. Хүний сайн нь түрүүлээд явчих юм даа. Гэхдээ, “хүний орчлон Чинжигт минь дэндүү хүнддээд, зовоогоод байсан болохоор бурхад тэрнийг минь жаргаахаар аваад явчихав уу даа” гэж сэтгэлээ дэвтээх юм. Тэнгэрийн оронд аялгуу дутсан болохоор тэр минь эрт явчихсан биз дээ...”

“Шарав, Билигжаргал бид гурвын морь”

Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шарав

“Чинжигийг 1971 онд Багшийн сургуульд ирэхэд нь танилцсан юм. Түүнээс хойш бурхан болтол нь ойр дотно нөхөрлөж явлаа. Свердловскийн Хөгжмийн дээд сургуулиас өгсүүлээд л нэг өрөөнд, нэг багш дээр явсан гээд их л ойр явж дээ. Талийгч Билигжаргал бид гуравт уулзахгүй өдөр ч гэж байсангүй. Ямар сайндаа л зураач Ганзоригийн бэлэглэсэн эмээл, хазаартай гурван морины зургийг Чинжиг тайлбарлахдаа “Энэ гурван морь Шарав, Билигжаргал бид гурвын морь байгаа юм. Бид гурав цаана нь, жалган дотор архи ууж суугаа” хэмээн хошигнодог байсан гэдэг.

Манай Чинжигийн хөгжмийг нь зохиосон дуунд нэг онцлог байдаг. Дуулагдсан өдрөөсөө л нийтэд түгчихнэ. Бичлэгтэй, бичлэггүй хамаагүй. Өнөөдөр аль нэг газрын тайзан дээр дуулагдахад маргааш хүмүүс аялачихсан л явдаг. “Хорвоод ганцхан ээждээ” гэх дуугаа оюутан байхдаа, зуны амралтаар ирчихээд ганц нэг хүнд дуулж өгөөд буцсан юм. Бид ч намар болмогц буцаад хойшоо явчихна. Өвөл өнгөрч дахин зуны амралт болоход эх орондоо иртэл нөгөө “Хорвоод ганцхан ээж” дуу чинь аль хэдийнэ тарчихсан, бүгд дуулаад эхэлчихсэн байж билээ. “Нутаг” гэдэг буриад дуу ч адилхан. Бас л оюутан ахуй цагтаа, төгсдөг жилээ хийсэн нь бичлэггүйгээр нийтэд түгсэн дээ. Хүмүүс ч бичлэггүй түгсэн болохоор нь ардын дуу гэж андуурдаг хэвээрээ өдий хүрч. Тэгээд ч манай буриад ардын дунд “ардын дуу” гэж явдаг шүү дээ. Энэ мэт манай Чинжигийн дуунууд эзэнгүйгээр түгчихдэг увидастай.

Бид хоёрын хамтарсан нэг уран бүтээл байдаг нь “Морин хуурын сүлд аялгуу”. 1990 оны дунд үед төрийн их хан хуур залж түүнд нь зориулсан сүлд аялгуу зохиох уралдаан зарласанд бид хоёр тус тусын зохиолтой оролцсон юм. Тэгтэл тэмцээний шүүгчээр ажиллаж байсан Мөрдорж гуай маань сонсч байгаад “Энэ Чинзоригийн хөгжмийг Шаравын хурдан аятай нийлүүлчихвэл болоод явчихна” гээд бид хоёрын аялгууг нэг болгочихсон юм. Ингээд д Чинжиг бид хоёрын нэртэй “Хан хуурын сүлд аялгуу” бүтсэн хэрэг.”

Хөггүй утас хөгжим болсон түүх

Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ

“Намайг 1988 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд элсэхэд Чинжиг багш маань зохиомжоор хүүхэд сонгон шалгаруулж, долоо хоногт нэг удаа хичээл орж байхаар болсон юм. Тухайн үед би 13, 14-хөн настай жаахан охин ойр зуур юм зохиочихдог басчгүй тоглочихдог байсан нь багшийн нүдэнд тусч ангидаа авсан юм билээ. Нэг удаа “Чамайг үнэхээр чадалтай сайн хөгжимчин болвол сургууль төгсөх үед чинь ятгын концерт бичиж өгнө” хэмээн амласан юм. Би ч төгсч, багш ч хэлсэндээ хүрч нөгөө ятгын концертоо бариад ирсэн дээ. Тэр жилийн “Алтан намар” наадам Баянхонгор аймагт зохиогдоход нь багш бид хоёр ятгын концертоороо орж хоёрдугаар байрт шалгарсан юм. Ийм сэжмээр би Цэдэн-Ишийн Чинзориг гэх гайхалтай хөгжмийн зохиолчтой холбогдож байлаа. Шарав гуай хэлэхдээ “Манай Чинжиг сүрхий далд мэдрэмжтэй хүн байсан” хэмээн онцолж байсан удаатай.

Би үүнийг юунаас мэдэрсэн гэхээр сургуулиа төгсчихөөд нөгөө ятгын концерттойгоо танилцаад багшийнд сууж байлаа. Тэгэхэд найруулагч Эрдэнэбулган тэр хоёр зохиол бүтээлийн тухай гүн гүнзгий яриа өрнүүлээд бараг дөрвөг цаг шахуу ярилцсан юмдаг.

Намайг сууж байгааг бараг мартчихсан гэхээр их нухацтай ярьж байсан санагддаг юм. Гурав, дөрвөн ч цаг үргэлжилсэн яриаг нь тасалж зүрхлэлгүй зохиолоо тэвэрчихээд л суугаад байв. Нэг харсан цаг ч орой болж, хүлээсээр цөхөрсөн би “харья” гэж бодоод өвдөг дэрлүүлсэн ятганыхаа хөггүй утсыг шудраад автал яриандаа халуурсан багш гэнэт хуруугаа гозойлгон босч ирээд “Би төгсгөлөө олчихсон шүү” гэдэг байгаа. Би ч гайхаж цочих зэрэгцэн багш руу харвал “Яг наадхаар чинь төгсгөнө, дахиад дуугарга” гэсэн юм. Ингэж л Чинжиг багш маань надад зориулсан ятгын концертоо хөггүй утсаар дуусгаж Монголын хөгжмийн зохиолчдоос анх удаа хөггүй утсыг хөгжим болгосон түүхтэй.

“Хорвоод намар ирдэгийг мартсан хонгор хүүгээ уучлаач ээжээ”

Яруу найрагч С.Оюун

“Чинжиг бид хоёр “Хорвоод ганцхан ээждээ”-гээс гадна “Туулай хаана унтдаг вэ” гэж хүүхдийн дуу, “Хайрхан уулын цэцэг” зэрэг  дуунууд дээр хамт ажилласан. Хүмүүс үгийг нь минийх гэж мэдэхээс “Туулай хаана унтдаг вэ”-г Чинжигийн хөгжим гэж тэр бүр мэдэхгүй байх. Энэ дуу их ч дуулагдсан даа.
Бид хоёр Булган аймгийн Могод сумын хоёр л доо. Нэг нь сумынхаа хойно, нөгөө нь урд төрсөн ч хоёул нэлээн сүүлд нэг сум гэдгээ мэдсэн юм. Чинжигийг Свердловскийн Хөгжмийн дээд сургуульд сурч байхад нь анх танилцсан. Би тэгэхэд хүний их эмчээр төгсчихсөн, ажиллаж байлаа. Шагдарын Дулмаа, Төрийн шагналт зураач Ойдов, Бавуугийн Лхагвасүрэн, Шарав бид хэд ойр дотно нөхөрлөдөг, хэн хэнийдээ очдог, шүлгээ уншдаг уран бүтээлийн найзууд байв.
Чинжигийг Свердловскт сурч байхдаа зуны амралтаараа ирэхэд нь “Хорвоод ганцхан ээждээ” дууныхаа үгийг өгсөн юм. Манай хүн ч эргүүлж нэг харчихаад аваад явсан. Дараа жил нь ирэхдээ “Оюунаа, дуунд чинь ая хийчихсэн шүү. Манай Свердловскийнхон тэр аяаараа дуулдаг” гээд орж ирж билээ. Ер нь, “Хорвоод ганцхан ээждээ” гэх дуу энд гэхээс илүү Свердловскт түрүүлж тарсан даа.

Тухайн үед ээж маань бурхан болчихсон, бид хэд Чинжигийн ээж дээр их очдог байв. Хүн гэдэг ээжийгээ алдах хүртэл хорвоод намар ирдэгийг мартчихсан явдаг юм билээ. Тиймдээ ч би Чинжигт энэ үгийг сануулах үүднээс шүлэг бичиж өгсөн юм. Харамсалтай нь манай Чинжиг ээжээсээ ч өмнө энэ хорвоог орхиж дээ.”

Би өнөөдөр ганцаардлын зовлон үзэж явна

Төрийн хошой шагналт, хөгмжийн зохиолч Н.Жанцанноров:

"Ц.Чинзориг бол миний гарын шавь. Билигжаргалд ч нэг жил хичээл заасан. Үнэхээр гайхамшигтай хүмүүс байлаа. Тэднийгээ цагаас нь эрт алдсанаа өөрийн муугийнх гэж боддог. 1980-аад оны уран бүтээлчид ихэнхдээ Орост сургууль төгссөн хүмүүс байсан. Тэр үед сайхан мөрөөдөлтэй байсан ч харамсалтай нь түүндээ хүрч чадаагүй. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Л.Билэгжаргалыг Ардын дуу бүжгийн чуулгын уран сайхны удирдагчаар, Ц.Чинзоригийг Хөгжим бүжгийн дунд сургуулийн уран сайхны удирдагчаар, Нацагдоржийг Дуурийн театрын уран сайхны удирдагчаар, Хангалыг Улсын филармонийн уран сайхны удирдагчаар насаар нь байлгана гэж бодож байсан. Учир нь том хөгжмийн зохиолчид урлагийн том байгууллагыг авч явдаг. Тухайлбал, Дуурийн театрыг Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Б.Дамдинсүрэн, Хөгжим бүжгийн дунд сургуулийг Л.Гончигсумлаа, Ардын дуу бүжгийн чуулгыг Л.Мөрдорж нар нэр төртэй авч явсан. Тийм ч учраас дараагийн үеийн том төлөөлөгчид үргэлжлүүлэн авч явбал Монголын урлаг дэлхийд дийлдэшгүй багтай болно гэж баярлаж байсан. Гэвч харамсалтай нь тэд минь цагаасаа эрт буцсан даа. Би тэдний хойноос олон жил хөөцөлдсөн. Загнаж, алгадаж ч үзсэн. Бүр эрүүлжүүлэхэд орсон байхад нь хэнд ч мэдэгдэлгүй очиж авдаг байлаа. Гэсэн ч дийлээгүй. Хэрэв тэд өнөөдөр амьд байсан бол би ингэж ядрахгүй байсан. Би өнөөдөр ганцаардлын зовлонг үзэж явна. Үнэхээр бид гар сэтгэл нийлдэг байлаа.
Д.Ганмягмар: Тэнгэрийн оронд аялгуу дутсан болохоор тэр минь эрт явчихсан биз дээ...

“Аялгуу хаана байна вэ”

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од

“Би 1992 онд Чинжиг багшдаа хадаг барин очиж шавь орсон юм. Тиймдээ ч хамгийн отгон шавь нь гэж боддог. Багш хэлэхдээ “Битгий их хэлбэр хөөгөөрэй, явж явж аялгуу гэдэг юм л үлдэнэ” гэж их ч захидаг байж. Мөн “Сайн бүтээл хийж болно, гэвч сайн уран бүтээлчээр хүргэх ёстой. Тэгэж байж өөрийн бүтээлийн үнэ цэнэ, урт богино наслах хувь заяаг шийднэ. Сайн уран бүтээлд сайн дуучин олно гэдэг дахин нэг сайн бүтээл туурвисантай тэнцэнэ” гэдэг байсан. Өөрөө ч хөгжмийн онол судлал, орчин цагийн хөгжмийн чиг хандлагыг их соргог мэдэрч, хүлээн авч чаддаг хүн байсан даа. Хараад байхад түүхийн бүхий л үед дэлхий дахины хөгжмийн зохиолчид янз бүрийн эрэл хайгуул хийж байж. Бүтэц, зохирол, гармонь, аялгуу, зөвхөн польфоний буюу хөгжмийн дээд тоо, эгшиглээ буюу тембер хөөцөлдөж байсан. Гэвч өнөөдөр багшийн минь хэлснээр бүгд “Аялгуу хаана байна вэ” гэдэг нэг л асуултад хариулт хайж байна. Тэгэхээр Чинзориг гэдэг хүн хөгжим гэх зүйлийн эх үндэсийг аль хэдийнэ ойлгочихсон хүн байж.

Энэ мэт багшийн хэлж байсан захиас одоо ч сэтгэлд тод томруун үлдсэн байдаг. “Сэр-Одоо, чи сайн дуу хийе гэвэл өөрөө сайхан дуулдаг, сайн хөгжим бичье гэвэл сайхан хөгжимддөг байх ёстой” гэж сургадаг байсан. Хүмүүс мэднэ дээ, “Намрын дурсамж”-аас өгсүүлээд өөрийн хэд хэдэн дууг сайхан дуулж үлдээсэн. Багшийг багшийн сургуульд байхдаа Жанцанноров гуайн нэг дууг дуулахыг сонсчихоод дээд, доод ангийнхан нь хөшигний завсраар шагайж бахдаж, биширч байсан гэдэг. Өөрөө сайхан дуулж хөгжимддөг байсан нь хожим дууны бүтээлийг өвөрмөц, тод томруунаар ард түмэндээ өв болгон үлдээх үндэс болсон гэж боддог юм.”

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан