Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Баасансүрэн: Музейн хоргонд байх учиртай асар үнэтэй биет өвүүд хүний гар дамжин зарагдсаар байна

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Говь-Сүмбэр аймаг газар нутгийн хэмжээгээр улсдаа хамгийн жижигт тооцогддог ч түүх археологийн асар их судалгааны нөөцтэй. Ховор амьтан, ургамал ч ихээр бүртгэгдсэн байдаг. Хуучин Боржигон хошууны гал голомт энэ нутагт байснаас гадна алдарт Зүүн Чойрын хийд, ЗХУ-ын үеийн Орос хотхон гээд шинжлэх ухаанд бүрэн судлагдаагүй түүхэн эх сурвалж элбэг. Энэ тухай Говь-Сүмбэр аймгийн “Боржигон өв” музейн захирал Г.Баасансүрэнтэй ярилцлаа.

-Юуны өмнө музейн үйл ажиллагааны тухай танилцуулах нь зөв байх. Хэчнээн нэгж үзмэртэй, үйл ажиллагаа явуулаад хэр удаж байгаа гэхчлэн?
-Анх 1996 онд Орон нутаг судлах танхим нэртэйгээр байгуулагдсан юм билээ. Дараа нь, 2006 онд аймгийн музей болон өргө­жиж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж бай­на. Үүнээс харвал 2016 онд аймгийн музей байгуу­лагдсаны 20 жилийн ой тохиох юм. 2006 онд аймгийн музейн статустай болсноос авч үзвэл 10 жилийн ой болж байна. 1996 онд анх 32 үзмэртэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 2008 оны улсын хэмжээнд явуулсан сан хөмрөгийн тооллогоор 150 үзмэр тоолуулсан байдаг. Түүнээс хойш 1028 дэсийн 691 үзмэртэй болжээ. Орон нутаг хөгжүүлэх сангийн дэмжлэгээр музейн сангаа сүүлийн гурван жилд багагүй баяжуулж чадсан.

-Байгуулагдсан цагаа­саа хойш хэчнээн үзэсгэлэн дэглэсэн бэ?
-Гарсан үзэсгэлэнгүүдээ тоочоод байвал урт жагсаалт гарна. Манайх ер нь тогтмол үзэсгэлэн гаргадаг. Тэр дундаа 2008 оноос энэ ажил илүү эрчимжсэн гэж болно. Түүнээс өмнө үзмэр муутай байсан болохоор ард иргэдийн гар дээр буй хуучны эд өлгийн зүйлс, олдвор, хэдэн зуунаар өвлөж ирсэн гар урчуудын бүтээл гэх мэт зүйлсийг авч ашигладаг байлаа. Ер нь, жилдээ 8-9 үзэсгэлэн гаргадаг, энэ жил гэхэд “Говь-Сүмбэр аймгийн өчигдөр ба өнөөдөр” нэртэй 13 дахь үзэсгэлэнгээ дэглэх гээд бэлдэж байна. Музей хэдий шинжлэх ухааны байгууллага ч гэлээ соён гэгээрүүлэх үүрэгтэй. Тиймдээ ч аймгийн түүх, аж ахуй нэгж албан байгууллагуудын үүсэл хөгжил, үйл ажиллагааг сурталчилсан үзэсгэлэн гаргах юм.

-Иргэдээс материал, үзмэр авч үзэсгэлэн гаргадаг гэлээ. Мэдээж ховор сонин зүйл их байдаг байх. Тэдгээрийг хэдий үетэй холбогдох, ямар үнэ цэнэтэй зүйлс болохыг судалж тогтоов уу?
-Музей гэдэг эрдэм шинжилгээний ажилтан, боловсролын ажилтан, сан хөмрөгч, тайлбарлагч гээд нэг ёсны мэргэжлийн баг ажилладаг газар. Үзмэр, материалаа бүгдээрээ хайж, судалж илрүүлнэ. Үүний дараа эрдэм шинжилгээний ажилтан тухайн үзмэрийг судалж үзээд хэдий үед холбогдохыг тогтоодог. Иргэд ихэнхдээ эртнээс өвлөж ирсэн, гурав, дөрвөн ч үе дамжсан гэж авчирдаг. Нарийн судлаад үзэхээр зарим нь сүүлийн үеийн ч зүйл байдаг. Хуур авчирлаа гэхэд хадгалалт талаас нь өгсүүлээд адил хийцийн, олон талаас төстэй хууртай харьцуулан судална. Үүний дараа тухайн хуурны насжилтыг тогтоодог. Домог хуучаас өгсүүлээд нэг үзмэр, олдворын насжилт, гарвалыг тогтоохын тулд асар их судалгаа хийдэг.

-Говь-Сүмбэрчүүдийг Боржигоны гал голомт, өв соёлын үргэлжлэл гэдэг. Энэ ч утгаараа Боржигоны соёл, эд өлгийн зүйлс их байдаг байх?
-Боржигоны өв соёлыг сахин хамгаалж үлдсэний хувьд бид хуучин Боржигон хошууны бүх сумдаар явж судалгаа хийж байна. Манай аймаг газар нутгийн хувьд жижигхэн ч музей гэдэг шинжлэх ухааны байгууллага учир зөвхөн аймгийнхаа гурван сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаггүй. Хуучин Боржигоны хилийн цэсийг харна, ер нь боржигончууд хаагуур тархан суурьшиж байсан нутгийг харж, барьж ажиллаж байна. Хэнтийн Дархан, Дорноговийн Айраг, Даланжаргалан, зүүн тийш Дундговийн Баянжаргалан сумаар явж судалгаа шинжилгээ хийж байна. Ингээд явж байхад иргэдийн гар дээр үнэхээр ховор нандин, дахин давтагдашгүй эд эдлэл хадгалагдаж байдаг. Ялангуяа, Боржигоны эдийн соёлыг нэвт шингээсэн, шинжлэх ухааны ач холбогдолтой, жинхэнэ үзмэр болохуйц зүйлс элбэг.

-Улсын хэмжээнд му­зейн үзмэрүүдийг үнэт, хосгүй үнэт гэхчлэн ангил­даг. Танайд энэ ангилалд орох, музейн тань брэнд гэж болохуйц ямар үзмэр хадгалагдаж байгаа вэ?
-Хосгүй үнэт, сор үзмэр бол Боржигон шанаган хуур. Яахав, улсын чанартай 38 музейд бүгдэд нь шанаган хуур бий л дээ. Гэвч, манайх шиг углуургагүй хуур хаана ч байхгүй. Хуурыг угтаа иш, цар хоёрыг углуургадаж хийдэг бол манайд байгаа хуур углуургагүй, ур хийцийн хувьд дахин давтагдахгүй зүйл. Түүнчлэн, Боржигон хийц гэж алдартай хийц бий. Боржингон эмээл, гэр гээд Боржигоны ахуйн соёлыг нэвт шингээсэн эд зүйлс их. Мөн Боржигон оюуны соёлд хамаарах уртын дуу, найрын ёс бий. Манай боржигон найр л гэхэд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах өв соёлд багтсан. Энэ мэт Говь-Сүмбэр аймагт хамаарах соёлын өв маш их.

-Сан хөмрөгөө баяжуу­ла­хад зориулж хэчнээн төгрөг төсөвлөдөг юм бол?
-Яамнаас хоёр удаа л мөнгө тавьж байсан. Нэг удаа гурван сая, дараа нь таван саяыг тус тус олгосон. Сүүлийн үед хөрөнгө мөнгө төсөвлөсөн юмгүй л байна. Бид заримдаа 80 сая төгрөгийн зүйл худалдаж авъя гэж хүсэлт явуулна. Түрүү жил 14 сая төгрөгийн үзмэр авъя гэсэн ч шийдэж өгөөгүй. Харин ч орон нутгийн удирдлага маань харьцангуй залуу, соргог хүмүүс тулдаа 14 саяынхыг нь байг гэхэд хоёр, гурван саяын өртөг бүхий зүйлсийг эндээ шийдээд, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс авч өгч байна. 2014 онд нэлээн олон үзмэр авсан.

-14, 80 сая төгрөгийн өртөгтэй үзмэрүүд гэхээр юу байх вэ?
-80 сая төгрөгийнх нь Боржигоны иж бүрэн үзмэр байна. Эл үзмэрийг эзэмшиж буй хүн маань жижигхэн угсаатны музейн хэмжээний сан хөмрөг бүрдүүлчихсэн байгаа юм. Сархинаган тоонотой гэр, угсаатны иж бүрэн үзмэр, эд эдлэлтэй байх жишээтэй. Дээр нь шашны үзмэр ч байна. Түүнчлэн, дарханы багаж, алт мөнгөн эдлэл, уран нарийн хийцтэй ахуйн эдлэлүүд гээд маш олон зүйл бий. Тэдгээр нь насжилтын хувьд янз бүр л дээ. Хамгийн эртнийх нь XIII зууны үед дэлдсэн зоос, XV зууны үеийн хуяг дуулга, наашлаад ирэхээрээ XIX, XX зууны эхэн үеийн зүйлс байна.

-Мэдээж цаад хүний хэлсэн үнэ танай үнэлгээ хоёр зөрүүтэй байдаг байх. Худалдан авах саналыг хэрхэн хүлээж авдаг нь сонирхолтой байна?
-Хүмүүс зарах сонирхол байдаг ч хэлж буй үнэ нь манай төсөв хөрөнгөөс даваад явчихдаг. Бид учраа хэлээд 35 сая төгрөгөөр авах боломж, чадал байна гэхэд өмнөөс 80 сая гээд суучихдаг. Мэдээж эзэн юмаа мэдэж, эрэг усаа хашдаг болохоор бид маргах эрхгүй. Тиймдээ ч хөрөнгө мөнгө шийдэх гээд явж байх хойгуур нөгөө хүн маань үзмэрүүдээ сорчлоод хувь хүнд зарчихдаг. Жишээ нь, арай эрт үед холбогдох хэт хутгаа ч юмуу үнэ хэлсэн нэгэнд нь өгөөд явуулчихдаг. “Та зарчихлаа” гэж хэлэх эрхгүй болохоор бид ч харсаар байгаад л алдчихна. Ийм асуудал цөөнгүй.

-Иргэдийн гар дээр буй үзмэрүүдийн тоо ширхгийг гаргаж үзэв үү?
-Манайд бүртгэл мэдээл­лийн санч гэж мэргэжилтэн байдаг. Энэ хүн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэр, иргэдийн гар дээр байгаа түүх соёлын дурсгал мөн үл хөдлөх дурсгал буюу хээр байгаа хадны дүрс зураг гэх дурсгалуудыг бүртгэдэг. Энэ бүртгэлийн ажил жил бүр хийгддэг юм. Учир нь, түрүү жил нэг хүний гар дээр байсан хос хаш хөөрөгний нэг нь энэ жил заргагдчихсан байх жишээтэй. Жилийн нэгдсэн дүн гараагүй байна л даа. Гэвч одоогийн байдлаар харахад 70 гаруй дурсгал 40 орчим хүний гар дээр байна гэж бүртгэгдэж. Харамсалтай нь, энэ тоо жил ирэх тусам хасагдсаар байна даа.

-Асар их хөрөнгөөр үнэлэгдэх үнэт үзмэрүүд агуулдгийн хувьд хадга­лалт, хамгаалалт чухал. Танай музейг харж байхад аймгийн номын сангийн байранд байрладаг юм байна?
-Музей анх байгуулагдсан цагаасаа л байр савны дутагдалтай байсан. Өнөөдөр ч гэсэн стандартын бус байранд үйл ажиллагаа явуулж байна. Хадгалалт, хамгаалалт нь тэр хэрээр муу байна. Угтаа, сор болсон үзмэрүүдийг хадгалалтын сан хөмрөгт шилжүүлж хуулбарыг нь танхимд байрлуулах учиртай. Гэтэл хуулбараа хийх зардал байдаггүй, хийлээ ч жинхэнэ үзмэрээ хадгалах зориулалтын агуулах, байр байхгүй.

-Нэг талаар эрсдэл их юм?
-Тиймээ, нэгдүгээрт, ний­тийн номын сан учир хү­ний хөл тасардаггүй. Дээр, доороос доргилт их. Хоёр­ду­гаарт, үзэгч олон нийт эх үз­мэ­рийг гэмтээх магадлал өндөр.

-Түүнчлэн, музейн үзмэр алдагдах тохиолдол ч гарахыг үгүйсгэхгүй?
-Музейн үзмэр алдагдах тохиолдол нэг үе улсын хэмжээнд их гарч байсан. Манайд үзмэр хулгайд алдагдсан тохиолдол гараагүй. Үзмэр цөөтэй, харьцангуй залуу музей болохоор энэ тал дээр гайгүй. Бид ч цаг тухай бүрт тооллого бүртгэлээ хийсээр ирсэн.

-Говь-Сүмбэр аймаг ЗХУ-ын үеийн цэрэг арми, тэр дундаа манай улсад байрлаж байсан Оросын хамгийн том дивизионтой холбогддог. Үүнтэй холбоотой материал, олдвор их байдаг байх?
-Өнгөрсөн хавар, цэргийн баяр болон орос хотхонтой уялдуулж цэргийн жижигхэн булан тохижуулсан юм. Зөвлөлтийн үеийн 48 дугаар мотобуудлагын 5000 гаруй хүнтэй дивизион байрлаж байсан учир үүнтэй холбоотой үзмэрүүдийг дэглэсэн. Мөн ОХУ-ын Цэргийн музейн захирал Лукин гэдэг хүнтэй холбогдож нэлээдгүй архивын чухал баримтууд цуглуулсан. Ямартай ч, музейн зүгээс Зөвлөлтийн үетэй холбогдох түүхийг судалж үзэх нь чухал гэж үзсэний үндсэн дээр энэ ажлыг хийж байна. Энэ мэт эрдэм шинжилгээ, судалгааны ажил илүүтэй хийгдэж байгаа.

-Танай аймгийн бас нэг судалгааны арвин их нөөцтэй дурсгал бол Чойрын хийд. Энэ хийдийн туйран дээр судалгаа шинжилгээ их хийгддэг байх?
-Тэгэлгүй яахав, манай Чойр уул бол алдарт Зүүн Чойрын хийд байсан газар. Одоо ч аргалын сүрэг идээшлэн бэлчдэг газар. Бид хийдийн туйран дээр судалгаа хийсэн. Мөн Чойр хайрханы энгэрт 1779 онд байгуулагдсан Балдандашгонлин гэдэг хийд оршин тогтнож байгаад их хэлмэгдүүлэлтийн үед устсан юм. Энэ хийд уртаашаа гурав, өргөөшөө 1.6 км талбайг хамарч байсан гэдэг. Энэ туйрнаас шашны холбогдолтой эд зүйл ихээр олддог нь мэдээж. Түүнчлэн, арилжааны шинж чанартай зүйл ч их илэрдэг. Жингийн туухай, морины тах, шавар ваар, цэнлүүр гээд асар их зүйл олддог. Үүнээс үзэхэд тэнд арилжаа наймааны төв байсан гэх үндэс байгаа юм. Мөн олдворуудаас гар хийц харагдана. Хүмүүс тодорхой хэмжээнд үйлдвэрлэл эрхэлдэг байсан юм шиг байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан