Т.ЖАНЦАН
УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдрөөс “Төрөөс мөнгөний бодлогын тухай баримтлах бодлого-2016” хэлэлцэж байна. Ирэх оны мөнгөний бодлогод эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн “шинэ тэнцвэр”-ийг хангах, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах гэсэн зорилт тавьжээ.
Ашигт малтмалын үнийн өндөр өсөлтийн үед манай эдийн засаг огцом тэлж суга үсэрсэн. Гэтэл манай эдийн засаг өнөөдөр 17.3 хувийн өсөлтөөс гурав болж буураад байгаа билээ. Энэ өндөр өсөлтийн гол хөдөлгүүр нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүний үнэ нь навс унасан тул хямрал нүүрлээд байна. Жишээлбэл, уул уурхайн салбар ДНБ-ий 20, улсын төсвийн орлогын 40, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80, экспортын орлогын 90 хувийг тус тус эзэлж байв. Ингээд эдийн засгийг олон тулгууртай болж төрөлжих боломжийг хааж зөвхөн хэрэглээг дэмжсэн. Үүний үр дүнд хэт данхайсан төсөвтэй болж зардал нь өссөн. Харамсалтай нь уул уурхайн салбарын эдийн засгийн хэт хамаарлыг өөрчилж чадалгүй цаг алдсан нь өнөөдөр мэдрэгдэж буй юм.
Ашигт малтмалын үнэ доод цэгтээ хүртэл унасан өнөө үед уул уурхайн орлогод найдаж зарлага төлөвлөх боломжгүй болов. Иймд эдийн засгаа олон тулгууртай болгон төрөлжүүлэх алхам хийх ёстой. Ирэх жилийн төсөв, мөнгөний бодлого үүнд чиглэх учиртайг эдийн засагчид анхааруулж байна.
Яг энэ эгзэгтэй цаг үед ирэх онд баримтлах төрийн мөнгөний бодлогыг УИХ хэлэлцэж буй юм. УИХ-ын нэгдсэн чуулганаар төрийн мөнгөний бодлого хэлэлцэх үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Манай экспортын бүтээгдэхүүний үнийг ердөө хоёрхон жилийн дотор 2.3 дахин нэмэгдүүлж байсан уул уурхайн супер цикл унах мөчлөгтөө орсон. Иймд экспортын үнэ сүүлийн жилүүдэд хоёр дахин буураад байна. Энэ нь хөгжиж буй орнуудаас хөрөнгийн урсгал гадагшилсан сүүлийн гурван жилийн үйл явцтай давхцсан. Уул уурхайгаас хамааралтай хөгжиж буй орнуудын, ялангуяа нүүрс, нефть давамгайлсан экспортын бүтэцтэй эдийн засагт цочрол үүсгэж, макро эдийн засгийн бодлогод нь хүнд сорилт болж байна. Тухайлбал, манай улсын хувьд гадаад худалдааны нөхцөл муудах, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах нөлөө үзүүллээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011-2012 онд нийт есөн тэрбум ам.доллараас 2014-2015 онд ердөө 400 мянга болов. Энэ нь 22.5 дахин буурах, улсын төсвийн орлого их хэмжээгээр тасрах зэрэг сувгаар дамжин эдийн засгийн бүх секторт сөргөөр нөлөөлж байна. Ингээд 2013-2014 онд эдийн засгийн хос алдагдал богино хугацаанд ажилгүйдлийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтворгүй байдалд хүргэх эрсдэлийг бодитойгоор бий болгосон. Энэхүү эрсдэлээс сэргийлэх, өрхийн бодит орлогын түвшинг хадгалах зорилтын хүрээнд мөнгөний уламжлалт болон уламжлалт бус бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Энэ бодлогоор нийлүүлэлтийн гаралтай инфляцын нөлөөллийг 35 хувиас 0 хувьд хүргэсэн. Ийнхүү эрэлтийн гаралтай инфляцын дарамтыг арилгаснаар өрхийн хуримтлал, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлсэн. Ингэснээр инфляц зорилтот түвшиндээ хүрч буурлаа. Тухайлбал, 2012 онд 14 хувь байсан инфляц 2015 энэ оны ёсдүгээр сард 4.9 хувь болсон. Оны эхнээс инфляц 2.6 хувь, валютын ханш 5.7 хувийн хөдөлгөөнтэй байгаа нь дотоодын санхүүгийн зах зээлд тогтворжих хандлага бий болж байгааг илэрхийлж байна” хэмээн хэлэв. Эдийн засгийн өсөлт асар хурдан унаж эхлэх үед Монголбанк, Засгийн газартай хамтарч “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг 2012 оны аравдугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн. Тухайн үед төв банк 2.9 их наяд төгрөг хэвлэж тараалаа. Энэ буруу хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй байв. Гэвч уг хөтөлбөр хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрснийг өнөөдөр харж болно.
Нэгдүгээрт хөтөлбөрт хамрагдсан барааны үнийн өсөлт нийт инфляцын 33.5 хувийг бүрдүүлдэг байв. Тэгвэл өнгөрсөн онд 4.5 хувь болж буурсан. Иймд бага, дунд орлогтой иргэдийн түрийвчийг сэгсрэлгүй инфляц нам төвшинд орсон билээ. Хоёрдугаарт төлбөрийн тэнцлийн хямралыг намжаасан юм. Төлбөрийн урсгал дансны алдагдал 3.4 тэрбум ам.доллараас 400 сая болж буурлаа. Эдийн засгийн өсөлт 2013 онд 11.6, өнгөрсөн жил 7.8 хувьтай гарсан. Энэ огцом агшилтыг зөөлрүүлж мөнгөний хомсдолоос сэргийлж чаджээ. Ингэснээр банкны системд зээл тасалдах, дотоод активууд үнэгүйдэх, санхүү эдийн засгийн хямрал 2013 онд гарах эрсдэлээс сэргийлэв. Гуравдугаарт хөдөө аж ахуй, барилгын салбарт олон мянган ажлын байр хадгалж үлдэх боломж олгосон. Тухайлбал, 2013-2014 онд барилгын салбарын ажилчдын тоо 77 мянга болжээ. Энэ нь 15.3 мянгаар өссөн үзүүлэлт. Нэг ёсондоо ажилгүйдлийн түвшинг 7.9 хувиас хэтрүүлэхгүй барьж чадсан байна. Дээрх хөтөлбөрөөр олгосон хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл өнгөрсөн наймдугаар сард 386.7 тэрбум төгрөг болжээ. Ингээд зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөгдөж буй бөгөөд оны эцэст 232.3 тэрбум төгрөг болно. Ирэх жил 27.3, 2017 оны эцэст гурван тэрбум төгрөг үлдэх аж. Энэ бүгдээс үзхэд манай эдийн засаг өндрөөс огцом унах үед дээрх хөтөлбөр зөөлөн газардуулах шүхэр болсон гэсэн үг юм.
Монголбанкнаас эдийн засагт зарим тохиргоо хийгдэж, инфляц буурч гадаад тэнцэл харьцангуй сайжирсан ч, макро эдийн засгийн “шинэ тэнцвэр”-ийг хангах боломжийг хязгаарлах, эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлэх болзошгүй эрсдэлүүд хэвээр байгааг онцолж буй юм.
Үүнд хамгийн гол асуудал нь улсын төсөв. Мөнгөний бодлого, улсын төсөв хоёр зоосны хоёр тал гэж хэлж болно. Манай эдийн засагт өнөөдөр орж ирэх мөнгө багасч дутаж буй билээ. Ийм үед улсын төсвийн тэлэх бодлого үргэлжилбэл Засгийн газрын гадаад, дотоод өрийн дарамт нэмэгдэх, дотоодын хувийн хэвшил шахагдах, мөнгөний бодлогын орон зай хязгаарлагдаж эдийн засгийн идэвхжлийг дэмжих боломжгүй болох юм. Энэ нь даамжраад эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөөлөх эрсдэл бий. Эдүгээ эдийн засгийн өсөлт саарч, хувийн хэвшлийнхэн арай ядан амьдарч буй. Одоогоор зээлийн чанар улам муудах, банк, санхүүгийн салбарын актив буурах, улмаар системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл маш өндөр байна.
Эдийн засагт гадаад орчноос ирэх шок бий. Дэлхийн тэр дундаа манай экспорт, импортын гол түнш Хятадын эдийн засгийн өсөлт саарах төсөөлөл гарч буй. Мөн уул уурхайд түшиглэсэн орнуудаас хөрөнгө оруулалт дайжих, ашигт малтмалын эрэлт буурах, ам.долларын ханш дэлхийн голлох валютуудын эсрэг чангарах төлөв байна. Тэгэхээр ирэх оны мөнгөний бодлогод тусгаснаар эдийн засгийн “шинэ тэнцвэр”-ийг хангаж урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь нөхцөлийг бүрдүүлэхийн тулд төрөөс хэд хэдэн арга хэмжээ авах шаардлага бий аж. Тухайлбал, улсын төсвийн бодлогын шинэчлэлтийг ирэх оноос эхлэн хэрэгжүүлэхдээ дотоод өрөө нэмэгдүүлэхгүй байх, төсвийг бодитой төлөвлөх шаардлага байгаа юм. Ингэснээр хувийн хэвшилд амьдрах орон зай үлдэж эдийн засгийн өсөлтийг дэмжих боломж бүрдэнэ хэмээн төв банкны эдийн засагчид үзэж буй.
Эдийн засгийг төрөлжүүлэхдээ хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын бүтээгдэхүүний экспортын хүчин чадлыг өрсөлдөх чадварыг нь сайжруулах замаар нэмэгдүүлэх ёстой гэж буй юм. Үүний тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийн экспортыг нийт экспортын гуравны нэгд хүргэхээр зорих учиртай. Ингэснээр гадаад валют олох тогтвортой эх үүсвэртэй болох боломж байгаа юм. Мөн гадаад валютын орох урсгал, түүний дотор гадаадын шууд хөрөнгө оруулалтыг ДНБ-ий 15-20 хувиас багагүй хэмжээнд хүргэх нэн тэргүүний шаардлага бий. Төрийн мөнгөний бодлогод Монголбанк ирэх онд инфляцыг долоо, 2017-2018 онд 5-7 хувийн хязгаарт тогтвортой байлгах зорилт дэвшүүлэв. Энэ мөнгөний бодлого хэрхэн батлагдаж, бүрэн хэрэгжих эсэх нь УИХ-ын гишүүдээс шалтгаалах л үлдлээ.