Л.БАТБААТАР
УБТЗ-ын Зорчигч тээврийн газраас дэлхийн жишигт нийцсэн галт тэргийг 2015 оны долдугаар сарын 1-нээс туршилтын журмаар аялуулж эхэлсэн. Тэгвэл өчигдөр УБТЗ-ынхан албан ёсоор нээх ёслолоо хийлээ. УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “УБТЗ хэмээх их айлын төв цэг нь Улаанбаатар вокзал. 2015 оныг үйлчилгээний чанарын жил болгосон учраас жишиг үйлчилгээ, стандартыг бүх галт тэргэнд хөрөнгө мөнгө, сэтгэл зүрхээ зориулж шийдэх болно” гэв. Жишиг галт тэрэг нь унтлагын 13, нийтийн 3, тасалгаат 8 вагоноос бүрдэнэ. УБТЗ дотоод нөөц бололцоогоо ашиглан эдгээр вагоныг тохижуулсан гэнэ. Цаашдаа 13 чиглэлийн 293 вагоныг жишиг үйлчилгээтэй болгохоор төлөвлөжээ.
Энэ үеэр УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Жишиг галт тэрэг үйлчилгээнд яваад тодорхой хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд хэдэн удаагийн рейс хийж, хэчнээн зорчигч тээвэрлэсэн бэ?
-Зорчигчийн тоо, үйлчилгээний бусад асуудлыг Зорчигч тээврийн газар мэднэ. “УБТЗ”-ын удирдлага үйлчилгээний жилд зориулж жишиг галт тэрэг тохижуулах шийдвэр гарган хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. Жишиг галт тэргийг наадмын дараагаас туршилтын журмаар аялуулсан. Жишиг галт тэрэг бол олон улсын стандарт юм. Энэ стандартдаа нийцүүлэн бусад галт тэргийг тохижуулъя. Галт тэрэгний доторхи үйлчилгээ нь өргөн байх ёстой гэж үзэж байна.
-Жишиг галт тэргийг хэдий хэмжээний хөрөнгөөр тохижуулсан бэ?
-Нэг галт тэргийг тохижуулахад хагас тэрбум төгрөг зарцуулсан. Жишиг галт тэрэгний үйлчилгээ олон нийтэд таалагдвал хөрөнгө мөнгөнд гар татахгүй. Гадаад, дотоодын чиглэлд аялдаг бүх галт тэргийг жишиг болгоно. Мөн галт тэрэгний чиглэл, аялах хугацаанаас хамаарч караоке, төрөл бүрийн худалдаа болон бусад үйлчилгээг нэвтрүүлнэ. Ингэснээр галт тэрэгний зорчих тасалбарын үнийг нэмэхгүй байх бодлого барьж байна. Үйлчилгээ бол тусдаа үнэтэй байх нь ойлгомжтой.
-Эдийн засгийн хямралаас шалтгаалж салбар бүр хүнд байдалтай байна. Нэг хэсэг төмөр замчдын цалингийн асуудал яригдсан. Хагас тэрбум төгрөгөөр дотоод тохижуулалт хийхэд байгууллагын хувьд асуудал биш үү?
-Биш биш. Бид 2015 оны есдүгээр сарын 1-нээс төмөр замчдын цалинг 10 хувиар нэмсэн. Төмөр замчид хүн амын орлогын албан татварт хэдэн зуун тэрбум төгрөг төлдөг нь тодорхой харагдана. Төмөр замын ашиг нь бага ч, эргэлдэж буй хэдэн зуун тэрбум төгрөгийн орлого, зарлага манай дотооддоо л явагддаг.
-Салбарын сайд УБТЗ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй байна хэмээн ирэх сараас шалгалт оруулахаар болсон. Энэ талаар?
-УБТЗ хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллаж байгаа. Үүнийг баталгаатай хэлнэ. Шалгалт оруулна л биз.
-Рейлбусын асуудал юу болсон бэ?
-Рейлбусыг Зүүнхараа-Дарханы чиглэлд явуулж байна. Улаанбаатар хот дотор рейлбус зорчуулах боломж бага. Учир нь, рейлбусын ложистикийн сүлжээг байгуулж чадаагүй байна. Зогсоол, тавцан нь төмөр замын дагуу бий болбол рейлбусыг Улаанбаатар хот дотор ашиглана.