Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Түүхий эдийн үнэ ба төсвийн орлого

Т.ЖАНЦАН

Улсын төсөв батлах хуулийн хугацаа дуусахад долоо хоног үлдлээ. Харин ирэх онд төлөвлөсөн орлого нь бүрдэх эсэх нь эргэлзээтэй. Учир нь дэлхийн эдийн засаг төдийлэн сайжрахгүй төлөв бий хэмээн эдийн засагчид хэлж буй. Тэр дундаа манай гадаад худалдааны гол түнш Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан хэвээр байх төсөөлөл гарсан. БНХАУ-ын Статистикийн төв хорооны судалгаагаар тус улсын эдийн засгийн өсөлт сүүлийн 15 жилд байгаагүй түвшинд удааширсан байна. Тэгээд ч зогсохгүй энэ удаашрал нь ирэх онд үргэлжлэхийг онцолжээ. Олон улсын түвшинд эдийн засгийн дүн шинжилгээ хий­дэг байгууллагууд дэл­хийн санхүүгийн хямрлын гуравдахь давалгаа хөгжиж буй орнуудыг дайрч байна гэжээ.  Ялангуяа Хятад, Өмнөд Солонгосын хөгжингүй эдийн засгийн өсөлт саарсаныг иш татжээ.

Дэлхийн санхүүгийн хямрлын эхний давалгаа нь АНУ-ын орон сууцны зээл байв. Хоёр дахь нь Евро бүсийн өрийн хямрал юм. Хятадын эдийн засгийн өсөлт саарсан нь манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нүүрс, газрын тос, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалын үнэ унах, борлуулалтын тоо хэмжээ буурахад нөлөөлж  буй. Энэ нь улсын төсвийн орлого тасрах, эдийн засгийн хүндрэл дагуулж байгаа билээ. Урд хөрш хөрөнгө оруулалтыг нутгийнхаа баруун бүст чиглүүлж эдийн засгийн өсөлтөө хадгалах, цаашид бууруулахгүй байхыг хичээж байна. Иймд манай улс ирэх жилийн төсвийг батлахдаа дэлхийн эдийн засгийн чиг хандлага, ашигт малтмалын үнэ ханш, хөрш орнуудын бодлого, хөрөнгө оруулалтын байдлыг сайтар тооцож уялдуулах, зарлагаа сайн танах нь зүйтэй гэж эдийн засагчид анхааруулж буй юм. 

Хамгийн гол нь, төсвийг алдагдалгүй батлахыг онцлож байгаа. Учир нь манай улсын төсөв жил бүр алдагдалтай гарч ирсэн. Бид бодит байдлаа зөв үнэлж дүгнэж чадахгүй цаг алдсаар суутал байдал  жил өнгөрөх тусам улам л түвэгтэй болсоор. Сүүлийн таван жилийн төсвийн алдагдал 4.2 их наяд төгрөг буюу 2.6 орчим тэрбум ам.долларт хүрчээ. Цаашид алдагдалыг санхүүжүүлэхэд түвэгтэй, хөрөнгийн эх үүсвэрийн зардал улам бүр нэмэгдсэн байна. Гэтэл ирэх жилийн төсвийг  900  тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төсөөлөв. Энэ нь эдийн засгийн нөхцөл байдлыг улам хүндрүүлэх шалтгаан болно гэж судлаачид үзэж байгаа. Ийм ч учраас улсын төсвийг алдагдалгүй батлах ёстой. Харин ч ашигтай гарах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй хэмээн эдийн засагчид анхааруулсаар.   Төсөв алдаг­дал­тай гарч буй гол шалтгаан нь орлогоо л зөв хуваарилж, гадаад эдийн засгийн нөхцөл байдалд нийцүүлэн тооцож чадахгүйд бий. 

Ирэх жилийн төсвийн орлогыг 6.9 их наяд хэмээн тооцсон. Ингээд энэ оны төсвийн хоёр дахь тодотголоос 15 хувиар илүү гарсан билээ. Нийт орлогын 79 хувь буюу 5.5 их наяд төгрөгийг татвараас, нэг их наяд төгрөгийг татварын бус орлогоос, 360 тэрбум төгрөгийг  тусламжаас бүрдүүлнэ гэв.

Төсвийн орлогод түүхий эдийн үнэ 73 хувийн хамаарал үзүүлдэг судалгаа бий. Гэтэл түүхий эдийн үнэ унаж буй нь төсөв тасрах гол “будлиан таригч” болсон. Түүхий эдийн үнэ унаж төсөв тасрах үед Тогтворжуулалтын   сангаас алдагдалыг нөхнө хэмээн олон жил ярьсан. Гэвч энэ сан төсвийн аврагч байх үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Учир нь уг санд хуримтлагдсан мөнгө төсвийн тасарч буй хэмжээний хаана ч хүрэхгүй аж. Ирэх жилийн төсөвт  уг санд 8.4 тэрбум  төгрөг л хуримтлуулахаар тусгажээ. Гэтэл төсвийн тасалдал их наядаар тоологдож байдаг. 2012 онд Ч.Улаан Сангийн сайдын ажлыг хүлээж аваад бүх сангуудыг нэгтгэж Баялгийн сан байгуулах болсон. Өнөөдөр үүний үр дүн гараагүй л байна.

Сангийн яамнаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барьжээ. Учир нь улсын төсөвт түүхий эдийн экспортын татварын орлогыг тооцохдоо сүүлийн 15 жилийн дундаж үнийг тооцдог. Гэтэл дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ хамгийн өндөр байсан мөчлөг таарч буй тул төсвийн орлого хэт өндөрөөр төсөөлөгддөг тал бий аж. Иймд дээрх хуульд сүүлийн 20 жилийн үнийн дундажийг тооцдог болох өөрчлөлт оруулах юм.

Зэсэнд найдсан төсөв

Манай улсын эдийн засгийн гол тулгуур нь уул уурхай. Уг салбар жилд нэг их наяд төгрөг улсын төсөвт оруулж байгаа. Энэ нь нийт таварын орлогын 20 хувийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл татварт хураасан таван төгрөг тутмын нэг төгрөг нь уул уурхайд ногдож байна. Одоогоор манай улсын экспортын 89 хувийг ашигт малтмал эзэлж буй. Ирэх жилийн төсөвт Уул уурхайн салбар 900 тэрбум төгрөг оруулна гэв. Үүний 19 хувийг алт, 29 хувийг нүүрс, 41 хувийг зэсийн баяжмалаас бүрдүүлэхээр тооцсон байна. Тэгэ­хээр зэсийн баяжмал төсвийн орлогод тэргүүлэх байр сууриа эргүүлэн авах нь. Төсөвт дэлхийн зах зээл дээр цэвэр зэсийн үнэ 5137 ам.доллар хэмээн тооцжээ. Одоогоор нэг тонн цэвэр зэс 5268 ам.доллар байгаа. Энэ онд 1.2 сая тонн зэсийн баяжмал  экспортолно.
Харин ирэх жил 1.3 сая тоонд хүрнэ хэмээн төлөвлөв.  Үүний 587 мянган тонн нь “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээгдэхүүн. Ингээд тус үйлдвэрээс 373 тэрбум төгрөгийн татвар хураах юм. Шинжээчид ирэх онд зэсийн үнийн хэлбэлзэл 300 ам.доллар байх бөгөөд 5000 ам.доллараас доош орохгүй гэсэн.

Ирэх жилийн төсвийн орлогод алт голлох үүрэг гүйцэтгэнэ. Ингээд 23.6 тонн алт экспортолхоор тусгажээ. Энэ алтны 10.1 тонн нь Оюутолгойнх бөгөөд 173 тэрбум төгрөг төсөвт хурааж авах аж. Харин төсөвт нэг унци алтны үнийг энэ жилийнхээс 0.5 хувиар өсгөж 1156 ам.доллар хэмээн тооцов. Харамсалтай нь, алтны үнэ ирэх жил унах төсөөлөл бий. Хөрөнгө оруулалтын сангуудын алтны  худалдан авалт энэ онд 9.3 буурчээ. Нөгөө талаар АНУ-ын эдийн засгийн сэргэлт, ам.долларын ханшийн чангаралт зэргээс шалтгаалж алтны үнэ унаж байна.  Мөн алт олборлолт 5.6 тонноор нэмэгдэх юм. Хэрэв энэ хэмжээнд хүрч чадвал Монгол Улс дэлхийн топ 20 алт олбор­логч орны тоонд орох нь.

Нүүрсний үнэ эдүгээ унаж нэг тонн нь 35-40 ам.долларт хэлбэлзэж бай­гаа.  Тэгвэл ирэх жилийн төсөвт нэг тонн нүүрс 43.8 ам.доллар байхаар тооцсон. Энэ нь Гашуунсухайтын боомтоор экспортолж буй нүүрсний агуулахын үнээс 12 ам.доллараар өндөр юм. Үүнээс гадна экспортын нүүрсний хэмжээг зургаан сая тонноор өсгөж 19.5 сая тонн гэж үзжээ. Ингээд нүүрсний орлогоос төсөвт 271 тэрбум төгрөг төвлөрүүлэх аж. Газрын тосны экспорт жил бүр нэмэгдэж байгаа. Энэ онд найман сая барреллийг экспортлох төлөвлөгөө бий. Тэгвэл ирэх жил 9.9 сая барреллийг экспортлох юм. Нэг баррель газрын тос 60 ам.доллар байхаар тооцлоо.

Улсын төсвийн гол орлого бүрдүүлэгчийн нэг импорт. Өөрөөр хэлбэл импортын бараанаас авах татварын орлого төсөв бүрдэхэд гол нөлөөтэй. Энэ онд импортын хэмжээ 5.7 тэрбум ам.доллар гэж байгаа. Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал есөн хувиар нэмэгдсэн юм. Гэвч наймдугаар сарын байдлаар 2.5 тэрбум ам.долларын импортын бараа авчээ. Иймд импортын хэмжээ 30 хувиар буураад байна. Импортын бууралтын 52 хувь нь хөрөнгө оруулалтын шинж чанартай. Өөрөөр хэлбэл уул уурхайн сал­бар, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн импорт буурсан юм.

Мөн дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унасан хэвээр. Ингээд газрын тосны бүтээгдэхүүний хи­лийн үнэ 32 хувиар хям­дар­сан аж. Уг бүтээгдэхүүний үнэлгээ 270 сая ам.доллараар буурав. Энэ нь импортын орлого тасалдах шалтгаан болжээ. Тэгвэл ирэх оны улсын төсөвт 4.5 тэрбум ам.долларын импорт хийхээр тооцоод байна. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн. Тэгэхээр ирэх онд улсын төсвийн импортын орлого нэмэгдэх хүлээлт бий. Ирэх онд гаалийн орлогоос улсын төсөвт 1.8 их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоо гарав. Үүнийг задлаад үзвэл гаалийн татвараар 404, импортын нэмэгдсэн өртөгийн албан татвараар 894 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх нь. Татварын бус орлого гэж бий. Улсын төсөвт ирэх онд татварын бус орлого 174 тэрбум төгрөг гэжээ. Тухайлбал, хүү торгуулийн орлого 169,  өмч хувьчлалынх 171, төсөвт байгууллагын өөрийн орлого 254, навигацынх 124 хувьцааны ногдол ашиг 39 тэрбум төгрөг байх төсөөлөл хийв.
 
Эцэст нь хэлэхэд ирэх жи­лийн төсвийг нэг их наяд төг­рө­гөөр танасан. Гэвч гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдлыг дүг­нэн үзэхэд төсвийн орлогыг хэт өөдрөг төсөөлсөн гэдэг шүүмж­лэл эдийн засагчид хэлж буй. Иймд ирэх онд ул­сын төсөв тасрах эрсдэл бий хэмээн анхааруулж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан