Б.ШИРНЭН
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос оны эхээр чиглэл болгосны дагуу “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлыг Гадаад хэргийг сайд Л.Пүрэвсүрэн хариуцаж байна. Өнөөдрийн байдлаар гадаад сурталчилгааг соёлын элч, соёлын өв, спорт, кино урлаг, хэвлэл мэдээлэл, Монгол судлал болон гадаад дахь монгол иргэдээр дамжуулж хийж буй юм. Өнгөрсөн хугацаанд дээрх чиглэлээр салбар бүрийн хэлэлцүүлгийг хийж, “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулж байгаа бол өчигдөр хамгийн сүүлийн бөгөөд хамгийн чухал гэж болох хэвлэл мэдээллийн салбараар дамжуулан хэрхэн Монгол Улсыг гадаадад сурталчилж болох тухай хэлэлцүүлэг Гадаад хэргийн яаманд болов. Хэлэлцүүлэгт дараахь асуудлууд хөндөгдсөн юм.
“EM-Imaginative Communication” компанийн захирал О.Гэрэлтуяа: Монголын тухай муу мэдээлэл нь их байна
Монгол Улс хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, уул уурхай гэсэн чиглэлээр дэлхийд илүү танигдсан байна. Тухайлбал, “Google news”-ийн өнгөрсөн 10 жилийн архивыг судалж үзэхэд, аялал жуулчлалын чиглэлээр Монголыг хамгийн их сонирхож. Дараа нь уул уурхай, хөрөнгө оруулалттай холбоотой Монголын талаарх мэдээ маш их тархсан байна. Яг ямар мэдээлэл вэ, гэхээр “Рио-Тинто”, “Саунсгоби сэндс” зэрэг компанитай холбоотой сөрөг мэдээллүүд давамгайлж байгаа юм. Маш олон хүний үзэж харсан Монголын тухай энэ сөрөг мэдээллийн эх сурвалж нь дэлхий нийтэд танигдсан мэдээллийн хэдхэн суваг байсан. Харин дэлхий нийтэд тархсан сөрөг мэдээлэлд манай улс ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ гэхээр сүүлийн 4-5 жилийн хугацаанд мэдэгдэхүйц ажил хийгээгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болоод Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг нар дэлхийд нөлөөтэй томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн ч манай улсын талаар гарсан сөрөг мэдээлэлд хариу өгч чадаагүй. Гэхдээ энэ нь зөвхөн Монголын тухай нэг талын ойлголт гэж болно.
Нөгөө талдаа сүүлийн нэг жилийн хугацаанд Монголын тухай хамгийн их түгээгдсэн мэдээлэл нь Хөвсгөл аймаг дахь цаа бугын аж ахуй дагнан эрхэлж амьдарч байгаа иргэдийн тухай байсан. Мөн саяхан Архангай аймгаас олдсон Санжайжав ламын занданшуулсан шарилын тухай мэдээлэл маш их түгсэн байна. Бас хэдийгээр худал мэдээлэл ч гэлээ Чингис хааны онгон олдсон талаарх мэдээлэл олон улсад хурдацтай тархжээ.
Энэ дүр зургаас хамгийн энгийн дүгнэлт хийхэд бид өөрсдөө биш бидний талаар гаднынхан бичсэн мэдээлэл хурдан тархаж, олон хүнд хүрч байна. Хоёрдугаарт, уул уурхайн салбартай холбоотойгоор Монголын дүр зураг гаднын хэвлэл мэдээллийн тавцанд сөргөөр гарч ирсэн. Энэ нь эргээд Монголын хөрөнгө оруулалтын салбарт сөргөөр нөлөөлсөн гэдэг дүгнэлт гарсан. Мөн 2010-2015 оны хооронд урьд урьдынхаасаа илүү Монголын талаар дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд түгээсэн ч муу мэдээ нь их байлаа.
“Cover Mongolia” компанийн захирал Б.Мөнхдөл: Төрийн алба чухал үйл явдлыг англи хэлээр дамжуулах хэрэгтэй
Бид хэвлэлийн мэдэгдлийн соёлд суралцаагүй байна. Засгийн газар, УИХ-ын түвшинд гарч байгаа мэдээллүүд Монгол хэл дээр хурдан гардаг ч, бизнес болоод уул уурхайтай холбоотой мэдээллүүдийг гадаад хэл дээр гаргах шаардлагатай. Гадаадын сэтгүүлчд монгол хэл бүрэн эзэмшээгүй байдаг тул шууд бус өөр эх сурвалжаас мэдээллээ дамжуулан авдаг. Жишээ нь, надаас мэдээлэл авахад би хагас хугас орчуулга хийх юм уу, үйл явдлыг өөрийн үгээр гадаад сэтгүүлчдэд тайлбарлан өгч болно шүү дээ. Тиймээс албаны мэдээллийг гадаад хэл дээр гаргах, эсвэл гадаад хэл дээр мэдээ бичдэг сайтууд түүнийгээ сайн дамжуулах хэрэгтэй. Бид бас хэвлэлийн мэдэгдэл цацдаг англи хэл дээрх мэдээллийн сайт ажиллуулах гэж байгаа. Энэ нь бодит байдлыг гаргаж тавьдаг компанийн албан ёсны мэдэгдлийг гадаад хэл дээр дамжуулна гэсэн үг. Мөн гадаад сэтгүүлчдийг нийтэд нь хариуцдаг газрыг аль нэг яам, агентлагт ажиллуулах боломж бий.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн: Гадаад хэл дээрх суваг хэрэгтэй
Тусгаар тогтнол оршин байх маш олон шалтгаан, үзүүлэлт, нөхцөл бий. Газар нутаг, гадаад бодлого, хүн ам, хэл соёл, сурталчилгаа зэрэг... Тиймээс бид шууд утгаар нь Гадаад сурталчилгааны газрыг байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд энэ газар урлаг, түүх, кино зэрэг сэдвээр таван удаа хэлэлцүүлэг хийсэн. Бүгд л зөөлөн хүчний бодлоготой холбоотой. Харин өнөөдөр бид төгсгөлийн уулзалтад хэвлэл мэдээллийн салбарын төлөөллийг урьсан. Учир нь, зөөлөн хүчний бодлого явуулахад хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнөөдөр Монгол Улс өөрсдийн дуу хоолойг гадагш нэвтрүүлдэг албан ёсны сувагтай байх хэрэгтэй. Гэвч өнөөдөр дотооддоо англи хэл дээр мэдээ, мэдээлэл хүргэдэг суваг алга. Харин таван хэл дээр мэдээ бэлтгэдэг “Монцамэ” агентлагтай хамтран олон улсад эфир цацдаг телевиз байгуулахаар ажилласан ч болоогүй. Тиймээс арга буюу үндэсний телевизэд түшиглэж байна. CCTV гэхэд л Англи, Орос, Франц, Испани гээд бараг бүх хэлээр нэвтрүүлэг цацдаг болж. Аль Жазира гэхэд CNN-тэй өрсөлдөх хэмжээний телевиз болж “Qatar” гэдэг улсыг бүс нутгийнхаа хамгийн сайн улс болгож чадсан байна. Өөрөөр хэлбэл, мэдээллийн бодлогоор дамжуулж энэ улсыг амжилтад хүргэсэн.
“Монцамэ” агентлагийн захирал А.Баатархуяг: 4.5 сая хандалт худал байсан
Бид сүүлийн 25 жилийн хугацаанд улс төрийн болоод эдийн засгийн гадаад сурталчилгаагаа хаясан. Манайх гэлтгүй Зүүн Европын орнуудад хүртэл гадаад сурталчилгаа нь хаягдсан. Харин Хятад “Шинхуа”-гаа хаяагүй. Одоо тэднийх 10 мянган ажилтантай, манайх 110 ажилчинтай байна. Мэдээж, улсын нөхцөл байдал үүнд нөлөөлнө. Гэхдээ бид энэ бүтцээрээ л дэлхийд өөрийн улсын талаар мэдээлэл дамжуулах гэж 10 мянган ажилтантай “Шинхуа”-тай өрсөлдөж байгаа юм. Ингээд өдөртөө бид 40 мэдээ, жилдээ 14 мянга орчим шуурхай мэдээ түгээж байна. Энэ бол бидний чадал, боломж. Бид Монголын талаар мэдээллийг ямар ч хэлбэрээр хүргэж болох хэдий ч цаашид судалж үзэх хэрэгтэй.
Монголын тухай сөрөг мэдээлэл гарч байхад бид Засгийн газартай хамтраад “Итар Тасс”, “Шинхуа”-тай хамтраад “Ройтерс” буруу мэдээлэл дамжуулж байна гээд мэдэгдэл гаргаж үзсэн. Энэ үр дүнгээ өгч, “Ройтерс” манай талаар мэдээллээ сарын хугацаанд зогсоосон. Гэвч, энэ мэдээлэл санаатайгаар зохион байгуулалттайгаар явдаг. Энэ бол мэдээллийн дайн. Мөн бид найман сая гаруй хандалтаа 10 саяд хүргэх гэж судалгаа хийхдээ ажилтнаа АНУ руу явуулсан.
Гэвч, шалгаж үзээд энэ хандалтын 4.5 сая нь худал хандалт байсан. Өөрөөр хэлбэл, манайхаас гарч байгаа мэдээллийг цааш уншуулахгүйн тулд худал хандалт нь жинхэнэ хандалтаа дарж байна гэсэн үг. Гэхдээ бид сайтын эрэмбэ гаргаж үзэхэд манай “Монцамэ” агентлаг 130 гаруй мянгад нь жагсч байна лээ. Харин Хятадын “Чайна дэйли” бидний ард орсон. Энэ нь Монголын тухай мэдээллийн эрэлт их байгааг илтгэж байгаа юм.
Сэтгүүлч Д.Болдхуяг: Контентын чанар л сайн байх ёстой
Нэгдүгээрт, контент. Хоёрдугаарт контент, гуравдугаарт контент л байх ёстой. Хонконгт амьдардаг нэг америк залуу манай бөхчүүдийг ушугийн мастеруудтай говьд аваачиж тулалдуулж шоу хийгээд л 300 мянган доллараар зарчихсан байна лээ. Энэ бол гадаадуудад зориулсан үзүүлэх тоглолт нэг ч үгүйг илтгэж байгаа юм. Мөн Монголын гол мессеж нь юу юм бэ, гэдгийг л эхлээд олох ёстой. Дараа нь онлайн, интернет сүлжээгээр тухайн контентыг үнэ төлбөргүй цацах хэрэгтэй. Үнэгүй мөртлөө үнэ цэнэтэй байна гэдэг чинь л тухайн контентын чанарыг илтгэж байгаа юм.
Жишээ нь, Оросын нэг аялагч гэр бүл байна. Би тэднийг Монголд явж байхад нь танилцаж байсан. Тэд овоолсон цуйван идэж байгаа зургаа тавиад “энэ хоол хоёр ам.доллар” гэсэн тайлбар өгсөн. Гэтэл тэдний сошиал дагагчид ийм их хоол хоёр ам.доллар гэж үү, гээд бидний мэдээллийг тарааж эхэлж байгаа юм. Бас Украины шоу байдаг.
Нэг нь 100 ам.доллараар нөгөөх нь их мөнгөтэй карт уншуулж хэрхэн долоо хоног амьдарч болох талаар нэвтрүүлэг л дээ. Тэр хоёр нөхөр Монголд ирээд л хэрхэн амьдарсан тухай сонирхолтой нэвтрүүлэг нь цацагдсан. Тэгээд л олон сая украинчууд Монголд ирсэн байна. Энэ чинь тэр нэвтрүүлгийн л үр дүн. Түүнээс Монголчууд өөрсдийгөө сурталчилсан зүйл байхгүй байна. Тиймээс гадныханд хүрч байгаа контент сонирхолтой, чанартай байвал тэд хүрээд л ирнэ.