Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Богд хан уул - Монгол Улсын дархан цаазат газар

Богд хан уул нь Хэнтийн нурууны өмнөд хэсэг, ойт хээр болон хээрийн бүсийн зааг, шинэсэн ойн өмнөд хил бөгөөд зүүнээс баруун тийш чиглэсэн гол нуруу, түүний салбар уулсаас тогтоно. Хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс дээш 2268 метр өндөр Цэцээ гүн бөгөөд удаах нь 2256 метр Түшээ гүн оргил юм. Богд хан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг юм. 1294 онд гаргасан Монголын Их Юань улсын хууль цаазын 398 дугаар бүлэгт Богд хан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ. XII-XIII зууны үед Ван хан Тоорил дархлан тахиж Хан уул хэмээн нэрлэсэн домог байдаг. 1778 онд Монголын сэхээтнүүдийн нэг сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг дархан цаазтай болгож 1957, 1974,  1995 онуудад 41651 га талбайг дахин бататган дархалжээ. Богд хаант улсын үед 1809 оноос Богдхан уулын 28 амыг цагдаатай болгож, нутаг дэвсгэрт нь орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог журамтай байжээ. Богд хан уул нь Улаанбаатар хотод цаг агаарын таатай орчинг бүрдүүлэхэд нөлөө үзүүлдэг. Туул голын савд багтах бөгөөд уулын эргэн тойрны 20 амнаас жижиг гол горхи эх аван урсаж зарим нь Туул голд, зарим нь уулын бэлийн хонхор хотгорт хүрч хурдас хөрсөнд шингэнэ. Богд хан ууланд эмчилгээний шинж чанартай хэд хэдэн рашаан,  54 зүйлийн хөхтөн амьтан, 1660 орчим зүйлийн шавьж, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Ургамал зүйн хувьд Хэнтийн уулархаг тайгын бүсэд хамаарах бөгөөд хуш, нарс, шинэс, гацууран ой зонхилж, 588 зүйл ургамал ургадаг. Богдхан уулын ам хөндий хажуу хормойгоор бичигт, зурагт хад цохионууд, хиргисүүр, хөшөө булш зэрэг түүхийн дурсгалт зүйл олонтой. Цэцээ гүний орой дээр сайд Юндэндоржид зориулсан сүмийн туурь байдаг. Их, Бага тэнгэрийн амны хооронд орших хадан цохион дээр согоо, гуа марал, бортого малгай, ээтэн гутал, нөмгөн дээлтэй бүсгүй хүний дүрс, бугын сүг зураг зэргийн хамт уйгаржин бичгээр сийлсэн “Мөнх тэнгэрийн хүчин суу залийн ивээлд” гэсэн бичгийн дурсгал байдаг.

(Цэцээ гүний оргил дээрээс)

Богд хан уултай холбоотой олон домог бий. Харамсалтай нь бид эрт цагаас хойш ам дамжин яригдсан сонирхолтой домгуудыг тэр бүр мэддэггүй. Тэгвэл энэ удаа танд Богд хан уул хэрхэн үүсэж, бүрэлдсэн талаарх домгуудаас өгүүлье.

Богд хан уулын хилд багтах Түрэгний ам шувтрах хэсгийн урд үзүүрээс, өөрөөр хэлбэл Ар хөндлөнгийн доод үзүүрээс эх хүртэл гол руугаа цүлхийсэн 21 хошуу бий. Үүнийг 21 Дарь эхийн бүрэлбаатай хэмээн эртнээс дээдэлж иржээ. Иймд тэндээс чулуу авах, өвс ургамал түүх, газар хөндөхийг хатуу цээрлэдэг байжээ. Дархан цаазат энэ уулын Бумбатын амыг өгсүүлж Цэцээ гүн хүрэх тусгайлан зассан зөрөг зам байсан гэдэг. Манж амбан Цэцээ гүний тахилгад оролцохоор явж байтал их шуурга болж зам хаагдсан байж гэнэ. Ихэд хилэгнэсэн амбан ”Зарилгаар тахих гэж буй болохоос биш санаан зоргоор оролцох гээгүй. Чи яаж байгаа нь энэ вэ” гээд Богдыг хорин ташуур жанчиж, дөнгө зүүж шийтгээд, түүнийгээ овоон дээр тавьсан гэдэг домог байдаг.

Богд хан уулын Баруун болон Зүүн ширээ гэх тэгшивтэр оройтой өндөрлөг Улаанбаатар хотоос маш тод, ил харагддаг. Тэгвэл яагаад ийм тэгш оройтой болсон юм бол? Нэгэн цагт хангарьд шувуу Хан уулын орой дээр сууж байгаад нисэхдээ уулын оройг тас базан авчээ. Ийн нисэхдээ нэгийг зам зуурт алдсан нь Зайсан толгой, нөгөө нь Лүн сумын дэргэд унаж Лүй толгой болсон байна.

Өөр нэгэн домогт, Богд мэргэн баатар, Чингэлтэй бөх гэдэг хоёр айл амьдардаг байжээ. Гэтэл Богд мэргэн баатар лусын үзэсгэлэн  гоо охин Туулыг эхнэр болгон авахаар шийджээ. Уг нь Чингэлтэй бөх Туул охинд сэтгэлтэй байсан юмсанж. Тэгээд баатар, бөх хоёр хүч чадлаа үзэж, хэн дийлсэн нь Туул охиныг авахаар тохиролцоод ач тач ноцолдоод Богд мэргэн дийлж гэнэ. Гэтэл Чингэлтэй мэргэн ийн хэлэв: Хэлэлцсэн ёсоор чи Туул охиныг авах бизээ. Харин чамаас гуйх нэг зүйл байна. Би Туул охинд байнга сэтгэл алдрах тул миний толгойг авч дэргэдээ тавина уу. Үхсэн ч миний толгой Туулыг байнга харж байг хэмээн гуйжээ. Ийнхүү богд Чингэнлтэйн толгойг авч дэргэдээ тавьсан нь Зайсан толгой болж, Чингэлтэй бөх өөрөө хойд уул болсон гэдэг.

Анхааруулга: Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10,  9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хуурайшилт явагддаг тул Богд хан уулын дархан цаазат газарт аялал, амралт зугаалгаар явахыг хориглодог. Зөрчвөл Монгол улсын Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу 960000-1920000 төгрөгийн торгууль ноогдуулдаг заалттай.

Түймэр гарсан тохиолдолд гал түймэртэй тэмцэх байгууллага, орон нутгийн Засаг дарга, холбогдох байгууллагад мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй. Мэдээлэл өгөх утас: 101, 342620, 342137

1 Сэтгэгдэл
Dream
Хамгийн их уншсан