Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Мөнгөө авсан ХЗХ-д хэрүүлийн алим шидэлцэж эхэлжээ

Т.ЭРДМАА

Хадгаламж зээлийн хоршоодын “хар шуурга”-нд хэдэн төгрөгөө тавьж туугаагүй монгол хүн бараг байхгүй. Ийм учраас Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/ гэхээр нуруугаа авахуулсан морь шиг жихүүдэс төрдөг болсон. Тухайн үед хууль эрх зүйн орчин дутмаг байхад борооны дараах мөөг шиг үржиж иргэдийн мөнгийг өндөр хүү, суглаагаар татсан ч ашигтай ажиллаж чадаагүй тул дампуурсан билээ. Ингээд  иргэдийн дийлэнх нь  итгэл алдарсан гэж хэлж болно. Уг нь, Хадгаламж зээлийн хоршоо бол санхүүжилт, эргэлтийн хөрөнгө дутсан, барьцаа хөрөнгөгүй жижиг дунд бизнес эрхлэгч, өрхийн үйлдвэрлэгч нарт дэмжлэг үзүүлэх хамгийн сонгодог хэлбэр. Анх Германд 19 дүгээр зуунд  орлого бага, ядуу иргэдийн амьжиргааг дээшлүүлэх сан байгуулжээ. Энэ нь яваандаа Хадгаламж зээлийн хоршоо болон хувирсан байна.

Өнгөрсөн оны тавдугаар сард НИТХ-аас иргэдийн хөдөлмөр эрхлэлт, бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр баталсан байдаг. Тэгээд уг хөтөлбөрт зориулж нийслэлийн төсвөөс 15.2 тэрбум төгрөг зарцуулах болсон. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө бүрдүүлэх, зарцуулалтыг зохион байгуулах, хянахын тулд “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан” байгуулсан байна. Дээрх санхүүжилтийг иргэдэд олгохдоо Хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулах нь үр дүнтэй гэж шийдсэн билээ. Учир нь, ХЗХ гишүүндээ зээл олгохдоо барьцаа хөрөнгө, илүү  дутуу бичиг баримт шаарддаггүй, цаг алдалгүй олгодог юм. Өөрөөр хэлбэл, банкны зээлийн шалгуурт тэнцээгүй иргэд ХЗХ, Банк бус санхүүгийн байгууллагыг зорьдогтой холбоотой.

Нийслэлд 152 хороо бий. Хороо болгонд ХЗХ  байгуулж тус бүр 100 сая төгрөг олгож эхлээд байгаа. Нийслэлийн төсвөөс өгч буй уг зээлийн хугацаа нь хоёр жил, 1.8 хувийн хүүтэй юм. Тэгэхдээ  иргэдэд жилийн 14.4 хувийн хүүтэй, зээлийн дээд хэмжээ таван сая төгрөг хүртэл байх хязгаар тогтоосон билээ. Бичил бизнесийг дэмжих хөтөлбөр ашгийн бус зорилготой учир хүүгийн орлогоор үйл ажиллагааныхаа зардлыг санхүүжүүлэх аж. Санхүүгийн зохицуулах хорооны /СЗХ/  мэдээллээс үзвэл нийслэлийн хороодод  одоогоор 116 Хадгаламж зээлийн хоршоо шинээр байгуулагджээ. Тэд санхүүжилтээ аваад эхэлсэн байна.  Гэвч сайны хажуугаар саар гэдэгтэй адил асуудал нэлээд ундарч буй бололтой. Тухайлбал, СЗХ-ноос бичил бизнесийг дэмжих зорилгоор байгуулагдсан Хадгаламж зээлийн хоршоодод шалгалт хийсэн байна. Энэ үеэр ажлаа амжилттай эхэлсэн нь цөөнгүй байж. Харин санхүүжилтийн мөнгөө авангуутаа сэтгэл санаа нь хувирч гишүүд нь ХЗХ-ныхоо удирдах албан тушаал, сандал ширээг нь  булаацалдаж хэрүүлийн алим шидэлцэж буй газар олон байгаа гэнэ. Нөгөө талаар СЗХ-ноос тавьж буй хатуу шалгуурт тэнцээгүй ХЗХ цөөнгүй бий аж. Гэвч орлого бага иргэдийг ажил хөдөлмөр эрхлэх, өрхийн бизнест нь хөрөнгө оруулалтын зээл олгох үүднээс хүлээн зөвшөөрч лиценз өгчээ. Эдгээр нь эрсдэл дагуулж байгаа бөгөөд СЗХ-ны мэргэжилтнүүд үүнд санаа зовж буйгаа илэрхийлж буй юм. Ингээд нийслэлийн хороо бүрт байгуулагдсан ХЗХ-ны гишүүдэд тайлан гаргах, үйл ажиллагаагаа хэрхэн зөв хөтлөн явуулах   сургалт хийхээр болжээ. Ямартай ч эргэлтийн хөрөнгө дутсан өрхийн үйлдвэрлэгч, жижиг бизнес эрхлэгч хорооныхоо ХЗХ-нд гишүүнээр элсэж санхүүгийн дэмжлэг авч эхлээд байна.

Манай улсын санхүүгийн зах зээлийн 96 хувийг арилжааны банк эзэлдэг. Тэгэхээр бичил санхүү, хөрөнгийн зах зээл хөгжих орон зай хангалттай бий гэсэн үг. Харамсалтай нь, энэ зах зээлийн хөгжил удаан хэвээр байгаа юм. Бичил санхүүгийн зах зээлээс зөвхөн ХЗХ-г авч үзье. Улсын хэмжээнд одоогоор 242 ХЗХ 35 мянган гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдний нийт хөрөнгө нь 85.6 тэрбум төгрөг болжээ.  Үүнийг өмнөх жилүүдтэй харьцуулбал байнга өсч ирэв. Жишээ нь 2013 онд 47.1, өнгөрсөн жил 55 тэрбум төгрөг байсан юм.  Үүнээс гишүүдийн анх хувь нийлүүлсэн хөрөнгө нь 10.4 тэрбум төгрөгт хүрсэн аж. Үлдсэн нь үйл ажиллагаанаас олсон ашгийн хөрөнгө гэж хэлж болно. Нийт ХЗХ-дын 12 хувь нь 500 сая төгрөгөөс дээш активтай. Тэгвэл  31 хувь нь  100-499, 56 хувь 100 сая хүртэлх төгрөгийн актив хөрөнгөтэй юм.

СЗХ цаашид ХЗХ-нд дүрмийн сангийн доод хэмжээ тогтоох талаар судалж байна. Учир нь, тухайн ХЗХ-ын актив хөрөнгө бага байх тусам цөөн бүтээгдэхүүнтэй, гишүүдийнхээ санхүүгийн хэрэгцээг хангаж чаддаггүй, шинээр гишүүн нэмэгдэх нь бага аж. СЗХ-ны судалгаанаас үзвэл жижиг ХЗХ-дын актив хөрөнгийг өсгөх шаардлага байгаа аж. Тухайлбал, тухайн орон нутгийн амьжиргааны өртөг, барааны үнэ ханш, цалингийн түвшин зэргийг харгалзан судалжээ. Ингээд үйл ажиллагааны зардлыг нь тооцон үзвэл орон тооны хоёр ажилтантай, байнгын үйл ажиллагаа явуулах оффис түрээслэвэл ХЗХ нь Улаанбаатар хотод хамгийн багадаа ойролцоогоор 180, аймгийн төвд 130, суманд 80 сая төгрөгийн актив хөрөнгөтэй байх шаардлагатай гэсэн тооцоо гараад байна.

Эцэст нь хэлэхэд, ХЗХ-д 2011 онд тусгай хуультай болсон. Нөгөө талаар ХЗХ-дын актив хөрөнгө нь жил бүр өсч дампуурлын хар шуурга намжиж тэнгэр цэлмэж буй ажээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан