Т.ЖАНЦАН
Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны Засаг дарга Ё.Цацралтуяатай жижиг дунд үйлдвэрлэл хийгээд ажлынх нь тухай ярилцлаа.
-Танай хороо хэчнээн хүн амтай вэ. Засаг дарга болсноос хойш ямар ямар ажил амжуулж байна вэ?
-Манай хороо гэр хорооллоос бүрдсэн, 11300 хүнтэй, 3100 өрхтэй. Энэ онд Хан-Уул дүүргийн 50 жилийн ой болж байна. Үүнтэй уялдаад бид саяхан ахмадын, иргэдийн баяраа тэмдэглэлээ. 300 гаруй ахмадаа хүндэтгэн хүлээн авсан. Энэ баярыг тэмдэглэхэд манай хорооны жижиг дунд үйлдэрлэгчид, аж ахуйн нэгжүүд туслалцаа үзүүлсэн. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Л.Болд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Чингүнжав нар оролцсон юм. Би 2008 оноос хойш ИТХ-ын төлөөлөгч, 2009 оноос хойш энэ хорооны Засаг даргаар ажиллаж байна. Анх ажил хүлээж авахад манай хороонд томоохон аж ахуйн нэгж, сургууль цэцэрлэг байсангүй. Ингээд 2011 онд 118 сургуулийг Японы хөрөнгө оруулалтаар барилаа.
Мөн гудамжны гэрэлтүүлэггүй, хогонд дарагдсан байв. Яаралтай арга хэмжээ авснаар өнгөрсөн оноос хойш хур хоггүй хороо боллоо. Орон нутгийн хөгжлийн сангаас хоёр жилийн өмнө 20 гэрэлтүүлэг тавьсан. Өнгөрсөн онд дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 639, нийслэлийн санхүүжилтээр 71 гэрэлтүүлэг хийлээ. Ингэснээр манай хорооны гудамж, зам талбай бүрэн гэрэлтүүлэгтэй болж иргэд ая тухтай амьдрах орчин бүрдлээ. Үүнээс гадна нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан 209 дүгээр цэцэрлэг энэ оны гуравдугаар сард үүдээ нээсэн. Энэ цэцэрлэг 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Энэ цэцэрлэгийг бариулахын тулд 2009 оноос хойш анхаарч ажилласан. Тэгээд 2012 онд дүүргээс газрын асуудлаа шийдүүлсэн. Дараа жил нь нийслэлийн төсөвт тусгуулж шат шатны арга хэмжээ авсны хүчинд хөрөнгө мөнгийг нь шийдүүлж бариуллаа. Мөн гэр хороолол дунд хог хаядаг жалга байсан 5500 ам метр газрыг тэгшилж зассан. Энд цэцэрлэгт хүрээлэн барилаа. Уг цэцэрлэгт хүрээлэнд ахмадууд амрах сүүдрэвч, бие чийрэгжүүлэх тоног төхөөрөмж, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг бий. Мөн гурван талдаа авто машины зогсоолтой.
-Тэгэхээр хүн ам ихтэй танай хороонд хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ ямар байна вэ?
-Шинэ цэцэрлэгт одоо 420 хүүхэд хүмүүжиж байна. Манай хороонд 2-5 насны 1000 гаруй хүүхэд бий. Мөн 73, 71 дүгээр цэцэрлэг харьяаллын бус ч гэлээ манай хорооны хүүхдүүдийг авч хүмүүжүүлдэг. Ингээд 600 орчим хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж буй юм. Одоо 400 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна. Манай хорооны нутаг Дэнжид Сэргээгдэх эрчим хүчний газар гэж байсан. Тэнд 5000 ам.метр газрыг Нийслэлийн боловсролын хэлтсийн нэр дээр авлаа. Одоо геодезийн шинжилгээ хийж буй. Тэгээд 280 хүүхдийн цэцэрлэг, сургууль барих юм. Ер нь цэцэрлэг сургуулийн хэрэгцээ маш их байна.
-Өрхийн амьжиргааны төвшин ямар байна. Ажилгүйдэл хэр их байгаа вэ?
-Өрхийн амьжиргааны төвшин доогуурт ордог. Учир нь, Хан-Уул дүүрэг урд нь үйлдвэр төвлөрсөн газар байсан. Гэтэл гутлын, нэхмэлийн, ээрмэлийн гээд томоохон үйлдвэрүүд хаалгаа барьснаар манай хорооны олон иргэн ажилгүй болсон юм. Одоо ганц Ээрмэлийн үйлдвэр л ажиллаж байна. Гэхдээ манай иргэд ажилгүй боллоо гээд гар хумхиад суугаагүй. Гутал, ноосон бүтээгдэхүүн, арьсан урлал гээд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй юм. Сүүлийн хоёр жилд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн уулзалт зохион байгуулж үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчилж байгаа.
-Тэгвэл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч хэд байна. Тэдэнд үйлдвэрлэлээ өргөжүүлэх хөрөнгө оруулалтын туслалцаа дэмжлэг хэр үзүүлж байгаа вэ?
-Манай хороонд өрхийн үйлдвэрлэгч 60 гаруй иргэн бий. Дэлхийн зөн, Адра гээд олон улсын байгууллага манай хороотой хамтран ажиллаж үйлдвэрлэл эрхлэгчдэд туслалцаа дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, Дэлхийн зөн олон улсын байгууллага 2013-2017 хүртэл “Хөгжлийн хөтөч” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнд 60 өрх хамрагдаж байгаа. Тэд зургаан бүлэгт хуваагдаж даавуу, хаягдал материал ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тухайлбал, Дахвирын бүлэг л гэхэд хаягдал ашиглаад сандал, буйдан хийдэг. Тэгээд гудамжинд дөрвөн цэгт хаягдал цуглуулах хайрцаг тавьсан. Мөн дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтарч 11 иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээл, тусламж олгосон. Тэгэхдээ 500-1.5 төгрөгийн тусламж өгсөн. Уг зээл, тусламжийн 500 мянгыг нь төлөхгүй. Тэгэхээр 1.5 сая төгрөг авсан хүн нэг сая төгрөгийг нь төлнө. Гэхдээ 12-24 сарын хугацаатай юм. Одоо зээл авах гэж үйлдвэрлэлийн төслөө бичиж өгсөн иргэн олон бий. Мөн 70 хүний бүрэлдэхүүнтэй хадгаламж зээлийн хоршоо байгуулагдсан. Бас 15 хүнд сард 1-1.5 хувийн хүүтэй, 12-24 сарын хугацаатай зээл олгосон. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн сангаас зээл авах хурлаар орох дугаар нь болсон үйлдвэрлэгчид хэд хэд бий.
-Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олдохгүй, яг үйлдвэрлэгчид хүрэхгүй байна гэсэн шүүмжлэл нэлээд гардаг. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?
-Үйлдвэрлэгч бүрт зээл олдоно гэдэг нь хүнд. Учир нь, ажлын байр нь тухайн дүүрэг, хороонд байх ёстой. Дээрээс нь тодорхой хэмжээний барьцаа шаарддаг. Тэгээд дүүрэг, хороо, зээл хүсэгч иргэн гурав гэрээ хийдэг. Гэтэл барьцаа хөрөнгө байхгүй эсвэл дутаж зээл авч чадахгүй асуудал гардаг юм. Орон нутгийн сангийн хөрөнгөөр хийх ажилд хорооны үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн бүлгүүдээр хийлгэдэг. Жишээ нь, гудамжны хаягжилт, тохижилт зэрэг ажил хийнэ. Жишиг гудамж тохижуулахад иргэдийн хоёр бүлэг тус бүр нь 19.5 сая төгрөгийн ажил хийсэн юм. Нэг бүлэгт 5-10 хүн хамрагдаж ажлын байр, орлоготой болдог. Өөрсдөө өөрийн амьдарч буй орчиндоо хийсэн ажил нь чанартай, эвдэрч хэмхрэх нь ч бага байдаг.
-Өрхийн үйлдвэрлэгчид авсан зээлээ хэр үр бүтээлтэй ашиглаж байна. Зориулалт бусаар ашиглах явдал гардаг уу?
-Авсан зээлээ зориулалт бусаар ашигласан зүйл гарч байгаагүй. Авсан зээл, тусламжаа үр дүнтэй ашиглаж буй хүн олон. Тухайлбал, Түмэнбаяр гэж арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хөгжлийн бэрхшээлтэй залуу бий. Тэр анх 2009 онд өрхийн амьжиргааг дэмжих буцалтгүй тусламжаар 500 мянган төрөг авч байсан. Тэгээд өнгөрсөн онд 20-50 сая төгрөгийн зээл авч үйлдвэрлэлээ өргөжүүллээ.
-Ирэх онд ямар ямар ажил амжуулах төлөвлөгөө байна вэ?
-Манай хороо гэр хорооллоос бүрдсэн тул зам муутай. Хорооны нутгийн зах нь Сонсголонгийн замаар хиллэдэг. Одоо Сонсголонгийн замыг шинээр тавьж байгаад бид баяртай байна. Дээрээс нь 118 дугаар сургуулийн баруун талаас Дэнж рүү өгсдөг 1.2 км замыг тавьсан. Ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө. Иргэдийн санал өгч байсан зүйлүүд хийгдэж байгаа. Тухайлбал, цэцэрлэгтэй, замтай, гэрэлтүүлэгтэй, хоггүй боллоо. Энэ онд 12, 13, 14 дүгээр хэсэгт дахин төлөвлөлтөд орсон. Манай хорооны нутагт Алтан гэрэгэ хороолол баригдаж байгаа. Энэ хорооллын ажил хурдан явж байна. Мөн “Баярс” компани дахин төлөвлөлтийн ажил хийж буй юм. Ирэх онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эрчимтэй хийгдэх байх. Бас 60 дугаар сургуулийн хажуугаар гэр хороолол руу хатуу хучилттай зам тавихаар төлөвлөсөн. Хөндлөн замууд ч барих төлөвлөгөө бий. Ингээд тоочоод байвал хийх ажил бидэнд их байна.