Улаанбаатар хотын Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой цогц асуудлаар 2015 оны 10 сарын 22-ны НИТХ-ын ээлжит бус 6-р хурал болсон. Хурлаар Нийтийн тээврийн үйлчилгээний дамжин суултын хөнгөлөлтийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд 2015 оны 11 сарын 07-ны өдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжих эхлэнэ.
Дамжин суултын хөнгөлөлт нь зөвхөн “U money” картаар хөнгөлөгдөнө. Картаа уншуулахад дамжин суултын хөнгөлөлт эдлэх тохиолдолд тусгай дуут дохио дуугарах ба энгийн, хүүхдийн, хөнгөлөлттэй зорчигчийн карт хамаарна.
Нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход зайлшгүй анхаарах зүйлс:
Автобусанд суух, буух хооронд карт уншуулах хамгийн бага боломжит хугацаа нь 30 секунд байх бөгөөд үүнээс бага хугацаанд карт уншуулах тохиолдолд хөнгөлөлтийн эрх идэвхжихгүй.
Эхний автобуснаас буухдаа арын хаалганы карт унших төхөөрөмжид картаа заавал уншуулах ёстой бөгөөд картаа уншуулсан хугацаанаас дараагийн автобусны орох хаалганы карт унших төхөөрөмжид картаа уншуулах хүртэлх хугацаа 30 минутаас бага байх ёстой.
Дамжин суултын хөнгөлөлтийг эдэлсний дараа дахин суухад энгийн тарифаар төлбөр төлөгдөнө. Дахин дамжин суултын хөнгөлөлт эдлэхийн тулд эхний хөнгөлөлт эдэлсэн хугацаанаас хойш 4 цагийн дараа дамжин суухад хөнгөлөлт эдлэх боломжтой болно.
Олон хүний төлбөр төлсөн картын тухайд дамжин суухдаа ижил тоогоор дахин уншуулах эсвэл карт эзэмшигч ганцаараа уншуулсан тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжтой. Харин эхний төлбөр төлсөн хүний тооноос их бол хөнгөлөлт эдлэхгүй.
Нэг чиглэлийн автобуснаас буугаад өөр чиглэлд суусан тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжтой. Эргээд тэр чиглэлийн автобусандаа суух тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.
Буух хаалганы карт уншигчид картаа уншуулаагүй тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.
Дамжин суух хугацаа 30 минутаас хэтэрсэн тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.
Дамжин суултын хөнгөлөлтийн хэмжээ нь энгийн карт 500 төгрөг, хүүхдийн карт 200 төгрөг байна. Өөрөөр хэлбэл автобусны үнэ том хүн 500 төгрөг, хүүхэд 200 төгрөг байх нөхцөлд бүрэн хөнгөлөгдөнө. Харин хот орчимын чиглэлд жишээ нь: автобусны үнэ 700 төгрөг байвал 500 төгрөг хөнгөлөгдөж 200 төгрөгийн төлбөр төлөлт хийгдэнэ.
Иргэн та суух, буухдаа картаа уншуулсанаар та хөнгөлөлт эдэлж, бид нийтийн тээврийн цаашдийн төлөвлөлтийг хийх судалгаатай болно.
Иргэн та автобусанд сууж буухдаа картаа заавал уншуулж заншаарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн “Хэрэглэгчийн төв”-ийн 70151289, Нийслэлийн Тээврийн Газрын 11326352 утсаар авах боломжтой. Та бүхэн тухтай үйлчлүүлээрэй. Улаанбаатар Смарт Карт ХХК.