Т.ЦЭЛМЭГ
АТГ Шилэн дансны тухай хуультай холбоотой иргэдийн гаргасан гомдлыг хянуулахаар Үндэсний Аудитын газарт зарим компанийг шилжүүлсэн. Монгол-Оросын хувь нийлүүлсэн компаниуд үүнд багтжээ. Тодруулбал, Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” ХХК гэх мэтчилэн. Шилэн дансы тухай хуульд заасан мэдээллүүдийг ил тод болгох ажлыг сайжруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, дүнг 2015 оны аравдугаар сарын 21-ний дотор АТГ-т ирүүлэхийг “Эрдэнэт” үйлдвэрт мэдэгдсэн гэж буй. Ингээд дээрх асуудалтай холбогдуулан Үндэсний Аудитын газрын дэд дарга Б.Баттуяатай ярилцлаа.
-Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд үр дүнгийн талаар та тодорхой зүйл хэлэх байх?
-Үндэсний Аудитын газар нэгдүгээр сарын 1-нээс энэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хяналт тавих үйл ажиллагаагаа хэрэгжүүлж зохион байгуулаад явж байгаа. Эхний хагас жилийн байдлаар буюу тавдугаар сарын 30-ны байдлаар Аудитын газраас Шилэн дансны үйл ажиллагаанд аудит хийгээд зөвлөмж дүгнэлт гаргаж хүргүүлсэн. 5000 гаруй байгууллагын шилэн дансны үйл ажиллагааны хэрэгжилтэнд аудит хийж доторхой хэдэн асуудал болон шийдвэрлэх шаардлагатай зүйлүүдийг шийдэх хэрэгтэй гэж Ерөнхий сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яаманд зөвлөмж хүргүүлсэн.
-Энэ зөвлөмждөө ямар асуудлыг шийдэхийг тусгасан юм бол?
-Нэгдүгээрт, 5000 гаруй байгууллагад шилэн дансны хэрэгжилтэнд аудит хийж үзэхэд 200-гаад байгууллага шилэн дансны хөтлөлт хийгээгүй байсан. Түүнчлэн аудит хийх явцад 600 орчим байгууллага шилэн дансныхаа зөвлөмжийг хэрэгжүүлээгүй учраас 400 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаадлага хүргүүлсэн. Хоёрдугаарт, олон улсын гэрээтэй, хувь нийлүүлсэн бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын түвшинд ногдол ашгийн шинж чанартай асуудал байгаа учир төсөвт байгууллага, төрийн өмчит орон нутгийн өмчит байгууллагын адилаар шилэн дансанд хамрагддаг шиг шууд хандаж болохгүй байсан. Тэр байгууллагуудад хувь нийлүүлсэн, олон улсын гэх мэт онцлог шинж чанар байгаа учраас Засгийн газрынхаа түвшинд ярьж байж, Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээнд тэдгээрийн онцлогийг тусгасан аргачлал, арга зүйг боловсруулж гаргах ёстой гэсэн зөвлөмжийг өгсөн.
-АТГ болон иргэнээс ирж байгаа гомдлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ. Зарим иргэн 10-14 хоногийн дотор шийдвэрлэх ёстой гэж байсан?
-Үндэсний аудитын газар нь иргэд болон төрийн бус байгууллагуудтай байнга хамтарч ажилладаг. Тиймээс ч иргэдээс ирж байгаа мэдээллийг тухай бүрт нь шалгаж, мэдээллээ ил тод гаргадаг. Харин иргэдээс төрийн байгууллагуудын талаар ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх хуулийн дагуу л асуудлыг шийдвэрлэдэг. Тухайлбал, иргэдээс ирсэн гомдлыг хуульд зааснаар 30 хоногийн дотор судалж үзээд шийдвэрлэх ёстой. Харин үнэхээр дахиж судлах шаардлагатай гэж үзвэл дахин 30 хоног сунгах боломжтой. Ер нь 30-90 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэж хариу өгдөг. АТГ-аас ирсэн бичгийн тухайд бол тусгайлсан хэд хэдэн төрийн өмчит хувь нийлүүлсэн байгууллагын тухай бичиг ирсэн нь үнэн. Энэ асуудлыг энэ сарын 30-ны дотор хариу ирүүл гэсэн байсан. Манай байгууллага үүнийхээ дагуу хариу өгсөн.
-“Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ ногдол ашгаа өгч чадахгүй байгаа гэх мэдээлэл ч гараад байгаа талаар?
-Шилэн дансны тухайд хуулиа яаж хэрэгжүүлэх вэ гэдэг зөвлөмж нь Засгийн газарт хүргэгдсэн болохоор тодорхой аргачлал нь гарахаар дээрх газруудын шилэн дансаа хөтлөх боломж нь бүрдэнэ. Харин “Эрдэнэт” үйлдвэрт бид хамтарсан шалгалт хийдэг. Энэ үйлдвэр хувь нийлүүлсэн хувьцаагаа тараах тухайд бүртгэлээрээ хувьцааныхаа ногдол ашгийг олгох бүртгэлтэй бизнесийнхээ зарчмаар л явж байгаа. Харин хувь нийлүүлэгч нь хувьцаа эзэмшигчээ солих саналаа ирүүлсэн албан бичигийн дагуу бол хувьцаа эзэмшигчээ солиогүй яваа. Хувьцаа эзэмшигчээ сольсныхоо дараа энэ асуудал нь шийдэгдэж, бүртгэл тооцоо дээрээ байгаа мөнгөө өгөх юм. Түүнээс биш хувьцааны ногдол ашиг өгөх, өгөхгүй байсан тухай ярих боломжгүй. Ер нь тэр мөнгө нь угаасаа бизнесийн үйл ажиллагаанд орохгүй хадгалагдаад явж байдаг мөнгө биш. Бизнесийн үйл ажиллагаа бол өөрийнхөө эх үүсвэрээр явж байдаг бүртгэл тайланд нь тусгагдсан өгөх ёстой мөнгөний тухай л яригдаж байгаа зүйл.
-Хоёр талын Аудитын газрын хийсэн шалгалтын дүгнэлтээр “Эрдэнэт” үйлдвэр ашиггүй ажиллаж байна гэсэн дүгнэлт гарсан гэдэг үнэн үү?
-ОХУ-ын тал хувьцаа эзэмшигчээ солих талаар мэдэгдлээ ирүүлсэн. Гэрээндээ яаж өөрчлөлт оруулах вэ гэдгийгхууль журмынхаа дагуу л хэлэлцээд явж байгаа. Харин ногдол ашгийн тухайд манайх хувьцаа эзэмшигчээ гэрээний дагуу сольсныхоо дараа л энэ ногдол ашгаа авах ёстой учраас бүртгэлээрээ байгаа мөнгөө хувьцаа эзэмшигчийн асуудал шийдэгдсэний дараа өгөх ёстой юм. Түүнээс бус “Эрдэнэт” үйлдвэр дампуурахад хүрээд ОХУ-д өгөх ёстой мөнгөө өгч чадахгүй байгаа зүйл огт байхгүй. Мөн энэ мөнгө гэнэт гараад ирсэн зүйл ч биш. Бүртгэлдээ байгаа бизнесийнхээ зарчмаар л эргэлдэж байгаа.
-“Эрдэнэт” үйлдвэрийн санхүүгийн нөхцөл байдал ямархуу байгаа юм бол?
-Аудит хийгээд тайлан нь гаргаад УИХ-ын Байнгын хороо, УИХ-д хүргүүлсэн. Бизнесийнхээ хувьд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа.