Л.БАТБААТАР
Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Аж үйлдвэрийн яамнаас “Монголд үйлдвэрлэв” аж үйлдвэрийн чуулганыг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Тус чуулганы зорилго нь төрийн болон хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хамтран нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн зөвшилцөлд хүрэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх гарцыг олоход оршиж байна.
“Монголд үйлдвэрлэв” аж үйлдвэрийн чуулганыг цаашид хоёр жил тутам зохион байгуулна. Чуулганы хүрээнд хүнд, хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн бодлого, үйлдвэрлэл технологийн парк, чөлөөт бүс, гадаад, дотоод худалдаа үйлчилгэээний тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэж зохион байгуулагчдын зүгээс онцлон хэлж байсан.
Чуулганд УИХ-ын гишүүд, яамдын удирдлагууд, аймаг нийслэлийн Засаг дарга нар, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, мэргэжлийн холбоод их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, манай улсад суугаа гадаадын Элчин сайд нар, болон нэр хүнд бүхий компанийн захирал зэрэг 700 гаруй шийдвэр гаргах түвшиний төлөөлөгч оролцлоо. Мөн тус чуулганы ач холбогдлыг өндрөөр үнэлж Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар явуулсныг итгэмжлэгдсэн бие төлөөлөгчид уншиж танилцуулсан.
Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд “Монголд үйлдвэрлэв” уриан дор зохион байгуулагдаж буй аж үйлдвэрийн анхдугаар чуулганд хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид, үйлдвэрлэл эрхлэгчид, хөрөнгө оруулагчид Та бүхэнд УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Улс орны хөгжлийн үндэс суурь том ч бай, жижиг ч бай нэмүү үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж баялаг бүтээх явдал байдаг. Бид уул уурхайгаас хэт хамааралтай жижиг эдийн засагтай улс. Одоо энэ байдлаас салах цаг болсон. Сүүлийн жилүүдэд төр засгаас үйлдвэрлэл, экспортыг дэмжих бодлогыг идэвхтэй явуулж ирлээ. УИХ 2015 онд “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоол, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан. Аж үйлдвэрийн салбарт дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгохыг тууштай дэмжиж, үйлдвэржилтийг Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх чиглэл болгон идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Дэвшилтэт технологид суралцаж, улмаар өөрсдийн гэсэн шинэ технологи бүтээхийг зорихын сацуу аж үйлдвэрийг удирдах ухаан, орчин цагийн менежментэд суралцаж, үндэсний шинж агуулга бүхий соёлыг бүтээж нутагшуулах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэе. Аж үйлдвэрийн анхдугаар чуулганаар төр, их дээд сургууль, аж үйлдвэр гэсэн гурвалсан хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлэх талаар чухал санал санаачилга дэвшүүлж үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудалд шийдэл олсон чухал арга хэмжээ болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, хурлын ажиллагаанд амжилт хүсье” хэмээн илгээлтдээ дурджээ.
“Монголд үйлдвэрлэв” аж үйлдвэрийн чуулганыг нээж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат үг хэлсэн. Тэрээр “Эрхэм хүндэт зочид оо. Та бүхнийг Монгол Улсын Аж үйлдэрийн анхдугаар чуулганд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлье. Бид өргөн уудам нутагтай, байгалийн асар их баялагтай ард түмэн. Монголчууд бид өнөөдөр хэрэглээний эдийн засгаас бүтээлч үйлдвэрлэгч эдийн засаг руу шилжиж байна. Тиймээс Монгол Улс экспортын чиглэлийн үйлдвэр үйлчилгээ давамгайлсан хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн өсөлт хөгжлийн стратегийг сонгоод байна.
Дэлхийн өндөр хөгжилтэй аль ч улс орны эдийн засгийн хөгжлийн түлхүүр нь аж үйлдвэрлэл гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Хөгжиж буй Монгол орон уул уурхай түүхий эдийн худалдаалагч орноос өөрийн баялгийн нөөцөд тулгуурласан аж үйлдвэрийг угтан хөгжүүлэх бодлогоо гарган тавьж байна. Манай орны өрсөлдөх чадвар 133 орноос 109 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Нийт боловсруулах үйлдвэрлэлд, дунд, өндөр технологи дөнгөж 5.3 хувийг эзэлж байна. Энэ тоон үзүүлэлт нь ОХУ-аас дөрөв дахин, БНХАУ-аас найм дахин доогуур байна. Дэлхийн эдийн засгийн эерэг шалгуур үзүүлэлтээр боловсруулах үйлдвэрлэл нь ДНБ-ий 20 хувийг эзэлдэг бол манайд энэ үзүүлэлт 8-9 хувь байна. Сүүлийн 23 жилийн байдлаар нийт хөрөнгө оруулалтын 72.5 хувь нь уул уурхай, геологийн эрэл хайгуулд, 17.8 хувь нь худалдаа нийтийн хоолны салбарт оржээ. Харин боловсруулах үйлдвэрийн салбарт дөнгөж 1.2 хувь орсон байна. Уул уурхай, ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд унахын хэрээр гадаадын хөрөнгө оруулалт шууд татарсан хэдий ч сүүлийн хоёр жилд дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа нь эерэг үзүүлэлт юм. 2012-2014 онд энэ тоо хоёр дахин өсч дөрвөн их наяд төгрөгт хүрсэн байна. Цаашид уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд суурилсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлд хамтран ажиллах саналын Засгийн газар эн тэргүүнд дэмжин ажиллах болно.
Монгол Улс цаашид импортын хараат байдлаас гарах, экспортыг нэмэгдүүлэх бүхий л боломжийг илэрхийлж байна. Бид бэрхшээл бүхнийг боломж гэж харж байна.
Монголд үндэсний үйлдвэрлэгчид бойжиж байна. Энэ чуулганаас Монгол Улсын аж үйлдвэрийг хөгжлийг зөв залах үнэтэй саналууд гарна гэдэгт итгэлтэй байна.
Салбар хорооны хуралдаан эхлээс өмнө Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү тендерийн хуульд орсон өөрчлөлтийн талаар “Манай үйлдвэрлэгчид цэвэр модоор хэчнээн сайн сурагчийн ширээ хийсэн байхад, хавтангаар хийсэн Хятадын ширээг авахаас өөр арга байхгүй. Учир нь тендерийн хуулийн заалт ийм юм. Бид үйлдвэрлэлийг дэмжих хуулийг дагуулж батлуулсан хуульд Тендерийн хуулийг тойрч гарах бололцоог бий болгосон. Аж үйлдвэрийн яамнаас чанарын өндөр хэмжээнд үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүний жагсаалт гаргасан. Үүний дагуу улсын төсвийн худалдан авалтаар зөвхөн дотоодын үйлдвэрүүд тендер зарлах ёстой гэсэн шийдвэр гарсан. Ийм хуулийн жижиг зохицуулалтууд нь дотоодын үйлдвэрүүдэд том ашиг болж тусна” гэлээ.
“Экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэл”
Аж үйлдвэр, экспорт, худалдаа, технологи, хүний нөөц, хөрөнгө оруулалтын зэрэг зургаан чиглэлээр салбар хуралдаан товлогдсон. “Экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэл” сэдэвт салбар хуралдаанд “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд, “Буян” компанийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр оролцон үг хэллээ. Энэ салбар хорооны хуралдаан чуулганд оролцогчдын сонирхлыг ихэд татаж, сонирхолтой болсон юм. Зочдын үгийг тоймлон хүргэе.
Б.Жаргалсайхан: Улс төрөөс хамаарахгүйгээр бусад оронтой эрх тэгш эдийн засгийн харилцааг хөгжүүлэх ёстой
Бид бусад орны туршлагыг муу судалсан. Зах зээлийн нийгэм гэдэг бол энэрэнгүй. Биднийг өрөвдөөд, бүтээгдэхүүнийг маань худалдаж авна гэж ойлгоод байдаг. Энэ бол маш буруу ойлголт. Ойрын 10 жилд Монгол Улсад өндөр технологитой салбар хөгжинө гэдэгт итгэхгүй байна. Цаг агаарын байдал, газар зүйн байршил болон хуурай тоостой орчинд микро электроникийн үйлдвэрлэл хөгжихгүй. Бидний өмнө ноолуураа яаж зарах вэ гэсэн асуулт тавигдаж байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед манай орон мах, дулаан хувцас ОХУ-д их хэмжээгээр нийлүүлдэг байсан. Тэр үед монгол малын махнаас болж өвчин тусч үхсэн орос хүнийг дуулаагүй. Одоо болохоор мах нийлүүлэх гэхээр өвчин ярьж авдаггүй. Учир нь монголчуудын улс төрийн сонголт таалагдахгүй байна. Тийм ч учраас ОХУ-ын зүгээс манай экспортын бараанд хориг тавьсан. Ямар ч төрлийн бараа нийлүүлэхэд 40-50 хувийн татвартай. Урд талд тэрбум 300 сая хүн амтай хөрш бий. Бидний үйлдвэрлэж буй бага хэмжээний мах, хэдэн ноолууран цамц, хивс бол далайд дусал төдий юм. Бидний барааг бас авахгүй. Яагаад гэвэл, бидний улс төрийн сонголт таалагдахгүй байгаа хэрэг. Монголоос зөвхөн түүхий эд авна. Эсрэгээр бэлэн бүтээгдэхүүн болох нэг ширхэг хадаас ч авахгүй. Ийм учраас манай гадаад худалдаа 99 хувийн алдагдалтай байдаг. Хуучин машин, хувцас, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг бид импортолдог. Эсрэгээр манайхаас юу ч авдаггүй. Зах зээлийн ийм тоглоомон дотор бид явж байна. Манайд ирсэн хөрөнгө оруулагчид судалъя, бодъё гэж ярьдаг. Мөн таатай орчин бүрдүүл хэмээн тулгадаг. Улс төрөөс хамаарахгүйгээр, бусад оронтой нийгэм эдийн засгийн эрх тэгш харилцааг хөгжүүлэх ёстой.
Да.Ганболд: Огцом үйлдвэржих болон ардчилал хоёр хоорондоо таардаггүй
Орчин үеийн шинжлэх ухаанд эдийн засаг гэдэг нэр томъёо гарч ирснээр олон зууныг өнгөрөөсөн. Монгол Улсын эдийн засаг эхнээсээ экспортын чиглэлтэй байсан. Чингис, Хубилай хааны үед үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн экспортод гардаг байв. Харамсалтай нь ноос, ноолуур, арьс шир төдийхөн. Өнөөдөр энэ байдал өөрчлөгдөж чадаагүй. Монгол Улс бүтээгдэхүүнээ түүхийгээр гаргахын оронд, боловсруулж гаргах нь илүү чухал. 1950-иад оны үед манай оронд түүхий эдийг аж үйлдвэрийн бараа болгож, нэг, хоёр, гурав дахь шатны боловсруулалт хийх давалгаа болсон. Гагцхүү аль ч цаг үед гарааны мөнгө хэрэгтэй. Огцом үйлдвэржих, хөгжихтэй ардчилал таардаггүй. Зүүн өмнөд Азийн болон Европын өндөр хөгжилтэй оронд бүх нийтийн сонгуулийн эрх байхгүй, балчир ардчиллын үедээ үйлдвэржилтийн гол суурь нь тавигдсан байдаг. Ил тод ардчилал, бүх нийтийн сонгуулийн эрхтэй болсноор, үйлдвэрлэл хөгжсөн амжилттай жишээ дэлхийд байхгүй. 1990 онд монголчууд өөр зам, сонголт байгаагүй учраас хүссэн хүсээгүй ардчиллыг сонгосон. Үйлдвэржсэний дараа ардчиллыг сонгоно гээд хүлээсэн бол улсгүй, үйлдвэргүй байх магадлалтай байсан. Буурай хөгжилтэй, хоцрогдсон ч гэсэн улстайгаа үлдэх сонголтыг 1990 онд хийсэн. Төрийн бодлогыг сонгуулийн дөрвөн жилийн хугацаатай уяж яриад байна. Нэг сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд баригддаг үйлдвэр нэг ширхэг ч байхгүй. Зэс хайлуулах үйлдвэр гэдэг бол бүхэл бүтэн аж үйлдвэрийн салбар юм. Жишээлбэл, автомашины үйлдвэрийн салбар нь 30-40 мянган нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хамтатгасан байдаг. Зэс хайлуулах үйлдвэр гэдэг 30-40 жижиг үйлдвэрийн цогцолбор юм. “Эрдэнэт” үйлдвэрийг барихаас 10-аад жилийн өмнө ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн байдаг.
Ч.Даваабаяр: Экспортод гаргах боломжтой бараа бүтээгдэхүүн аймаг бүрт байна
Манай холбоо байгуулагдан үйл ажиллагаа явуулсанаас хойш 10 сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Монгол Улсын 21 аймгаар хоёр удаа тойрлоо. Орон нутагт ажиллах явцад бэрхшээлтэй асуудал ажиглагдаж байна. Сумын үйлдвэр эрхлэгчид маань “Сум хөгжүүлэх сан”-д төсөл бичдэг. 50 сая төгрөгийн зээлийн хүсэлтэд 5-10 сая төгрөгийн зээл олгодог. Ийм учраас үйлдвэрлэл эрхлэхэд хэцүү байна. Улаанбаатар хотоос хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн аймаг, сумдад тээвэрлэгдэн очдог. Орон нутгийн үйлдвэрлэгчид үнэ хямд бараа бүтээгдэхүүнтэй үнээр өрсөлдөж чадахгүй байна. Ингээд бэлэн захиалга авч аймаг, сумандаа борлуулалт хийх зарчмаар ажилладаг. Экспортод гаргах боломжтой бараа бүтээгдэхүүн аймаг бүрт бий. Төрөөс олгож буй бага хүүтэй зээл эзэндээ очдоггүй. Аж үйлдвэрийн яам байгуулагдснаар үйлдвэрлэгчдэд маш их дэм болж, олон төсөл, хөтөлбөр хэрэгжсэн. Манай холбоо цаашдаа импортыг орлох, экспортод гаргах бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй салбараа тодорхойлсон үйлдвэрлэгчид бий.
Чуулган бүтэн өдөр үргэлжиж, зургаан салбар хорооны хуралдаан болсон. Салбар хорооны хуралдаан бүр ажил хэрэгч байдалд болсныг дурдах нь зүйтэй. Ямартай ч, Монголын үйлдвэр эрхлэгчид хоёр жилд нэг удаа чуулж, салбарын асуудлаар санал бодлоо солилцох болсон. Мөн тулгамдсан асуудлаа Төр засгийн эрх баригчдад уламжлан шийдвэрлүүлж байхаар тогтсоныг чуулганд оролцогчид санал нэгтэй дэмжсэн.