Л.НОМИН
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын мэдээллийг сонссон байна. Төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх байсан ч ажлын хэсэг нягтлах асуудал бий хэмээн түр хойшлуулжээ.
Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахын тулд богино хугацааны хөтөлбөр боловсруулахаар тус бүлэг шийдсэн байна. АН-ын бүлгийн ажлын хэсгүүд судалгаа тооцоо хийсний үндсэн дээр дотоодын ажиллах хүчиндээ тулгуурлаж, эдийн засгаа сэргээх асуудлыг гаргаж иржээ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар товч мэдээлэл өгөөд УИХ-ын дарга З.Энхболд дэлгэрэнгүй тайлбар хийв.
Төмөр замын бүтээн байгуулалтын томоохон гурван ажил хийхтэй холбоотойгоор дотоодын нөөц бололцоогоо ашиглахаар шийдэж. Хөдөлмөрийн яамны сүүлийн хоёр жилийн судалгаагаар 29 хүртэлх насны 180 мянга гаруй залуу ажилгүй байгаа гэж.
Үүнээс эмэгтэйчүүдийг нь хасахаар 90 мянга нь ажил эрхэлдэггүй, цэрэгт яваагүй залуу аж. Ингээд эхний ээлжинд 10 мянга орчим хүнийг цэрэгт татаж, МСҮТ-өөр дамжуулан мэргэжилтэй болгож, томоохон төслүүдэд ажиллуулахаар төлөвлөжээ.
Энэхүү “Цалинтай цэрэг” хөтөлбөр нь авто зам, төмөр замын бүтээн байгуулалтад ажилгүй залуучуудыг хамруулах зорилготой. Гашуунсухайт, Сайншанд, Бичигт-Хөөтийн гэсэн гурван чиглэлийн төмөр замын санхүүжилт нь шийдэгдсэн. Эдгээр төмөр замыг барихад 10 мянга орчим ажлын байр бий болох учир цалинтай цэргүүдийг ажиллуулах санаачилга гаргаад байна. АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа “АН анх хүүхдийн мөнгийг санаачилж олгосон. Хүүхдийн мөнгө хүртэж байсан хэсэг ажиллаж, хөдөлмөрлөх насанд хүрсэн. Монгол Улс хүний хөгжилдөө анхаарах цаг болсон гэдэгт АН-ын гишүүд санал нэгдсэн нь энэ бүтээн байгуулалтад оролцох залуус” гэлээ.
З.Энхболд: Шүүгч нарт ямар нэг онцгой нөхцөл байхгүй, 30 хувиар цалинг нь хасна
УИХ-ын дарга З.Энхболд зарим зүйлд тодруулга өглөө.
-Төсвийг 3,3 хувийн алдагдалтай батлах нь гэж байгаа. Алдагдалгүй төсөв батлах боломж байна уу?
-Засгийн газраас оруулж ирсэн төслөөр бол 2017 онд алдагдалгүй төсөв батлах бололцоо бий. Ирэх жилийн хувьд алдагдалгүй төсөв батлах боломжгүй юм байна гэдгийг бид тооцож үзсэн. АН-ын бүлэг төсвийн тодотгол болон 2016 оны төсвийг одоо байгаа параметрүүдэд нь багтаагаад баталъя гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ дотор нь зарим хөрөнгө оруулалтыг урсгал зардал руу, зарим урсгал зардлыг хөрөнгө оруулалт руу оруулах ч юм уу хөдөлгөөн хийгээд явж болно.
Уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт шүтээд үр дүнд нь бид түүхий эдийн үнэ хамгийн багадаа 30, хамгийн ихдээ 300 хувь унахыг харлаа. Одоо дотоодын хөрөнгө оруулалт, ажиллах хүчинд тулгуурлая. Нэг үеэ бодоход санхүүгийн зах зээлээс манай санхүүгийн зуучлалын байгууллагууд мөнгө төгрөг босгож чадаж байна. Компаниуд хөрөнгө босгож чадаж байгаа жишээг Цагаан суварга харууллаа. Гурван төмөр замын бүтээн байгуулалтад 10 мянган ажлын байр шинээр бий болно. “Шинэ Яармаг” хороололд шууд ажлын байр 2500 гарч, монголчууд ажиллаж байна. Дам ажлын байр буюу туслан нийлүүлэгчээр 8000 хүнийг ажилтай болгож байна. “Шинэ Яармаг” 10 мянган хүний ажлын байрыг шингээж чадаж байгаа. Тэгэхээр төмөр замын бүтээн байгуулалтад тэр байтугай ажлын байр шингээнэ. Өөрийнхөө хөрсөн дээр бууя, хөгжлийнхөө чиг баримжааг дотооддоо тулгуурлаж бий болгоё. Энэ бодлогыг энэ төсвөөс эхлүүлэе гэж байгаа юм.
-Төсөвт ямар нэг байдлаар дарамт учрахгүй юу?
-Зэвсэгт хүчний хөгжлийн санд 10 мянган цэргийн хувьсах зардлыг суулгаад төмөр замын төслүүдэд ажиллаад буцаагаад авах юм. Тэгэхээр орлого, зарлага аль алинд нь нэмэгдэж байгаа учраас төсвийн алдагдалд нөлөөлөхгүй.
-Шүүгч нарын цалинг бууруулах асуудлын талаар?
-Шүүгч нарын цалин төрийн болон улс төрийн бусад албан хаагчдын нэгэн адил 30 хувиар хасагдана. Ямар нэг онцгой нөхцөл байхгүй.
-Шатахууны үнийн тухайд?
-Шатахууны үнийг тогтмол байх аргыг сонгосон. Өндөр байхад нь улсын төсвөөс татаас өгч буулгаж байсан. Одоо буусан үед татвараа буцааж авч байгаа. Шатахууны үнэ тодорхой байх нь чухал. Дэлхийн зах зээлийн үнэ дараа жил 100 ам.доллар болбол яах вэ. Татаасыг нь дахиад улсын төсвөөс өгнө. Компаниуд хожиж байна гэдэг буруу ойлголт яваад байгаа. Компаниудын хожиж буй гэх бүх мөнгийг улсын төсөв хураагаад авчихдаг юм. Шатахууны үнийг тогтвортой байлгах хөтөлбөр болохоос дэлхийн зах зээл дээрх хөдөлгөөн алга болсон.