Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
хоёр орны махны холбоод зургаан тэрбум юанийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан

Л.БАТБААТАР

Монголын экспортын бүтээгдэхүүний тэргүүлэх 10 салбарын нэгд махны экспорт зүй ёсоор багтдаг. Мөн хоёр хөрш болоод хилийн чанадын зарим улс манай улсаас мах импортлох боломжтой гэдгээ илэрхийлсэн удаатай. Гэхдээ мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний дэгдэлтгүй бүс нутаг бага байгаас бидэнд махны экспортыг нэмэгдүүлэх боломж хомс байна. Харин хоёр хөршдөө малын мах нийлүүлэх чиглэлээр төр засгийн үе үеийн удирдлагууд  хүч тавин ажилласны үр дүн гарч эхэлсэн талаар өчигдөр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Шиньпин манай улсад өнгөрсөн онд айлчлахдаа “Монгол Улс, БНХАУ-ын хоо­ронд иж бүрэн стратегийн түнш­лэлийн харилцааг бай­гуулж, хөгжүүлэх тухай хам­тар­сан тунхаглал”-д гарын үсэг зурсан. Мөн 2015 оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. Ингээд хоёр орны дээд түвшний уулзалтуудын тун­хаглалыг үндэслэн “Монгол-Хятадын анхдугаар экспо” 2015 оны есдүгээр сарын 23-27-ны өдөр БНХАУ-ын Хөх хотод болсон юм.

Тус экспод Монголын талаас 1800 гаруй, Хятадын талаас 7500 гаруй төлөөлөл оролцож хоёр орны эдийн засгийг өргөжүүлэн хөгжүүлэх гарцыг эрэлхийлж, соёл урлаг, спорт, шинжлэх ухаан зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх шийдэл болж чадсан хэмээн албаныхан дүгнэж байна.
Энэ талаар “Монгол-Хятадын анхдугаар экспо”-д оролцсон ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Монголын махны холбооны Ерөнхийлөгч Б.Очирбат нар хоёр орны малын мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх боломж, гэрээ хэлцлийн талаар өчигдөр мэдээлэл хийсэн юм.

Тус үзэсгэлэн худалдааны үеэр ХХААЯ-наас хоёр улсын малын мах, махан бүтээгдэхүүний салбарын хамтын ажиллагааны өдөрлөгийг зохион байгуулсан байна. Өдөрлөгт хоёр орны холбогдох албаны хүмүүсээс гадна аж ахуйн нэгж байгууллагын 300 гаруй төлөөлөл оролцсон аж. Энэхүү форум нь хоёр орны малын мах, махан бүтээгдэхүүний салбарынхан нүүр тулсан уулзалтуудыг хийж түншлэлийн харилцаа тогтоон, малын махны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх гол зорилготой бөгөөд, энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн компаниудад өгөөжтэй ажил болсон хэмээн ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд онцоллоо.

Мөн тэрээр “Уулзалтын үр дүнд хоёр орны махны холбоод зургаан тэрбум юанийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Мөн дотоодын 12 компани малын мах нийлүүлэх түншээ олж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан” гэсэн юм. Тухайлбал, “Дархан мийт фүүд” компани, “Өвөр Монголын Руйшинъюань” хүнсний корпорацтай үхэр хонины мах нийлүүлэх, “Хөвсгөл мах маркет” Тянь-Жиний олон улсын худалдааны төвтэй хонь, үхрийн мах нийлүүлэх таван жилийн,  “Цаглашгүй ганга” компани “Менд Ди” компанитай хонь, үхрийн мах нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээг тус тус зуржээ.

Мөн “Kayser Fleisher” компани БНХАУ-ын Өвөрмонголын тариалан, мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй махны чиглэлийн хонины аж ахуйн ашиг шимийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологи, инноваци нэвтрүүлэх, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.

Гэрээ байгуулж санамж бичигт гарын үсэг зурах нь зөвхөн ажлын эхлэл хэсэг. Хэзээ, хэчнээн тонн малын махыг ямар үнээр нийлүүлэх нь тулгамдсан асуудал болоод буй. Мэргэжилтнүүдийн хэлснээр, малын мах нийлүүлэх ажил цаг хугацаа алдах тусам манай талд  ашиггүй болсоор байгаа аж. Малын мах нийлүүлэхэд саад болж буй гол хүчин зүйл бол манай оронд үе үе дэгддэг малын гоц халдварт өвчин юм.

Монголын махны холбооны ерөнхийлөгч Б.Очирбат энэ талаар “Тус үзэсгэлэнгийн малын махны чиглэлээр болсон уулзалтад олон хүн илтгэл тавьсан. Миний бие монгол малын махны  чанар чансаа, БНХАУ-д экспортлох боломж бололцооны талаар үг хэлсэн. Өвөрмонголын махны холбоо, манай байгууллагатай  хамтран ажиллах санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт Монголын амт, чанар сайтай малын махыг Өвөрмонголд дахин боловсруулж, бренд бүтээгдэхүүн болгон дэлхийн зах зээлд гаргах талаар тусгасан. Бренд бүтээгдэхүүн болгож дэлхийн зах зээлд гаргах ажлыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 2018 арванхоёрдугаар 31-ний хооронд  хийхээр товлосон. Энэ ажлын хүрээнд жилд дунджаар 150 мянган бог малын мах урд хөршид нийлүүлнэ. Мөнгөн дүнгээр бол зургаан тэрбум юань буюу тэрбум орчим ам.долларын арилжаа хийх юм. Урд хөршид малын мах нийлүүлэхэд тус улсын Мал эмнэлгийн байгууллагын зөвшөөрөл чухал байдаг. Манай талын хүсэлтээр Хятадын шинжээчид ирж  шинжилгээ хийж байх үед Баян-Өлгий аймагт шүлхий гарлаа гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. Үүнээс болж шинжилгээний ажил удаашрах төлөвтэй байна. БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон мах импортлох асуудлыг бие даан шийддэг субъект биш. Асуудлыг БНХАУ-ын тал шийднэ. Ингэснээр хүлээлт бий болж байна. Шүлхий өвчин гарсан аймгуудаас малын мах авахгүй гэдгээ Хятадын тал илэрхийлсэн” гэлээ.

Малын гоц халдварт өвчин гарсан тухай цаг алдалгүй  хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсанаар  дэлхийн сонорт хүрдэг. Үүнээс болж Монголын махны экспорт зогсдог. Асуудлыг нягталж мэдээллийн хэрэгслээр түгээж байхыг Монголын махны холбооны ерөнхийлөгч сэтгүүлчдээс хүссэн юм.
Харин Өвөрмонголд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн нэг кг үхрийн махыг 132 юаниар зардаг байна. Монгол төгрөгөөр бол энэ нь 42 мянган төгрөг. Ингээд үзэхэд, урд хөршид малын мах нийлүүлснээр их хэмжээний валютын орлого олох боломжтой нь харагдаж байна хэмээн ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд тайлбарлаж хэлсэн юм.

Мөн Дархан-Уул аймгийн “Дархан мах” компани нь БНХАУ-д мах нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан 12 компанийн нэг бөгөөд энэ шаардлагад хэрхэн тэнцсэн талаар тус компанийн ерөнхий менежер Э.Онон тайлбарласан юм. Тэрээр “БНХАУ-ын Мал эмнэлэг, хорио цээрийн ажлын хэсэг 2015 оны есдүгээр сард ирж шалгасан. Шалгалтыг олон улсын аюулгүйн “AJSCP” болон “ISO-9001” стандартын дагуу хийсэн. Дулааны аргаар болон нядалсан малын мах гаргаж болно гэсэн эрхийг  манай үйлдвэрт олгосон. Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нэг жил байдаг. Ирэх жил мөн л шалгана. Адууны шулсан мах болон бусад малын махыг гаргах зөвшөөрлөө авсан. Манай үйлдвэр өдөртөө 350 бодын болон 1000 богийн мах боловсруулах хүчин чадалтай. Үнийн хувьд дахиж ярилцана. Ямартай ч дотоодын үнээс дээгүүр тогтооно” гэлээ.

Олон улсын Мал эмнэлгийн байгууллагад бүртгэлтэй 5-6 төлийн өвчин байдаг. Эдгээр өвчнөөс хамгийн элбэг гардаг нь малын шүлхий юм. Шүлхий өвчин манай оронд ойрхон давтамжтай гарсан нь малын махны экспортод муугаар нөлөөлж буй. Уг нь Монгол Улс малаа эрүүлжүүлэх хөтөлбөртэй. Энэ хөтөлбөрийг сүүлийн 10-аад жилийн турш хэрэгжүүлж ирсэн ч үр дүнд төдийлөн хүрсэнгүй.
Гэхдээ юун түрүүнд тодорхой бүс нутгийг эрүүл бүс буюу шүлхийн дэгдэлтгүй болгох ажлыг цаг алдалгүй хийх боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл, эрүүл бүс нутагтаа мал сүргээ өсгөн үржүүлж, мах экспортлоход мал эмнэлгийн хорио цээрийн саад үүсэхгүй аж. Үгүй бол, зүүн бүсийн нэг аймагт шүлхий гарахад л баруун, төв бүсийн мах нийлүүлэлт зогсдог. Эсрэгээр төвийн бүсэд шүлхий гарахад зүүн, баруун бүсийн махны нийлүүлэлт тасардаг гинжин хэлхээ тасрахгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан