Монгол Улсын 2016 оны төсвийн орлого, зарлагын төлөвлөлт сэдвээр “Нээлттэй нийгэм форум” өчигдөр хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүнд Сангийн яам болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож санал бодлоо хуваалцав.
Энэ үеэр тус форумын удирдах зөвлөлийн дарга Г.Уранцоож “Төсөв бол улсын хөгжлийг илэрхийлдэг. Гэтэл манай улсад төсвийн орлого, зарлага төлөвлөлт буруу тогтолцоотой явж ирсэн. Иймд иргэд төсвийг байнга алдагдалтай, орлого нь дутаж байх ёстой гэсэн ойлголттой болжээ. Би хүний эрхийн мэргэжилтэн.
Иймд улсын төсөв хүний эрхийг хангаж хамгаалахад зарцуулагддаг гэж боддог. Сангийн яам төсвийн төсөөлөл гаргаж өгөхөд УИХ-д очоод улстөржиж данхайгаад томордог гэж ойлгож байна. Хамгийн гол нь Үндэсний хөгжлийн бодлого, хүний эрхэд нийцсэн төсөв батлагдаж байгаасай гэж хүсч байна” гэлээ. Уг хэлэлцүүлэгт оролцогчид бүгд л улсын төсөв улстөржихгүй батлагдахыг хүсч байв.
Ингээд Хүмүүнлэгийн их сургуулийн Бизнесийн удирдлагын салбарын багш, судлаач докторант Д.Баярмаатай ирэх оны улсын төсвийн орлого, зарлагын талаар ярилцлаа. Тэрээр “Нээлттэй нийгэм форум”-аас Монгол Улсын 2016 оны төсөвт хийсэн судалгаанд хөндлөнгийн дүгнэлт өгчээ.
-Эдийн засагчид ирэх жилийн төсвийг сайн танах ёстой гэж байгаа. Үнэхээр танаж чадсан төсөв батлагдах болов уу?
-Ирэх жилийн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6.98, нийт зарлагыг нь 7.88 их наяд төгрөгөөр төсөвлөв. Ингээд алдагдлыг нь 900 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.27 хувьтай тэнцэнэ гэсэн. Төсвийн орлогыг төлөвлөхдөө өмнөх жилүүдтэй харьцуулахад дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ ханш, Монголын экспортын тоо хэмжээг харьцангуй бодитоор таамаглан гаргасан гэж үзэж байна. Учир нь өмнөх жилүүдэд төсвийн орлогыг хэт өөдрөг өндөрөөр тооцдог байсан.
-Дэлхийн зах зээл дээр ирэх онд ашигт малтмалын үнэ төдийлэн өсөхгүй гэж судлаачид үзэж байгаа. Энэ нь манайх шиг уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай орнуудад хүнд тусна гэсэн. Тэгэхээр энэ эрсдэлийг тооцсон, төсвийн орлого төлөвлөлт үүнтэй нийцсэн гэсэн үг үү?
-Ирэх онд төсвийн орлогын 20 хувийг уул уурхайн салбараас төвлөрүүлнэ гэж үзсэн. Төсвийн орлогод учирч буй хүндрэл нь түүхий эдийн үнийн уналт. Манай улсын экспортод гаргадаг зэс, алт, нүүрсний үнэ ирэх онд үргэлжлэн унах төлөв бий. Иймд ирэх жилийн төсөвт эрсдэл үүсгэж болзошгүй. Мөн Монгол Улсын гадаад худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засаг төдийлэн өсөхгүй байх тал ажиглагдаж байна. Энэ нь манай улсын экспортын орлогод сөргөөр нөлөөлөх нь тодорхой.
-Тэгэхээр орлогод эрсдэл байх нь. Зарлагын талаар эдийн засагч хүний хувьд та ямар дүгнэлт хийж байна вэ. Гадаад өрийн асуудал улсын төсөвт нэлээд дарамт болно гэж байгаа?
-Урьд жилүүдэд төсвийн урсгал зардлууд нэлээд тэлж ирсэн. Тэгвэл ирэх оны төсөвт зардлаа чамгүй танасан. Урсгал зардлыг бууруулахдаа Засгийн газрын яамдын бүтэц бүрэлдэхүүнийг цөөлөх, нэгтгэн зохион байгуулж төрийн албан хаагчийн орон тоог бууруулна гэж төлөвлөсөн байгаа. Ингэснээр цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал буурна. Харин төсвийн зардалд анхаарал татаж буй нэг зүйл бий. Энэ бол зээлийн үйлчилгээний төлбөр. Сүүлийн жилүүдэд уг төлбөр эрс нэмэгдэж төсөвт дарамт учруулж болзошгүй болсон. Тухайлбал, зээлийн үйлчилгээний төлбөрийг 2010 онтой харьцуулбал ирэх онд 22.7 дахин өссөн юм. Энэ нь төсвийн нийт зардлын 15.6 хувьтай тэнцэнэ гэсэн үг. Гэтэл үүн дээр нэмээд 2017, 2018 онд гадаад бондын зээлийн үндсэн төлбөрийг төлж эхэлнэ. Тэгэхээр энэ үед улсын төсөв ирэх жилийнхээс илүү хүнд байдалтай болно. Үүнээс гадна зээлийн үйлчилгээний төлбөрийг гадаад валютаар хийдэг. Гэтэл үндсэн гадаад валют болох ам.долларын эсрэг төгрөгийн ханш суларлаа. Иймд зээлийн үйлчилгээний төлбөрийг улам нэмэгдүүлж байгаа юм. Нэг ёсондоо валютын ханшийн алдагдал хүлээх эрсдэл улам нэмэгдэж байна.
-Энэ оны төсөв бүрдэхгүй тасалдаж байгаа. Тэгээд төсвийн хоёр дахь тодотголоор орлого нь зургаа, зарлага нь 7.25 их наяд гэж баталсан. Гэтэл ирэх жилийн төсвийн орлого үүнээс их байна. Иймд дахиад орлого тасарч зарлагадаа хүрэлцэхгүй гэсэн шүүмжлэл дагуулж буй. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ жилийн улсын төсвийн орлого, зарлагыг хэт өөдрөг бодит байдлаас зөрүүтэй төлөвлөсөн тул гүйцэтгэл нь нэлээд сул байна. Ингээд улсын төсвийн орлого, зарлагыг бууруулан тооцлоо. Ирэх жилийн төсвийн орлого бүрдэхгүй байх эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ жилийн төсвийн орлоготой харьцуулбал харьцангуй бодитой төлөвлөсөн нь ажиглагдаж байгаа. Дэлхийн түүхий эдийн үнийн чиг хандлагыг бодитоор тооцсон гэж дүгнэж байна. Гэвч гадаад эдийн засаг, түүхий эдийн үнийн уналт үргэлжилж буй үйл явцыг харвал ирэх онд манай улсын төсөв төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх магадлал өндөр юм.
-Тэгвэл улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх талаар анхаарсан зүйл хэр байна гэж үзэж байгаа вэ?
-Нийгмийн даатгал болон зарим татварын хууль, дүрэм, журамд өөрчлөлт оруулсан. Энэ нь орлого нэмэгдүүлэх ч маш бага хэмжээтэй юм. Мөн Тавантолгой, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт, олборлолт нэмэгдэх тул төсвийн орлогод эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцсон.
-Улсын төсвийг алдагдалгүй батлахгүй бол төв банк мөнгөний бодлогоо улам чангална. Энэ нь хувийн хэвшилд амьдрах орон зай үлдээхгүй. Тэгэхээр алдагдалгүй төсөв батлаж чадах болов уу?
-Харин тийм. Улсын төсөв алдагдалтай гарна гэдэг нь түүнийг санхүүжүүлэх эх үүсвэр татах шаардлага тулгардаг. Тэгээд эх үүсвэрийн зардал өснө гэсэн үг. Иймд төсвийн алдагдалыг бууруулахын тулд зардлыг нэлээд хэмжээгээр танаж байгаа. Гэвч ирэх жилийн төсвийг алдагдалгүй батлах боломж бараг байхгүй.
-Төсвийн орлого бүрдэхгүй ядаж байхад цалин нэмэх асуудал сөхөгдөх болсон. Үүнийг та юу гэж дүгнэж байна вэ?
-Цалин нэмэх боломж байхгүй. Цалин бууруулна гэж байгаа. Энэ нь төрийн албан хаагчдын өнөөдөр авч буй цалинг бууруулна гэж ойлгох нь буруу. Орон тоог нь цомхотгож замаар цалингийн зардлыг хасч буй юм. Ер нь улсын төсвийг улстөржүүлж болохгүй.