УИХ-ын гишүүн Х.Баттулга өнөөдөр мэдээлэл хийх юм байна. Тэрбээр, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг баривчлан саатуулсантай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх аж.
Өнгөрсөн амралтын өдөр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчилсан. Мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ерөнхий гүйцэтгэгч Өмнөд Солонгосын “Самсунг С&Т”, “SCTECM” компанийн байранд цагдаагийн тусгайгийн албан хаагчид гэнэтийн дайралт хийн орж бичиг баримтыг хурааж, битүүмжилж зарим солонгосчууд болон захирлуудыг саатуулаад байгаа юм.
Х.Баттулга гишүүн мэдээллээ хэдэн цагаас хийх нь одоогоор тодорхойгүй байна. Гэвч дээрх хэрэгт УИХ-ын Х.Баттулга болон тухайн үед Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх нарыг холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэлээр цацагдаад байна. Энэ талаарх мэдээллийг бид цаг тухайд нь бүрэн эхээр нь хүргэх болно.